Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 02

 

Ч.Төгсөөд оногдуулсан хорих ялыг 

биечлэн эдлүүлэх талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Прокурор Д.Баттулга

Ялтны өмгөөлөгч Т.Хүдэр

Ялтан Ч.Төгсөө нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, ялтан Ч.Төгсөөгийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох шүүхийн тогтоол биелүүлэх ажиллагааны материалыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг, 60 айлын 1-8 тоотод оршин суух, Түмэн мээрэн овогт Чинзоригтын Төгсөө /РД-ЛЮ85120618/

 

Цагдаагийн газраас тэнсэгдсэн ялтан Ч.Төгсөө нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх талаарх саналыг шүүхэд ирүүлжээ. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар ялтан Түмэн мээрэн овгийн Чинзоригтын Төгсөө /ЛЮ85120618/-д тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг бүхэлд нь биечлэн эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан ялтан Ч.Төгсөөд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ.   

 

Ялтан Ч.Төгсөө давж заалдах гомдолдоо: Хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 7 хоногийн баривчлах шийтгэл хүлээж, биеэр эдэлсэн юм. Энэ зөрчлийн улмаас хэн нэгэнд гэмтэл, хохирол учруулаагүй, настай аав ээжийгээ асардаг байдлыг минь харгалзан үзэж шүүгчийн захирамжинд заасан ялыг багасган өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

Давж заалдах шатны  шүүх  хуралдаанд  оролцсон  прокурор  дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг  хангахгүй байна. 

Анхан шатны шүүхийн шүүгч нь ялтан Ч.Төгсөөд холбогдох шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой материалыг хэрэг хуваарилах журмыг баталсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан захирамжгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тогтоол биелүүлэхтэй холбоотой материалыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,   317 дугаар зүйлийн 317.1.3, 320 дугаар зүйлийн 320.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан Ч.Төгсөөд холбогдох шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх  ажиллагааны материалыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Анхан шатны шүүхэд очтол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 62 дугаар зүйлийн 62.1.2, 65 дугаар зүйлд зааснаар Ч.Төгсөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

 

3. Тус шүүхэд ялтан Ч.Төгсөөгийн хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Ялтан Ч.Төгсөө нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар  32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

 Магадлалыг уншин сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

            ШҮҮГЧИД      Б.ДЭНСМАА

      Ж.ДОЛГОРМАА