| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2026/03795/И |
| Дугаар | 210/МА2026/01311 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01311
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/04311 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Цалин 26,889,600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 03 дугаар сар хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******-ийн ******* аймгийн ******* суман дахь ******* зүүн уурхайн талбайд гагнуурчнаар 14 хоног байрлаж, 14 хоног амрахаар ажиллаж байсан. Ажилд орох үедээ ажилчдын нэгдсэн шинжилгээ, үзлэгээр чихрийн шижин буюу сахрын өвчтэй талаар хариу гарсан. Тухайн үед энэ талаараа ажил олгогчид мэдэгдсэн ба 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сахрын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор ажлаасаа бууж, мөн өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ талаар холбогдох эмчийн үзлэг, шинжилгээний баримтуудаа уурхайн засварын хэлтсийн админ ******* рүү фейсбүүк чатаар явуулсан. 2025 оны 10 дугаар сарын дутуу авсан цалин 484,993 төгрөгийг 11 сард бодож, 11 сарын нийгмийн даатгалыг төлсөн байсан.
1.2 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эрүүл мэндийн байдал хэвийн болсон тул уурхайн засварын хэлтсийн админ ******* болон ******* нарт удаа дараа мэдэгдэж, эргээд ээлжиндээ гарах хүсэлтээ хэлсэн боловч дуудаж, ростерт оруулалгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******-ийн уурхайн эмч ээс эмчийн хяналтад орох эмчилгээ, зөвлөгөө авсны дараагаар ажилд татахыг шийдэх, ээлжээр дуудах боломжгүй гэсэн хариуг и-мэйлээр илгээснийг засварын хэлтсийн админ надад танилцуулсан.
1.3 аймгийн нэгдсэн эмнэлгийн комиссын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1350 дугаар шийдвэрээр намайг ажлын нөхцөлийг хэвээр үргэлжлүүлж болно гэх дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг компани руу цахимаар явуулсан боловч хариу өгөөгүй. 2026 оны 01 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотын төв оффис дээр очиж Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн тай уулзахад тэрээр таны явуулсан комиссын шийдвэрийг бид нар хүлээж авсан, та ахиад нэг сар эмчилгээ хийлгээд эмчийн бичгээ аваад ир, түүнээс бол таныг ажлаас халсан зүйл байхгүй, таны нийгмийн даатгал төлөгдөөд явна гэсэн хариу хэлсэн. Дахин эмчид үзүүлэх гэтэл 2025 оны 12 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс эмчид үзүүлэх цаг авах боломжгүй гэсэн.
1.4 Иймд хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлс 26,889,600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 03 дугаар сар хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь манай компанийн засварын хэлтэст гагнуурчнаар ажилладаг бөгөөд анх 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ...зүрх дэлсэнэ, салгана, толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ, хөл гарын үзүүр жирэлзэнэ гэдэг зовиуртайгаар уурхайн эмчид үзүүлж, уурхайгаас өвчний учир буусан бөгөөд компаниас автомашинаар тээвэрлэн Улаанбаатар хотод эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...бөөлжинө, дотор муухайрна, чичирнэ гэх зовиуртайгаар уурхайн эмчид үзүүлж, чихрийн шижин 2 дугаар хэв шинж, артерийн даралт ихсэлт 3 дугаар зэрэг, тархинд цус харвах эрсдэлтэй гэж оношлон уурхайгаас өвчний учир буулган Улаанбаатар хотод эмнэлэгт хүргэж өгсөн.
2.2 Дээрх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэн, 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэн, 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэн тус тус лист бичүүлж байсан бөгөөд энэ хугацаануудад ажил олгогчоос тэтгэмж төлөгдөж байсан.
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийлгэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтээр *******ын биохимийн шинжилгээнд цусны сахар 18,2 ммоль/л буюу хэвийн хэмжээнээс 3 дахин өндөр гарсан байсан тул ажил олгогчийн зүгээс харьяа аймгийн дотоод шүүрлийн эмчид давтан үзүүлж, эмчилгээ хийлгэн цусны сахрын түвшинг бууруулсны дараа ажилд ирэх, ийнхүү ирэхдээ холбогдох эрүүл мэндийн комиссын шийдвэрийг үндэслэн ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжтой талаар түүнд мэдэгдэж байсан.
2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эмнэлгийн магадлагаа ирүүлсэн бөгөөд энэхүү магадлагаанд уурхайн эмчийн зүгээс эрсдэлтэй гэж үзэн, хэрэв ажилтныг уурхайн бүсэд ажиллуулах бол ...биеийн хүчний ажил хийлгэхээс татгалзах, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх, химийн бодистой харилцахаас зайлсхийх гэж ажиллах тухай үнэлгээг хийж ирүүлсэн нь түүний гүйцэтгэдэг ажил үүрэгтэй нийцэхгүй, уурхайн бүсэд ийм төрлийн ажил гүйцэтгүүлэх боломжгүй байсан тул уурхайн бүсэд таталгүй, эмчилгээг үргэлжлүүлэх тухай түүнд мэдэгдсэн.
2.3 Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өвчний учир уурхайгаас бууснаас хойш 11 дүгээр сард эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн, үүнд лист олгосон байдаг бөгөөд ажил олгогчоос 799,250 төгрөг, 12 дугаар сард мөн эмчилгээ хийлгэн лист авсан ба ажил олгогчоос 768,893 төгрөгийг тус тус тэтгэмжид төлсөн. Өөрөөр хэлбэл ажилтан өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан. Иймд эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн тэрээр 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эмчилгээ хийлгэхээр 1 сарын хугацаатай чөлөө авсан бөгөөд энэ хугацаанд эмчилгээ, түүний үр дүнтэй холбоотой ямар нэгэн баримт мэдээлэл ажил олгогчид ирүүлээгүй, өнөөдрийг хүртэл цаг бүртгэлийн системд цалингүй өвчний чөлөөтэй төлөвт бүртгэлтэй байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-д холбогдуулан цалинд 26,889,600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сар, 2026 оны 01, 02, 03 саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,598 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндийн шалтгаанаар 2025 оны 10 сарын 24-ний өдөр ажлаасаа бууснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэхэд эмчилгээ бүрэн дуусаж, эрүүл мэндийн байдал хэвийн болсон тул энэ талаараа уурхайн засварын хэлтсийн админ ******* болон ******* нартай байнга холбогдож, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүгнэлт, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Интермэд эмнэлгийн онош бүхий үзлэг, шинжилгээний баримт, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн комиссын 1350 дугаар дүгнэлт, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******-ийн Хөдөлмөрлөх чадвар тодорхойлох маягт баримт бичиг, сахраа хэмжиж буй видео бичлэгүүдийг ажил олгогчид хүргүүлж байсан.
Ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангахгүй буюу уурхай явуулах ажилчдын жагсаалтад нэрийг нь оруулахгүй байсан тул 2026 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын төв оффис дээр очиж Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн тай ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж уулзахад тэрээр таны явуулсан комиссын шийдвэрийг бид нар хүлээж авсан, та дахиад нэг cap эмчилгээ хийлгээд эмчийн бичгээ аваад иp, түүнээс бол таныг ажлаас халсан зүйл байхгүй, таны нийгмийн даатгал төлөгдөөд явна гэх хариуг хэлж, чөлөөний хүсэлт бичиж өгөхийг шаардсан тул ******* нь эмчилгээ хийлгэх шаардлага бодит байдал дээр байгаагүй ч тухайн үед ажилтайгаа үлдэхийн тулд Хүний нөөцийн мэргэжилтний шаардсаны дагуу чөлөө авах хүсэлт бичиж өгсөн тухайгаа шүүх хуралдаан дээр тайлбарлаж мэдүүлсэн боловч анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Уг өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ажил олгогчийн зүгээс огт мэдэгдээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Ажил олгогч ажлын байраар үндэслэлгүй хангаагүй эс үйлдэхүйг анхан шатны шүүх хариуцагчийг буруутай гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.2 Ажилтан *******ын 2025 оны 12 дугаар capаас 2026 оны 03 дугаар саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй болох нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажил олгогчийн үндсэн үүргийг заасан. Гэтэл ажил олгогч ******* хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх анхаарч үзэж, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэнгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* нь уул уурхайн компани бөгөөд 14, 14 хоногийн ээлжээр Эрдэнэс таван толгой ХХК-д үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн хувьд гагнуурчнаар ажилладаг. 14 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байх үед хоёр удаа эрүүл мэнд нь муудсан шалтгаанаар яаралтай тусламжийн машинаар Улаанбаатар хот руу тээвэрлэж хоёр удаа явуулсан байдаг бөгөөд хамгийн сүүлд 10 дугаар сарын 21-ний өдөр бие нь муудаад яаралтай тусламж дуудсан. Үүний дараагаар 10, 11, 12 дугаар сард лист бичигдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтан эмчилгээ хийлгэж байсан учраас лист бичиж, листийн цалинг олгож байсан.
5.2 Нэхэмжлэгчээс аймгийн Эрүүл мэндийн магадлах комиссын дүгнэлтийг уурхайн эмнэлэгт хүргүүлсэн боловч уурхайн эмнэлэг холбогдох шаардлагыг хангаагүй байна гэж үзэж дуудах зөвшөөрлийг өгөөгүй. Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн магадлах комиссын дүгнэлт нь тухайн үед ажил олгогчид өгч байсан дүгнэлт, шүүх хуралдаанд гаргаж өгсөн дүгнэлт нь ялгаатай байсан. Эрүүл мэндийн магадлах комиссын дүгнэлтийг холбогдох журмын дагуу бүрдүүлж өгөөгүй учраас 12 дугаар сард ажилд дуудаагүй. ******* нь листтэй байсан учраас ажил олгогчоос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.3 2026 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч эмчилгээ хийлгэх учраас компанийн дотоод журамд заасны дагуу 30 хоногийн цалингүй чөлөө өгнө үү гэдэг өргөдөл бичиж өгч, чөлөө авсан. 02 дугаар сард эмчилгээ хийлгэсэн тухай бичиг, холбогдох баримт бичгийг ажил олгогчид ирүүлэх ёстой байтал шүүхэд 10 дугаар сараас хойш 02, 03 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйн улмаас талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өвчний учир 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажлаа үргэлжлүүлэн хийхээр ажил олгогч компанид удаа дараа хандсан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Иймд хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлс болох 26,889,600 төгрөг гаргуулж, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 03 дугаар сар хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулна гэж тодорхойлсон.
3.1 Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...Ажилтан өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй учир цалин хөлс олгох үндэслэлгүй. Мөн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй гэж эс зөвшөөрч маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар ажилтны гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох нь ажил олгогчийн үндсэн үүргээс гадна мөн хуулийн 43 дугаар зүйлийн 42.1.3 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах нь ажилтны үндсэн эрх.
4.1 Нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах шаардлагын үндэслэл нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээний дагуу хөдөлмөрлөх боломжоор хангаагүй буюу ажилд гаргаагүй гэх үйл явдалтай холбоотой гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдийгээр ажиллаагүй хугацааны цалин хөлс шаардсан боловч үндэслэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн эсэхтэй холбоотой байна. Зохигчид уг үйл баримт буюу шаардлагын үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй байхад шүүх цалин хөлстэй холбоотой тухайн үндэслэлийн үр дагаврыг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.
4.2 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд гаргаагүй үйлдэл, эс үйлдэхүйд хэн буруутай болох үйл баримтыг тогтоох нь маргаанд хамааралтай байхаас гадна талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг тодруулж, ялгааг заагласнаар шаардах эрхүүдтэй холбоотой хууль хэрэглээ ялгамжтай байхаас гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсноор талууд маргаантай асуудлаар бүрэн мэтгэлцэн, хэргийн үйл баримт тогтоогдож, шүүх маргаанд хамааралтай, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.
5. Мөн ******* нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...******* миний бие 2023 оны 3-р сараас өнөөдрийг хүртэл *******-д гагнуурчин албан тушаалаар ажиллаж байгаа билээ. Миний бие уурхайн эмч, хүний нөөцийн зөвлөснөөр 1 сарын хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул чөлөө олгож өгнө үү гэх өргөдлийг *******-ийн Хүний нөөцийн газарт гаргасан байна. /хх 67/
5.1 Ажилтны дээрх хүсэлтийг ажил олгогчийн зүгээс шийдвэрлэсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй. Уг үйл баримтыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/04311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН