Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0431

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Д.Г-ын нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санжрагчаа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй, Д.Гын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 13 дугаар зүйлийн 13.1.2, 22 дугаар зүйлийн 22.15 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2./2/, 17 дугаар зүйлийн 2./4/ дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Гын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга, тус аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “Газар нүүлгэн шилжүүлэх тухай” мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг зөвшөөрөлгүйгээр нураасан үйлдлийг хүчингүй болгох, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийн шаардлагаас “мэдэгдлийг үндэслэн миний өөрийн барьж босгосон гурван ширхэг бие засах газрыг нурааснаас учирсан хохирол 1.758.000 төгрөгийг гаргуулах” хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар тодорхойлжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 109/ШЗ2019/0253 дугаартай захирамжаар иргэн Д.Гын байр, бие засах газрууд нь байгаль орчин бохирдуулсан эсэхийг тогтоохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүгнэлтэд “Одоогийн байдлаар хөрс хөлдүү, хөрсний усны түвшин доошилсон, хөрс гэсэж хөрсний усны түвшин дээшилсэн үед дээж авч шинжлэх шаардлагатай болоод байна” гэсэн.

Өөрөөр хэлбэл, тус шинжээчийн дүгнэлтэнд нэхэмжлэгч Д.Гын Мухар хужиртын рашаанд байрлах байр, бие засах газрууд нь байгаль орчинд хохирол учруулсан эсэх, байгаль орчныг хамгаалахтай холбоотой журам, стандартыг зөрчиж буй эсэх, хүний биеэс гадагшлах өтгөн, шээс нь хэрхэн бохирдуулдаг гэсэн асуултанд Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэнд тодорхой үндэслэл бүхий хариулт ирээгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “...шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж заасан байдаг.

Гэтэл Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шаардлагатай нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй атлаа нэхэмжлэгч миний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хувьд хохиролтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.4.“усны сан бүхий газар” гэж ... рашаан, ... байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; 3.1.8.“рашааны орд“ гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг; 3.1.9.“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; 3.1.10.“эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; 3.1.19.“усны бохирдол” гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг;” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Д.Гын “байр нь Мухар хужиртын рашаанаас 141.3 м, бие засах газрууд Мухар хужиртын рашааны тойрмоос 107.5-121.5 м байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн байр, бие засах газрууд нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно.”, 22.10.2-т “...эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг тогтооно” гэж заасны дагуу усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд, Мухар хужиртын рашааны хориглолтын бүсэд орсон байгаа нөхцөл байдал нь Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газрын  шинжээчийн  дүгнэлт[1]  болон Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэмжилт[2] зэргээр тогтоогджээ.

            Түүнчлэн Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  2019  оны  03-03-012/75  усны шинжилгээний дүгнэлтэд[3] “...Мухар хужиртын рашаан нь ...нян судлалын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байна...” гэжээ.

            Эдгээрээс дүгнэхэд, усан сан бүхий газарт хамаарах Мухар хужиртын рашааны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон энгийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд нэхэмжлэгчийн эзэмшлийн байр, жорлон байрлаж байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

            Мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн бие засах газруудын гүн дунджаар 1-1,5 м байдаг бөгөөд хөрс болон хөрсний усаар дамжин гүний усыг бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байна, усны энгийн хамгаалалтын бүсэд нүхэн жорлон байгуулсан нь түүнээс эх авч урсдаг болон цутгал голууд бохирдож болзошгүй нөхцөл байдал бий болсныг мөн шинжээчийн дүгнэлтээр[4] тогтоожээ.

            Нэхэмжлэгчийн эзэмшлийн бие засах газрууд нь усан сан бүхий рашааны энгийн хамгаалалтын болон хориглолтын бүсэд хамаарч байгаа, рашаан, түүний хөрс, гүний усыг бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа зэрэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.12.3-д “Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ... бохирын цооног байгуулах.”, 22.13.1-д “Рашааны хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ус, рашаан ашиглахтай шууд холбоогүй барилга байгууламж барих;”, 22.15-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.14-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно.” гэж заасантай нийцээгүй бөгөөд хууль бус байна.

            Иймээс нэхэмжлэгчээс гаргасан “...шинжээчийн дүгнэлтэд ...бие засах газрууд нь байгаль орчинд хохирол учруулсан эсэх, байгаль орчныг хамгаалахтай холбоотой журам, стандартыг зөрчиж буй эсэх, биеэс гадагшлах өтгөн, шээс нь хэрхэн бохирдуулдаг гэсэн асуултад ...шинжээчийн дүгнэлтэнд тодорхой үндэслэл бүхий хариулт ирээгүй, ...хуульд шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болохоор заасан, гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

            Тодруулбал, нэгэнт хэд хэдэн удаагийн шинжээч томилж, нэхэмжлэгчийн эзэмшлийн байр, бие засах газрууд нь усан бүхий рашааны энгийн болон хориглолтын бүсэд хамаарч байгааг тогтоож, рашаан, түүний хөрс, гүний усыг бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа нөхцөл байдлыг тогтоосон байхад  нэхэмжлэгчийн маргаж байгаа “бие засах газрууд нь байгаль орчныг бохирдуулж, байгаль орчинд хохирол учруулсан эсэхийг тогтоох” гэсэн үндэслэлээр дахин шинжээч томилох шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.        

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 139 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 206-207 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 160 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 139 дэх тал