| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1706 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ
шүүгдэгч: Э.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Э С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906030172246 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э С, 19 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 65 дугаар гудамжны 939 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, уг хорих ялыг 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж байсан, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууүлийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, уг баривчлах ялыг 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эдлэж дууссан, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 07 сарын хугацаагаар тогтоосон, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, үлдэх хорих ялыг хорих 435 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдаж байсан, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Э.С нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 3-49 тоотод оршин суух иргэн М.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч богино долгионы зуух, жаазтай зураг, модон ширээ, Алтан түрүү нэртэй 0,5 граммын архи нэг ширхэгийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хохирогч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 3-47 тоотод амьдарч байгаад 2019 оны 4 дүгээр сараас хойш энэ хашаа байшиндаа амьдрахгүй 16 дугаар хороололд амьдарч байгаа юм. Ер нь байшингаа байн байн эргэж тойрч байгаа. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагаас Батдорж гэж байцаагч залгаад танай гэрт хулгай орсон байна хүмүүсийг нь барьсан байна гэж хэлсэн. Тэгээд байшин дээрээ хүрээд ир гэхээр нь би очсон чинь хойд цонхоор орсон байдалтай салхивч нь онгойсон байсан. Манай гэрт байсан Алтантүрүү гэдэг архи алга байсан мөн коридорт байсан пейч, унадаг дугуй, өлгөөтэй байсан жааз зэрэг эд зүйлийг хөдөлгөсөн байсан гэжээ. /хх-н 15-21/
Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр болох Э.С нь 1994 оны 1 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүүхэд доороо 2 дүүтэй. 4 дүгээр анги төгссөн бага боловсролтой юм. Бид хоёр 2015 онд танилцаад хамт амьдрах болсон. Одоо 2 хүүхэдтэй. Тухайн үед бид хоёр манай эцэг эхтэй хамт байсан ба жоохон маргаантай байсан юм. Тухайн үед би уурлаад гэрт битгий ир гэж хэлсэн. Гэтэл ийм асуудал хийсэн байсан. Манай нөхөр бол хамт олондоо нэр хүндтэй, гэр бүлдээ халамжтай, ажил ерөөсөө голдоггүй юм гэжээ. / хх-н 28-29
Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх зүс мэдэх айлын байшин эзгүй гэдгийг мэдсэн болохоор согтуудаа орсон. Би хашааны банзыг нь түлхээд улмаар дотогш ороод өвлийн байшингийн арын вакум жижиг цонхыг нь түлхэж дотогш орж хоносон. Тэнд орж хонохдоо Алтантүрүү архи байхаар нь уусан. Тэгээд дээрх байшинд 6 хоног хоносон. Тэндээс гараад Да хүрээ зах орж хүний машины эд зүйлийг янзалж өгөөд 20.000 төгрөг аваад уг мөнгөөрөө архи авч найз Э хамт нөгөө айлдаа буцаж ирсэн. Тэндээ архиа уучихаад буцаад байшингийн цонхоор гарч байхдаа цагдаад баригдсан. Би дээрх байшингийн эзнийг зүс танина. Би уг айлд хонож байхдаа нэг шил архи л авч уусан. Өөр зүйл аваагүй гэжээ. /хх-ийн 24/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-14/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/
Тод үнэлгээ ХХК-ны эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-н 31/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 32-33/
Э.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47 /, оршин суудаг газрын тодорхойлолт /хх-н 46/ шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 52-76/
Э.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 36/, прокурорын тогтоол /хх-н 37-38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/
Э.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34-35/ зэрэг болно.
Э.С нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 3-49 тоотод оршин суух иргэн М.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч богино долгионы зуух, жаазтай зураг, модон ширээ, Алтан түрүү нэртэй 0,5 граммын архи нэг ширхэгийг хулгайлан авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн цагдаагаас Батдорж гэж байцаагч залгаад танай гэрт хулгай орсон байна хүмүүсийг нь барьсан байна гэж хэлсэн. Тэгээд байшин дээрээ хүрээд ир гэхээр нь би очсон чинь хойд цонхоор орсон байдалтай салхивч нь онгойсон байсан. Манай гэрт байсан Алтантүрүү гэдэг архи алга байсан мөн коридорт байсан пейч, унадаг дугуй, өлгөөтэй байсан жааз зэрэг эд зүйлийг хөдөлгөсөн байсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би хашааны банзыг нь түлхээд улмаар дотогш ороод өвлийн байшингийн арын вакум жижиг цонхыг нь түлхэж дотогш орж хоносон. Тэнд орж хонохдоо Алтантүрүү архи байхаар нь уусан. Тэгээд дээрх байшинд 6 хоног хоносон. Би уг айлд хонож байхдаа нэг шил архи л авч уусан. Өөр зүйл аваагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв
Э.С нь өөрийн эхнэртэй маргалдаад гэрээсээ гарч явахдаа өөрийн зүс таних айлын хашааны банзыг эвдэн цонхоор нь орж нэг шил архийг ууж, үлдэх эд зүйлийг авч явахаар бэлдэж хулгайлахыг завдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Э.С дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд Э.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль авсан хулгайлан авахыг завдсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул Э.С бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас Э.С нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх Э.С ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.С 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Э.С оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Э.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Саранбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Э.С гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН