| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0154/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 152
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
улсын яллагч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч Д.Жигжидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Доржийн Жигжидсүрэнд холбогдох эрүүгийн 1931000000156 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Доржийн Жигжидсүрэн, Монгол улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар баг, 5-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/МП64111972/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Жигжидсүрэн нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг 5-2 тоотод оршин суух өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.Алтаннарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Жигжидсүрэн нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн “Хүдэр” сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг 5-2 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Б.Алтаннарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Жигжидсүрэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Жигжидсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Он сарын сайн санахгүй байна. Орой гэртээ унтаж байхад 22 цагийн үед Нараа согтуу орж ирсэн. Тэгээд нөгөө өрөөнд ор засч унтуулаад охиноо айчих байх гэж бодоод хамт унтаж байсан юм. Тэгтэл Нараа босч ирээд “хамт унтъя” гэхээр нь хамт хэвтэж байгаад “чамаас архи үнэртээд байна” гэж хэлтэл "чи уудаггүй юу" гэж хэлээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би нэг удаа үснээс нь зулгаасан мөн дараа нь нэг удаа нүүрлүү нь түлхсэн. Би хуруугаа зүсчихсэн боолттой байсан тул нэг хумсаа аваагүй удсан байсан. Тэрэнд л гэмтчих шиг болсон” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Б.Алтаннарын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны орой 00 цагийн үед гэртээ ирээд жижиг өрөөнд нөхөр Д.Жижигдсүрэн, охин Ж.Эрхсарангийн хамт унтаж байгаад нэг сэрэхэд би нөхөртэйгөө хэрэлдээд зогсож байсан. Тэгээд гараараа цохих гэхэд миний гарыг барьчихаад тавихгүй байсан. Тэгснээ баруун гараараа намайг цохих шиг болоход миний амнаас цус гараад байхаар шүд уначихсан юм байх гэтэл уруул сэтэрсэн байсан. Тэгээд бага охин Энхсаран сэрээд ах Уламбаярыг утсаар дуудсан. Тэр оройдоо бэр Шүрээгийн хамтаар Дархан-Уул аймаг орж, урууландаа 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг[2],
3. Насанд хүрээгүй гэрч Ж.Эрхсарангийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Унтаж байхад ээжийн орилох дуугаар би сэрсэн. Тэгээд том өрөөнд ороход ээжийн дээд уруул сэтэрчихсэн буйдан дээр суугаад, амнаас нь цус гарч байхаар нь нойлын цаас авч өгөөд, ах Уламбаярыг дуудсан. Тэгээд ах ирээд ээжийг аваад явсан” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Э.Шүр-Эрдэний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Гэртээ унтаж байхад манай хадам дүү Ж.Эрхсаран гар утсаар залгаад “аав, ээж хоёр зодолдоод байна” гээд уйлсан. Тэгээд манай нөхөр Уламбаяр гарцаараа аавынх руу явсан. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн үед ирээд “ээжийг аваад Дархан-Уул аймаг руу явмаар байна. Уруул нь сэтэрсэн байна” гэж хэлсэн. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч дээр очиж 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг[4],
5.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №198 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Б.Алтаннарын бие уруулд няцарсан шарх, бугалга, нуруунд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт[5],
6. Шүүгдэгч Д.Жигжидсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орой гэртээ унтаж байхад 22 цагийн үед манай эхнэр Нараа орж ирээд пийшингийн ойролцоо зогсож байсан. Тэгээд том өрөөнд ор засаж өгөөд “унтаж амар” гэж хэлээд хажуугаар нь унтах гээд хэвтсэн. Манай эхнэрээс архи их үнэртэж байхаар нь “чамаас ямар их архи үнэртдэг юм бэ?” гээд хэлсэн чинь уурлаж босож ирээд миний үснээс зулгаасан. Би гарыг нь тавиулах гээд нүүр лүү нь гараараа түлхсэн. Цаашаа унаад босож ирсэн чинь уруул нь сэтэрчихсэн, нилээн цус гарч байсан. Энэ хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Жигжидсүрэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Алтаннар нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жигжидсүрэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуйсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жигжидсүрэнг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний ар гэрийн байдал хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 06-08 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Доржийн Жигжидсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Жигжидсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жигжидсүрэнгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Жигжидсүрэнд анхааруулсугай.
5. Ялтан Д.Жигжидсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Д.Жигжидсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ