Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/01336

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01509 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******эд холбогдох,

 

30,181,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2022 оны 2 дугаар сард *******этэй танилцаж, үерхэж эхэлсэн. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид ямар ч сэтгэлгүй, ашиглах зорилгоор үерхэж байсан болох нь тодорхой болж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн муу чанарыг таниад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн харилцаагаа тасалсан ба тэрээр түүнд хайртай байсан учир 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл хариуцагчийн Хаан банк дахь дансанд нийт 33,895,770 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн хүсэлтээр хоолны мөнгө, хувцасны мөнгө, эм авах мөнгө гэх мэтээр шилжүүлдэг байсан. Хоол хүнсний мөнгөн болох 33 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 725,870 төгрөг, хариуцагчийн буцаан шилжүүлсэн 2,988,170 төгрөгийг хасаж, нийт 30,181,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Гэхдээ 2022 онд шилжүүлж байсан мөнгийг бус 2023 онд 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нийт 23,184,820 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчээс сургалтын төлбөр гэж 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1,800,000 төгрөгийг тус тус авсан уг мөнгийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1,350,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь тайлбартаа н.*******, н.*******гаас хүүтэй зээл авсан гэдэг. Зарцуулалтын тайлангийн дансны хуулгыг үзэхэд хэрэглээ буюу такси, дэлгүүр, бензин зэрэгт зарцуулагдаад дууссан. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1,600,000 төгрөг авсан боловч буцаад нэхэмжлэгчийн данс руу 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн 200,000 төгрөг, 250,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар бусдаас зээл авдаг байсан. Энэ бүхнийг н.*******гаас зээл авсан гэж хэлж байгаа нь нэг талыг барьж хариуцагчийг буруутгаад байна. Ийм дүнгээр 1,300,000 төгрөг зарцуулагдсан байна. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөгийг сургалтын төлбөр гэж хэлж авсан ба үүнээс 1,000,000 төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулж, үлдэгдэл 115,000 төгрөгийг хамтын хэрэглээнд зориулсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,080,000 төгрөг авсан бөгөөд үүнийг сургалтын төлбөр хичээлд суулгахгүй байна гэсэн байдлаар хэлээд байдаг. Үүнээс 900,000 төгрөгийг зээлд өгч, үлдэгдэл 108,000 төгрөг нь хамт кино үзэх зэрэг хэрэглээний зүйлсэд зарцуулагдсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1,020,000 төгрөг нь ороод буцаад гарсан. Хариуцагч нь өөрөө хэрэглээгүй, ямар шалтгаантай байсан бэ гэхээр нэхэмжлэгчтэй хосын харилцаатай байх үедээ эмээгээс нь хамтарч мөнгө авч байсан. Тэр мөнгийг хариуцагчийн данснаас авсан учир хариуцагч руу шилжүүлсэн. Хариуцагч нь буцаад эмээгийнхээ данс руу шилжүүлсэн нь нотлогддог. Хосууд найзуудаасаа мөнгө зээлдэг байсан. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийн гүйлгээ байгаа. Уг мөнгийг хариуцагч нь төлөхөд татгалзах зүйлгүй.

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 800,000 төгрөгийг жолооны курс гэх мөнгөнөөс 540,000 төгрөгийг хариуцагч нь жолооны курст зарцуулсан. Үлдэгдэл 160,000 төгрөгийг хамт үрсэн. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 760,000 төгрөг юунд зарцуулагдсан бэ гэдэг талаар тайлбар хэлэхэд хосын харилцаатай байсан цаг хугацаа нь таарч байгаа, хосууд хамтдаа өмд, цамц, пүүз зэргийг хослуулж авахад зориулсан. Давхар бензин, CU зэрэгт зарцуулаад дууссан.

Нэхэмжлэгч нь өөрийн саналаар хосын харилцаатай байх үедээ шилжүүлж байсан мөнгө. Хариуцагч тал ямар нэгэн байдлаар надад өгөхгүй бол би чамаас сална гэдэг байдлаар ярьж байгаагүй. Хэрэв байгаа бол баримтаа нэхэмжлэгч тал гаргах нь зүйтэй байх гэж үзэж байна. Сургалтын төлбөр 2,000,000 төгрөг, 1,800,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1,  492 дугаар зүйлийн 492.1.1  дэх хэсэгт заасны дагуу *******ээс 8,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бат-Үйлсэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,834,820 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 148,550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8,350,000 төгрөгийн хэсгийн хангаж шийдвэрлэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн мөргөө 14,834,820 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 23,184,820 төгрөгийг хүлээж авсан эсэх талаар маргадаггүй, энэ мөнгийг буцаад шилжүүлэх ёсгүй гэдгийг баримтаар нотолдоггүй болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3.2 дахь хэсэгт Нөгөө талаар нэхэмжлэгч нь үлдэх төлбөрийг буцааж өгөх үүрэгтэй, гэр бүлийн харилцаа үүсээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбарыг гаргадаг хэдий ч нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг дагуу шилжүүлсэн, хариуцагчаас тухайн мөнгөн хөрөнгийг шаардсан агуулга бүхий үйл баримт нотлогдоогүй тул шүүхээс мөнгөн шилжүүлгийн утга болон хамтын амьдралтай, хосын харилцаатай байсныг харгалзан нэг галын буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоор хариуцагчид уг мөнгөн хөрөнгийг бэлэглэсэн гэж үзэв, 3.4 дэх хэсэгт Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох, холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлэх нь нэхэмжлэгч талын үүрэг болно. гэж тус тус дүгнэсэн байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг нэг бол бэлэглэлийн гэрээ гэж үзээд, нэг бол үүргийн бус харилцаа гэж үзэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан 30,181,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 6,996,910 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.

 

2.1. Нэхэмжлэгч нь ...өөрсдийн харилцааг хууль ёсны буюу цаашид гэр бүл болно гэж төсөөлж байсан учир мөнгө төгрөг өгч байсан боловч хариуцагч нь надад ямар ч хайр сэтгэлгүй, зөвхөн ашиглах зорилгоор үерхэж байсан. Иймд, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 2023 оноос хойш 500,000 төгрөгөөс дээш дүнтэй түүнд зориулан шилжүүлсэн эдгээр мөнгийг өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулсан болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул буцаан гаргуулна... гэсэн бол,

 

2.2. Хариуцагч нь ...нэхэмжлэгч тал өөрөө сайн дураараа надад мөнгө шилжүүлдэг байсан, мөн тухайн мөнгийг хамтдаа зарцуулсан, сургалтын төлбөр 2,000,000 төгрөг, 1,800,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь Хаан банк ХК дахь өөрийн ******* тоот данснаас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хариуцагч *******ийн ******* тоот данс руу нийт 33,895,770 төгрөгийг шилжүүлж, /1.х.х-ийн 14-88/

3.2. Үүнээс хариуцагч *******э нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 2,988,170 төгрөгийг нэхэмжлэгч *******эд буцаан өгсөн байна. /2.х.х-ийн 3-54/

 

Зохигч 2022 оны 02 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үерхэж байсан /дотно харилцаатай/ талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хариуцагч *******эд 2023 онд 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй шилжүүлсэн 23,184,820 төгрөгийг хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шаардаж байна... гэсэн.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн зүгээс 500,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гүйлгээг үерхэж байх хугацаанд хариуцагчид өгсөн бэлэг болон талуудын хамтын хэрэгцээнд зарцуулсан гэж үзэхээр байна.

 

5. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 - 2023 онд 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээгээр 24,320,000 төгрөг шилжүүлснээс 2023 онд хамаарах гүйлгээний дүн 16,810,000 төгрөг бөгөөд хариуцагчийг ийм хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг тогтоох шаардлагатай.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 33,895,770 төгрөг шилжүүлснээс хариуцагч нь буцааж нэхэмжлэгчид 2,988,170 төгрөг өгсөн ба үлдэгдэл 30,181,730 төгрөгөөс нэхэмжлэгч нь 2022 онд хамаарах 10,710,950 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 23,184,820 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэвч нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 онд шилжүүлсэн 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний нийт дүн 16,810,000 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн 2023-2024 онд буцаан төлсөн 1,300,000 төгрөгийг хасвал 15,510,000 төгрөг болж байна.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******э нарын хооронд үүрэг үүсээгүй, аль эсхүл үүрэг үүссэн хэдий ч хожим хүчингүй, эсхүл дуусгавар болсон бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагчид үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй тохиолдолд нэхэмжлэгч нь түүнээс буцаан шаардаж болно.

 

6.1. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ хайр нь, эмээд өгөх, хайр нь эмнэлэгт үзүүлээрэй, nuka, хайр нь үнсье гэх зэрэг утгаар шилжүүлж байжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг олон удаагийн гүйлгээгээр шилжүүлэхдээ талуудын хооронд хайр сэтгэл, дотно харилцаатай байх хугацаанд шилжүүлсэн байх тул анхнаасаа үүнийг өгөх хүсэл зориг байгаагүй /андуурсан, гэрээ хүчингүй байсан, хожим хүчингүй болсон/ гэж үзэх боломжгүй юм.

6.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т Дараахь тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гээд 492.4.1-д анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд анхнаасаа биелэх боломжгүй гэдгийг мэдсээр байж хөрөнгө шилжүүлсэн, хожим нөгөө этгээд түүний хүсэл зоригт нийцээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдэг үндэслэлээр хөрөнгийг буцаан нэхэмжлэх эрхгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг гэрлэлт гэнэ.

 

Зохигчийн хооронд үүссэн харилцаа /хайр сэтгэл, дотно харилцаа/ нь хуулиар зохицуулагдах харилцаа гэхээс илүүтэй талуудын харилцан итгэл үнэмшил, ёс зүй, зан харилцаагаар зохицуулагдах тул тийнхүү хариуцагч *******э нь нэхэмжлэгч *******тэй гэр бүл болоогүй нь нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэлд тооцогдохгүй, мөн үерхэх, улмаар гэр бүл болохоор амлах нь гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүрэг биш учир хариуцагчийг гэрээ зөрчсөн үзэхгүй.

 

6.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаан бүхий мөнгийг буцаан шаардаж болно.

 

Гэвч хэргийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд дээрх мөнгөн хөрөнгийг тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн гэх, хариуцагч нь тухайн тохиролцоог зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд, нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр маргаан бүхий мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, зохигч хамтран зарцуулж байсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг надтай цаашид үерхсэнгүй, гэр бүл болсонгүй гэдэг үндэслэлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-д заасан зохицуулалтад хамаарч байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******ээс 8,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

7. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжилсэн бөгөөд үүнээс дооших үнийн дүнтэй гүйлгээг нэхэмжлээгүй учир шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлах шаардлагагүйг үүгээр залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...276 дугаар зүйлийн 276.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

  Б.МАНДАЛБАЯР