| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2026/01175/И |
| Дугаар | 210/МА2026/01360 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2026/01360
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05007 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
156,126,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-тай 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ******* барилгын В1 давхар, В1-01 тоотод байрлах 308.2 м.кв талбайг 1 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээсийн төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон.
Гэрээний тусгай нөхцөлийн 5.1.1-д 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 308.2 м.кв талбайн сарын төлбөрт хөнгөлөлт үзүүлж, нэг сарын төлбөр нь 9,000,000 төгрөг (НӨАТ ороогүй), 5.1.2-т 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлөлт үзүүлж нэг сарын төлбөр нь 19,416,600 төгрөг (НӨАТ ороогүй) гэж заасан.
Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэлгүй өдийг хүрч байгаа ба түрээсийн гэрээний хугацаанд цахилгааны болон галын аюулгүй байдал алдаж тос шарагч төхөөрөмжид цахилгааны масс үүсэж оч үсэрснээс үүдэн гал гарсан зөрчил гаргасан.
Ийнхүү *******-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгө болон түрээслэгч байгууллагуудын эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл бүхий, ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой зөрчил гаргасан тул 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдлээр гэрээний 6-т заасны дагуу түрээсийн гэрээг цуцалж, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгохыг мэдэгдсэн. Гэтэл ******* нь гэрээ дуусгавар болсноос хойш түрээсийн талбайг суллаагүй, актаар хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрээд байна.
Иймд гэрээний 2.1.1, Тусгай нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу төлөх 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,903,114.07 төгрөг, гэрээний 10.3.1-д заасны дагуу төлөх алданги 29,559,436.8 төгрөг, гэрээний 2.1.3-т заасны дагуу төлөх 2025 оны 06 дугаар сарын түрээсийн талбайн ашиглалтын төлбөр 1,353,739 төгрөг, түрээсийн гэрээний 8.6-д заасны дагуу төлөх 2025 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарах түрээсийн төлбөр буюу олох байсан орлогыг хохиролд тооцож 106,791,300 төгрөг, нийт 156,126,876 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******-тай 2017 оноос хойш түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өмнөх гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссантай холбоотойгоор гэрээгээ шинэчлэн байгуулсан. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал н.******* гэх хүнтэй уулзаж ярилцаад 2024 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 9 сая төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг 14,731,960 төгрөг байхаар тохиролцсон. Мөн албан тоотоор үнийн санал ирсэн.
Гэрээний хугацаа, үнэд өөрчлөлт орсон болохоор үнийн саналыг 2025 оны 01 дүгээр сараас хойш 14 сая төгрөгөөр гэж ярилцсан яриа хэвээр гэж ойлгоод гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сараас нэхэмжлэх ирэхэд гэрээнд түрээсийн төлбөрийг 19 сая төгрөгөөр бичигдсэн байгааг мэдсэн. Энэ төлбөрийг хүлээн зөвшөөрч чадахгүй гээд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс гарна гэдэг байдлаар хариу илгээж байсан.
Мөн түрээсийн төлбөрийг 16 сая төгрөгөөр тооцож өгөөч гэх албан бичиг илгээсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс үнийн саналыг хүлээн зөвшөөрөөд албан тоот ирүүлсэн байгаа. Үүнтэй холбоотой бидний зүгээс 05 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр тооцоогоо бүгдийг нь төлсөн байгаа. Нэхэмжлэгчийн өгсөн баримтаас харахад нийт 90-ээд сая төгрөг төлчихсөн.
Нэхэмжлэгчээс шалтгаалж талбайг хүлээлгэж өгөх боломжгүй болсон. Иймд манай зүгээс 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн.
Хохирол гэх агуулгаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд гэрээний 8.1.6-д зааснаар түрээсийн төлбөр төлнө гэдэг агуулга байгаа болохоос хохирол гэж агуулга байхгүй. Мөн хохирлыг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 19,256,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 136,870,023 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч *******-иас 254,234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 29,559,436.8 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6, Түрээсийн гэрээний 10.3.1-т заасны дагуу алданги гаргуулахаар зохих тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн.
Ийнхүү хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёcoop гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээнд заасан хэмжээгээр алданги гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг гэрээний үүргийн зөрчил гэж үзэхгүй мэтээр дүгнэн, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.
4.2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар хариуцагчаас түрээсийн талбайг 2025 оны 06 сард хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт байхгүй. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь түрээсийн талбайд буй эд хөрөнгүүдээ нүүлгээгүй, засвар хийгээгүй, хүлээлгэн өгөөгүй тул цаашид гуравдагч этгээдэд түрээслүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна.
*******-ийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, "*******" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх түрээсийн талбайн бодит фото зураг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.
******* нь гэрээ дуусгавар болсонтой холбоотой Түрээсийн гэрээний 8.2, 8.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн талбайг өөрийн зардлаар анх хүлээн авснаас дордуулаагүй байдалд оруулан, засварлаж түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй тул түрээсийн гэрээний 8.6, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, *******" ХХК нь өөрийн өмчлөлийн талбайг түрээслүүлэн түүнээс орлого олох эрхтэй этгээдийн хувьд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 06 дугаар сараас 10 дугаар сарыг дуусталх хугацаанд түрээслүүлэн олох байсан орлогоо түрээсийн гэрээнд заасан хэмжээгээр тооцон шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 155,607,589.87 төгрөг гаргуулж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Төлбөр төлөлтийн асуудлыг хойшлуулсан шалтгаан нь түрээсийн гэрээний төлбөртэй холбоотой маргаан үүссэн учраас төлбөр төлөлт тодорхой хугацаагаар хойшилсон. 2025 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан боловч 04 дүгээр сарын 22-ны өдөр *******-аас танай түрээсийн төлбөр гэрээнд зааснаас дутуу байна гэдэг агуулгатай албан тоот ирүүлсэн ба манай байгууллагын зүгээс гэрээнд ийм хэмжээний төлбөрийг төлнө гэж тохиролцоогүй гэж харилцан маргаан үүссэн учраас төлбөрийг төлөхгүй удаасан.
2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талаас ирүүлсэн албан тоотод талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаж байна, гэрээг сунгах талаар үнийн саналыг хараад шийдвэрээ гаргана уу гэж бичсэн байсан. Уг албан бичгээс харвал гэрээ 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаагүй, хожим нөхөж 09 дүгээр сарын 30-ны өдрөөр байгуулсан байдаг. Үнийн дүнг 2024 оны 09, 10, 11, 12 дугаар сарын төлбөрийг 9,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл 14,731,960 төгрөг-өөр тооцохоор санал болгосон.
Анхан шатны шүүхээс дээрх албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримт нь тамга, тэмдэггүй байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Гэтэл энэ албан бичгийг нэхэмжлэгч талаас хавсарган ирүүлсэн бөгөөд манай байгууллагаас тамга, тэмдэг дарах боломжгүй.
Манай байгууллагын зүгээс 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл төлбөрийг 9,000,000 төгрөгөөр, нийт 27,000,000 төгрөгийг цаг хугацаанд нь төлж байсан. 01 дүгээр сарын 18-ны өдөр 14,731,960 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд төлбөртэй холбоотой маргаан үүссэн байсан учраас алданги тооцох нь үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгч талаас зөвшөөрөл олготол тухайн талбайгаас өөрсдийн эд хөрөнгийг авах боломжгүй байсан. *******-аас 06 дугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөл олгосон мэдэгдлийг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дурдсанчлан зарим эд хогшил үлдсэн бөгөөд уг эд хогшлыг та нар төлбөрийн тооцоотой, төлбөрөө бүрэн дөлж дууссаны дараагаар үлдэгдэл эд хогшлыг аваарай гэж хэлсэн. Үлдэгдэл эд хогшлыг бүрэн хүлээн авсны дараагаар засвар үйлчилгээг хийж, талбайг хүлээлгэж өгөх боломжтой. Иймээс хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн төлбөрийн асуудал дээр маргаантай байтал, түрээсийн үнийн дүнгээр хохирлыг тооцож гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөгийн хохирол учирсан болон хохирлыг тогтоосон акт хэрэгт авагдаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 17,903,114 төгрөг, алданги 29,559,437 төгрөг, ашиглалтын зардал 1,353,739 төгрөг, хохирол 106,791,300 төгрөг, нийт 156,126,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, түрээсийн талбайг хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн ******* барилгын В1 давхарт В1-01 тоотод байрших 308.2 м.кв үйлчилгээний талбайг 1 жилийн хугацаатай, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 9,000,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сарын 19,416,600 төгрөгийн төлбөртэй *******-д түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.
3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр хариуцагчийн гаргасан үүргийн зөрчилтэй холбоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гэрээ цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн авчээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөхгүй орхигдуулсныг үүгээр залруулав.
3.2. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг сарын 14,731,960 төгрөгөөр тохиролцсон гэж маргасан боловч энэхүү үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтэд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.
Иймд түрээсийн гэрээнд заасан төлбөрийн хэмжээг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөх түрээсийн төлбөрийг 108,410,795 төгрөгөөр тогтоож, үүнээс хариуцагчийн төлсөн 90,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд үлдэгдэл төлбөр 17,903,114 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Мөн гэрээний 2.1.3-т зааснаар ашиглалтын зардалд 1,353,739 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир энэ шийдэл хэвээр үлдэнэ.
4. Гэрээний 10.3.1-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
Гэрээний хэрэгжилтийн явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр, тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, зарим төлбөрийг хугацаа хожимдуулан төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээний тусгай нөхцөлийн 5.1.3-т заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэнэ.
4.1. Хариуцагч нь түрээсийн төлбөрийн хэмжээг гэрээнд зааснаас өөрөөр ойлгож байсан, мөн талуудын хооронд түрээсийн төлбөрийн хэмжээтэй холбоотой маргаан үүссэн гэх нөхцөл байдал нь алданги төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, талууд түрээсийн гэрээгээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын түрээсийн төлбөрийг 19,416,600 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон, уг нөхцөлд өөрчлөлт орсон болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтэд хариуцагч гомдол гаргаагүй.
Иймд хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр бөгөөд биелэгдэх ёстой нөхцөлийг үндэслэн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр төлөх үүрэгтэй байсан ч төлбөрийг дутуу төлж, зарим төлбөрийг хугацаа хожимдуулан төлөх зэргээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймээс хариуцагчийн гаргасан үүргийн зөрчил тогтоогдсон байхад зөвхөн талуудын хооронд түрээсийн төлбөрийн талаар маргаан байсан гэх үндэслэлээр алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
4.2. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төлбөр төлсөн, алданги тооцсон тооцоололд хариуцагч нь мэтгэлцээний тодорхой байр суурь илэрхийлээгүй.
Иймд алдангид 29,559,436 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
Үүнд хамаарах гомдлыг хангаж, тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
5. Түрээсийн төлбөрийн хэмжээгээр олох байсан орлогыг 2025 оны 10 сар хүртэл хугацаагаар тооцож, хохиролд 106,791,300 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
5.1. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү зохицуулалт нь хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөлд хэрэгжинэ.
Гэтэл талуудын тайлбараар хариуцагч нь 2025 оны 06 дугаар сараас эхлэн маргаан бүхий талбайд үйл ажиллагаа явуулаагүй, талбайг ашиглахаа больсон үйл баримт тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, хариуцагч талбайг үргэлжлүүлэн эзэмшиж, ашигласны улмаас нэхэмжлэгч уг эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх, захиран зарцуулах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
5.2. Хэдийгээр хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, талуудын тайлбараар хариуцагч нь гэрээний 8 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх боловч энэ нөхцөл байдал дангаараа Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасан хөлсний хэмжээгээр хохирол шаардах эрхийг нэхэмжлэгчид үүсгэхгүй.
Учир нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дахь хэсэгт заасан зохицуулалтын зорилго нь хөлслөгч эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгч тухайн эд хөрөнгөө захиран зарцуулах, бусдад ашиглуулах боломжгүй болсон хугацаанд учирсан алдагдлыг нөхөн төлүүлэхэд оршино.
Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтыг хэрэглэхийн тулд хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж байсан, эсхүл хөлслүүлэгч эд хөрөнгөө бодитоор буцаан авч ашиглах боломжгүй болсон байх нөхцөл тогтоогдсон байх шаардлагатай.
Гэтэл хариуцагч нь 2025 оны 06 дугаар сараас эхлэн түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, тухайн талбайг ашиглахаа зогсоосон үйл баримт тогтоогдсон билээ.
Иймд талбайг гэрээнд заасан шаардлагын дагуу бүрэн хүлээлгэн өгөөгүй гэх зөрчил нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдож болох боловч уг зөрчлийн улмаас нэхэмжлэгч талбайгаа ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон, түүнээс шалтгаалан түрээсийн төлбөрийн хэмжээгээр орлого алдагдсан болох нь тогтоогдохгүй байна.
5.3. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зайлшгүй орох байсан орлого буюу 106,791,300 төгрөгийн хохирол учирсан болохоо нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
5.4. Иймд түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож гаргуулахаар шаардсан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 19,256,853 гэснийг 48,816,289 гэж, 136,870,023 төгрөгт холбогдох гэснийг 107,310,587 төгрөг гаргуулах гэж,
2 дахь заалтад 254,234 гэснийг 402,031 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,704 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Т.БАДРАХ