| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0196/Э |
| Дугаар | 2025/ХШТ/40 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ХШТ/40
Х.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Х.Б-д холбогдох 2438000000105 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд 2023 оны 05 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ... овогтой Х-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн прокурорын газраас Х.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж,
шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасаж нийт эдлэх ялыг 1,285,000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Б.Э-ын гаргасан нэхэмжлэлээс 680,468 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-аас 7,253,600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгуулах, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан 2,221,476 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 407,000 төгрөгийн хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “1.Шүүгдэгч ... овгийн Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар талд “...Б.Э-ын биед үүссэн зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Э-ын гэмт хэргийн улмаас сэтгэл түгшлийн байдал, ах дүү нартайгаа харилцаа холбоогүй болсон байдал... шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Э-д олгох нь зүйтэй...” гэж дүгнэн, хохирогч Б.Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 6,600,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ийн 1.3-т гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна гэж заасан. Мөн аргачлалын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тухайн гэмт хэргийн хохирогчид сэтгэцийн ямар эмгэг учирсан болохыг тогтоосон тодорхой баримтгүйгээр, мөн аргачлалын 3.1.1-д зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох зарчим, 3.1.3-т заасан хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх гэсэн зарчмыг баримталж, нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэнгүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/398 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ДШМ/03 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь таарамжгүй харилцааны улмаас Б.Э-ын зүүн хөлөн тус газарт өшиглөж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 6,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэргийн 194 дүгээр талд авагдсан “...зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” гэсэн шинжилгээ хийсэн талаарх агуулга, баримтгүй, тогтоогдсон нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй баримтыг үндэслэн шийдвэрлэснийг шинжилгээний дүгнэлттэй адилтган үзэх боломжгүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын 2.7-д зааснаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн хүснэгт”-ээр тогтоож болохоор заасан ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах ёстой бөгөөд уг хуульд зааснаар мөрдөгч нь тусгай мэдлэг эзэмшсэн байх шаардлага бий.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “шинжээч гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг хэлнэ” гэж заасан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д сэтгэцэд учирсан хор уршгийг тогтооход сэтгэцийн шинжилгээ хийхээр, 40 дүгээр зүйлийн 40.1-д шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар тус тус хуульчилсан байна.
Иймд хохирогчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзвэл үүнтэй холбоотой шийтгэх тогтоол, магадлалын заалтыг хүчингүй болгож, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх боломжтой бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Прокуророос Х.Б-ыг 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэр ... гэх газарт иргэн Б.Э-тай маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт нь өшиглөж биед нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтай 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Э-ын биед зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан (хавтаст хэргийн 39 дэх тал) болохыг тогтоож, улмаар нэмэлт шинжилгээ хийсэн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтдээ хохирогч Б.Э-ын биед үүссэн зүүн шилбэний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл тул хүндэвтэр зэрэгт хамаарна (хавтаст хэргийн 45 дахь тал) хэмээн дүгнэсэн байна.
3.Анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хохирогч Б.Э-ын биед учирсан гэмтлийн талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Сэвжидмаа, Ч.Эрдэмболор, Б.Сэргэлэн нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 907 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Э-ын биед учирсан шарх нь хохирогчийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь эмчилгээний зорилгоор хийгдсэн мэс ажилбарын шарх тул түүний биед учирсан зүүн шилбэний цус хуралтыг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэж үзэхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна (хавтаст хэргийн 191 дэх тал) хэмээн дүгнэжээ.
Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн гаргасан 907 дугаартай дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Х.Б-ын төрсөн эгч Б.Э-ын хөл рүү өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарахаар тайлбарласан болно.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгоно.
Хэдийгээр хохирогч Б.Э, шүүгдэгч Х.Б нар нь төрсөн эгч, дүү боловч нэг гэрт хамт амьдардаггүй, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул шүүгдэгч Х.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.
5.Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 6,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан билээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүйгээс гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг), ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэжээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ ... Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан.
Шинжилгээний байгууллага нь практикт түгээмэл үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан 5 төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний үр дүнд сэтгэцийн хор уршиг учирсан гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хор уршгийн зэрэглэлийг хялбарчлан тогтоож болно.
Ийнхүү мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан, уг хор уршиг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.
Харин “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шинжилгээний байгууллагын тогтоосон хор уршгийн зэрэглэлийг хохирогч эс зөвшөөрч, маргасан тохиолдолд шинжилгээний байгууллага хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг ердийн журмаар явуулж, дүгнэлт гаргахаар зохицуулсан байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 6,600,000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Б.Э-ын нэхэмжлэлээс 680,468 /зургаан зуун наян мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-аас 763,600 /долоон зуун жаран гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгож, хохирогч Б.Э-ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Э болон Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж,
шийтгэх тогтоол болон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ