Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01310

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/04701 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,807,398 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн хохиролд 5,000,000 төгрөг, нийт 43,807,398 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******ын хүсэлтээр 2014 оноос хойш түүнд нийт 76,000,000 төгрөгийг, 2.7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ковид-19 цар тахлын үед хүүг багасгаж, хасаж байсан. 2021 онд зээлийг шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалан санхүүгийн хувьд чадваргүй гэх үндэслэлээр хүү АНУ руу сургуульд явж чадаагүй. *******д зээл олгосон баримтгүй байсан тул нотлох баримт бүрдүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан боловч хэрэг хаагдсан.

1.2. *******аас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлт хийгээгүй бөгөөд манай эхнэртэй уулзахдаа үндсэн зээл 76,000,000 төгрөгийг хүү 11,964,000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар бичиг хийж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түүний ээж ******* нийт 76,000,000 төгрөгийг зээлсэн гэж тооцоо нийлсэн баримтыг бичгээр баталгаажуулж өгсөн. 2024 оны 12 дугаар сарын байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагчаас төлсөн төлөлтүүдийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцон тухай бүр хасаж тооцоход зээлийн үлдэгдэл 38,807,298 төгрөг байна.

1.3. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах, цагдаагийн байгууллагад гомдол гарган зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээх шаардлага үүссэний улмаас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг төлсөн.

Иймд *******аас зээлийн гэрээний үүрэгт 38,807,398 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг, нийт 43,807,398 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны хооронд барилгын ажил, материал худалдан авах зорилгоор нийт 66,700,000 төгрөгийг 2.3 хувийн хүүтэй *******оос зээлсэн. Хэргийн 8-9 дүгээр талд авагдсан бичвэрийг нэхэмжлэгч бичиж, хариуцагчаар гарын үсэг зуруулсан.

Уг асуудлаар ******* нь 2024 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас шалгасан. Ингээд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түүнд 20,000,000 төгрөг өгсөн тул тэрээр тухайн үед шалгуулах шаардлагагүй болсон талаар бичиг хийсэн. ******* цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хүү авах эрхээ алдсан. Би зээлийн төлбөрт нийт 152,112,000 төгрөгийг буцаан төлсөн.

2.2. Заавал өмгөөлөгч авах хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 43,807,398 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа 2017 оноос эхэлсэн бөгөөд хариуцагчид нийт 76,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, тухайн үед итгэсэн учир бичгээр баталгаажуулаагүй. Харин дундын тооцооны дэвтэр хөтөлж, түүнийг байнга хариуцагчид танилцуулж ирсэн. Тухайн зээлийн харилцаа үүссэнээс хойших үндсэн зээл, зээлийн хүүг хасаж тооцон хариуцагчид харилцан зурвасаар явуулж танилцуулсан. ******* зээлийн эргэн төлөлтүүдийг хэдий хугацаанд, хэрхэн төлөх талаарх бичгийг хийж, зээлийн эргэн төлөлтийг төлөхөө илэрхийлж байсан. Би 76,000,000 төгрөгт хамаарах зээлдэгчид бэлнээр олгосон мөнгөө нотолж өгснөөс гадна хариуцагч эдгээр хүсэл зоригийн илэрхийлэл дээр гарын үсгээ зурснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн тэрээр төлөхгүй байсан тул дахин график гаргуулж, ээжээр нь зээлийн эргэн төлөлтийг хамтран төлөх бичгүүдийг авч байсан. Уг үйл баримтыг үнэлээгүй үгүйсгэж байгаа талаар анхан шүүх үндэслэх хэсэгтээ хангалттай тайлбарлаагүй.

Би тухайн асуудалд *******ыг залилах санаа зорилготой байж магадгүй гэж бодон цагдаагийн байгууллагад хандахад тухайн авсан бодит харилцаагаа илэрхийлэхгүй бол залилан мэхлэх гэмт хэрэг болох магадлалтай байсан тул хариуцагч нь 66,700,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөвхөн нэг талаас нь буюу цагдаагийн байгууллага тогтоосон мэтээр үнэлж, шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. ******* нь зээлийг шаардах болгонд ямар нэгэн бодитой үйлдэл буюу зээлийн эргэн төлөлтийг хийдэг байснаа сүүлийн жилүүдээс эхлэн хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй, хариу бичихгүй байсан тул би *******ын ээжтэй холбогдож анхны зээлийг хэрхэн төлөх бичгийг, мөн ээжтэй нь гурван удаа уулзаж зээлийн төлөлтийг хэрхэн хийх бичиг, мөн ээжээр нь зээлийн төлөлтийг хэрхэн хийх, хэдэн төгрөг үлдсэнийг тодруулан асуулгаж 76,000,000 төгрөгийг зээлүүлсэн үйл баримт, болон хэрхэн төлөлт хийх хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэлтэй зээлээ хэрхэн, хэзээ төлөх үйлдлээ илэрхийлсэн бичгүүд болон бичлэгүүд, хариуцагчийн фейсбүүкээр харилцаж байсан харилцан зурвасуудыг скрийн шот хийж нотлох баримтаар авсан баримтуудаа, өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох зорилгоор сидинд буулгасан гар утасны бичлэгт үзлэг хийлгэх, тухайн цаг үед харилцаж байсан фейсбүүк зурвасуудын яриаг скрийн шот байдлаар өөрийн гар утсандаа хадгалснаа үзлэг хийлгэн нотлох баримтаар хавсаргах хүсэлтүүдийг гаргахад шүүхээс хангаагүй, гомдол гаргах эрхгүй шийдэж, нэхэмжлэгчийг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн үндэслэлгүй буруутгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх үндсэн зээлийн төлөлтийг 66,700,000 төгрөгийг зээлсэн хариуцагчийн үндэслэл зөв гэж байгаа бол хариуцагч тухайн цагдаагийн байгууллагад гаргасан мэдүүлэгт 23,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийг зөвшөөрвөл төлөхөд бэлэн өгөх боломжтой гэж мэдүүлсээр байхад хэт нэг талыг барьж 151,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч төлөх төлбөргүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхээс бидний хооронд 66,700,000 төгрөгийн зээлийн харилцааг 2.7 хувийн хүүтэй зээлүүлсэн нь зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн бол бодит нөхцөл байдалд хариуцагчид 3,600,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байхад талуудын хооронд өмнө гэрээний дагуу тохиролцож хүү болон үндсэн зээлэнд төлсөн мөнгийг шууд нэхэмжлэх төлбөргүй хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй.

4.3. Хариуцагчийн зээлийн төлөлтийг хугацаандаа төлөөгүй нөхцөл байдлаас болж эрх зүйн мэргэшсэн мэдлэггүй тул хариуцагчийн үүргээ зөрчсөнөөс үүдэж өнөөдрийг хүртэл шүүхийн болон цагдаагийн байгууллагад шалгуулах явцад өмгөөлөгчтэйгөө оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх гэрээ зөрчөөгүй, өөрийн дур зоргодоо өмгөөлөгч авсан гэж дүгнэж байгаа нь зөрчигдсөн эрхээ шударгаар шүүлгэх, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс 66,700,000 төгрөг биш 76,000,000 төгрөг гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дансны хуулганы баримтаар 2014 оноос 2021 оны хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр 66,700,000 төгрөгийг авсан байдаг. 66,700,000 төгрөгөөс 14,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2024 онд нэхэмжлэл гаргах үед уг баримтыг гаргаж өгч, хариу тайлбар гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс залилан, мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан учраас эхний нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Цагдаагийн байгууллагад шалгуулахад 66,700,000 төгрөг авсан гэдэг нь тогтоогдсон. Хариуцагчийн зүгээс дансны хуулга, дансны хуулганы хураангуй хүснэгт хийж өгсөн. Уг хугацаанд 66,700,000 төгрөгийг авч, нийт 152,112,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг.

Хариуцагчийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө мөн дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шилжүүлснээр уг маргаан шийдвэрлэгдсэн.

5.2. Анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж фейсбүүк чатад үзлэг хийж, 2014 оноос хойш 2024 он хүртэл чатыг нэг мөр шүүж үзэхэд *******тай бичсэн чат гарч ирээгүй учраас үзлэгийг зогсоож, үзлэгийн тэмдэглэлийг үйлдэн нотлох баримтаар үнэлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, нотлох баримтыг үнэлсэн учраас дээрх гомдол нь үндэслэлгүй байна.

5.3. Нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч авсан ажлын хөлсийг шаардаж байгаа хэдий ч энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж тайлбар хийх шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 38,807,398 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 43,807,398 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

3.1. Хариуцагч ******* нь нийт 76,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******оос хүлээн аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

3.2. Нэхэмжлэгч нь нийт 76,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагч нь 2014 оноос хойш нийт 66,700,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч дээрх байдлаар баримтаар няцааж чадаагүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд 66,700,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

Өөрөөр хэлбэл, хэргийн 8-10 дугаар талд авагдсан Зээлийн гэрээ, Баталгаа, Баталгаа гаргах нь гэх баримтуудад 76,000,000 төгрөг зээлсэн гэх утгыг агуулсан байх боловч уг баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 76,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Учир нь, мөн зүйлд заасан шилжүүлэн өгснөөр гэдэг нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн байхыг ойлгох бөгөөд уг үйл баримт бусад баримтаар эргэлзээгүй нотлогдсон байхыг шаардана.

4. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нийт 130,212,000 төгрөгийг төлсөн болох нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд гаргаж өгсөн *******ын тооцооны хүснэгтээр тогтоогдсон. /хх 11-15/ Мөн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх 48/ Улмаар, ******* нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ...2025 оны 08 сарын 25-ны өдөр *******аас 20 сая төгрөг авч ярьж тохирсон ёсоор, авлаа. Иймд цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй болсон тул шалгах ажлыг зогсоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. /хх 49/ Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 38,807,398 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг гаргуулах хэсгийг талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй, үүрэг зөрчсөнөөс гарсан зардал гэж үзэхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна. Учир нь, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийн хохирол зээлийн гэрээний үүргийн улмаас учирсан гэж үзэхгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ...гар утсанд байгаа скийншот хийж авсан зурвасын зургуудад үзлэг хийлгэх, хариуцагчтай төлбөр тооцоог хийж байсан үйл баримтыг гэрчлэх утсан дээр бичлэг хийж авсан Сидинд буулгасан бичлэгүүдэд үзлэг хийлгэх, фейсбүүк мессенжер чатанд үзлэг хийлгэх хүсэлтүүдийг гаргасныг шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2026/19340 дугаар захирамжаар ...шүүхийн журмаар үзлэг хийхдээ нэхэмжлэгчийн гаргаж өгөх боломжгүй буюу түүний ашиглаж байгаа гар утсанд эсхүл цахимд хадгалагдаж байгаа баримтын байгаа эх хувьд нь үзлэг хийж бэхжүүлэх журамтай ба 2023 оны ярианы бичлэгийг сидинд хуулбарласан байдалд үзлэг хийлгэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байхаас гадна эх сурвалж нь тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэж үзэх үндэслэл, энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа үндэслэл хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэлээр тогтоогдохгүй байх тул сиди бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Харин фэйсбүүк мессенжер чатанд үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан.

Мөн өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд ...нэхэмжлэгч ******* өөрийн ******* гэх нэртэй фейсбүүкийг нээснээр ******* фейсбүүк хаягтай харилцсан зурвас захианд үзлэг хийхээр ******* гэх хаягийг хайхад гарч ирээгүй, блок хийсэн байж магадгүй хаягийг 2024 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл шүүж үзэхэд ******* нэртэй хаягтай харилцсан чат бүхий захиа гарч ирээгүй болно гэжээ. /хх 102/ Шүүхийн уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ....сидинд буулгасан гар утасны бичлэгт үзлэг хийлгэх, тухайн цаг үед харилцаж байсан фейсбүүк зурвасуудын яриаг скрийн шот байдлаар өөрийн гар утсандаа хадгалснаа үзлэг хийлгэн нотлох баримтаар хавсаргах хүсэлтүүдийг гаргахад шүүхээс хангаагүй, нэхэмжлэгчийг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн үндэслэлгүй буруутгасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/04701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

М.БАЯСГАЛАН