Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01309

 

*******-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/03762 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч: *******

Нэхэмжлэгч: *******, *******,

Хүсэлтийн шаардлага: *******-ийг дампуурсанд тооцуулах,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага: 834,477,016 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага: 139,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гадаад худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр 1,000,000 төгрөгийн хөрөнгийн хэмжээтэй, нэгж бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг хувьцаатай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Хүсэлт гаргагч нь оролцсон төсөлдөө их хэмжээний алдагдалтай ажиллаж, эдийн засгийн үр ашиггүй зарлага гаргасны улмаас 2019 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрсэн.

Дээр дурдсан нөхцөл байдлаас гарах, төлбөрийн чадвартай болгох, бусдад төлбөл зохих өр төлбөрийг барагдуулах зэрэг зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлаар дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авах зорилго тавьж, гүйцэтгэх захирлын өөрийнх нь хүсэлтэд үндэслэн одоогийн гүйцэтгэх захирлыг томилж шийдвэрлэсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй.

1.2 Одоогийн байдлаар *******-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь анх улсын бүртгэлд бүртгүүлсэн 1,000,000 төгрөгөөс өөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, мөн итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй тул эд хөрөнгийн жагсаалт гаргах боломжгүй.

Хүсэлт гаргагч нь 2019 оноос хойш бусдаас авах авлага, гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй бусдаас шаардах шаардлага байхгүй бөгөөд ******* төсөлд оролцож, эдийн засгийн үр ашиггүй, тооцоо судалгаагүй удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан шалтгаан нөхцөлөөс болж татварын өр төлбөртэй болсон. Өнөөдрийн байдлаар татварт нийт 32,953,680.26 төгрөгийн өр төлбөртэй байх ба өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээнээс дээш өр төлбөр буюу үүргээ биелүүлэх чадваргүй болсон тул төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэл бүрдсэн.

Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй байх тул хүсэлт гаргагч *******-ийг дампуурсанд тооцуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02324 дугаар шийдвэрээр *******-иас 829,372,205 төгрөг гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 4,787,004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00207 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 001/ШХТ2023/00312 дугаар тогтоолоор *******-ийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

2.2 Улмаар, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/Ш32022/07169 дугаар Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ГХ2023/00452 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу *******-иас 834,477,016 төгрөг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Гэтэл ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

2.3 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн гурван жил гаруй хугацаанд ажиллагаа явагдсан бөгөөд уг хугацаанд ******* нь ямарваа нэгэн төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн шаардлага өнөөдрийг болтол биелэгдээгүй.

Иймд *******-иас дээрх шийдвэрийн дагуу 829,372,205 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,304,811 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр 800,000 төгрөг, нийт 834,477,016 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* болон *******-ууд хамтарч төсөл хэрэгжүүлж байсан ба төслийн үр дүн муу байсны улмаас 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Тооцоо үлдэгдлийг баталгаажуулах актыг үйлдэж, 93,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох, төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу гэрээний үүрэгт 93,200,000 төгрөг, алданги 46,600,000 төгрөг, нийт 139,800,000 төгрөгийг ******* нь төлөөгүй байна.

Иймд тооцоо нийлсэн актыг үндэслэн *******-иас 92,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн агуулга:

4.1 *******-ийн санхүүгийн тайлангууд дахь харьцааны утга 0.006 буюу зохистой харьцаанаас 144 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь эргэлтийн хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа бүрэн алдагдсан, төлбөр барагдуулах ойрын боломж байхгүй болохыг илэрхийлж байна. Санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй.

4.2 *******-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018-2021 онуудад 184,464,000 төгрөг, 2022 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02324 дугаар шийдвэрээр *******-д 829,372,205 төгрөг төлөх болсон нь өр төлбөр огцом нэмэгдэж, компанийн үйл ажиллагаа зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна. Тайлант хугацаанд хуримтлагдсан өр төлбөрийн дүн 1,029,305,385.26 төгрөгт хүрсэн нь төлбөрийн чадваргүй болох гол эрсдэлийг бий болгожээ. Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөс 16.75 дахин их буюу онолын зохистой харьцаанаас 600 дахин их гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэргүй, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагчаас хэт хараат байдалтай болсон нь *******-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

4.3 Хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрийн байгууллагууд болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн, нотлох баримтуудаар *******-д Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан өөр хуваарилагдах эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй болно. Дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентууд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь *******-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

4.4 ******* нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээдээс *******-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг баримтлан *******-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар *******, нарын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн.

6. Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ онцгой ажиллагааны журмын хүрээнд явуулах хуулийн зохицуулалтай байх ба тухайн хэрэгт бие даасан хэргийн оролцогч хэрэг гүйцэтгэгчийн эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримт болох хариуцагчийн 2019-2021 оны хоорондох татварын тайлан хавтаст хэрэгт авагдсан байх ба Улсын дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 01 дугаар тогтоолд нийцүүлэн дахин сүүлийн 3 жилийг хамааруулан ойлговол зохино гэсний дагуу хэрэг гүйцэтгэгчээр дахин тайлбар тогтоолд нийцүүлэн дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулахгүй хэргийг шийдвэрлэсэн.

Учир нь, шүүх хуулийн дагуу дахин дүгнэлт гаргуулах, өөрөөр хэлбэл тайлбар тогтоолд дурдсанчлан шаардлагатай үеийн тайлан хавтаст хэрэгт авагдсан байхад тухайн нотлох баримт байхгүй мэт, мөн хариуцагчийн хүсэлтэд хамаарах, нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдах он цагийн татварын тайлантай холбоотой хууль болон нотлох баримтад тулгуурласан бодит нөхцөл байдлыг тогтоолгох ажиллагаа явуулаагүй байна.

6.2 Шүүх хуралдааны тэмдэглэлд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирлын *******гийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчийн мэдүүлэг байдаг талаар дурдсан. Өөр баримт байгаа талаар хэлсэн байна. Хариуцагч талд баримт байхгүй гэх тайлбар хэлж байгаа болохоос ******* /толгой компани/, нэхэмжлэгч *******-уудад баримт байхгүй гэх тайлбар хэлээгүй. Мөн болон бусад банкнаас зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулсан гэх тайлбар хэлсэн байх ба зээлийн гэрээтэй, санхүүжилттэй холбоотой бусад баримт байгаа талаар мэдүүлсэн байдаг.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан агуулга бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байх ба шүүх өөрийн хийж гүйцэтгэвэл зохих үүргийг биелүүлэлгүй, хэргийг шийдвэрлэхтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхгүй шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

6.3 Компанийн тухай хуульд зааснаар хариуцагч нь *******-ийн охин компани байх ба 100 хувийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдээс нотлох баримт, гэрээ хэлэлцэл гаргуулах, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, зайлшгүй тогтоох ёстой нотлох баримтгүй хэргийг шийдвэрлэсэн.

6.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6, 62.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийг төлөөгүй байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан *******-ийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжийг төлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан учраас дээрх гомдол нь үндэслэлгүй байна.

7.2 Шүүх хуралдаан болохоос өмнө хүсэлт гаргагчаас дампуурлын гол шалтгааныг ...******* хорооллын төсөлтэй холбоотойгоор дампуурсан гэдэг агуулгаар гомдлыг гаргасан. *******-ийн зүгээс уг асуудалтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хуралдаанд уг асуудалтай холбоотой нотлох баримт байхгүй гэж тайлбарласан атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримт байгаа мэтээр дурдаж байгаа нь үндэслэлгүй. *******, ******* нь нэг эзэмшигчтэй бөгөөд *******-ийн 100 хувийн эзэмшигч нь ******* байдаг. Хүсэлт гаргагчийн зүгээс дээрх нотлох баримтыг ******* болон *******-ийн зүгээс гаргаж өгөх боломжтой гэж тайлбарладаг. *******-ийн зүгээс уг нотлох баримтыг гаргах боломжгүй.

7.3 ******* хорооллын төсөлтэй холбоотойгоор тайлан болон холбогдох баримт бичгийг шүүхийн журмаар гаргуулахад *******-тай холбоотой баримт бичиг байгаагүй гэдэг талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбартаа дурдсан. ******* төсөл нь *******-тай холбоотой бөгөөд Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар толгой компанийн гаргасан шийдвэрээс үүдэн охин компани дампуурсан. Дампуурсан асуудлын тухайд ******* дангаар хариуцахгүйгээр ******* давхар хариуцах учраас дампуурлын хэрэг үүсэх үндэслэлгүй гэж үзэж байна. Дампуурлын гол шалтгаан нөхцөлийг нотлох баримтаар баталгаажуулж чадаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Хүсэлт гаргагч нь *******-ийг дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

3. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэн, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/40661 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийг чадваргүйд тооцон, сонины 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 185 /8249/ дугаарт нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна.

3.1 *******-ийг төлбөрийн чадваргүйд тооцон нийтэд мэдээлснээс хойш буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 21 хоногийн дотор хүсэлт гаргагч *******-д холбогдуулан, нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу 829,372,205 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,304,811 төгрөг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр 800,000 төгрөг, нийт 834,477,016 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэгт 92,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. /1хх 178-180, 218/

4. Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүх ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хх 245-247/

5. Хүсэлт гаргагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/40661 дугаар захирамж гарсан өдрөөс хойш хүсэлт гаргагч *******, нэхэмжлэгч болон хэрэг гүйцэтгэгч нараас дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.

5.1 Хэрэг гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар дүгнэлтэд ...тус компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, лавлагаа, нотлох баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээдээс *******-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлт гаргахдаа *******-ийн 2018-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргасан байна. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэл, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг тусгаж, сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хавсаргахаар заасан. Иймд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт дээрх зүйлд заасанд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02324 дугаар шийдвэрээр *******-иас 829,372,205 төгрөг, -иас 50,930,488 төгрөг нийт 925,810,819 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,189,181 төгрөг *******-иас 129,189,090 төгрөг гаргуулах тухай -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг /1хх 188-194/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00207 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /1хх 195-203/

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 001/ШХТ2023/00312 дугаар тогтоолоор гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /1хх 204/

6.1 Дээрх шүүхийн шийдвэрт ...хариуцагч , , *******-ууд хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм зэргээр тогтоогдсон. ... , , *******-ууд хамтран хотод байрлах хорооллыг барьж байгуулахаар хамтран хөрөнгө оруулалт хийсэн гэж дурдагдсан байна. /1хх 192/

6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэл гаргахдаа яагаад татварын тайлан болон *******-д өгөх өр төлбөрөө хүсэлтээ тусгаагүй бэ гэсэн асуултад ...Энэ нь санхүүгийн тайлангаас гадуур яваад байгаа. Түрүүн шүүхийн шийдвэртэй маргахгүй гэж яриад байгаа тайлбар нь 3 хуулийн этгээд 1 төсөл хэрэгжүүлэхдээ хоорондоо тохирсон байсан учир бүртгэхгүй яваад байсан гэж тайлбарласан.

Мөн ...Хүсэлт гаргагч тал төсөлд хөрөнгө оруулснаар *******-д 829,000,000 төгрөгийн өр төлбөрт орж ийм нөхцөл байдалтай болсон гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр хэрэг гүйцэтгэгч төсөлтэй холбоотой 829,000,000 төгрөгийн өр төлбөртэй болох болсон үндэслэлийг шалгасан уу гэх асуултад хэрэг гүйцэтгэгч ...шалгаагүй. Тухайн үйл баримт нь нэгэнт шүүхээр тогтоогдсон байгаа. Авлагын тухайд 2016 онд 26,000,000 төгрөгийн авлагатай байж байгаад 2017 онд 76,000,000 төгрөгийн авлагатай болж өссөн байдаг. 2018 оноос 60,430,600 төгрөгийн авлагатай байсан. Тэгэхээр тайлант хугацаа нь энэ дүнгээрээ явж байгаа гэж тайлбарласан. Мөн хэрэг гүйцэтгэгч ...Хариу төлбөргүйгээр буюу хоорондоо хамаарал бүхий этгээдүүд байсан учраас дурдагдаж байгаа 2 хуулийн этгээд нь хүсэлт гаргагч *******-иар суурь зутгуулаад дараа нь байшин барих ажлыг бид хариуцаж хийнэ. Ажил дуусахаар тооцоогоо хийе гэж хоорондоо тохиролцсон гурвалсан гэрээ гэж ойлгосон гэж тус тус тайлбарласан. /2хх 100-101/

6.3 Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02324 дугаар шүүхийн шийдвэр гарах болсон үндэслэл болох төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ хэлцэл, санхүүгийн баримт, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой өр авлагын асуудал, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн эсэх зэрэг холбогдох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг гүйцэтгэгч дээрх үйл баримттай холбоотой Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.5, 12.1.6, 12.1.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

7. Дампуурлын хэрэг нь хэдийгээр онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан боловч хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэгтэй холбоотой ажиллагааг хийж, шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцох учиртай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь хэрэг гүйцэтгэгчээр дахин дүгнэлт гаргуулах болон нэмэлт оруулах зэрэг дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргаагүй. Иймд хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн ...хэрэг гүйцэтгэгчээр дахин тайлбар тогтоолд нийцүүлэн дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулахгүй хэргийг шийдвэрлэсэн. Он цагийн татварын тайлантай холбоотой хууль болон нотлох баримтад тулгуурласан бодит нөхцөл байдлыг тогтоолгох ажиллагаа явуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч талаас хувьцаа эзэмшигч хуулийн этгээдээс нотлох баримт, гэрээ хэлцэл гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байх тул ...хэргийг шийдвэрлэхтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдээс нотлох баримт, гэрээ хэлэлцэл гаргуулах, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, зайлшгүй тогтоох ёстой нотлох баримтгүй хэргийг шийдвэрлэсэн. гэх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

10. Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг зөв дүгнэж, хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш хүсэлт гаргагч *******, нэхэмжлэгч болон хэрэг гүйцэтгэгч нараас дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй боловч энэ нь *******-ийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэхгүй, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах шаардлагагүй, дампуурсанд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

11. Нэхэмжлэгч ******* нь , , *******-д холбогдуулан 1,055,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/02324 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. Иймд *******-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Мөн дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/03762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

М.БАЯСГАЛАН