Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1707

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: Н.Гэрэлмаа

           шүүгдэгчийн  өмгөөлөгч: Н.Г

           шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Т овогт Н М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906045561882  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Н М, 19  оны 5 дугаар  сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, дохионы хэлний орчуулагч  мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 5, ээж, 2 дүү,нэг хүүхдийн  нарын хамт Баянзүрх  дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-эхийн  10 дугаар гудамжны 1955  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          Холбогдсон хэргийн талаар:

         Н.М нь Баянзүрх  дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-эхийн  10 дугаар гудамжны 1955  тоотод 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр таарамжгүй харьцааны улмаас П.М маргалдан түүний үсийг зулгааж нүүрэнд нь нэг удаа гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 30-ний  өдөр 13-14 цагийн үед ээжийн гэр буюу хашаанд байдаг гэрт хүмүүс архидаад маргалдаад байхаар нь ээжийгээ авч гарах гэж хэлсэн юм. Би гэрт ороод та гэртээ орооч гэж хэлсэн. Тэгэхэд М намайг энэ ямар учиртай хүн юм бэ гэж асуусан. Манай ээж намайг тэнд байсан хүмүүст сэтгэцийн өвчтэй гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг сэтгэцийн өвчтэй гэж бодоод намайг зайл гэсэн. Тэгээд би гэртээ байна. Та нар зайл гэж хэлсэн. М миний гэдэс рүү өшиглөсөн. Мөнхчимэгийн нөхөр Бямбадорж намайг зөндөө удаа цохисон. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хэлсэн юм.  Тухайн үед дуудлагаар хоёр цагдаа ирсэн. Би цагдаа дагуулаад М дээр ирэхэд миний олон хүүхдийг чи тэжээх юм уу гээд дайраад байхаар нь нүүр хэсэг рүү нь гараараа түлхсэн юм. Тэрнээс би санаатай цохиж зодоогүй гэв.

          Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 30-ны 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 10-1955 тоотод гэртээ байж байгаад илүү гэрт ээж үл таних хүмүүстэй архи уугаад байхаар нь гэрт оруулаад халуун хоол цай   идүүлэх гээд дуудтал ээж үгүй гээд өмнөөс агсраад байсан. Гэтэл хамт архи ууж байсан Ч гэх эмэгтэй намайг чи хэн бэ гээд байсан чинь ээж энэ миний том охин байгаа юм гэж хэлээд намайг хөөгөөд байсан. Ч гэдэг хүүхэн нь мөн намайг гар зайл гээд байхаар нь би та нарын архи уудаг гэр биш гэж хэлсэн. Гэтэл хар овоохойгоо харамлаад байгаа юм уу гээд юм хэлэхээр ойлгохгүй байсан. Тэгж байтал баруун талын орон дээр нэг эрэгтэй хүн унтаж байснаа гэнэт босож ирээд май хошного минь гээд салаавч гаргаад чи манай эхнэртэй яагаад яриад байгаа юм  гээд намайг цохих гэсэн. Тэгэхээр нь би өмнөөс нь усны гутал аваад шидчихсэн чинь Б гээд ах босож ирээд тэр залууг салгаад автал Ч гэх эмэгтэй над руу дайраад байсан. Тэгээд тэнд зодоон болсон. Ч гэх эмэгтэй чи манай нөхрийн нүүрийг маажлаа гээд дайраад үснээс татаад байхаар нь би зөрүүлээд үснээс нь татсан. Тэгээд нэг эгч ирээд бид хоёрыг салгахаар нь би шууд цагдаа дуудсан. Тухайн үед тэнд байсан бүх хүн архи уусан байсан. Би архи уугаагүй эрүүл байсан гэжээ. /хх-ийн 9/             

         Хохирогч П.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15.30 цагийн орчимд гэрийнхээ хажуу талд байрлах улаан өнгөтэй хүнсний дэлгүүрийн урд талд манай гэрийн урд талын хашаанд байрлах айлын танил эгч болох Ч таарсан. Ч эгч хоёулаа манайд очий гэхээр нь зөвшөөрөөд тэднийх рүү явж байтал танил болох Б, А хоёртой таарсан. Тэгээд бид 4 Ч эгчийх рүү явсан. Бид дөрвийн араас М буюу манай нөхөр болох Б, З хоёр хамт ирсэн. Ч эгчийн хашаанд ороод тэдний гэрийн ард байдаг илүү гэрт орцгоосон. Тэнд ороод бид нар архи ууцгаасан. Тэгээд байж байтал Ч эгчийн охин болох нэг эмэгтэй орж ирээд ээжийгээ гэртээ ор гэхээр нь би уучлаарай миний дүү гэтэл тэр эмэгтэй чам шиг гичийтэй харьцаагүй байна, ээжтэйгээ юм ярьж байна гэсэн тэгэхээр нь би бид нар одоо гарлаа гэтэл нөгөө хүүхэн намайг шууд үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Гэтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан чинь Ч эгчийн охин нь миний нүүрийг маажаад уруул руу цохиж уруулын дотор талыг сэтэлсэн. Тэгээд бид нар хашааны нөгөө талын хаалгаар гараад явж байтал цагдаа ирсэн гэжээ.  /хх-н 8-14/        

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19-20/  

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9369 тоот дүгнэлт:

1.П.М биед нүүрэнд зулгаралт, уруулын салстад шарх, цээж, эгэмний түвшинд цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Уруулын шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 21/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22-23/

          Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр М хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлд байж байхад манай эхнэр түрүүлээд гарсан. Би хэсэг хугацааны дараа гарч ирээд эхнэрийнхээ араас Ч гэх эмэгтэйн гэрт очсон. Намайг тэр айлд ороход гэрт А, Б гэх хоёр хүн мөн Ч болон манай эхнэр нар хамт архи уугаад байж байсан. Би гэрт ороод архинаас нь ууж амжаагүй байж байтал Ч гэх эмэгтэйн охин гэх хүн гаднаас орж ирээд ээждээ хандаж та одоо олон өдөр архи уулаа гэж загнасан. Гэтэл манай эхнэр нөгөө охинд хандаад за бид нар одоохон гарлаа гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн гичий минь чамд хамаагүй шүү гээд дайраад байсан. Тэр охин манай эхнэрийг орон дээр унагааж байгаад үсдээд дараад зодоод байсан. Гэтэл ээж нь болиоч чиний буруу ш дээ гээд охиндоо хэлсэн боловч тоохгүй байсан. Манай эхнэр архи уучихсан байсан болохоор юм хэлээд ч үгэнд орохгүй байсан тэгэхээр нь би орхиод гараад явчихсан. Маргааш нь манай эхнэр эрүүлжүүлхээс ирж ав гэхээр нь би очиж авсан. Манай эхнэрийн цээж хэсэгт хөхөрсөн, уруул нь язарсан, маажуулсан байдалтай байсан гэжээ. /хх-н 23/

          Н.М  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/,

          Н.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 30/, прокурорын тогтоол /хх-н 31-32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-36/

        Н.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38-39/ зэрэг болно.

          Н.М нь Баянзүрх  дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-эхийн  10 дугаар гудамжны   тоотод 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ээжийг илүү гэртээ хүмүүстэй архи уугаад байхаар нь орж хоол цай ид уу гэж хэлэх гэж ороод П.М маргалдаж улмаар харилцан зодолдсоноос  түүний үсийг зулгааж нүүрэнд нь нэг удаа гараараа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч П.М   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ч эгчийн охин болох нэг эмэгтэй орж ирээд ээжийгээ гэртээ ор гэхээр нь би уучлаарай миний дүү гэтэл тэр эмэгтэй чам шиг гичийтэй харьцаагүй байна, ээжтэйгээ юм ярьж байна гэсэн тэгэхээр нь би бид нар одоо гарлаа гэтэл нөгөө хүүхэн намайг шууд үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Гэтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан чинь Ч эгчийн охин нь миний нүүрийг маажаад уруул руу цохиж уруулын дотор талыг сэтэлсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 8-14/        

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9369 тоот дүгнэлтээр П.М биед нүүрэнд зулгаралт, уруулын салстад шарх, цээж, эгэмний түвшинд цус хуралт, зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уруулын шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 21/

          Гэрч Д.Бя  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ч гэх эмэгтэйн охин гэх хүн гаднаас орж ирээд ээждээ хандаж та одоо олон өдөр архи уулаа гэж загнасан. Гэтэл манай эхнэр нөгөө охинд хандаад за бид нар одоохон гарлаа гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн гичий минь чамд хамаагүй шүү гээд дайраад байсан. Тэр охин манай эхнэрийг орон дээр унагааж байгаад үсдээд дараад зодоод байсан. Гэтэл ээж нь болиоч чиний буруу ш дээ гээд охиндоо хэлсэн боловч тоохгүй байсан. ...Манай эхнэрийн цээж хэсэгт хөхөрсөн, уруул нь язарсан, маажуулсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 23/

     Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... М миний гэдэс рүү өшиглөсөн. М нөхөр Б намайг зөндөө удаа цохисон. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хэлсэн юм.  Тухайн үед дуудлагаар хоёр цагдаа ирсэн. Би цагдаа дагуулаад М дээр ирэхэд миний олон хүүхдийг чи тэжээх юм уу гээд дайраад байхаар нь нүүр хэсэг рүү нь гараараа түлхсэн юм. Тэрнээс би санаатай цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг  зэрэг болно.

          Н.М нь өөрийн ээжийг П.М илүү гэртээ архи уугаад байж байхад нь ээжийгээ авч гэр лүүгээ ор хоол цай идэж уу гэсэн шаардлага тавихад нь П.М дундуур нь орж маргаан үүсгэсэн асуудлаас болж харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд Н.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Хохирогч П.М нь нэхэмжлэл гаргаагүй байх тул Н.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас  Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх Н.М ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон  түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг  харгалзан  тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ялаар  шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Т овогт Н М   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Н.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000  төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар              Н.М нь торгох ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                        

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь шүүхийн тогтоосон хугацаанд   торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын  15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

         5.Н.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.М бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

        8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН