Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1619

 

                                                    

 

 

 

 

 

 

 

Х.Тунгалагын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05437 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Тунгалагын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ч.Наранбаатарт холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 541 200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Тунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9-23 тоот хаягт байх өөрийн эзэмшлийн орон сууцыг Ч.Наранбаатарын хүсэлтийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ныг дуустал, 3 сарын хугацаагаар, сарын  450 000 төгрөг, 3 сараар төлөхөд 1 300 000 төгрөг байхаар тохиролцож, эхний 3 сарын төлбөрийг төлүүлж хөлслүүлсэн. Түрээсийн төлбөр урьдчилан төлсөн хугацаа дуусахад Ч.Наранбаатар төлбөрийг даруй хийн хугацаагаа сунгах тухай хүсэлт тавин зовлон шалтгаан тоочин аргацаасаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл түрээслэн суусан боловч 2016 оны 4 дүгээр сарын 22-нд байрыг хүлээлцэлгүй зугтан нүүж гарсан. Түрээсийн төлбөр болон 2016 оны 3 болон 4 дүгээр саруудад ашигласан ашиглалтын зардлуудаа төлөлгүй хохирол учруулсан. Иймд Ч.Наранбаатараас орон сууцны түрээс болон ашиглалтын төлбөр нийт 541 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зарын дагуу Х.Тунгалагтай холбогдож 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3 сарын түрээсийн төлбөрт 1 300 000 төгрөг төлж, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9-23 тоотод байрлах орон сууцыг хөлсөлсөн. Уг орон сууцанд урд хөлсөлж байсан айл сэрүүхэн байдаг гэсэн тул би нялх хүүхэдтэй мөнгөө буцаан авч хөлсөлөхөө болье гэхэд мөнгийг чинь үрчихсэн төлөх боломжгүй гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би уг байранд нүүж орсон. Гэтэл он гараад байр маш хүйтэн болж 2 ойтой, 2 ихэр хүү маань хоолой нь өвдөж, халуураад байсан тул Х.Тунгалагтай ярьж байрнаас гарах гэхэд мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн. Ингээд 2016 оны 3 сарын сүүлээр Х.Тунгалагтай ярьж үргэлжлүүлэн хөлслөх боломжгүй тухайгаа хэлэхэд тэрээр дараагийн айл ортол амьдарч байгаад  мөнгөө өгөөд гар гэж хэлсэн. Тэгж байснаа 4 дүгээр сарын 20-д манайхыг хурдан гар гэсэн. Тэр үед манай эхнэр дутуу тээлттэйн улмаас эргэж эмнэлэгт хэвтсэн байсан. Би 4 дүгээр сарын 22-ны өдөр байрны жижүүр Сувдаа эгчид түлхүүрийг нь өгөөд явсан.  Би 100 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд барьцаалсан. Х.Тунгалагын нэхэмжлэл үндэслэлгүй. Би мөнгө өгье ч гэсэн огт мөнгөгүй, ажилгүй, нялх хүүхэдтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Ч.Наранбаатараас 427 131,43 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114 068,57 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1,   44  дүгээр  зүйлийн  44.1.1-д  заасныг  баримтлан  хариуцагч Ч.Наранбаатараас   13 464   төгрөг, Баянзүрх дүүргийн татварын   хэлтсийн 2609006167 тоот данснаас илүү төлсөн 14 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тунгалагт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ч.Наранбаатараас түүнтэй байгуулсан түрээсийн гэрээнийхээ дагуу холбогдох төлбөрүүдийг нэхэмжилж 2016 оны 5 дугаар сарын 05-нд анх нэхэмжлэл гаргасан. Өдийг хүртэл асуудлыг бодитой шийдүүлж чадаагүй, өөрөөс хамаарахгүй шалтгаанаар чирэгдэж байгаагаа хэлье. Шүүхийн шийдвэрлэсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Шүүгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хассан төлбөр нь хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний зүйл заалтуудын дагуу түрээслэгчид үлдээхээр маш тодорхой зохицуулагдсан байгаа боловч шүүгч гэрээний зүйл заалтуудыг судлаагүй нэхэмжлэлийн дүнгээс хасч шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Энэхүү гомдол нь мөнгөн дүнгээсээ илүү шудрага бус шүүлт, шүүгчийн мэргэжлийн ур чадварын дутагдалтай талууд болон маш удаан хугацаанд чирэгдүүлсэн зардал чирэгдэлд чиглэгдсэн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Х.Тунгалаг нь хариуцагч Ч.Наранбаатарт холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 541 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х.Тунгалаг нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байр, 23 тоотод байрлах, өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлэх, хариуцагч Ч.Наранбаатар нь сарын 450 000 төгрөгийн хөлс төлөх, төлбөрийг 3 сараар тооцоход 1 300 000 төгрөг төлөх, хөлсөлсөн хугацааны ашиглалтын зардлыг төлөх, барьцаанд 100 000 төгрөг байршуулахаар харилцан тохиролцжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн болно. /хх-ийн 5 дугаар тал/

 

            Хариуцагч Ч.Наранбаатар нь 3 сарын хөлс 1 300 000 төгрөг болон барьцаа 100 000 төгрөг төлсөн, гэрээний хугацааг сунгаж 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

             Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, хариуцагч Ч.Наранбаатараас гэрээний хугацаа дууссанаас хойших 26 хоногийн хөлс 390 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талуудын хоорондын орон сууц хөлслүүлэх тухай гэрээний 4.1-д түрээслэгч нь орон сууцны ашиглалттай холбоотой бүх зардлуудыг төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх 2016 оны 3, 4 дүгээр сарын ашиглалтын зардалд нийт 137 131  төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7-д заасантай нийцсэн байх боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байна.

 

            Хэдийгээр талууд гэрээний 1.6-д зааснаар 100 000 төгрөгийн барьцаа өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсаны нотолгоо болгон, гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор  нэг талын төлсөн  дэнчин гэж үзнэ.  Дэнчин тавьсан этгээд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээний нөгөө талд хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг төлүүлэхэд дэнчинг оролцуулан тооцохоор заажээ.

 

            Хариуцагч Ч.Наранбаатар нь гэрээний дагуу хөлс төлөх үүргээ зөрчиж 527 131 төгрөгийг төлөөгүй нь баримтаар тогтоогдсон  байх тул анхан шатны шүүх түүний дэнчинд өгсөн 100 000 төгрөгийг  гүйцэтгээгүй үүрэгт тооцож, хариуцагчаас  үлдэх 427 131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч Х.Тунгалаг нь дэнчин 100 000 төгрөгийг хариуцагч Ч.Наранбаатарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцож суутгасан нь буруу, хариуцагч нь орон сууцанд эвдрэл гэмтэл учруулсан тул гэрээний 4.2-т зааснаар дэнчин 100 000 төгрөгийг хохиролд тооцож авна гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Хариуцагч Ч.Наранбаатарын буруутай үйлдлээс шалтгаалж орон сууцанд хохирол учирсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын  “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 …” гэсний дараа “289 дүгээр зүйлийн 289.1.7” гэж нэмж,

2 дахь заалтын “… 56 дугаар зүйлийн 56.1 …” гэснийг “56.2” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ