| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0153/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 151
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч Ч.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Чулууны Баттогтоход холбогдох эрүүгийн 1931000000155 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Чулууны Баттогтох, Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мужаан мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Замд найруулагч, жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгон, Замчдын 3-15 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлтэй, Боржигон овогт Чулууны Баттогтох, РД:/МД81031470/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.Баттогтох нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 1 дүгээр хороо, 2 дугаар хэсгийн хөдөө оршин суух, иргэн М.Лхамхүүгийн өмчлөлийн саарал зүсмийн даагыг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бусдад зарж, завшин 500,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Баттогтох нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 1 дүгээр хороо, 2 дугаар хэсгийн хөдөө оршин суух, иргэн М.Лхамхүүгийн өмчлөлийн саарал зүсмийн даагыг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бусдад зарж завшин, 500.000 төгрөгний хохирол учруулсан нь гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Баттогтох гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Баттогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Лхамхүү бид хоёр 2016 оноос хойш найзалж байна. Анх Лхамхүүгийн хонгор морь нь хөл нь муудчихсан болохоор нь надад морь болгож өгөөч гэж өгсөн байсан. Тэгээд би оронд нь өөрийнхөө морийг өгч явуулсан. Тэгээд морь болгох гэж байгаад зарчихсан чинь Лхамхүү буруугаар ойлгоод цагдаад өгчихсөн юм. Одоо бол бид 2 учраа олчсон байгаа. Уг нь унаа морь болгож өг гэсэн байсан ч сүүлдээ морио авна гэснээс болоод маргалдсан юм. Ер нь бол Лхамхүү өөрт нь хэлэлгүй зарчихсанд л уурлаад байгаа юм” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч М.Лхамхүүгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын дундуур Дулаанхаан тосгоны иргэн Ч.Баттогтох нь надтай ирж уулзаад миний хонгор зүсмийн морийг саарал зүсмийн байдсаар сольж явсан. Уг саарал зүсмийн байдас нь Ч.Баттогтохын адуунд байж байсан. 2019 оны 06 дугаар 28-ны өдөр Ч.Баттогтохтой уулзаад саарал байдсаа асуухад байгаа гэсэн. Тэгтэл хүнээс миний саарал байдсыг Ч.Баттогтох хүнд зарсан гэж сонсоод очиж уулзсан. Тэгтэл Баттогтох миний саарал байдсыг зарчихсан удахгүй оронд нь өөр адуу өгнө гээд уурлаад байсан” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.Пүрэвдоржийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Би 2019 оны 04 сарын 13-ны өдөр санаж байна Ч.Баттогтохоос худалдан авсан Саарал зүсмийн байдасын төлбөр мөнгийг нь тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 300000 /гурван зуун мянган/ төгрөг бэлнээр өгсөн ба 2 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Баттогтохын дансруу 280000 \хоёр зуун наян мянга\ төгрөг шилжүүлсэн. Тухайн үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Баттогтох надад 1 тооны Саарал зүсмийн Байдас зарахдаа манай найзын адуу байгаа юм. Зармаар байна л гэж байснаас өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч И.Ундрахын 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 07-ны орчим санаж байна таараад надад хэлэхдээ Бөбө буюу Баттогтох миний 1 тооны адууг зарчисан байна гээд л явж байсан. Тэрнээс өмнө нь адуу алдсан хүнд өгсөн талаар ерөөсөө сонсоогүй” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Т.Дэмбэрэлнямбуугийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Миний хувьд Ч.Баттогтох нь хүнд их тусархуу, ярисан хэлсэндээ хүрдэг л хүн дээ. Харин аливаа хүнтэй их нийтэч аядуу зөөлөн харьцдаг хүн байгаа юм. Ч.Баттогтох Дулаанхаан тосгонд өөрийн хэдэн тооны адуутай харин яг хичнээн тооны адуу гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[5],
6. Хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ\118-103 дугаартай “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр тогтоов” гэх үнэлгээний дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Ч.Баттогтохын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт “...2019 оны 04 дүгээр сард хашаанаас гарах үед адуу нь гүйгээд алга болчих гээд байхаар нь Пүрэвдорж гэгч залууд 600.000 төгрөгөөр зарчихсан. Пүрэвдоржид хэлэхдээ манай найзын адуу байгаа юм, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд зарчихсан юм” гэх мэдүүлэг[7], зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Баттогтохын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.Лхамхүү нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол төлбөр төлсөн, нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баттогтох нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуйж, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 500,000 /таван зуу мянган/ төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуу мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний ар гэрийн байдал хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Чулууны Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батогтохыг 800 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Баттогтохын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 800 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Батогтоход мэдэгдсүгэй.
5. Ялтан Ч.Баттогтох нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Ч.Баттогтоход урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ