Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2017/0623

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Е.Ш.Н 

Хаяг: **

Нэхэмжлэгч: А.Б, В.Б, О.Э,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 сарын 12-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 16 дугаар тогтоолын “М.Е.Ш.Н”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

2. М.Е.Ш.Нийн үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М.Е.Ш.Н” шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, П.О, Б.Б, J.W, нэхэмжлэгч “М.Е.Ш.Н”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч J.W-ийн орчуулагч Ц.Ц, нэхэмжлэгч А.Б, В.Б, О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, гуравдагч этгээд С.Г, Б.У, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Е.Ш.Н шашны байгууллага болон нэхэмжлэгч А.Б,  В.Б, О.Э нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 сарын 12-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 16 дугаар тогтоолын “М.Е.Ш.Н”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах /цаашид шийдвэр гэх/;

2. М.Е.Ш.Нийн /цаашид МЕГШН гэх/ үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”.

М.Е.Ш.Нийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу 1999 онд байгуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор жил бүр сунгуулж ирсэн.

Е гэрчүүд бол Монголд төдийгүй дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг нэг шүтлэг итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн жирийн хүмүүс юм. Е Гэрчүүдийг энх тайвныг эрхэмлэдэг, хууль сахидаг гэдгээр нь олон оронд хүндэлдэг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна” гэж заасны дагуу өөрсдийн итгэл үнэмшлээрээ нэгдсэн иргэдийн байгуулсан байгууллага юм.          

Манай албан ёсны вэб сайт буюу олон зуун хэлээр байдаг бөгөөд 881 хэлээр янз бүрийн материал татаж авах боломжтой, Монгол хэл дээр мөн материалууд байгаа болно. (www.//www.jw.org/mn). Олон оронд шашны цуглаанаа эмх журамтай, тайван замаар явуулдгийг маань “Е Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?” гэдэг видеоноос үзэж танилцах боломжтой.

Ийнхүү бид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар хор хохирол учруулахаар үйл ажиллагаа явуулаагүй байтал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь бидний болоод олон мянган итгэгчдийн шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөнд халдаж байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

МЕГШН нь 2015 оны 6-р сарын 9-нд дуусах байсан зөвшөөрлөө сунгуулахын 

тулд 2015 оны 4, 5-р сард шаардлагатай бүх бичиг баримтыг НИТХ-ын ажлын албанд бүрдүүлж өгсөн болно. Баянгол дүүрэг болон бусад албаны ажилтнууд МЕГШН-т ирж, үйл ажиллагааг шалгасан бөгөөд зөвшөөрлийг сунгахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зөвшөөрлийн хугацаа дуусахад, МЕГШН-ийг холбогдох хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн шалтгаанаар зөвшөөрлийн хугацааг сунгаагүй. 2015 оны 10-р сард НИТХ-ын ажлын албаны нэг ажилтан хуулийн байгууллагаас манай Нийгэмлэгийн талаар сөрөг мэдээлэл авсан гэх бөгөөд уг мэдээллийн талаар бидэнд албан ёсоор мэдэгдэхээс татгалзсан. Бид олон удаа биечлэн очиж асууж байсан боловч дээрх хариултыг амаар өгдөг байсан. Жил гаруйн дараа буюу 2017 оны 01-р сарын 12-нд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, МЕГШН-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргасан. Цуцлах болсон шалтгааныг 2017 оны 01-р сарын 12-ны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 16-р тогтоолын 1-д Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй шашны үзэл баримтлал, номлол явуулж байгаа...” гэж дурдсан. Үүнээс өөр үндэслэлтэй шалтгааныг бидэнд мэдэгдээгүй болно.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тухайд.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 15-д иргэн нь “шашин шүтэх, эс шүтэх”, 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж тус тус заасан. МЕГШН бол Улаанбаатар хотод байрладаг бөгөөд 200 гаруй гишүүнтэй тогтвортой үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллага юм. МЕГШН нь хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа болно.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Сүм, хийд, лам санваартан нар бурхан тахилын зүйлс, ном судар бүтээх, шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах зэргээр сүсэгтэн олонд чөлөөтэй үйлчилнэ” гэж заасны дагуу МЕГШН шашны цуглаан явуулж, Библид үндэслэсэн ном хэвлэл эрхлэн гаргах үйл ажиллагааг эрхэлдэг.

Манай байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалбал МЕГШН нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрч, МЕГШН болон тус Нийгэмлэгийн 200 гаруй гишүүнд ноцтой хохирол учран Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болж байна.

МЕГШН-ийн үйл ажиллагаа олон хүнд тодруулбал, тус нийгэмлэгийн бүх сүсэгтэн олон болон олон нийтэд маш их ач тустай. Тус нийгэмлэгийн цуглаанд ирснээр хүмүүс Библийн мэдлэгтэй болж, үүнийгээ амьдралд хэрэгжүүлж сурдаг. Энэ нь олон хүний амьдралыг сайн тал уруу өөрчилдөг. Хүмүүс Библийн сургаалийг ойлгосны ачаар ёс суртахууны төлөвшлийг олж, архидан согтуурах, тамхи татах болон элдэв буруу зуршил түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг цээрлэж, гэр бүлийнхэнтэйгээ дотно сайхан харьцаатай, амьдралын зорилготой болдог. Тухайлбал, “Хайр халамжгүй эцэг эхийн гар дээр өсөж буруу замаар орсон” (Викториа Тонг (Австрали) “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг” (Лука Шуц (Словен) “Догшин авиртай” (Уальда Мояа (Чили) байсан хүмүүс ч Библийн зарчмыг Е Гэрчүүдээр заалгаж, хорт зуршлаасаа салж, амьдралаа өөрчилж сайжруулсан. Түүнчлэн, МЕГШН нь үйл ажиллагаагаа бүх хүнд үнэ төлбөргүй хүргэдэг. Ном, сэтгүүл, видео, ОУО-гээ гишүүддээ төдийгүй сонирхсон бүх хүнд үнэ төлбөргүй өгдөг. МЕГШН-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцалснаар хүмүүс ийм ач тус хүртэх ямар ч аргагүй болно. Энэ нь шашин шүтэх эрх чөлөөг илт зөрчсөн хэрэг болж байна.

Маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоол нь дараах байдлаар хууль тогтоомжийг зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь захиргааны байгууллагад хамаарах бөгөөд маргаан бүхий тогтоол нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт юм. Тус хуулинд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа хэрхэн ямар дарааллаар гаргах талаар зохицуулж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдэд сонсгох талаарх зохицуулалтыг хуульчилсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хэлэлцэх талаар огт мэдэгдэж, сонсголгүйгээр зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Ийнхүү хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр МЕГШНийгэмлэг, тус нийгэмлэгийн итгэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Түүнчлэн тогтоолдоо МЕГШН нь “Хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй шашны үзэл баримтлал, номлол явуулж байгаа” гэж үзэн зөвшөөрлийг 

 

цуцалсан гэжээ.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 10 дугаар зүйлд Сүм хийдийн үйл ажиллагааг ямар тохиолдолд зогсоох талаар тусгайлан зохицуулсан бөгөөд үүнд хоёр үндэслэл заасан. Нэгд, тухайн сүм хийд өөрөө үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн, хоёрт, Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон.

Дээрх нөхцлийн аль нь ч бүрдээгүй буюу хуулинд заасан үндэслэл бий болоогүй байтал ийнхүү зөвшөөрлийг хүчингүй болгож буй нь хууль бус юм. Манай нийгэмлэгийг Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй болно.

Манай байгууллагыг шалгасан гэх холбогдох бусад байгууллагаас гаргасан дүгнэлтэд чухам юу бичсэнийг бид мэдэхгүй ч үндэсний аюулгүй байдалд ямар ч аюул учруулдаггүй, аюул учруулах ямар ч сургаал тараадаггүй гэдэгтээ итгэлтэй байна. МЕГШН нь анх Улаанбаатар хотод 1999 онд бүртгүүлсэн бөгөөд 2015 оны 6-р сар хүртэл 16 жилийн хугацаанд шашны үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд МЕГШН-ийн үйл ажиллагааны зарчим, чиг шугам огт өөрчлөгдөөгүй. Үйл ажиллагааныхаа тайланг жил бүр өгч, холбогдох ажилтнуудаар шалгуулж байсан, иймд уг нийгэмлэгийн сургаал, үзэл баримтлал, сүсэгтэн олны итгэл үнэмшил нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулдаг гэсэн шалтгааныг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдөж буй тухайд. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр нь Үндсэн хуулийн 10.1-ийн “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтална” гэсэн зүйлийг зөрчсөн. Дэлхий даяар Е Гэрчүүд үйл ажиллагаагаа хууль ёсны зөвшөөрөлтэй явуулдаг бөгөөд энэ эрхийг нь зөрчвөл шүүхэд ханддаг. Шүүх энэ эрхийг эдлүүлэхээс татгалзах баттай үндэслэл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэж, Е Гэрчүүдийн эрхийг хамгаалсан шийдвэр олон удаа гаргаж байсан.

Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн эдгээр хэм хэмжээг баримтлах нь иргэний шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийн 16.15, 16.16 зүйлтэй нийцдэг.

Хүний Эрхийн Европын Шүүх Е Гэрчүүдийн үйл ажиллагааг хянан шалгаж үзээд тэдний явуулдаг шашны үйл ажиллагааны нэг нь ч үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаггүй гэж тогтоогоод Оросын төр засаг Москва хотод Е Гэрчүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан нь шашин шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэрэг байсан гэж үзсэн.

Түүнээс гадна, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-д “Хүнийг ... шашин шүтлэгээр ... нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1-р сарын 12-ны өдрийн 16 дугаартай тогтоол нь МЕГШН-ийг төдийгүй түүний гишүүдийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан шийдвэр юм.

Монгол Улсын бусад иргэн үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах эрхтэй байхад МЕГШН-ийн гишүүд нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээс болж энэ эрхээ эдлэх аргагүй боллоо.

Хүний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зөрчигдөж буй тухайд.

Монгол Улс нь Хүний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад 1974  онд нэгдсэн бөгөөд уг пактын нэмэлт протоколд 1991 онд нэгдсэн билээ. Нэгдсэн өдрөөс эдгээр нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж эхэлнэ.

        Хүний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт нь олон улсын эрх зүйн зарчим бөгөөд 18-р зүйл нь шашин шүтэх эрх чөлөөг, 22-р зүйл нь байгууллага байгуулах, эрхийг баталгаажуулсан байдаг. Хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг 22-р зүйлээр хатуу хориглосон.

Шашин шүтэх, эс шүтэх эрх бол хүнд төрсөн цагаас нь бий болдог жам ёсны эрх бөгөөд үүнийг хязгаарлаж болох туйлын 2 боломж байхыг үгүйсгэхгүй. Үүнд нэгд, хуулиар зохих ёсны хязгаарлалт хийх замаар, хоёрт, зарим онцгой тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр.

НҮБ-ын Хүний эрхийн хороо шашин шүтэх болон итгэл үнэмшлээрээ эвсэн нэгдэж шашны байгууллага байгуулах эрхийн талаар олон удаа дүгнэлт гаргаж, үндсэн эдгээр эрхийг хамгаалахын тулд засгийн газар ямар үүрэг гүйцэтгэх ёстойг зохицуулсан байдаг. Тухайлбал, №1207/2003, malakhovsky еt аl v. Belarus хэргийн талаар НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос 2005 оны 07-р сарын 26-нд гаргасан дүгнэлтэд ийн тэмдэглэжээ.

            “Сүсэг бишрэл, зан үйл, үйлдэл болон сургаал номлол заах замаар итгэл  үнэмшлээ илэрхийлэх эрх чөлөө гэдэгт аливаа шашны бүлгийн зүгээс шашны тэргүүн, номлогч, сургагч багш нараа сонгох, шашны коллеж, сургууль  байгуулах эрх чөлөө гэх мэт үндсэн үйл хэргээ эрхлэн явуулахтай нь салшгүй холбоотой, өргөн хүрээтэй үйлдлүүд багтдаг. Шашны холбооны статус олгогдоогүй тохиолдолд гомдол гаргагчид болон итгэл үнэмшил нэгтэй анд нөхөд нь гадаадын номлогчдыг 

эх орондоо урих, сүм хийд, боловсрол олгох институт байгуулах боломжгүй. Ерөнхий санал дүгнэлтэд дурдсаныхаа дагуу, эдгээр үйл ажиллагаа нь гомдол гаргагчдын итгэл үнэмшлээ илэрхийлэх эрхийн нэгээхэн хэсэг мөн хэмээн Хороо үзэж буй”.

            Эдгээр хэрэгтэй төстэй тал гэвэл НИТХ-ын Тэргүүлэгчид МЕГШН болон нийгэмлэгийн итгэгчдийн шашин шүтэх болон эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах үндэслэл гаргаж ирээгүй. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр Хүний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 22-р зүйлийг тус тус зөрчсөн.

Ийм байтал НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоол гарган хүний жам ёсны эрхэд халдан, өөрсдийн итгэл үнэмшлээрээ нэгдэн байгуулсан байгууллагын зөвшөөрлийг цуцалж, итгэл үнэмшилтэй байж, шашин шүтэх эрхэнд халдаж буй нь хууль бус байна.

Ийнхүү дээрх үндэслэлээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1-р сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” тогтоолын М.Е.Ш.Н”-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Е.Ш.Нийн үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Е гэрчүүд шашны байгууллагын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолын Е гэрчүүд шашны байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Манай улс дахь Е гэрчүүд шашны байгууллагын үйл ажиллагаа нь Төр, сүм хийдийн харилцааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд харшилж байна.

Е гэрчүүд шашны урсгал нь 1870 онд АНУ-ын иргэн Чарльз Тейз Расселлийн үндэслэснээр христийн шашны нэгэн салбар урсгал болсон байна. Төв нь АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг. Энэ урсгалыг дэлхий дээр 8.2 сая гаруй хүн дагадаг бөгөөд тэдгээр нь сард хамгийн доод тал нь 1 ам.долларыг шашиндаа хандивладаг. Е гэрчүүд нь энэхүү орлогоо зөвхөн өөрсдийн шашны оршин тогтнох, дэлгэрүүлэх үйлсэд зарцуулдаг аж. Тэд Харуулын цамхаг, Сэрцгээ гэсэн сэтгүүлийг сард 2 удаа хэвлүүлж дэлхийн өнцөг булан бүрт тарааж шашнаа сурталчилдаг байна.

Зарим шашин судлаачид Е гэрчүүд шашны урсгалыг нийгмийг цочроож айдаст автуулсан худал мэдээллийг удаа дараа тарааж байсан, өөрсдийн номлолд тааруулсан худал библийг зохиож хүмүүсийг хуурч төөрөгдүүлдэг, буруу номлолууд нь тухайн улсад маш их хор хөнөөл учруулдаг гэх үндэслэлээр харгис, гаж гэж үздэг байна. Энэ урсгал нь шашны талаарх эрх зүйн зохицуулалт сул, хөгжиж буй орнуудад илүү дэлгэрч байгаа бөгөөд харин ОХУ, Гүрж, Сингапур зэрэг улсуудад үйл ажиллагааг нь хориглосон байдаг.

Манай улсад Е гэрчүүд шашны урсгал нь 1995 оноос үйл ажиллагаагаа явуулах болсон. Одоогоор Улаанбаатар хотод Баянзүрх, Баянгол дүүрэгт 2 сүмийн байртай, орон нутагт Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгуудад салбар сүмээ байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Тус шашны шугамаар манай улсад гадаадын 20 гаруй ихэвчлэн Япон, Солонгос иргэд ажиллаж байгаа ч тэдний зөвхөн 1 нь л шашны виз авч ирсэн бусад нь жуулчны болон суралцах ангиллын визээр орж ирсэн байна. /www.jw.org./mn/ 1975, 1990, 2000-аад оны үед дэлхий сүйрнэ хэмээн мэдэгдэж нийгмийг айдаст автуулж, зөвхөн манай шашныг шүтсэн итгэгч нар амьд гарна хэмээн худал мэдээлэл тарааж байсан.

Манай улсад тус шашны урсгалын сүм цуглаанд тогтмол явдаг 1000 гаруй итгэгч, 300 орчим баптизм хүртсэн иргэд байдаг. Е гэрчүүд шашны урсгалын үйл ажиллагааг төвлөрүүлдэг байгууллагыг Бэтэл гэж нэрлэдэг, манай улс дахь бэтэлд монгол, гадаад 23 итгэгч ажилладаг. Бэтэлд итгэгч нарт зориулсан хэвлэл бэлтгэх, гадаад салбаруудтай харилцах, санхүүгийн болон зохион байгуулалтын гол ажлууд төвлөрдөг.

Е гэрчүүд шашны байгууллагын номлол, зааварчилгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйл, Цэргийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчдөг. Үүнд:

1.    Хүний эрх, эрх чөлөөнд халдсан номлол, үйл ажиллагаа.

Е гэрчүүд нь итгэгч нартаа цус сэлбүүлэхгүй байхыг номлодог. Ингэхдээ амь нас маань хутганы ирэн дээр байлаа ч бид бууж өгөхгүй цусаа сэлбүүлэхгүй, амьд явахын тулд цус хэрэглэхийг Ехова бурхан хориглодог” гэдэг аж. Улмаар итгэгч нартаа цус сэлбүүлэхгүй байх тухай хүсэлтээ Е гэрчүүд 

өөрийн шашны итгэгч биш хүнтэй найзалж нөхөрлөх, дотно харилцаа тогтоохыг хориглодог байна. Улмаар итгэгчид хоорондоо гэр бүл болох ёстой, өөр хүнтэй гэр бүл болох нь шашнаасаа урвасан хэрэг болдог аж.

Итгэгчид дээд боловсрол эзэмшихээр сургуульд сурвал Сатаны ертөнцийн нөлөөнд автана, тиймээс дээд боловсрол бурханд итгэдэг хүнд хэрэггүй зүйл гэж Е гэрчүүд үздэг байна.

Е гэрчүүд итгэгч нараа өөрийн шашны хэвлэл, материалаас өөр эх сурвалжаас мэдээлэл авахыг хязгаарладаг байна. Мөн “амьдралын бүхий л асуудалд библи үнэн зөв хариулт өгнө” гэж номлодог ч библээс өөрийн урсгалд тохирсон хэсгийг түүвэрлэн авч мөрддөг.

Е гэрчүүд хүүхэд залуусыг идэр насныхаа дур хүслээс зугт, гадаад ертөнцтэй найзлахаас зайлсхийх, үеийнхнийхээ дарамт шахалтыг тэвчихийг сануулдаг. Энэ нь хүүхэд залуусыг гадаад орчноос тусгаарлах, зөвхөн шашныхаа төлөө амьдардаг хүн болгон төлөвшүүлэх зорилготой байна.

2. Нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, ёс суртахуунд үндэсний эв нэгдэл сөргөөр нөлөөлөх номлол, үйл ажиллагаа. 

Е гэрчүүд шашны урсгал нь өөрсдийгөө дэлхий дээрх цорын ганц үнэн зөв шашин, бусад шашин бол хуурамч худал, бусад шашныг буг чөтгөр зохиосон гэж номлодог. Энэ нь бусад шашныг үгүйсгэсэн, доромжилсон хандлага бий болгодог байна.

Иргэдийн сэтгэл санаа олон нийтэд сөргөөр нөлөөлөх хэт өрөөсгөл зүйл номлодог. Тухайлбал, удахгүй бурхны дайн буюу Армегеддон болно, Е гэрч бус, дэлгэрүүлэгч болоогүй бүх хүмүүсийг Ехова бурхан алж устгана, зөвхөн Баптизм хүртсэн гэрчүүд амьд үлдэнэ гэж номлодог аж. Үүнд итгэсэн гэрчүүд нь ажлаасаа гарах, эд хөрөнгөө зарах зэргээр өөрсдийн амьдралаа шашнаа дэлгэрүүлэх ажилд зориулдаг байна.     

Баптизм гэдэг нь усанд булхах гэдэг үгнээс гаралтай ба өөрийгөө есүсийн үхэл, булшлалт болон дахин амьлалттай холбоотой болсныг гэрчилж, христийг дагахаар шийдсэн шийдвэрээ бусдад зарлан тунхаглаж байгааг илэрхийлэх зан үйл.

Бэтэл нь БГД, 5-р хороо, 10-р хороолол Харганат цамхаг ХХК-ий байр 117 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол дахь тэргүүнээр иргэн С.Г ажиллаж байна.

  Е гэрчүүд нь уламжлалт, бүх нийтээр тэмдэглэдэг баяруудыг тэмдэглэхгүй байхыг гишүүддээ зааварчилдаг. Манай улс дахь Е гэрчүүд шашны урсгалынхаа уламжлалт сар шинийн баяр, наадам, шинэ жил зэргийг тэмдэглэхгүй байхыг итгэгчиддээ зааварчилж байна. Мөн Ехова бурханд таалагдах урлаг соёлыг л сонирхох хэрэгтэй, бусдыг нь үзэн ядах ёстой хэмээн номлодог бөгөөд Монголын ардын урлагийг өөрсдийн номлолд тохирохгүй гэж үздэг байна.

3. Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд харшлах номлол үйл ажиллагаа. 

Е гэрчүүд нь дэлхийг тэр чигт нь буг чөтгөр захирдаг тул тус шашнаас бусад шашин, хууль, дүрэм журамд захирагдаж болохгүй гэж номлодог байна. Тэдний хүлээн зөвшөөрдөг ганц эрх мэдэл бүхий байгууллага нь Е гэрчүүдийн дээд шатны байгууллага болох АНУ-д байрлах удирдах зөвлөл5 нь аж. Үүнээс үүдэн Е гэрчүүд улс орныхоо төлөө зүтгэх, цэргийн алба хаах, төрийн дуулал, далбаанд хүндэтгэл үзүүлэх зэргээс татгалздаг байна. Мөн тэдний тухайн орны хууль тогтоомжийг үл хүндэтгэдэг байдал “хэрэв төр засгийн хууль шийдвэр нь уг шашны байгууллагын дүрэм журамтай зөрчилдвөл бурхны хуулийг дагах ёстой” гэж номлодгоор илэрдэг.

4. Шашин сурталчлах арга, ажиллагаа. 

Е гэрчүүд шашны байгууллагын үйл ажиллагаа маш нарийн зохион байгуулалт, төлөвлөгөөтэй явагддаг бөгөөд хилийн чанад дахь дээд шатны удирдлага нь Монгол улс дахь салбарыг удирдан хянадаг.

Е гэрчүүдийн итгэгч нар иргэдийн орон байр, албан байгууллагаар хэсэн “Хаалга тогшин дэлгэрүүлэх” гэж нэрлэдэг ухуулга сурталчилгааны ажлаа зохион байгуулалттайгаар тасралтгүй явуулдаг. Е гэрчүүд итгэгч бус хүнтэй анх уулзахдаа өөрсдийгөө олон улсын боловсролын байгууллагаас эсвэл боловсролын тухай лекц уншихаар явна гэх зэргээр танилцуулдаг. Тухайн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд иргэдийн үзэл бодол, хэрэгцээ шаардлагад тааруулан ярилцах, сонирхлыг нь өдөөхөд тохирсон арга барилуудыг эзэмшсэн байдаг бөгөөд үүнийгээ итгэгчиддээ тусгай сургалтаар зааж, дадлагажуулдаг аж. Эхэн үедээ шашныхаа дүрэм, журмыг иргэдэд шууд хэлдэггүй нууцалдаг байна.

Манай улс дахь Е гэрчүүд шашны урсгалынхан хүүхдүүдийг өөрийн шашинд итгүүлэх зорилгоор дунд сургуулиудаар явж ухуулга, сурталчилгаа хийсэн тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан. Түүнчлэн гэр бүлийн аль нэг гишүүн нь Е итгэгч болсон тохиолдолд тухайн гэр бүлийн бусад хүнийг нэн тэргүүнд элсүүлэх, итгүүлэх удирдамж өгдөг байна. Энэ нь “Е гэрчүүдийн итгэгч хүн гэр бүлийн гишүүнээсээ илүү Ехова бурхан, шашны байгууллагаа илүү хайрлах 

ёстой, хэрэв гэр бүлийн гишүүн нь Ехова бурхныг шүтэхэд ноцтой саад болбол тусдаа амьдарч болно, гэр бүл ба Ехова бурхан хоёрын аль нэгийг сонгоход хүрвэл Ехова бурхныг эргэлзэлгүй сонгох нь зүйтэй” гэх мэт номлолоор илэрдэг. Иймээс гэр бүлийн аль нэг гишүүн нь энэ шашны итгэгч болсон бол тэр гэр бүл салж сарних эсвэл гэр бүлээрээ Е гэрчүүд болох сонголт тулгардаг байна.

Е гэрчүүд шашны байгууллагын дээрх номлол, зааварчилгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиудад тусгагдсан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, шашин шүтэх эс шүтэх, үзэл бодол, боловсролоор үл ялгах, сурч боловсрох зэрэг иргэний эрх, түүнчлэн Үндсэн хууль болон бусад хуульд тусгагдсан нийгмийн үнэт зүйл, улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг утга санааг агуулж байна. Мөн тус шашны итгэгчдийн хувьд эдгээр номлол, зааварчилгааг дагаж мөрдөх нь сайн дурын үндсэн дээр мэт боловч шашиндаа үнэнч эсэхээ харуулах хэлбэр тул тэдний хувьд заавал биелэгдэх шинжтэй, бодит үйл ажиллагаа болдог.

Иймд энэхүү шашны урсгал нь манай улсад цаашид дэлгэрэхийн хэрээр нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, гэр бүлийн харилцаа, ёс суртахуун төдийгүй улмаар үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн J.W шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Ямар учраас шүүхэд хандах болсон гэдгийг одоо тайлбарлая. Нөгөө талаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдэгдэлд бичсэн зүйл үнэн байж болох юм гэсэн эргэлзээ шүүхэд үүсгэхгүй байхыг хүсэж байна. Жишээ нь: Е гэрчүүд эх орноо хамгаалж цэрэгт явахаас татгалздаг гэсэн нь худлаа. Цэргийн алба хаахаас татгалздаг нь үнэн боловч эх орондоо үйлчилдэггүй хүмүүс биш. Өөр дүйцүүлэх албыг хааж болдог. Энэ нь эх орондоо үйлчилж байгаа нэг хэлбэр. Татвар төлж, хууль, журмыг сахидаг. Уг тогтоолыг гаргасантай холбогдуулан Е гэрчүүд Сын талбай дээр эсэргүүцэл илэрхийлж жагсаал, цуглаан хийж яваагүй. Харин хуулиа сахидаг хүмүүс учраас шүүхэд хандсан. Шүүгчээс захирамж гаргах болгонд буюу хариуцагч талаас төлөөлөгчийг ирүүлэхийн тулд цагдаа, сэргийлэх гэж яваагүй. Е гэрчүүд хуулиа сахидаг хүмүүс гэдэг нь илэрхий харагдаж байгаа байх. Шүүх хуралдаан болох бүрт гэрчүүд 

байсан. Үүнийг хэлсэн учир нь З.С өмгөөлөгчийн хэлснээр төрийн зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолтой адил тогтоол гаргахдаа тодорхой хэм хэмжээг баримтлах ёстой байдаг. Хариуцагчийн гаргасан тогтоолын улмаас Е гэрчүүдийн эрх зөрчигдсөн учраас нэхэмжлэгч нар шүүхэд хандсан. Шашин шүтэх эрх чөлөө нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 18 дугаар зүйлээр хамгаалсан эрх. Эвлэлдэн нэгдэх эрх нь уг пактын 22 дугаар зүйлд тусгагдсан. Мөн 21 дүгээр зүйлд зааснаар цуглах, цуглаан хийх эрхтэй. 19 дүгээр зүйлээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан. Тийм учраас энэ тогтоол нь шашин шүтлэгт үндэслэж ялгаварлан гадуурхсан. Мөн пактын 26 дугаар зүйлд ялгаварлан гадуурхах эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Энэ эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар тус бүрт нь хамгаалсан байгаа. Тухайлбал, Е гэрчүүдийг ялгаварлан гадуурхаж гаргасан тогтоолыг цуцалж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Шашин шүтлэгээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэргийн тухайд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн хорооноос дүгнэлт гаргасан. 26 дугаар зүйлийн дагуу ялгаварлан гадуурхсан зүйлээс зайлсхийе гэвэл үндэслэлтэй, бодитой ялгаа байх ёстой. Субъектив чанартай биш бодит үнэнд тулгуурласан объектив шинж чанартай байх ёстой. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар нэгэн асуудлыг шийдэхдээ энэ нь зөв энэ нь буруу гэдгийг тогтоож шийдэхийн тулд бодитой, үнэн зөв шалгууртай байх ёстой. Гэтэл энэ хэрэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар заавар, удирдамжийн дагуу, ямар шалгуурыг үндэслэж цуцлах тогтоол гаргасан гэдгийг ямар ч нотлох баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс энэ талаар баримтыг гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагчийн талаас ямар ч баримт гаргаж өгөөгүй. Гэхдээ үүний цаана ямар нэгэн нууц зүйл байсан гэж бодохгүй байна. Хэрэв хариуцагч байгууллага нь шашны итгэл үнэмшил үнэн зөв эсэх ямар нэгэн дүгнэлт, үнэлэлт өгөхөөр байсан бол ямар нэгэн шалгуураар шалгах ёстой. Жишээ нь Монгол Улсад байгаа Мусульман шашинтай сүм хийдүүдийг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн үү, бодит нөхцөл байдлыг шалгаж үзсэн үү. Одоо дүгнэж хэлэхэд Е гэрчүүдийг шашны цөөнх гэдэг утгаар нь ялгаварлан гадуурхаж, бусад шашнаас онцолж бай болгосон.

Эцэст нь шашин шүтэх эрх чөлөөг зөрчсөн талаар товчхон тайлбар хэлье. Өмнө нь би Шриланкийн хэргээс дурдаж байсан. Шриланк улсын хувьд буддын шашин нь тухайн улсын зонхилох шашин. Тухайн улсын төр засгаас бусад шашны үйл ажиллагааг зөвшөөрөөгүй цуцалсан төстэй шийдвэр гаргасан. Гэтэл яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар үндэслэл гаргаагүй. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас үүнийг нь шашин шүтэх эрхийг нь зөрчсөн явдал гэж үзсэн. Шийдвэрт ийм үнэлэлт, дүгнэлтэнд хүрсэн үндэслэлээ ямар нэгэн нотолгоо, үйл баримтаар баталсан дүгнэлтээ хуулийн этгээдийн статустайгаар бүртгүүлсэн бусад шашны байгууллагаас үзүүлдэг ижил төстэй халамж, тэтгэмж, үйлчилгээтэй уялдуулж тайлбарласан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл нотолгоо, үйл баримтаар нотолсон зүйл байхгүй байсан. Зүгээр л дүгнэлт хийсэн байдаг. Тийм болохоор тухайн байгууллагын зөвшөөрлийг нь цуцлах үндэслэл, баримт байгаагүй гэдгийг нь тогтоосон. Тийм болохоор энэ хэрэгт хариуцагч талаас нотлох баримт гаргаж ирээгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Шийдвэр гаргаснаа батлах, үнэмшилгүй үйл баримтаар баталсан нотолгоо гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээнд нийцсэн байх ёстой. Тийм болохоор Е гэрчүүдийн шашин шүтэх эрхэнд халдаж байна гэдэг үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа.

“... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор учруулж болзошгүй шашны үзэл баримтлал, номлол явуулж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл шууд үзэл баримтлал, номлолын талаар ярьж байгаа гэдгийг тодруулъя. Хариуцагч үүнийгээ тайлбарлахын тулд 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тайлбар гаргасан. Мөн 05 дугаар сарын 31-ний өдөр нууц гэсэн дугтуйтай тайлбар гаргасан. Эдгээрийг үзвэл дандаа манай номлол, үзэл баримтлалыг буруутгасан байсан. Тийм болохоор үзэл баримтлалаас бага зэрэг дурдъя гэж бодож байна. Жишээ нь: 03 дугаар сарын 17-ны өдрийн тайлбарт Е гэрчүүд нь уламжлалт, бүх нийтээр тэмдэглэдэг баяруудыг тэмдэглэхгүй байхыг гишүүддээ заадаг. Манай улс дахь Е гэрчүүдийн шашны урсгалынхан сар шинийн баяр, наадам, шинэ жилийг тэмдэглэхгүй байхыг итгэгчдэдээ зааварчилж байна. Ехова бурханд таалагдах урлаг, соёлыг сонирхох хэрэгтэй, бусдыг нь үзэн ядах ёстой. Монгол Улсын ардын урлагийг өөрсдийнхөө шашинд тохирохгүй гэж үздэг гэсэн байдлаар тайлбарласан байна. Энэ бүгд худлаа. Е гэрчүүд Монгол ардын урлаг болох хөөмий, морин хуурыг тоглох дуртай хүмүүс байдаг. Тийм хөгжим тоглодог хүмүүс ч их байдаг. Ямар үндэслэл дээр ингэж тодорхойлсон гэдэг нь тодорхойгүй байгаа. Үүнээс гадна бид нар бууз, хуушуур гээд үндэсний хоолондоо дуртай. 

Хүмүүст та нар бууз, хуушуур идэх ёсгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Дээрх тайлбар болон 05 дугаар сарын 31-ний өдрийн тайлбарт дурдсанаар 1 жилд 3 удаа том чуулган зохион байгуулдаг гэсэн байсан. Тэр үед бид нар үндэсний соёлоо харуулж ихэнхи хүн дээл өмсдөг, илтгэл тавих гэж байгаа хүмүүс нь хантааз өмсдөг. Тийм болохоор энэ нь ямар ч үндэслэлгүй. Нэг талаараа зарим баяр, ёслолыг тэмдэглэхгүй байдаг нь үнэн. Гэхдээ энэ нь Библи дээр байдаг зарчимтай зөрчилдсөн үед бид нар тэмдэглэхгүй гэсэн тохиолдол байдаг. Тэрнээс биш бусад үед үндэсний урлаг, соёлыг хайрладаг гэж ойлгож болно” гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Энэ байгууллага нь бараг 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Жил болгон бид нар зохих бичиг баримтыг бүрдүүлж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгч зөвшөөрлийн хугацаагаа сунгаад явдаг байсан. Хүнээр бодвол төрөөд насанд хүрсэн гэсэн үг. Гэтэл гэнэт ийм тогтоол гаргаад танай байгууллагын зөвшөөрлийг цуцалж байна гэхээр учир дутагдалтай санагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан тайлбарт хүүхэд, залуусыг үеийн нөхөдтэйгөө найзлаж нөхөрлөхөөс зайлсхийх, үеийнхнийхээ дарамт шахалтыг тэвчихийг сануулдаг. Хүүхэд, залуусыг гадаад орчноос тусгаарладаг, зөвхөн шашныхаа төлөө амьдардаг хүн болгож төлөвшүүлдэг гэж бичсэн байна. Энэ нь ташаа ойлголт гэж хэлж болно. Учир нь бид нар хүүхэд, залууст зөв сонголтыг хийгээрэй, зөв зүйлсийг хийгээрэй гэж уриалдаг. Жишээ нь, залуучуудын дунд муу нөлөө их байдаг. Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, садар самуун явдал, хүсээгүй жирэмслэлт гээд эдгээр зүйлүүдээс залуучуудыг хамгаалдаг гэж үзэж байна. Мөн ингэж үзэхдээ Библийн зарчмыг тодорхой оруулж өгдөг. Жишээ нь, Библид муу нөхөр сайн зуршлыг мэддэг гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүний найз, нөхөр хэрэв муу хүнтэй найзлаж нөхөрлөвөл буцаагаад муу нөлөө авна. Тийм болохоор Библийн энэ зарчмыг залуучуудад ойлгуулж, хэвшүүлэхэд манай байгууллага тусалдаг. Харин үүнийг үгүйсгэж байгаа нь зөв биш гэж үзэж байна. Иймд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Миний хувьд маргаан бүхий тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зүйн үндэслэлийн талаар өмгөөлөгч тайлбарлах байх” гэв.

Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Миний хувьд хуулиар олгосон шашин шүтэх эрхээ эдэлж чадахгүй байна. Учир нь манай байгууллагын зөвшөөрлийг нь цуцалсан учраас хурал, цуглаанд очиж чадахгүй байгаа учраас шашин шүтэх эрхээ эдэлж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас эрхээ эдлэх хүсэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгч В.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...  Би Библи судалснаас хойш уншиж, бичихдээ сайн болж, их зүйлийг суралцсан. Библид гэр бүлийн талаар маш сайн тусгасан байдаг. Эхнэр хүн ямар үүрэгтэй, нөхөр хүн ямар үүрэгтэй, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх талаар заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлснээр гэр бүлээрээ жаргалтай амьдрах болон яаж хамт зүтгэх вэ гэдгийг ойлгож аваад Е гэрч болсон. Тийм учраас шашин шүтэх эрхийг минь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч О.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Нэхэмжлэгч нартай санал нэг байна. 1 зүйлийг нэмж хэлэхэд Библээс бусадтай харьцах талаар сурдаг. Библи дээр хэн нэгэн таньтай сайн харьцаатай байя гэвэл өөрөө хэрхэн зөв харилцах талаар бусдад эхлээд үзүүлдэг байх хэрэгтэй. Олон нийтийн газар явж байхдаа эсхүл гэр бүлийнхэнтэй харьцахдаа яаж харьцах талаар янз бүрийн сургалт, зөвлөгөө явагддаг. Хэрэв энэ байгууллагын үйл ажиллагаа зогсох юм бол бид нар тогтмол өөрийгөө сургах зүйлийг авах боломжгүй болно гэж үздэг. Дандаа ийм зүйлс авдаг учраас үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсдэг. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд сурсан зүйлээсээ хэрэгжүүлэхийг хүсдэг. Хүнтэй ёс бус харьцсан зүйл гарлаа гэхэд тэрийг яаж шийдэх, яаж харьцах талаар заадаг. Хэрэв манай байгууллага хаагдлаа гэж бодвол бид нар ном, хэвлэлээ авах боломжгүй болж магадгүй учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч өмгөөлөгч З.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нарын зүгээс Е гэрчүүд хэмээх байгууллага, тэнд байгаа итгэгч нарын шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний онцлог, энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг талаар тодорхой, дэлгэрэнгүй ярьсан. Миний хувьд хууль зүйн талаас нь тайлбарлая.

Миний хувьд гурван зүйлийг онцолж байгаа. Нэгдүгээрт, актын бодит нөхцөл байдал нь акт гаргах шалтаг, шалтгааныг хууль зүйн хувьд юу гэж үзэх вэ. Хоёрдугаарт, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь юу вэ? Үүнд ямар үнэлгээ байгаа юм бэ? Гуравдугаарт, тухайн актыг гаргасан үйл явц буюу процесст ямар 

 

шинжилгээ хийх вэ? гэдэг талаар тайлбарлая.

Ерөнхийдөө 20 дугаар зууны 30-аад оны түүхэн сургамж бий. Үүний үнэ цэнэ нь хүний оюун бодол уруу халдана гэдэг нь ямар их гай гамшигийг авч ирдэг, үүгээр дамжаад ямар хор хохирол учирдаг вэ гэдгийг бид бүгд түүхээс мэднэ. Үүнийг нуршиж ярих нь илүүцээ. Орчин үеийн хүн судлал, сэтгэл судлал, шашин судлал, философийн шинжлэх ухааны уулзвар нь юуг ярьж байна вэ гэхээр шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх орчин нөхцөл нь хүний сайн сайхан байдал, сэтгэл хангалуун, амар амгалан аж төрөх, нийгэмдээ чөлөөтэй хөгжих соёлт иргэн байхтай холбоотой байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Тийм учраас энэ үндэслэлрүү довтолж байгаа нь маш нухацтай, ул суурьтай нотолгоо нь ямар ч хөдөлгөөнгүй байх ёстой гэдгийг урьдач нөхцөл болгоод хэлж байна.

Актын бодит нөхцөл байдал юу вэ гэдэг асуудлыг яръя. Бид нарын зүгээс нарийвчилсан ямар хууль тогтоомжийн үүднээс актаа гаргаж байгааг бич гэсэн хатуу шаардлага тавьсан. Үүнд нэг л зүйл байдаг. Хууль, хяналтын байгууллагаас ирүүлсэн санал гэдэг нөхцөл бий. Энэ саналыг үзэж буруу, зөрүүтэй зааг ялгааг нь гаргаж мэтгэлцэе гэсэн. Гэтэл ийм санал байгаагүй. Нууц гээд дугтуйлж ирүүлсэн 6 нүүр баримттай би танилцсан. Үүнд 15 зүйлийг бичсэн байсан. Гэхдээ энэ 15 зүйл нь юугаар ч нотлогдоогүй. Бүр нарийн шинжилгээ хийгээд тулгаад үзсэн. Тэгэхэд тайлбар болон баримтууд нь нийтийн биш зарим хүний үзэл бодол байдаг. Ялангуяа фэйсбүүк дээр байсан. Зүгээр нэг хүний хувийн үзэл байх жишээтэй. Би нэг зүйлд дургүй бол ямар нэгэн үйлдэл гаргаж болно. Үүнээс юугаараа ялгагдаж байгаа юм бэ гэдэг нь хариуцагчийн тайлбараас харагдана. Тогтоол гарах болсон шалтгаан нь хууль хяналтын байгууллагын санал гэдэг зүйл байдаг. Харамсалтай нь ийм саналд нарийвчилсан судалгаанууд байхгүй. Ер нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой. Энэ талаар судалж үзэх, асууж лавлах ёстой байхад нэхэмжлэгч нар болон итгэгчид нараас асуусан, лавласан зүйл нэг ч байхгүй. 2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч нар дээр очоод та бүхэн ийм хууль зөрчөөд байна, ийм зүйл хийгээд байна гэж хэлэх буруу байхгүй. Яагаад гэвэл ийм зүйл болоогүй учраас байхгүй гэдгийг тодруулж хэлье.

Тогтоолд 2 хууль 1 журмын 4 заалтыг иш үндэс болгосон. Нэгдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д заасныг үндэслэл болгосон. Үүнд “олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах” гэж Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зааж 

өгсөн байна. Энэ заалтын утга агуулга нь эерэг хандлага илэрхийлж байгаа. Тэрнээс биш зөвшөөрлийг цуцлах, хүмүүсийг гомдоож эрхийг нь хязгаарлана гэсэн утга агуулга энэ заалтанд байхгүй. Дэмжлэг үзүүлнэ гэдэг нь ярилцах, ойлголцох, төр засгийн зүгээс ард иргэддээ ямар үйлчилгээ үзүүлэх, хэрхэн хамтарч ажиллах тухай ойлголт. Дараа нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг үндэслэл болгосон. Энэ заалт нь олонхийн саналаар тогтоол хүчин төгөлдөр болох тухай процессыг журамласан зохицуулалт. Үүнийг иш татлаа гээд хууль зүйн хувьд хариуцагчийн тогтоолыг зөвтгөх үндэслэл болохгүй. Дараа нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг иш болгосон. Үүнд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй.” гэж заасан. Шаардлагатай бол зогсоох эрхтэй гэж байгаа ч үүний өмнө зөвлөн зохицуулах гэсэн суурь нөхцлийг тусгасан. Энэ заалтыг баримтлахын тулд Монгол Улсын аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдал үүссэн байх ёстой. Гэтэл тэрийг энэ заалтаараа тогтоогоогүй. Танай байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааны энэ хэсэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулаад байна. Тийм учраас та бүхэн үүнийгээ боль, зөвшөөрөгдсөн хэмжээнд явуул гэж ийм зөвлөн зохицуулах процесс явагдах ёстой. Тэгээд энэ үгийг нь авахгүй бол шаардлагатай гэж үзэх буюу хэрээс хэтэрсэн үйл ажиллагаанд авах арга хэмжээг авах буюу зогсоох эрхээ хэрэгжүүлнэ. Үүний дараа мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг баримталсан. Үүнд “Сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлах бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлөө цуцална. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргаж болно.” гэж заасан. Өмнө нь уншсан 4 дүгээр зүйлийн зохицуулалт энэ 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан зохицуулалтуудыг зэрэгцүүлж хараад анализ хийхэд үндэслэлээ харилцан үгүйсгэлцсэн, логикийн хувьд утга авцалдаагүй, яаж холбогдох вэ гэдэг асуулт тавигдана. Хэрэгт байгаа хариуцагчийн гаргасан тайлбараар “М.Е.Ш.Н”-ийн дүрэм нь Монгол Улсын хуульд харшилсан гэдэг. Ийм байр суурь байхгүй. Мөн сая шүүгчийн уншиж танилцуулсан тайлбар дээр 9 дүгээр зүйлийг яг хуулийн заалтаар нь бичээгүй байна. Тэгэхээр энэ үндэслэлээсээ хариуцагч буцаж байна уу гэж ойлголоо. Давтан хэлэхэд энэ 2 заалтыг харьцуулаад үзэхэд бие биенээ үгүйсгэсэн, хэзээ ч нэг жимээр явахгүй зохицуулалтууд байна гэдгийг тодруулж хэлье.

Гуравдугаарт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон. Гэхдээ энэ тогтоолын аль хэсгийг үндэслэл болгож байгаа вэ гэдгийг тухайлан иш татаагүй. Тогтоолыг бүхэлд нь үндэслэсэн. Энэ нь наанадаж алдаа, цаашилбал Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авч хэрэгт нотлох баримтаар өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрх 2005 оны 74 дүгээр тогтоол нь Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэдэг хариуг ирүүлсэн нь шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ тохиолдолд юу болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт ёсоор захиргааны хэм хэмжээний актыг хэзээ хүчин төгөлдөр болгох вэ гэхээр эхлээд батлаад, бүртгүүлээд, хэвлэн нийтэлнэ гэсэн тодорхой шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасан шаардлага хангагдаагүй учраас энэ тогтоолыг хэрэглэх учиргүй. Хэрэглэсэн тохиолдолд үүнийг хэн ч зүйрлэж хэлэхгүй. Энэ нь маш том бүдүүлэг алдаа болж бичигдэж үлдэх юм. Тийм учраас энэ тогтоолын хэрэглээ нь буруу. Тогтоолын хууль зүйн үндэслэл нь ийм байна. Одоо процессын талаар тайлбарлая.

Ямар процесс болоод энэ асуудлыг хэрхэн шийдсэн гэдэг талаар 2 дугаар хавтаст хэрэгт шүүхээс хийсэн үзлэгийн хүрээнд авсан хуралдааны тэмдэглэл байгаа. Үүнд н.Пүрэвхишиг гэдэг мэргэжилтэн юу гэж хэлсэн бэ гэхээр Тагнуулын ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж 2016 оны 12 дугаар сард шалгалтын ажил зохион байгуулсан гэж хэлээд хууль, дүрэм, журам зөрчсөн гэх 4 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах тухай тогтоолын төслийг танилцуулж, үүнийг шийдвэрлэж өгнө үү гэсэн утгатай зүйлийг хэлсэн. н.Сандуй дарга танилцуулгатай холбоотой асуулт асуух Тэргүүлэгч байхгүй байна. Шашны байгууллагуудын тусгай зөвшөөрлийг 1 жилээр сунгах уу гэж асуухад нь тийм гэж хариулаад тогтоол батлагдлаа гээд явсан байдаг. Тэгэхээр яаж зөрчигдсөн, тэр байгууллагаас ямар асуудлаар хүний эрхийг зөрчиж байгаа, бичээд байгаа зүйлүүд нь яасан юм бэ гэсэн зүйлүүд огт яригдаагүй. Тийм учраас энэ нь хэлэлцэж шийдвэрлэсэн процесс нь хүртэл ийм л байна. Нэгэнт бусдын хууль ёсны эрх ашигт халдах гэж байгаа бол асуудалд нухацтай хандах ёстой. Тэгсэн эсэх нь энэ тэмдэглэлээс шууд харагдана.

Европын хүний эрхийн шүүхээс гаргасан шийдвэр байгаа. Энэ нь томоор ярихад дэлхийн стандарт, багаар ярихад Европын стандарт юм. Дэлхийд энэ шашны байгууллагын үйл ажиллагаа нь хүн төрөлхтөнд ямар нэгэн саад тотгор учруулах зүйл байхгүй. Энэ нь хүний эрхийн асуудал, байх ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс манай улс яагаад гажаад, яагаад дургүйлхээд байгаа юм бэ гэдэг асуултын хариулт өнөөдөр тодорхойгүй үлдэх гэж байна. Түүх болон шинжлэх ухаан талаас харахад нэгийг нь аялалдан дагалддаг хүмүүс нөгөөд нь дургүй байдаг үзэгдэл байдаг. Ийм хандлага, үзэгдэл байдаг. Гэхдээ ийм зүйл болсон гэдэг талаар мэдэхгүй. Учир нь баримтаа өгөхгүй байгаа учраас тодорхойгүй байна. Гэхдээ хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөх ямар ч гарц бололцоо болохгүй. Энэ актыг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тавигддаг шаардлага, актанд тавигддаг шаардлагын үүднээс тайлбар хэлье. Захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх тухай зарчим байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан байдаг. Хуульд үндэслэх тухай гэдэг нь зүгээр нэг заалт биш. Яг бодит нөхцөл байдал, түүнд тохирсон хуулийн хэрэглээ байх ёстой. Гэтэл хуулийн заалтанд шинжилгээ хийхэд тэгж чадсан эсэх нь эргэлзээтэй. Мөн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Тэгэхээр бодит нөхцөл байдлыг бий болгоогүй, бий болоогүй нөхцөл байдлыг зохиомлоор гаргаж ирэх буюу ганцхан хүний фэйсбүүк дээрх зүйлийг иш татаад үүнийгээ зөвтгөөд тайлбар болгож байна гэдэг нь бодит нөхцөл байдалд үндэслэсэн гэж үзэхэд арга зүй, цаашилбал алхам алхамаар зөрөх асуудал нь энэ нөхцөл байдлыг үүсгэсэн.

Хяналт, шалгалтаа нууц гэж яриад айхтар үг хэллэг хэрэглээд байдаг. Тагнуул болон цагдаа нь шалгаад үзэж болох байх. Гэхдээ иргэн хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудал яригдаж байгаа бол судалгаа, шинжилгээ хийх буюу үйл ажиллагаанд нь орж үзээд, үйл ажиллагааг нь хэмжиж үзээд судалсан зүйл хийх хэрэгтэй. Энэ хүрээнд урьдчилан мэдэгдэх зарчмыг хангах буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зүйл хэрэгжсэн зүйл байхгүй. Эдгээр зарчмууд илэрхий зөрчигдсөн байна гэж үзэж байна.

Захиргааны актанд тавигдах шаардлага байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зохицуулагдсан. Уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлага нь тодорхой хангагдаагүй. Мөн манай төлөөлөгч J.W тайлбарлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлд заасан Олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хязгаарласан гэж тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрч тодотгохыг хүсэж байна. Ийм нөхцөл байдлууд байгаа. Тийм учраас ийм бүдүүлэг шийдвэрийг 21 дүгээр зууны хүний эрхийг дээдэлдэг, хууль тогтоомжийг сахидаг үед гаргаж байгаа нь гайхмаар үйлдэл байна. Ийм цаг үед хууль тогтоомжийг барилгүй, ийм илэрхий тодорхой зөрчсөн шийдвэр гаргана гэдэг нь тэр хүмүүсийг сонгодог, саналаа өгдөг олон иргэдийг үгүйсгэж байгаа хэрэг гэж ойлгож байна. Тийм учраас шүүгчийн зүгээс энэ асуудлыг авч үзэж, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх орчин, нөхцлийг аль алийг нь үгүй болгож байгаа энэ нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

 Гуравдагч этгээд С.Г шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:  “...Миний хувьд өмнө нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс байх үед шашингүй үзэлтэй, социализмд баригдсан тэр үед хүмүүжсэн. Миний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр Библитэй танилцаад 1996 оноос эхлээд Е гэрчүүдтэй танилцаад миний амьдралд 20 жилийн хугацаанд маш сайн нөлөө үзүүлсэн. Би одоо ардчилсан улсад амьдарч байна гэж ойлгодог. Үндсэн хуулиар надад шашин шүтэх эрх олгосон гэж ойлгодог. Тийм учраас чөлөөтэй шүтмээр байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бид нарын үйл ажиллагааг хааснаар шүтэх боломжоо алдана гэж ойлгож байна. Үндсэн хуультай Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орон байхад яагаад эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг асуулт гарч байна.

Мөн манай байгууллагын тухай янз бүрийн үзэл бодлууд энд тэнд яригдаж байдаг. Өөр улс оронд байгаа Е гэрчүүдийн талаар буруутгасан зүйлүүд их гарч байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар ямар ч шашин өөрийгөө зөв гэж үздэг. Манай Монголд байгаа шашинг ч би буруутгадаггүй. Гэхдээ өөр шашныг буруу номтон гэж ярьдаг. Бүх шашин өөрийгөө зөв гэж үздэг. Библийн мэдээгээр удахгүй дэлхий дээр өөрчлөлт гарна гэж бид нар хэлж байгаа юм биш, Библи хэлдэг. Энэ бол ариун судар, эртний ном учраас сударт байгаа зүйлсийг эрхэмлэдэг. Жишээ нь, шарын шашинтай хүмүүс ганжуур, данжуур гээд уншиж байдаг. Үүнд байгаа мэдээллийг үнэн зөв гэж үздэг шиг би Библийг эртний судар гэж үзээд итгэдэг. Манай байгууллагын үйл ажиллагааг хаах юм бол миний эрх хаагдаж, би чөлөөтэй шүтэх боломжгүй болно. Цуглаангүй бол би гэртээ суугаад, хамт олонгүй болно. 1999 онд энэ байгууллагыг бүртгүүлэхэд би өөрөө санаачилж явж байсан. Бүртгүүлэхэд миний нэр дээр гэрчилгээ гарч байсан. Тухайн үед энд байгаа залуучууд байгаагүй. Ийм сайхан хамт олонтой болчихоод одоо хамт олонгүй болно гэхээр надад харамсалтай байна. Тийм учраас миний эрхийг хамгаалж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

Гуравдагч этгээд Г.Г шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Би анх 2000 онд Швед улсад ажиллаж, амьдарч байгаад Е гэрчүүдтэй танилцсан. Тэр үед би үйлдвэрт ажилдаг байсан. Бид нар их нийлдэг, архиддаг, олон жил тамхи татсан тийм л хүн байсан. Амьдралын төлөө гадаад уруу явж байсан. Тэгээд энэ хүмүүстэй тааралдаад ийм хүмүүс байдаг юм байх гээд гайхсан. Чуулган дээр 5000-6000 хүн цугласан байхад нэг ч тамхины утаа байхгүй, нэг ч архи уусан хүн байхгүй байсан. Би тэр үед 20 жил тамхи татсан байсан. Тэгээд Библийг судлаад зөв юм байна гэдэгт итгэсэн учраас энэ замаар явсан. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг Е гэрчүүд надад халдсан зүйл болоогүй. Би өөрөө хүссэн учраас сонсоод гэрч болсон. Би хүссэн хүнд нь Библийн тухай ярьж өгдөг. Хүсээгүй байхад нь тулгаж, албан шахалтаар ярьж явдаггүй.

Мөн дээд боловсролын талаар манай байгууллагаас дээд боловсролтой байх ёсгүй гэж ярьдаг гэж байна. Би 2 дээд сургууль төгссөн дээд боловсролтой. Надаас гадна дээд боловсролтой хүн олон байгаа. Тэгэхээр ялгаварлан гадуурхах тал дээр яриад байна гэж ойлгож байгаа. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор надад яаж нөлөөлөх вэ гэвэл эвлэлдэн цуглах буюу цулаанаар дамжуулж ном, хэвлэлээс авдаг мэдээлэл болон зааварчилгааг байхгүй болох юм бол хамт цуглах, хамт сэтгүүлээ авах боломжгүй болно. Тийм учраас миний эрхийг хамгаалж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.У шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“.. Би анх ахлах сургуульд байхаас эхэлж Библийг судлаад 10 гаруй жил болсон. Библийн үнэнийг мэдсэнээр миний амьдралд үнэхээр их тус болсон. Е гэрчүүд нь миний мэдэхээр үнэхээр сайн хүмүүс гэж боддог. Гэр бүл, залуучуудын талаар ухаалаг зөвлөгөөг авсан. Е гэрчүүд бие биенээ чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс. Бусдыг хайрладаг, хүндэлдэг учраас би бусдыг хүндэтгэдэг болсон. Бусад залуус бусдыг хүндэлдэг хү болох, сайн хүн болоосой гэсэн чин хүсэлтэй байдаг учраас бусдад сайн мэдээг хүргэе гэсэн чин сэтгэлтэй байдаг. Өмнө нь миний амьдралд тус болж байсан зүйлүүд маань чөлөөтэй биш хориотой болох учраас энэ талаар санаа зовж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Тус шүүх 2017 оны 2 сарын 17-ны өдрийн 1357 дугаар шүүгчийн захирамжаар  “М.Е.Ш.Н” шашны байгууллагын нэхэмжлэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бол 2017 оны 5 сарын 1-ний өдрийн 2960 дугаар шүүгчийн захирамжаар  иргэн А.Б, В.Б, О.Э нарын нэхэмжлэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Улмаар тус тус захиргааны хэргүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 3924 дүгээр шүүгчийн захирамжаар  нэгтгэснээр хянан шийдвэрлэх нэг ажиллагаа явагдсан болно.

Дээрх хэргүүдийн нэхэмжлэлийн шаардлага нь:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 сарын 12-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 16 дугаар тогтоолын М.Е.Ш.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

2. М.Е.Ш.Нийн үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах хэмээн ижил агуулгатай байсан бөгөөд нэгтгэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж, хасагдаж өөрчлөгдөөгүй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдүүдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар бичгийн бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн асуудлыг мөн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь “бидний болон олон мянган итгэгч нарын үндсэн эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн  Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж бидэнд мэдэгдэж сонсгохгүйгээр, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, түүнчлэн хуулинд заасан үндэслэл бий болоогүй байхад манай шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус” гэж маргаж буй бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн зүгээс “маргаан бүхий захиргааны акт нь биднээс салгаж, хагацааж үл болох үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж, холбогдох хууль тогтоомжид заасан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна” хэмээн маргажээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь “Е гэрчүүд шашны байгууллагын үйл ажиллагаа нь Төр, сүм хийдийн харилцааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд харшлахаас гадна уг шашны байгууллагын номлол, зааварчилгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчдөг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нар нь “М.Е.Ш.Н” оноосон нэртэй, өөрийн дүрэмтэй , Есүс христийн сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх бүхий эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй хуулийн этгээд бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ  авсан шашны байгууллага, түүнчлэн уг шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, цуглаан зэрэгт өөрийн итгэл үнэмшлээр явдаг иргэд аж.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 1 сарын 12-ны өдөр хуралдаж, маргаан бүхий захиргааны акт  болох “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” нэг хавсралт бүхий 16 дугаар тогтоолыг баталжээ. 

Маргаан бүхий дээрх тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 9 дүгээр зүйлийн 9.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор баталсан журмыг тус тус үндэслэж, хууль хяналтын байгууллагаас  ирүүлсэн саналын дагуу Монгол Улсын аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй шашны номлол явуулж байгаа гэж үзэж, нэхэмжлэгч М.Е.Ш.Н шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалж, ийнхүү зөвшөөрөл цуцлагдсан талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгаж гарчээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх асуудлуудыг заасан ба  20.1.10-т: “олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага сүм хийдтэй харилцах, мөн хуулийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах тухай байна. Тус хуулийн маргаан бүхий актад үндэслэсэн зохицуулалтаас харахад тухайн шатны Хурлын бүрэн эрхийг ерөнхий байдлаар зааж, олон нийтээс, иргэд хамтаараа үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж санаачлан байгуулж байгаа төрийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн өөрийн нутаг дэвсгэр оршин байрладаг сүм, хийдүүд, төрийн бус байгууллагатай холбоо харилцаатай байх тухай, хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэсэн асуудлаар холбогдох захиргааны акт гаргах тухай байна. Харин маргаан бүхий асуудлыг шууд нарийвчлан зохицуулсан заалт биш байна.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 гэх заалт байхгүй ба харин мөн зүйлийн 4-д: “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.5 гэх заалт байхгүй ба харин уг зүйлийн 5-д: “сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлах бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлөө цуцална. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргаж болно” гэж зохицуулжээ.

Тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон баримт юу болох, хариуцагчийн хувьд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан татгалзлын үндэслэлүүдийг ямар баримтанд үндэслэж тогтоосон талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэхийг шаардаж, тус шүүхийн 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 1/8074 дугаартай албан бичиг , 2017 оны 6 сарын 6-ны өдрийн 1/8240 дугаартай албан бичиг , 2017 оны 7 сарын 17-ны өдрийн 1/9096 дугаартай албан бичгийг  тус тус хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн байна. Гэвч захиргааны байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар шүүхийн шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймээс  нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд шүүх өөрийн санаачилгаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага дээр бичиг баримтын үзлэгийн ажиллагааг  хийсэн бөгөөд үзлэгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, үндэслэл болгосон журам авагдсанаас өөрөөр маргааны үйл баримтыг тогтоосон баримт байхгүй байсан болно.

Аливаа шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлах тухай асуудал нь буюу бүрэн эрх нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар хадгалагдаж хэрэгждэг байна. Гэхдээ уг байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5-д зааснаар захиргааны байгууллага болохынхоо хувьд хуульд захирагдах, шударга ёсны, тэгш байдлын гэхчлэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг баримтлан ажиллахаас гадна тухайлсан зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг баримталж, шийдвэр гаргахдаа анхаарах шаардлагатай байна. 

Маргаан бүхий асуудлаар хариуцагч нь дээрх хуульд заасан зарчмууд болох тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг баримтлаагүй буруутай байна гэж шүүх үзлээ. 

Яагаад гэвэл, нэхэмжлэгч болох М.Е.Ш.Н шашны байгууллагын дүрэмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй ба тухайлбал, уг шашны байгууллагын дүрэмд эсхүл дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь “Монгол Улсын хууль тогтоомжид харшлах” гэсэн нөхцөл байхгүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэсэн нь захиргааны байгууллага хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд үндэслэх талаарх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байна. 

Түүнчлэн маргаан бүхий актад үндэслэсэн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй” гэх заалтын хувьд, нэхэмжлэгч шашны байгууллагын ямар үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл үүссэн гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй, хариуцагч байгууллагад удаа дараа нотлох үүргийг хүлээлгэхэд нотолж чадахгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 4 сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 74 дүгээр тогтоолын хавсралтаар  “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан байх ба уг журмыг бүхэлд нь маргаан бүхий актад үндэслэжээ.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Нийслэл хотод хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийн дагуу сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгахад мөрдлөг болгох зорилгоор батлагдсан дээрх журмын 6 дугаар зүйлээр “шийдвэрийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох” асуудлыг зохицуулсан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уг журмыг бүхэлд нь үндэслэсэн, холбогдох заалтыг баримтлаагүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, ингэснээрээ шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Харин уг журмын 5 дугаар зүйлийн 5.4-д “Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа явуулсан нь батлагдвал тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэж зохицуулсан ба энэ заалтыг маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актыг гарахад шууд нөлөөлсөн эсхүл батлагдсан ямар баримт байгаа талаар шалгаж, нотлох баримт цуглуулахад Тагнуулын Ерөнхий газрын Нийслэл дэх тагнуулын газраас М.Е.Ш.Н шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн, тухайн газар мэдэж байгаа хэмээн “нууц”-ын зэрэглэлтэй баримтыг шүүхэд ирүүлснийг шүүх хуралдааны явцад хэсэгчлэн хаалттайгаар нотлох баримтыг шинжлэн судалж, шүүх уг баримт нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааг шууд буруутгасан, холбогдох хууль зөрчсөнийг шууд тогтоосон баримт биш байна, түүнчлэн үндэслэлтэй, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй нотлох баримт байна гэж үзсэн болно.

Маргааны үйл баримт болон нэхэмжлэгч нар тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн “М.Е.Ш.Н шашны байгууллага нь 200 гаруй гишүүнтэй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, шашны цуглаан явуулж, Библид үндэслэсэн ном хэвлэл эрхлэн гаргадаг гэтэл манай байгууллагын зөвшөөрлийг нь цуцалсан учраас хуулиар олгосон шашин шүтэх эрхээ эдэлж чадахгүй, хурал цуглаанд очиж чадахгүй, ном сэтгүүлээ авч чадахгүй байдалд хүрч бидний Үндсэн хуульд заасан үндсэн эрх, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг үгүй болгож, түүнчлэн түүнийг хэрэгжүүлэх орчин, нөхцлийг үгүй болгож байгаа” гэх тайлбар нь үндэслэлтэй, уг тайлбарыг шууд үгүйсгэх нотлох баримт байхгүй, энэ талаар хариуцагч захиргааны байгууллага гаргаагүй, зөвхөн “болзошгүй” гэсэн үндэслэлээр захиргааны акт гаргаж байгаа нь шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон гэх захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгч нарын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 15-д заасан “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй”, 16-д заасан “итгэл үнэмшилтэй байх...” үндсэн эрхийг зөрчсөн буюу шашин шүтэх, эс шүтэх, номлох эрх чөлөөг чөлөөтэй эдэлж энэ талаарх үйл ажиллагаа явуулахдаа хууль тогтоомж зөрчиж энэ нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хязгаарлах эсхүл хариуцагчийн тайлбарт дурдсанчлан үндэсний аюулгүй байдал, бусад иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс хязгаарлаж үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэр гаргахаар байхад таамаглал байдлаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж шүүх үзлээ.

Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д: “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасны дагуу хэрэглэнэ”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын  18 дугаар зүйлийн 1-д “ Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийн нэг болсныг тэмдэглэж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь “хүний эрх, эрх чөлөөнд халдсан номлол, үйл ажиллагаа, нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, ёс суртахуунд үндэсний эв нэгдэл сөргөөр нөлөөлөх номлол, үйл ажиллагаа, Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд харшлах номлол үйл ажиллагаа, шашин сурталчлах арга, ажиллагаа” гэсэн дөрвөн агуулгаар маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлээ тайлбарлаж, улмаар Монгол дахь Е гэрчүүдийн нийгэмлэг шашны урсгал нь манай улсад цаашид дэлгэрэхийн хэрээр нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, гэр бүлийн харилцаа, ёс суртахуун төдийгүй улмаар үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авсан” гэж тайлбарласныг шүүхээс шууд нотолсон баримт байхгүй, захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байтал хариуцагчаас захиргааны актыг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож баримт цуглуулаагүйг тэмдэглэж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг тус тус үл хангаж гарсан, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын  18 дугаар зүйлийн 3-д: “шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөөг зөвхөн хуулиар тогтоосон болон нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно” гэснийг түүнчлэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д: “аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна”, 2-д: “иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д: “сүм хийдийн үйл ажиллагааг дараах үндэслэлээр зогсооно, мөн зүйлийн 1-ийн 1-д: “тухайн сүм хийд өөрөө үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн”, 1-ийн 2-д: “Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн” гэсэн хуулийн заалтыг зөрчиж гаргасан байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, хуулиар тогтоохдоо “хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон” гэсэн нөхцөлийг зааж хуульчилсан байхад нэхэмжлэгч М.Е.Ш.Н хэмээх шашны байгууллага хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй байхад түүний үйл ажиллагааг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хамгийн гол нь хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан нөхцөлүүд тогтоогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэл гаргагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөнд халдахдаа хуульд заасны дагуу бүрэн дүүрэн буруутай гэдгийг тогтоож чадаагүй, нэхэмжлэгч шашны байгууллагын итгэгч гишүүдээс хэдэн эх орныхоо төлөө цэргийн алба хаагаагүй, нийгмийг цочроож айдаст автуулсан ямар мэдээ тарааж хүмүүсийг хууран мэхэлсэн, үүнд ямар ямар баримтууд хамаарч байгаа, жирийн иргэд болон хэчнээн хүүхдүүдийг өдөөн турхирч шашиндаа оруулсан, буруу сурталчилгаа явуулсан гэдгийг хангалттай нотолсон баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй байна үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Европын Хүний Эрхийн шүүхийн шийдвэр , Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлтүүд , М.В. Л нэрэмжит Москвагийн Их сургуулийн Социологийн факультетын социологи, гэр бүлийн хүн ам зүйн тэнхимийн “Москвагийн Е гэрчүүдийн бүлэгт хийсэн социологийн судалгааны үр дүнгийн талаарх Эрдэм шинжилгээний дүгнэлт  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүх шийдвэр гаргахдаа шууд эх сурвалж болгон, нотлох баримтаар үнэлсэнгүй. Учир нь дотоодын хууль тогтоомж, Монгол Улсаас нэгдэн орсон олон улсын хэм хэмжээг хэрэглэхдээ шийдвэрийн үндэслэл болсон хуулиудын бүрдэл болон гарсан хуулиудыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэх бүрэн боломжтой байлаа.

Шүүхээс маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг мөн хангаж нэхэмжлэгч М.Е.Ш.Н шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Монгол дахь Е гэрчүүд шашны байгууллагын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н би итгэмжлэлээсээ татгалзаж байна” гэх агуулга бүхий татгалзлыг бичгээр гаргасан тул түүнийг шүүх хуралдааны танхимаас гарахыг зөвшөөрч, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байгааг, хэргийн хугацаа дууссан байгааг харгалзан хариуцагч байгууллагын төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба төлөх хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, хураамжийн төлбөрийг хэнд хэрхэн ямар хэмжээгээр хуваарилахыг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан байдаг. Уг хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна”, 47.1-д: “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус тусдаа нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн байсан ба хэрэг нэгтгэгдсэнээр нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэл гаргагч нараас илүү төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн холбогдох данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 20 дугаар зүйлийн 20.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 3, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 1-ийн 2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е.Ш.Н шашны байгууллага, нэхэмжлэгч А.Б, В.Б, О.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 сарын 12-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 16 дугаар тогтоолын М.Е.Ш.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Е.Ш.Н шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахыг хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Улаанбаатар хотын банк 261184132 тоот дансаас 70200 төгрөг, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 70200 төгрөг тус тус гаргуулан нийт 140400 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 4696 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.Б