| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 103/2025/01397/И |
| Дугаар | 210/МА2026/01320 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01320
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ2026/00440 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр *******-ийн ******* удирдлагын хэлтэст хяналт шинжилгээний эдийн засагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/353 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.10, 7 дугаар зүйлийн 7.4.8, 9 дүгээр зүйлийн 9.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.27, *******-ийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10 дахь заалтыг тус тус үндэслэн ******* удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагч ******* нь туршилтаар ажиллаж байх хугацаандаа туршилтаар ажиллах сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажиллах зохих цагтаа чөлөөний хуудасгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж, орсон гарсан цагаа бүртгүүлсэн зэрэг зөрчил гаргасан, мөн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгосон гэсэн. Дээрх тушаалыг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гардан авсан.
1.2 Миний бие тушаалд дурдсан дээрх зөрчлүүдийг гаргаагүй. Хүүхэд асрах чөлөөтэй *******ын оронд түр хугацаатай, туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
1.3 Тушаалыг гардан авч, *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргаж, улмаар мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, тэмдэглэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан. Улмаар ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гомдлоо гаргаж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдан, тэмдэглэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд *******г урьд эрхэлж байсан *******-ийн ******* удирдлагын хэлтэст хяналт шинжилгээний эдийн засагч албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалаар *******г ******* удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагчийн ажлын байранд /хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд/ 2 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар шийдвэрлэж, түүнтэй 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Гэрээний 2.1-т ажлын байрны нэршил нь хяналтын эдийн засагч байхаар заасан. Хяналт шинжилгээний эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт нь зардлыг бүртгэлээр хянаж, өртөг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах бөгөөд хариуцсан сэлбэг материалын зарцуулалтыг төлөвлөж бизнес төлөвлөгөөнд нэгтгэх, хариуцсан сэлбэг материалын эдэлгээний болон ашиглалтын нормыг тогтоох, шинэчлэх, зардлын гүйцэтгэлд хяналт тавих, хэсэг нэгжүүдийн эд хариуцагчдад хяналт тавих, мэдээ мэдээлэл хийх зорилтын хүрээнд ажилладаг.
2.2 ******* нь туршилтын хугацааны ажлын тайлангаа тавихдаа санхүүгийн зардлын тайлан мэдээг нэгтгэх, мэдээ тайлан хүргүүлэх, аналитик, судалгаа шинжилгээ хийх зэрэг батлагдаагүй байгаа ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажилласан байсан бөгөөд мөн цаг бүртгэлийн ажилтанд мэдэгдэлгүйгээр зохих чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж орсон, гарсан цагаа бүртгүүлсэн.
2.3 Компанийн зүгээс тухайн ажилтныг сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Харин тухайн ажилтан туршилтаар ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт шинжилгээний эдийн засагчийн ажил хийгээгүй, туршилтаар ажиллах сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажлын цаг ашиглалт байдал зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн туршилтаар ажиллах гэрээний хугацааг сунгахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 он 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болгосон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар *******гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох ******* удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн атал ямар нэг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 42, 56 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.
Анхан шатны шүүх бичгээр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн атлаа хүсэл зоригийн илэрхийллийг яг ямар үндэслэлээр үгүйсгэх боломжгүй талаар тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байх тохиолдолд тухайн хэлцлийн хууль зөрчсөн хэсэг нь хүчин төгөлдөр бус болно. Гэтэл бичгээр хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх боломжгүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй.
Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал 01 дугаар зөвлөмжийн 1.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарна гэж тайлбарласан. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Тухайлбал, ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу тухайн заалт хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгч байх нь ач холбогдолтой гэж үзнэ.
4.2 Шүүх талуудын хооронд хэдийгээр хууль зөрчсөн ч гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх боломжгүй гэж дүгнээд, туршилтын хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу жинхлэх ёстой байсан гэж үзсэн нотлох баримтуудыг хүчин төгөлдөр хэлцэл биш учраас эрх, үүргийн биелэлтийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
******* нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сургалтын журамд заасны дагуу туршилтын хугацааны тайланг хэлэлцүүлж, хэлтсийн тайлангаар жинхлэх санал гаргасан бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр сургалтын хөтөлбөр батлуулах нь *******гийн үүрэг бус, ахлах, удирдах ажилтны үүрэг болох нь тогтоогдсон. Нөгөө талаар хэлтсийн саналыг үндэслэн жинхлэх комисс шийдвэрлэдэг бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон хурал нь жинхлэх комисс бус, нөгөө талаар хэлтсийн тайлангийн хурал болоогүй байхад болсон байна. Хэлтсийн тайлангийн хурлаар 100% жинхлэх санал гаргасан байх бөгөөд гэрчийн мэдүүлгээр хэлтсийн саналаар жинхэлдэг талаар тайлбарласан. Иймд шүүх гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дотоод журам, сургалтын журам, хурлын тэмдэглэлүүдийг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна.
Нөгөө талаар шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч ******* нь хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажилд орно гэх хүсэлтээ өөрөө илэрхийлсэн. Хүсэлтийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр туршилтын 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь тухайн үед хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу туршилтаар ажиллах хоёр сарын хугацаатай гэрээ байгуулаад туршилтын хугацааг цаашид үргэлжлэх боломжгүй гэдэг байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
5.2 Хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд хөдөлмөрийн гэрээ байгуулж болохгүй гэдгийг хожим шүүхэд ирээд мэдсэн гэх тайлбараа өгсөн. Хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Ажил олгогч *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалаар *******г ******* удирдлагын хэлтэст хяналт шинжилгээний эдийн засагч ажлын байранд хүүхэд асрах чөлөөтэй *******ын оронд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар томилсон. /1хх 141/ Мөн түүнтэй 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ-г 2 сарын хугацаатай байгуулсан. /1хх 5-11, 53-59/ Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.
3.1 *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.10, 7 дугаар зүйлийн 7.4.8, 9 дүгээр зүйлийн 9.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.27, *******-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.2.3, 3.4.2.10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл болгон ******* удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагч ******* нь туршилтаар ажиллаж байх хугацаандаа туршилтаар ажиллах сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажиллавал зохих цагтаа чөлөөний хуудасгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж, орсон гарсан цагаа бүртгүүлсэн зэрэг зөрчил гаргасан, мөн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгожээ. /1хх 4/
3.2 Нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Тус хорооны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааанаар ажиллагааг дуусгавар болсон. /1хх 12-21/ Мөн нэхэмжлэгч нь ******* дүүргийн, хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хорооны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар ажиллагааг дуусгавар болгосон. /1хх 22-25/ Улмаар нэхэмжлэгч мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
3.3 Дээрх тушаалд ...туршилтаар ажиллах хугацаандаа сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажиллавал зохих цагтаа чөлөөний хуудасгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж, орсон гарсан цагаа бүртгүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэл заасан боловч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх тайлбар гаргасан.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болно.
4.1 Ажил олгогч нь ажилтанг хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажилд авахдаа түүнтэй 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй гэж заасан.
4.2 Анхан шатны шүүх ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд туршилтын журмаар нэхэмжлэгч *******г ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж зөв дүгнэсэн. Учир нь, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар ажилтан жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална. Гэтэл ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ажлын байр нь хадгалагдаж буй ажилтан *******ын ажлын байран дээр нэхэмжлэгчийг туршилтаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт нийцээгүй байна.
4.3 Харин, анхан шатны шүүх дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн, мөн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, ажил олгогч ажлын байр нь хадгалагдаж буй ажилтны ажлын байранд бусадтай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол тухайн ажилтан буюу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтан ажилдаа орох хугацаагаар тодорхойлогдоно.
Иймд ажил олгогчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар *******гийн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.
Түүнчлэн, тушаалын ...туршилтаар ажиллаж байх хугацаандаа туршилтаар ажиллах сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй, ажиллавал зохих цагтаа чөлөөний хуудасгүйгээр ажлын байрыг орхин гарч гаднаас ирж, орсон гарсан цагаа бүртгүүлсэн зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нь уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
5.1 Талууд хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсийг 2,967,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /1хх 5, 53/ Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 144 хоногийн хугацааны олговорт (141,285.71*144) 20,345,143 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцнэ.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, *******г урьд эрхэлж байсан ажлын байр болох *******-ийн ******* удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,345,143 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ2026/00440 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан *******-ийн ******* удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,345,143 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 259,675 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
М.БАЯСГАЛАН