| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 174/2017/0047/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2017-06-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Амарсайхан |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 03
М.Гантулга, Б.Бямбаа нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Ж.Долгормаа, нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Прокурор Г.Амарсайхан оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, улсын яллагч Г.Амарсайханы эсэргүүцлээр М.Гантулга, Б.Бямбаа нарт холбогдох эрүүгийн 201717000043 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Уулбаян сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Хорол овгийн Магванжавын Гантулга. /РД: ЛК74062811/
1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Уулбаян сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Зээрднүүд овгийн Бажуудайн Бямбаа. /РД: ЛК77121017/
Шүүгдэгч М.Гантулга Б.Бямбаа нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 01 дүгээр сард Уулбаян сумын нутаг дэвсгэрээс иргэн Х.Моломжамцын 6 тооны адууг бэлчээрт байхад нь хулгайлан авч 8.900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Гантулгын нэр хөрөнгөнөөс 100.000 төгрөг хурааж, 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Бямбаагийн нэр хөрөнгөнөөс 100.000 төгрөг хурааж, 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан М.Гантулга, Б.Бямбаа нарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлйин 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Бямбаагийн эзэмшлийн Dayun маркийн 15-99 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, ялтан М.Гантулга, Б.Бямбаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны тогтоолын ялтан Б.Бямбаагийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 4/6 метрийн харьцаатай модон байшинг битүүмжилсэн битүүмжлэлийг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор ялтан М.Гантулгын эзэмшлийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны адууг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор бүтүүмжилсэн Б.Бямбаагийн эзэмшлийн Dayun маркийн 15-99 ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан М.Гантулга, Б.Бямбаа нарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт мэдэгдэж шийдвэрлэжээ.
Улсын яллагч Г.Амарсайхан эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт мэдэгдсүгэй гэж хэрэгт хамааралгүй иргэний нэрийг дурдсан нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсгийн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
М.Гантулга, Б.Бямбаа нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 01 дүгээр сард Уулбаян сумын нутаг дэвсгэрээс иргэн Х.Моломжамцын 6 адууг бэлчээрээс нь хулгайлж 8900000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Моломжамцын “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны үед Уулбаян сумын нутаг Хэмхрүү гэх газраас хар азарга, хонгор гүү, халтар гүү, хээр гүү, зэгэл даага, хээр даага нийт 6 адуугаа бэлчээрээс нь алдсан” гэх /хх-18/, гэрч Т.Гантөмөрийн “...Хониндоо явчихаад ирэхэд гэрийн зүүн жалганд М.Гантулга, Э.Нацагдорж нар хар зүсмийн азарга, хонгор гүү хоёрыг унагачихаад нядалж байсан. Дараа нь хээр гүү, хонгор гүү хоёрыг нядлана гээд тушсан байсан. Энэ ямар учиртай юм бэ? гэсэн чинь танай хүргэн Гантөмөртай наймаа хийсэн гэж байсан” гэх /хх-28-29/, гэрч Б.Гөлөгсайханы “... 2017 оны 01 дүгээр сард надад 2 удаагийн үйлдлээр 3 адуу авчирч өгсөн. Өөрийнхөө адуунаас өгч байгаа гэж хэлж байсан” /хх-31/, гэх мэдүүлгүүд Уулбаян сумын төвөөс зүүн тийш 4 км газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх бөгөөд хэрэгт мөрдөн байцаалт явуулах болон хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүх шүүгдэгч М.Гантулга, Б.Бямбаа нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Dayun” маркийн 15-99 ХЭЗ маркийн мотоциклийн хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын 8 дахь заалтад ялтануудын нэрсийг О.Арсланбаатар, Ц.Энхбаатар гэж ташаарч бичсэнийг зөвтгөн тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 8 дахь заалтын “О.Арсланбаатар, Ц.Энхбаатар нарт” гэснийг “М.Гантулга, Б.Бямбаа нарт” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Ж.ДОЛГОРМАА