Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ХШТ/36

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Одхүү, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Д.Б-д холбогдох 2118003540149 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой,

урьд 2004 оны 02 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2023 оны 09 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 92 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялаас нийт 1,380,000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 120,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн, ... овогтой Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 450,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатар бичсэн дүгнэлтдээ Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатар би, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Б-д холбогдох эрүүгийн 2118003540149 дугаартай хэргийн шийдвэртэй танилцаж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-ыг цагаатгаж хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах үйл явц нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөх нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох чухал баталгаа болж өгдөг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгох дараах үндэслэлүүд тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн магадлал гарах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал буюу Аймгийн ... дугаартай захирамжийн төслийг боловсруулсан, хянасан хэсэгт зурагдсан гарын үсэг нь Д.Б-ы гарын үсэг болох нь ... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Уг нотлох баримт нь Д.Б-ыг ... аймгийн ... ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард иргэн Ц.Э-ийн ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус аймгийн ... захирамжаар хүчингүй болгосныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... аймгийн ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн төслийн хавсралтад дээрх амины орон сууцны зориулалттай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э-ээс Д.Б-ын нэр дээр шилжүүлэхээр нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлснийг нотолж, буруутгах үндэслэл болж байна.

2.Д.Б нь 2118003540149 дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Г-ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолоор, газрын албаны даамлаар ажиллаж байсан Э.Г нь 2118003540149 дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/388 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 34 дугаартай магадлалаар цагаатгагдсан Д.Б-ы гэм буруутай болохыг нотлох шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдлууд илэрсэн нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлээр прокурорын дүгнэлт бичлээ.

Мөн түүнчлэн цагаатгагдсан этгээд Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдсоноос хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, дахин хэлэлцүүлэхээр, эсхүл прокурорт буцаах шийдвэрийг гаргахаар хуульчилсан бөгөөд эрүүгийн 2118003540149 дугаартай хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжтой юм.

Иймд Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/34 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Прокуророос Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар прокурорт буцаажээ.

Хяналтын шатны шүүх хуралдааны эрх хэмжээ нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтыг хэлэлцдэггүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хэлэлцүүлэх хуралдаанд энэ нь хамааралгүй юм. Ийм учраас прокуророос дараах шинэ нотлох баримт илэрсэн гэж хууль зүйн дүгнэлтээ гаргаж байна. Үүнд:

1.Давж заалдах шатны шүүхээс хэрэг бүртгэлтэд буцаасан хэргийг прокурор хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ... захирамжийн төслийг боловсруулсан, хянасан хэсэгт зурагдсан гарын үсэг нь Д.Б-ы гарын үсэг мөн болох нь ... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2. Эрүүгийн 2118003540149 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Э.Г гэрчээр өгсөн мэдүүлгээ шүүх хуралдааны шатанд өөрчилж, Д.Б-ы ятгалгад автаж түүнд ашигтай байдлаар мэдүүлсэн болох нь шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоол, шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/388 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

Уг шийдвэрийг прокурор хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай прокурорын тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан байна. Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн 2118003540149 дугаартай хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээд Д.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...гэрч,...санаатай худал мэдүүлэг ...өгсөн шийдвэр гарсан нь тогтоогдсон”, мөн хэсгийн 1.3-т заасан “...цагаатгагдсан хүн гэм буруутай болохыг нотлох, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг дэмжиж байна.

Прокурорын дүгнэлтэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэнийг өөрчилж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг мөн хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж байна. Учир нь шинэ нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт нь хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын үндэслэл болоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Одхүү хэлсэн саналдаа Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэрчийн санаатай худал мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан нь тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан байгаа. Гэтэл Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж шийдвэр гараагүй. Хэргийг дутуу шалгасан, нотлогдоогүй гэж үзсэн. Прокурор тайлбартаа гэмт хэргийн шинжгүй байсан гэж ташаа хэлж байна. Гэмт хэргийн шинжгүй гэж үзээгүй, харин нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Энэхүү магадлал нь гэрчийн зориуд худал мэдүүлгийг үндэслээд гаргасан шийдвэр биш. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ зүйл нь шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг шалгасан боловч хангалттай нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа учраас цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс дүгнэлтээ буруу тайлбарлаад байна. Энэ хэрэгт анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрчээр Э.Г-ыг оролцсон мэтээр ойлгомжгүй зүйлийг прокурорууд яриад байдаг юм.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч оролцоогүй, прокурор өөрөө оролцсон. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт шинжлэн судлагдаагүй нотлох баримт магадлалын үндэслэл болохгүй гэдгийг давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Батчулуун хэлсэн тайлбартаа “Миний бие Дархан-Уул аймгийн прокурорын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтэд холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... захирамжийн төслийг боловсруулсан дардсанд бичигдсэн  Б-ы гэх нэр нь Д.Б-ы гарын үсэг байна гэж үзсэн. Энэ гарын үсгийн талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан байдаг. Тэр тусмаа давж заалдах шатны шүүхийн хуралдаанд илтгэгч шүүгчээс “Д.Б гэх гарын үсэг чинь хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын явцдаа гарын үсэг зураад байгаа нь өөр байна. Энэ таны гарын үсэг мөн үү” гэж асуусан. Би ойлгохдоо гарын үсэг гэдэг нь бидний байнгын татлаад зурдаг гарын үсгийг гэж ойлгож хариулсан. Хэрэв илтгэгч шүүгч надаас зөвөөр Д.Б гэж бичсэн байгаа нь таны гарын үсгийн тайлал юм уу, эсхүл нэрээ бичсэн юм уу гэж асуусан бол би нэрээ бичсэн гэдгээ хэлнэ.

  Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... аймгийн Цагдаагийн газрын 216 дугаар тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгт мөн ялгаагүй “тухайн өдрийн захирамжид Д.Б хянасан гэж таны гарын үсэг бичигдсэн байна. Энэ талын гарын үсэг мөн юм уу” гэж асуусан. Тэгэхэд би  “захирамж бланк дээр буугаад ирсний дараа хүлээж авсан. Газрын дарга намайг захирамж очиж ав гэж хэлдэг. Тэгэхээр очиж хүлээж аваад, боловсруулсанд гарын үсэг зураагүй бол нэрээ бичээд аваад явдаг” гэж мэдүүлсэн. Мөн ялгаагүй 3 дугаар сард дахиж Авлигатай тэмцэх газрын байцаагч мэдүүлэг авахад мөн адил асуулт асуухад энэ хариултаа хэлж байсан.

  Анхан шатны шүүх хуралдаанд мөн л дээрх мэдүүлгийг өгч байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь зөвхөн тэр гарын үсэг нь шүүгдэгчийнх биш байна гэдэг үндэслэлээр цагаатгаагүй. Тухайн газрын албаны өргөдөл, хүсэлт, ажлын байрны тодорхойлолт, амины орон сууц хариуцдаг биш үйлдвэрлэл үйлчилгээг хариуцдаг талаарх бүхий л нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. Засаг даргад танилцуулах эрх бүхий албан тушаалтан нь кадастрын мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Б биш юм гэж дүгнэсэн. Яагаад гэвэл Засаг даргад захирамжийн төслийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тухайн ... газрын дарга буюу тухайн үед ажиллаж байсан н.Г, гэрчээр мэдүүлэг өгсөн даамал Э.Г нар танилцуулах ёстой. Түүнээс кадастрын мэргэжилтэн танилцуулдаггүй юм. Бэлэн гарсан захирамжийг очиж аваад бичиг хэргийн ажилтан н.А-д хүлээлгэж өгдөг. Д.Б гэж бичсэн нь миний бичиг мөн, би нэрээ бичээд авсан юм аа гээд байхад ахиж гарын үсгийн шинжээч томилсон. Шинжээч томилсон тогтоолдоо аль газрын ямар шинжээч гэдгийг бичээгүй, гарын үсэг зуруулаад аваад явсан. Тэгээд шинжээчийн дүгнэлттэй нэг ч удаа танилцуулаагүй. Би өнгөрсөн 5 дахь өдөр Улсын дээд шүүхэд ирээд хэргийн материалтай танилцахдаа шинжээчийн дүгнэлттэй танилцсан.

  Эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар сэргээнэ гэх прокурорын дүгнэлтэд холбогдуулаад Э.Г гэх газрын даамлаар ажиллаж байсан 2118003540149 дугаартай хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэж яллагдсан гэрч маань энэ хэрэгт Ц.Э-ээс н.Б руу шилжсэн газрыг шилжүүлсний дараа буюу 2020 оны 12 дугаар сард н.Б гэх хүнээс авлига аваад прокурорын дүгнэлтэд бичээд байгаа 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар тогтоолоор анхан шатны шүүх дээр н.Б-аас машин авсан гэж өөрөө хэлж, хүлээн зөвшөөрөөд ялаа авчихсан. Энэ ямар нөхцөл байдал үүсээд байна гэвэл Э.Г нь хурлаар орсон, ороогүй материалыг Засаг даргад өгсөн гээд байгаа үйл баримтаа дахиад үйлдчихсэн юм. Ерөөсөө энэ хүн газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар оруулаагүй, эсхүл хоцорч ирсэн хүмүүсийн материалыг оруулаад, өөрөө өөртөө давуу байдал үүсгээд явуулаад байдаг нь дахиад өөр үйл баримтаар гараад ирж байгаа юм. Бүх зүйлийг харахаар зөвхөн над руу чиглүүлээд байдаг юм. Ийм учраас Д.Б-д холбогдох хэргийн 2022 оны давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

   1.Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатарын бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн цагаатгагдсан этгээд Д.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  2.Д.Б-ыг ... аймгийн ... ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сард иргэн Ц.Э-ийн ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус аймгийн ... захирамжаар хүчингүй болгосныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э-ээс Д.Б-ын нэр дээр шилжүүлэх засаг даргын захирамж /.../-ийн төслийн хавсралтад нөхөн оруулж гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

  

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

  Харин Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан, мөн хэргийг прокурорт буцааж дахин мөрдөн шалгалт хийх хууль зүйн боломжгүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан бөгөөд магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

  

3.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчлан заасан бөгөөд шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш илэрч тогтоогдсон, эсхүл хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн явдал нь хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлд хамаарна.

 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийтгэх буюу цагаатгах тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг болно.

           

4.Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгаж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8 дугаартай шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг үндэслэн гаргасан ... аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... захирамжийн төслийг боловсруулсан, хянасан хэсэгт зурагдсан гарын үсэг нь Д.Б-ых мөн болох нь тогтоогдсон байна.

 

Түүнээс гадна Д.Б нь 2118003540149 дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Г-ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолоор, мөн ... аймгийн ... ажиллаж байсан Э.Г нь 2118003540149 дугаартай хэрэгт гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/388 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус эрүүгийн хариуцлага хүлээжээ.

           

Энэхүү шинээр илэрсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон”, мөн хэсгийн 1.3-т заасан цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” үндэслэлд тус тус хамаарч байх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иймд Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас  ТОГТООХ нь:

 

 1.Прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Д.Б-д холбогдох 2118003540149 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТЦЭРЭН

 

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                              Ч.ХОСБАЯР

 

                                                                                              Б.ЦОГТ