Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/01335

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/04876 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 39,198,519 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Эс энд Эй Трейд ХХК нь Mercedes-Benz ******* маркийн, ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ХХК-тай автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2030 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, даатгалын хураамжийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу тогтмол төлж ирсэн. Даатгалын гэрээнд бүртгэлтэй уг тээврийн хэрэгслийг манай байгууллагын ажилтан 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр жолоодож явахдаа зогсоолын хаалтыг анзааралгүй мөргөж, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Гэвч хариуцагч ******* ХХК нь түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хоёр давхар үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн нь даатгалын тохиолдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгуулагчийн үйлдэл нь санаатайгаар осол гаргах зорилгогүй бөгөөд бичлэг болон замын цагдаагийн байгууллагын баримтаар зогсоолын хаалтыг харагдах орчин хязгаарлагдмал нөхцөлд болгоомжгүй мөргөсөн болох нь тогтоогддог. Бид даатгалын гэрээний нөхцөлийн дагуу 20 хувийг хасаж тооцоод үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийн дүнгээс 33,193,600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Даатгуулагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчиж, хоёр давхар үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн болох нь тогтоогдсон. Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д даатгалын тухай хуулийн 8.5-д заасны дагуу санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж тусгасан. Нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж улмаар зогсоолын хаалтыг мөргөсөн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хүрээнд зогсоолд байрлуулах үеийн эрсдэл нь болгоомжгүй үйлдлээс үүдэж хохирол учирсан байхыг шаарддаг тул дээрх нөхцөлд хамаарахгүй. Иймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 33,193,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 323,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...даатгуулагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг зөрчиж хоёр давхар үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн болох нь бичлэг, фото зургуудаар нотлогдсон. Даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эргэх үйлдэл хийсэн нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлд, нүдэнд нь ил харагдаж байсан том төмөр хаалтыг харсаар байж хурд, зайг тохируулалгүйгээр мөргөсөн байгаа нь даатгалын тохиолдлыг санаатайгаар үүсгэсэн, санаатайгаар хохирол учруулсан гэж үзэхээр байна. Хэрэв даатгуулагч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байсан бол тухайн осол гарахгүй байсан.

Иймд, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т Даатгалын тухай хуулийн 8.5-д заасны дагуу санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн... гэж заасныг баримтлан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй.

Мөн даатгалын гэрээний 7.3-т даатгуулагч нь хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авч байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл даатгуулагч нь хууль тогтоомж буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй, төмөр хаалтыг мөргөхгүй байхаар аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй байна. Энэ нь мөн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 5.2.6-д заасан "даатгуулагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдол...-д хамаарч байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Даатгуулагч нь үргэлжилсэн цагаан шугам давж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргасныг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Харин үргэлжилсэн цагаан шугам давсан үйлдэл нь энэхүү осол, эрсдэлийн шууд шалтгаан болсон эсэх асуудал эргэлзээтэй. Учир нь, уг зөрчил нь эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, эсхүл замын хөдөлгөөнтэй холбоотой осол үүсгээгүй бөгөөд эрсдэл нь зогсоол руу нэвтрэх үед бий болсон. Хэрэгт авагдсан дүрс бичлэгүүдээс үзэхэд зогсоолоос гарах гэж байсан тээврийн хэрэгслийн жолооч нар уг хаалтыг хөдөлгөж, байршлыг нь өөрчилсний улмаас эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн. Мөн хаалт жолоочийн харааны түвшнээс доогуур байрласан байсныг харуулж байна. Түүнчлэн хаалт нь шар өнгөтэй, өдрийн гэрэлд орчны өнгөтэй уусах шинжтэй байсан бөгөөд яг өөдөөс чиглэсэн байрлалтай байсан тул жолоочийн үзэгдэх орчин тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэв уг хаалт хөндлөн байрлалтай байсан бол илүү тод харагдах боломжтой байсан. Энэхүү осол нь жолоочийн санаатай үйлдлээс бус, харин үзэгдэх орчин хязгаарлагдмал, болгоомжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн бөгөөд даатгалын гэрээний 3-т заасан биет зүйл мөргөх эрсдэлийн хүрээнд хамаарах үндэслэлтэй. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 39,198,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Mercedes benz ******* маркийн ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2030 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар даатгуулжээ. /х.х-ийн 8/

 

Зохигчийн байгуулсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар тус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх болон оролцоогүй үеийн даатгалын тохиолдол /байгалийн үзэгдэл болох хүчит салхи, цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, газар хөдлөлт гэх зэрэг, хөдөлгөөнд оролцож байх үед хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх, шүргэх, мөргүүлэх, шүргүүлэх гэх мэт/-ын улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохоор тохирсон нь Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан сайн дурын даатгалын төрөл-д хамаарахын сацуу Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заасантай нийцсэн.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан баримт болоод талуудын тайлбараар ******* ХХК-ийн ажилтан ******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зогсоол руу орох үед төмөр хаалт мөргөж, даатгалын зүйлд 41,492,000 төгрөгийн хохирол учирсан байна. /х.х-ийн 21/

 

Зохигч тээврийн хэрэгсэл зогсоолын хаалт мөргөсөн, даатгуулагч компани даатгалын хураамжийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин даатгалын тохиолдол бий болоход нэхэмжлэгчийн санаатай үйлдэл байсан эсэх, энэ нь гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарах эсэх талаар маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... үргэлжилсэн цагаан шугам давж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн боловч үүний улмаас төмөр хашлага мөргөөгүй... гэснийг хариуцагч ******* ХХК-ийн зүгээс ...даатгалын тохиолдол бий болсон орчин нөхцөлийг бүрдүүлсэн... гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

 

5. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж, 8.5.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж, 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 8.5.4-т гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн гэж, 8.5.5-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, даатгагч буюу хариуцагч ******* ХХК нь даатгуулагч ******* ХХК-нд дээрх хууль болон даатгалын гэрээнд зааснаас бусад өөр үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй.

 

6. Хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд ...миний дэлгүүрийн зогсоолын ертөнцийн зүгээр зүүн талаас цагаан өнгийн жийп машин орж ирж, зогсоолоос урд зүг рүү гарах гарц дээр очиж автомат хаалтын хажууд зогсов. Авотмашинаас нэг хүн бууж ирж автомат хаалтын хажуу талын зайг хаасан төмөр хаалтыг онгойлгоод буцаж машиндаа суугаад тухайн хаалтыг онгойлгосон зайгаар гарч байна. ...миний дэлгүүрийн урд талын зам дээр баруунаас түүн тийшээ чиглэлтэй явж байгаа хар өнгийн жийп машин зүүн гар тал руугаа эргэж дэлгүүрийн зогсоол руу орох үйлдэл хийхдээ автомат хаалтын хажуугийн зайг хаасан байсан төмөр хаалтыг онгорхой орхисон байсныг баруун талын их гэрэл хэсгээрээ мөргөж зогсов... гэжээ. /х.х-ийн 37-38/

 

Үүнээс үзвэл даатгуулагч компанийн ажилтан нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, уулын замд баруунаас зүүн тийш чиглэлд явж байхдаа үргэлжилсэн цагаан шугам буюу эсрэг урсгалын эгнээг давж дэлгүүрийн зогсоол руу орох хэсэгт буцааж байранд нь тавиагүй байсан дээрх төмөр хаалтыг мөргөсөн байна. /бичлэг үзэв/

 

6.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж тус тус заасан.

 

Энэхүү эсрэг урсгал сөрөхийг хориглосон зохицуулалтын үндсэн зорилго нь тухайн зам дээр зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх явдал бөгөөд маргаан бүхий даатгалын тохиолдлын хувьд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагдаж буй хэсэгт бус, харин үргэлжилсэн цагаан шугамыг давж, эсрэг урсгалыг өнгөрөөд Миний дэлгүүр-ийн зогсоол руу орох хэсэгт болсон байна.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилтан ******* нь эсрэг урсгал сөрөхийг хориглосон үйлдэл хийснээр шууд төмөр хаалт мөргөөгүй байх тул даатгалын орчин нөхцөлийг санаатайгаар бий болгосон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ...эсрэг урсгал сөрөхийг хориглосон үйлдлийг зөрчсөн болон тээврийн хэрэгсэл төмөр хаалт мөргөсөн үйлдэл нь хоорондоо шууд шалтгаант холбоогүй... гэх тайлбар үндэслэлтэй.

 

6.2. Түүнчлэн уг даатгалын тохиолдол бий болох үед зогсоолын төмөр хаалт хөндлөнгөөрөө биш жолоочийн харагдах орчинд параллель байрлалтай байсан, мөн нэхэмжлэгчийн ...урьд өмнө ийм төмөр хаалт байдаггүй байсан, зогсоолын төмөр хаалт яг өөдөөс чиглэсэн байрлалтай байсан тул жолоочийн үзэгдэх орчин тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан... гэх тайлбараас тус тус үзвэл нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилтан *******гийн болгоомжгүй үйлдлийн улмаас даатгалын тохиолдол бий болжээ.

 

6.3. Зохигчийн байгуулсан даатгалын гэрээний баталгааны даатгалын эрсдэлийн 3-т Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл /...биет зүйл мөргөх.../-ыг 100 хувь хамаарахаар тохирсон бөгөөд хэрэв даатгуулагч буруутай тохиолдолд 20 хувийг хариуцахаар тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн санаатай үйлдлээс бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас даатгалын тохиолдол бий болсон бол тэрээр учирсан хохирлын 20 хувийг хариуцна.

 

Хэргийн баримтаар хэдийгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилтан нь эсрэг урсгал сөрөхийг хориглосон үйлдэл хийснээр төмөр хаалтыг мөргөөгүй боловч Миний дэлгүүр-ийн тухайн хэсэг рүү зүүнээс баруун тийш чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой байсныг анхаараагүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол 41,492,000 төгрөгөөс өөрийн хариуцах хэсэг 20 хувь болох 8,298,400 төгрөгийг хасаж, үлдэх 33,193,600 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/04876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР