Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01193

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/08137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/*******тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчин төгөлдөр болсноос хойш дахин гомдол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00149 дүгээр тогтоолоор ******* ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028798 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, *******тоот, 115 м.кв талбай бүхий хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /хх 12-20/

3.2. Улмаар төлбөр төлөгч ******* ХХК нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй байх тул хариуцагч ******* газар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн 00865 дугаартай шүүхийн гүйцэтгэх баримтыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22370606 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

3.3. Талууд төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/215 дугаар тогтоолоор *******ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ нь орон сууц 406,624,660 төгрөг, гараж 34,000,000 төгрөг, нийт 440,624,660 төгрөг болохыг тогтоосон. /хх 83-105/

3.4. Нэхэмжлэгч нар нь дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 106-118/

3.5. Улмаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дүгээр тогтоол гарсан байх ба уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04763 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/00184 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/00327 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх 123-137/

3.6. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/00327 дугаар тогтоол гарснаас хойш ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/*******дугаартай Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028798 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, *******тоот, 115 м.кв талбай бүхий хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон талаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* нарт 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-219/9408 тоот мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдлийг хүлээн авсан талаар гарын үсэг зурж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байна. /хх 30, 138-139, 142-143/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заажээ.

4.1. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/00327 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсний дараа ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/*******дугаартай Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол гарсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн, хууль зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн үндэслэл бүхий болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/08137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

Д.ХУЛАН