Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 165

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч А.Энхтуяа,                       

 шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0771/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Борлууд овогт Дамирангийн Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн 1831003660090 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Борлууд овогт Дамирангийн Цэнд-Аюуш, Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Цөх 3 дугаар багийн “Бөхлөө” Нарийнхөндий гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/ОЭ88070872/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь Ц.Жамбалын эзэмшлийн 24-36УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг Нарийнхөндий гэх  газар иргэн Э.Ганзоригийн хадаж бэлтгэсэн 195 боодол өвсийг завшиж, 975,000 /есөн зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь иргэн Ц.Жамбалын эзэмшлийн 24-36УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Нарийнхөндий” гэх  газар иргэн Э.Ганзоригийн хадаж бэлтгэсэн 195 боодол өвсийг завшиж, 975,000 /есөн зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Д.Цэнд-Аюушыг яллаж буй нотлох баримтаар хохирогч Э.Ганзориг, гэрч Н.Баасанжаргал, Ц.Наранцэцэг, П.Нэргүй, Д.Аюуш, Д.Батдорж, Д.Баярсайхан нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Жамбалын мэдүүлэг, Хөрөнгө даатгалын үнэлгээний дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл зэргээр нотолсон гэж дурджээ.

Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

1.Эрүүгийн 1831003660090 дугаар хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолд[1]:

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Наран би 2017 оны 10 дугаар сарын 02-ны үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн иргэн Э.Ганзоригоос миний “Нарийн хөндий” гэх газарт хадлан хийсэн өвснөөс 400 боодол өвс алдагдсан гэмт хэргийн талаархи 1100045180237 тоот бүртгэлийн дугаартай гомдол /мэдээлэлд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад... гэж

 -2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн.

-2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Ганзориг өвс алдсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 44 минутад /даруй/ мэдэгдснийг дурдсугай гэжээ.

Үүнээс дүгнэвэл Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 1 хуудас Мөрдөгчийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг нээгээд бүтэн жилийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухайгаа хяналтын прокурорт 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн болж байна.

Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар талд Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2] дээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 14 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв гэжээ.

-Э.Ганзоригийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэрийн дүү Бат-Эрдэнэтэй хамт явж өвсөө үзэхэд манай хийсэн өвс алга болсон байсан” гэж мэдүүлсэн байдаг[3]

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаа яг хэдийд гэдэг нь тодорхойгүй байна. Мөн гэрчүүд өөр өөрөөр зөрүүтэй мэдүүлдэг.

2. “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 32 тоот Прокурорын тогтоолын[4] ОЛСОН нь: хэсгийн хоёрдугаар догол мөрт зүйл ангийг арилгаж гараар засварласан. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, үг, үсэг, техникийн шинжтэй алдаа гаргасан бол засвар оруулсан хэсгээ баталгаажуулж тэмдэг дарах, хэн засварласан талаар цохолт хийх зайлшгүй шаардлагатай.

3. Яллагдагч Д.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Р.Атарцэцэгээс 15 төрлийн хүсэлт[5] гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг бүхэлд нь хангах тухай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Прокурорын тогтоол гардаг. Тогтоолд өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангасан гэх боловч ажиллагааг дутуу хийгдсэн байдаг.

4. Улсын яллагч 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 32 тоот тогтоолоор Д.Цэнд-Аюушийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол гарчээ. Өөрөөр хэлбэл зүйлчлэлийг өөрчилсөн.

Гэтэл дараагийн “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 28 тоот Прокурорын тогтоолд[6] Өөрчлөлт оруулсан зүйлчлэл өөрчлөгдөөгүй “...Хулгайлах гэмт хэрэг...” хэвээрээ бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл завших гэмт хэрэгт яллагдагчаар татсан боловч хулгайлах, завшихын аль нь болох тодорхойгүй байдлыг бий болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу үнэн зөв явуулж чадаагүй байна.

Түүнчлэн мөрдөгч хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх хуулийн шаардлага хангаагүй, хяналт тавьж буй прокурор хангалтгүй ажилласан бөгөөд хохирогчоор тогтоогдсон Э.Ганзориг нь өөрөө өвс бэлтгэж тавьсан гэх боловч хадлан хийж үлдээсэн өвс хэдий хэмжээний өвс байсныг өөрөө мэддэггүй болох нь мөрдөгчийн “...талбай дээр 400 боодол өвс байсан гэхийг мэдэх хүн байна уу?” гэсэн асуултад Э.Ганзориг хариулахдаа: “...Энэ талаар Батдорж, Баярсайхан нар мэднэ...” гэх мэдүүлгээр тогтоогддог.

Мөн хохирогчоор тогтоогдсон Э.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 23-наас 27-ны хооронд 3 хоног хадлан хийж .... талбай дээр үлдээсэн. ...Тухайн үед бороо их ороод машин ачаа ачаад явахад хэцүү болсон тул орхиод явсан юм. Алтанбулаг сумын нутагт “Бөхлөө” гэр газар руу бороо орох л юм бол машин тэрэг явахад маш хэцүү шавар шавхай ихтэй болдог. Өвсөө ямар нэг хашаа саравчинд хураагаагүй. Хадлан хийсэн талбай дээрээ үлдээгээд л явсан. Хадлан хийсэн талбай ямар нэг хашаагүй. Уулын ам байгаа юм” гэсэн мэдүүлгээс дүгнэн үзэхэд хадлан хийж бэлтгэсэн гэх өвсөө хэн нэгэн хүнд захиж үлдээгээгүй, ямар ч хамгаалалтгүй, хашаа байхгүй, хээр талд хаяад явсан мэт харагддаг.

 ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хадлан хийсэн газраа очиход өвс алга болсон байсан” гэх мэдүүлгээр 8 сарын сүүлээр хаяад явсан өвсөө авах гэж 2 сарын дараа ирж эрэл сураг тавьж байгаа нь хохирогчоор тогтоогдсон Ганзоригийн хайнга хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Д.Цэнд-Аюушийг “Гээгдэл эд хөрөнгө завшсан” гэж үзвэл өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэхгүй зүйлийг хэлнэ.

-шүүгдэгч Д.Цэнд-Аюушийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Тухайн үед Сэлэнгэ аймгийн харьяат хүний өвс гэж сонссон. Тэр хүмүүс уг өвсийг татаж авч чадахгүй тээвэрлэн яваад машин тэрэг нь эвдэрсэн тул авч чадахгүй хаясан сурагтай, мал идээд байхаар нь би авсан” гэх мэдүүлгээс харахад түүний хувьд буруутай үйлдэл байгаа боловч малчин хүний хувьд тухайн өвсийг алга болж үрэгдэх, мал идээд үрэгдэж алга болох, малын тэжээл болоод дуусахаас нь хамгаалсан үйлдэл байдаг.

 Харин обьектив тал нь гээгдэл болон олдсон эд хөрөнгийг олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тодорхойлогддог. Гэтэл Д.Цэнд-Аюуш нь өөрөө олон тооны мал малладаг, малтай мөртлөө тухайн өвсийг захиран зарцуулах субьектив санаа зорилго байдаггүй. Тухайн үед буюу 2018 оны өвөл зудтай, хүндхэн өвөл болсон хэдий ч тэрээр өвснөөс авч хэрэглээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Энэ гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээд гээгдэл эд хөрөнгө, санамсаргүй олдсон эд хөрөнгө гэмт этгээдийн мэдэлд орж, захиран зарцуулах эрх олсноор төгсгөл болдог онцлогтой. Тэгэхээр шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь захиран зарцуулаагүй, хохирогчоор тогтоогдсон Э.Ганзоригт өвсөө авахыг хэлэхэд аваагүй, авахыг хүсээгүй явсаар өдийг хүрсэн болох нь нотлогджээ.

Шүүгдэгч Д.Цэнд-Аюушын сонгон авсан өмгөөлөгч Р.Атарцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь эхнэр, 3 хүүхдийн хамт хүний мал маллаж амьдардаг, малчин хүн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгч миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад байнга оролцож ирсэн” гэжээ.[7]

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл цагаатгах талын нотлох баримт авагдаагүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримт байхгүй байгаа нь прокурор зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж, хэт нэг талын баримталсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Цэнд-Аюушийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй зөрчлийн шинжтэй байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл дутуу, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 195 боодол өвсийг битүүмжлэлээс чөлөөлж, хохирогчоор тогтоогдсон Боржигон овогт Энхтөрийн Ганзоригт /Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, 12-01 тоотод оршин суух хаягтай, РД:МА87072116/ олгож, мөн битүүмжлэгдсэн 24-36 УБЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Борлууд овогт Цэвээний Жамбалд /Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багт оршин суух хаягтай, РД:ОО90051511/ тус тус олгох нь зүйтэй байна.

Д.Цэнд-Аюуш нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ цагаатгах тогтоолоор төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал

[7] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Дамирангийн Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 195 боодол өвсийг битүүмжлэлээс чөлөөлж хохирогчоор тогтоогдсон Боржигон овогт Энхтөрийн Ганзоригт /Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, 12-01 тоотод оршин суух хаягтай, РД:МА87072116/ олгож, мөн битүүмжлэгдсэн 24-36 УБЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Борлууд овогт Цэвээний Жамбалд /Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багт оршин суух хаягтай, РД:ОО90051511/ тус тус олгосугай.

3. Д.Цэнд-Аюуш нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ цагаатгах тогтоолоор төлөх төлбөргүй, хураагдан ирүүлсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

4. Д.Цэнд-Аюушид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ