| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2026/12831/И |
| Дугаар | 210/МА2026/01332 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/01332
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь ...хариуцагч нь манай компанид 24,000,000 төгрөгийн үнэ бүхий цомцог гэр болон нэмэлтээр 6,250,000 төгрөгийн бараа материал, нийт 30,250,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга өгсөн. Бид үүнийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилгаа 22,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэгдэл тооцооноос 5,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлж, үлдэх 3,250,000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хийж гүйцэтгээгүй ажил болох цахилгааны монтажны үнэ 1,500,000 төгрөгийг хасаад 1,750,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн бол,
2.2. Хариуцагч нь ... нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн нийлүүлсэн цомцог гэр нь дулаан алдалт ихтэй, битүүмжлэл муу, гаднаас салхи, шороо их ордог, цахилгааны аюулгүй байдал алдагдсан, хийц загвар нь стандартын шаардлага хангахгүй зэрэг олон доголдолтой байсан тул уг доголдлыг арилгасны дараа 1,750,000 төгрөгийг төлнө... гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь 24,000,000 төгрөгийн үнэ бүхий цомцог гэрийг 6,250,000 төгрөгийн бараа материалын хамт 20 хоногийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, хариуцагч ******* нь урьдчилгаа 70 хувь болох 21,175,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 30 хувь болох 9,075,000 төгрөгийг түлхүүр гардуулсан өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 9-12/
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн байна.
Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээх ба зохигчийн байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компани өөрийн ажил үйлчилгээ /ажлын бүтээмж/-ээр 7 метр диаметртэй, 40 м.кв талбай бүхий цомцог гэрийг 20 хоногийн хугацаанд шинээр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, хариуцагч нь 30,250,000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээжээ.
Иймээс дээр дурдсан хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн эсэх, хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д 24,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн бүрдэл, мөн 6,250,000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт бүрдэл /шалны цутгалт, шалны халаалт, шалны паркет, цахилгаан монтаж/-ийг хүлээлгэн өгсөн талаар акт үйлдсэн байх боловч уг баримтад хариуцагч тал гарын үсэг зураагүй байна. /х.х-ийн 14-15/
Гэвч талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар хариуцагч нь урьдчилгаа төлбөр 21,175,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 9,075,000 төгрөгийг түлхүүр гардуулсан өдөр төлөх тохиролцооны дагуу хэдийгээр нэхэмжлэгчийн үйлдсэн цомцог гэр хүлээлгэн өгсөн гэх 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн актад гарын үсэг зураагүй боловч тэрээр үүний дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид 5,000,000 төгрөг төлсөн байгаагаас үзвэл ажлын үр дүнг хүлээн авсан байна.
Иймд, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 30,250,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 27,000,000 төгрөг /22,000,000 + 5,000,000/, хийж гүйцэтгээгүй ажил болох цахилгааны монтажны үнэ 1,500,000 төгрөгийг хасаад үлдэх 1,750,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой гэж тайлбарлан шинжээч томилуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн боловч доголдолтой холбоотой чухам ямар маргаан шийдвэрлүүлэх талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.
Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Нийлүүлэгч талаас цомцог гэрийн хийцэд 1 жил буюу 365 хоногийн баталгаат хугацаа өгнө. /2025.09.20-2026.09.19/ гэж заасан байх тул зохигч баталгааны хугацааны дотор гарсан доголдлын талаарх маргааныг тусдаа шийдвэрлүүлэх боломжтой ба тийнхүү нэхэмжлэл гаргахад уг магадлал саад болохгүйг үүгээр дурдах нь зүйтэй.
6. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр алданги гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад 236,250 төгрөгийн алданги тооцож, улмаар үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй болохыг залруулан дүгнэнэ.
Нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 197/ШШ2026/010318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.МАНДАЛБАЯР