Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 146

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд,

 улсын яллагч А.Энхтуяа,                       

 шүүгдэгч Б.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Бандийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 1931002520153 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Боржигон овогт Бандийн Амартүвшин, Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, Хар усан тохой 3-042 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/МЖ86103139/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Амартүвшин нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим иргэн Э.Батмөнхийн баруун чихийг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Амартүвшин нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө голын эрэг дээр иргэн Э.Батмөнхийн баруун чихний гэдэсний ирмэг хэсгийг хазаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Амартүвшин гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Амартүвшингийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 12-ны орой Ерөө голын эрэг дээр ажлынхаа 3 хүнтэй архи уусан. Би нилээд согтсон байсан болохоор Э.Батмөнхтэй маргалдаад ийм үйлдэл гаргасан байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу... “ гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Э.Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчим найз Ням-Осортой хамт Ерөө голын эрэг орчим найзыгаа хайгаад явж байхад Б.Амартүвшин буюу Монхор ах ахтай таараад Нямбаяр гэх найзыгаа асуухад миний төмсгөнөөс базаад газар унагаж, миний баруун чихнээс шүдээрээ хазаж гэмтээсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Мөнгөнцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Дулаанхаан тосгоны эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг. 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дулаанхаан тосгоны иргэн Э.Батмөнх нь баруун чихэн тус газраа гэмтчихсэн ирсэн. Юу болсон талаар асуухад Монхор гэх хүн хазсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Р.Ням-Осорын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагийн орчим Э.Батмөнх бид хоёр Нямбаяр гэх найзыгаа хайгаад Ерөө голын эрэг орсон. Тэнд 2 ширхэг “Приус-20” маркийн машинтай хүмүүс байсан. Дөхөж очоод хартал Монхор ах байхад нь Нямбаярыг харсан уу? гэж асуусан. Монхор ахтай хамт байсан залуу Батмөнхтэй юм ярьж байхад Монхор ах Батмөнхийг манай дүүтэй юу яриад байгаа юм гээд Батмөнхийг газар унагаад байхаар нь салгаад Батмөнхийг салгаад гэрэлд харахад баруун чих нь тасарчихсан цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч У.Батзоригийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Монхор ах нэг залуутай маргаад нөгөө залуу нь Монхор ахыг цамцнаас нь боочихсон байхаар нь салгах гээд очтол намайг цохиход би ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлэг[5],

6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 190 дугаартай

1. Э.Батмөнхийн биед чихний гэдэсний ирмэг хэсэг хазагдаж гэмтсэн, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[6],

7. Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Э.Батмөнхийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүд нь мохоо зүйлд орно...” гэх мэдүүлэг[7],

8. Шүүгдэгч Б.Амартүвшингийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Э.Батмөнх, Нямаатай ирээд манай дүү Батзоригтой маргасан юм шиг байна лээ. ...Би нилээн согтчихсон байсан. Тэгээд дүү Батзоригоо өмөөрөөд Э.Батмөнхийн чихнээс хазаад гэмтээчихсэн байсан. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу” гэх мэдүүлэг[8], Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас[9], Гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.

            Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Амартүвшингийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр: гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

            Энэ хэрэг хохирогчоор тогтоогдсон Э.Батмөнх нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөг өгсөн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амартүвшин нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуйж, эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

            Шүүгдэгч Б.Амартүвшингийн ар гэрийн байдал хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж оногдуулах, уг торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Батмөнхөд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдав.

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бандийн Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амартүвшинг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Амартүвшингийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Амартүвшинд мэдэгдсүгэй.

5. Хохирогч Э.Батмөнх нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхисугай.

6. Ялтан Б.Амартүвшин нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Ялтан Б.Амартүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

      

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ