Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01298

 

 

 

 

 

     

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02864 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* ХК нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК, ******* ХК нарын хооронд 2021.10.19-ний өдөр байгуулсан *******дугаар барьцааны гэрээний ******* дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамжны *******тоот хаягтай ******* талбайтай орон сууцнаас ******* давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* нь ******* ХХК-тай 2019 онд байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт тус компанийн барьж буй ******* орон сууцны ******* давхрын ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг захиалж төлбөрийг бүрэн төлсөн. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаар шийдвэрээр *******ыг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоосны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахдаа ******* ХХК нь ******* ХК-нд ******* орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсныг мэдсэн. Орон сууц захиалагч нарт мэдэгдэхгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ******* ХК нь ******* ХХК-д зээл олгож, барьцааны гэрээ байгуулахдаа тухайн барьцаа хөрөнгийг бусдад худалдсан эсэх, орон сууц захиалагч нарын мэдээллийг судалж шалгаагүй, олгосон зээлийн зарцуулалтад хяналт хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

 

2.Хариуцагч ******* ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь 2021.10.19-ний өдөр манай банкнаас 2,900,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ******* хороо, *******ын *******, ******* айлын *******-1 төслийн орон сууцны барилгын зориулалтаар зээлж, тухайн хаягт байршилтай ******* талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга болон газрыг барьцаалсан. Ийнхүү барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй, ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлага байгаагүй тул хуульд нийцүүлэн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг барьцаа хөрөнгийн тодорхой хэсгийн өмчлөгчөөр тогтоосон нь барьцаалагч буюу ******* ХК-ийн хууль ёсны эрхийг хөндөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэлийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж, ******* ХК зөвшөөрсөн тохиолдолд бид татгалзах зүйлгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* ХК нарт холбогдох ******* ХХК, ******* ХК нарын хооронд байгуулагдсан 2021.10.19-ний өдрийн *******дугаар барьцааны гэрээний ******* дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамж, *******тоот хаягтай ******* талбай бүхий орон сууцнаас ******* давхар, ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч *******д хэргийн материал танилцуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлан өгөөгүй, түүнд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж холбогдох баримтыг хөтлүүлээгүй байна. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан давхацсан талаарх баримтаа шүүхэд ирүүлж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаад ******* өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайлбал, анхан шатны шүүх Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт барьцаалуулагч дараах үүрэг хүлээнэ", 157.6.2-т " барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэж зааснаар хариуцагч "*******" ХХК нь барьцааны эрх үүссэн тухай орон сууц захиалагч буюу нэхэмжлэгчид, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Барьцаалуулагч нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдээгүй бол барьцаалагч нь гэрээнд өөрчлөлт оруулах буюу үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг шаардах эрхтэй" гэж зааснаар барьцаалагч буюу хариуцагч "*******" ХК-нд мэдэгдэх үүрэгтэй гэж буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид ямар нэгэн доголдолгүй орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хариуцагч нар барьцааны гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн хариуцагч ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний эрх үүссэн байсан тул барьцааны эрх үүссэн тухай хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан. Гэвч Барьцааны гэрээ байгуулахаас өмнө мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул мэдэгдэх үүргээ хариуцагч ******* ХХК биелүүлээгүй байна. Мэдэх эрхтэй этгээдийн оролцоо хангагдаагүй учир Барьцааны гэрээний нэг тал хуулиар хүлээсэн биелүүлээгүй нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлнө. Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ******* ХК-ийн хувьд маргааны зүйл болох 8,000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газрыг барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгө гэж үзсэн. ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.10.19-ний өдрийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай дүгнэсэн. Тиймээс тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хангуулж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой байсан. Гэтэл ямар нэгэн урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй байсан учир банк хариуцагч компанид зээл олгосон. Хэрэв нэхэмжлэгч тухайн үед урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байсан бол банк хариуцагч компанид зээл олгохгүй буюу тухайн эд хөрөнгийг барьцаанд авахгүй байсан. Тиймээс барьцааны эрхээр хязгаарласан үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны зүйл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-аас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан ******* ХХК, ******* ХК нарын хооронд 2021.10.19-ний өдөр байгуулсан *******дугаартай барьцааны гэрээний ******* дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамжны *******тоот хаягтай ******* талбай бүхий орон сууцнаас ******* давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг зөвшөөрч, хариуцагч ******* ХК эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.******* Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ******* айлын ******* орон сууцны цогцолбор хотхоны ******* давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар 2019.11.11-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний үнэ 52,836,300 төгрөгийг төлжээ. Мөн ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамж, *******тоот орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020.09.16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Ийнхүү *******, ******* ХХК нарын хооронд дээрх орон сууц захиалгын гэрээ байгуулагдсаны дараа ******* ХХК нь 2021.10.19-ний өдөр ******* ХК-тай байгуулсан ******* дугаартай барьцааны гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамжны *******тоот хаягтай ******* талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалж, мөн өдөр барьцааны бүртгэл улсын бүртгэлд бүртгэгджээ.

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.16-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байна.

Барьцаалуулагч буюу ******* ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх гэж заасны дагуу орон сууцыг захиалгын гэрээний зүйл болсон ******* м.кв талбайд барьцааны эрх үүссэнийг захиалагч *******д, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйл болсон ******* талбай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгчтэй байгуулсан ******* м.кв талбай бүхий ажил гүйцэтгэх гэрээний зүйл багтсаныг тус тус мэдэгдээгүй үйл баримтад зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч энэ агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, хариуцагч ******* ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүйн үр дагавар нь хариуцагч нарын хооронд байгуулсан ******* дугаартай барьцааны гэрээнд багтсан ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргажээ.

 

5.Хэрэгт авагдсан ******* ХХК, ******* ХК нарын хооронд 2021.10.19-ний өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд *******дугаартай барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасны дагуу ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд мөн өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн 156 дугаар зүйлийн 156.3, 166 дугаар зүйлийн 166.1-д заасанд тус тус нийцсэн хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангагдсан байна.

Барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл болсон ******* талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч ******* ХХК бүртгэлтэй байсныг үндэслэн хариуцагч ******* ХК гэрээ байгуулсан нь мөн хуулийн 182, 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно. Мөн хариуцагч ******* ХХК-аас гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар гэрээний нөгөө талдаа мэдэгдээгүй нь банк буюу гэрээний нэг талыг нь гэрээний зүйлийн талаарх өөр этгээдийн шаардлага байгааг мэдэх боломжтой байсан гэж дүгнэхгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай 2019 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлын үр дүн болох 53.37 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг ирээдүйд бүртгүүлэх баталгааг хангуулахын тулд Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.2-т зааснаар энэ тухай улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй нь банкийг буруутгах үндэслэлийг үгүйсгэж байна. Түүнчлэн хожим буюу 2023 онд нэхэмжлэгч *******ыг ******* м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7, 165 дугаар зүйлд зааснаар барьцаалагчийн эрхийг хөндөхгүй юм. Иймд энэ тухай нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6.Хариуцагч ******* ХХК хуульд заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХК нарт зохих мэдэгдлийг хүргүүлээгүй зөрчлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Анхан шатны шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг тодорхойлж, хариуцагч ******* ХХК-ийг Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай зохицуулалт нь аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон хэлцлийг хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгсөн. Иймээс хариуцагч нар барьцааны гэрээг байгуулах үед гэрээний нэг тал болох ******* ХХК гэрээний зүйлийн талаар шаардах эрхтэй этгээд болон гэрээний нөгөө талд мэдэгдвэл зохих үүргээ зөрчсөн нь тус барьцааны гэрээг хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтаар хариуцагч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-тай барьцааны гэрээ байгуулах үедээ хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг нэхэмжлэгчийн өмнө хариуцах үүрэгтэй болохыг энд тухайлан дүгнэх нь зүйтэй.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулаагүй, мөн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгөөгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгч нь 2025.10.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан байсан буюу 2025.10.14-ний өдөр өмгөөлөгч *******т шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад 2026.03.12-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч *******-ын хамт биечлэн оролцжээ. Тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүгч нэхэмжлэгчид шүүх хуралдааны дэг, нийтлэг журам болон эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн нэхэмжлэгчээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ өмгөөлөгчөөр төлөөлүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд шүүх хуралдаанд оролцох үедээ өөрийн эрхийн талаар шүүхэд тухайлан хүсэлт гаргаагүй нөхцөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхнээс нь явуулахгүй. Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагүй байх тул түүнд эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй гэж шүүхийг буруутгах, мөн хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь шүүхийн үүрэгт үл хамаарна.

Өмгөөлөгч *******, нэхэмжлэгч нар 2026.03.11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчийн зүгээс 2026.03.12-ны өдөр өөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, мөн нэхэмжлэгчээс өмгөөлөгч *******г шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус гаргажээ. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч *******гийн хүсэлтэд дурдсанаар өөр шүүх хуралдаан давхацсан байдал тогтоогдоогүй буюу хүсэлтээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн хувьд түүнтэй гэрээ байгуулсан өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүй ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэх шалтгаан болохгүй ба тэрээр шүүх хуралдаанд өмгөөлөгч *******-ын хамт оролцож байгаа нь түүний хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан гэсэн үндэслэлээр шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгахгүй.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тухай гомдлыг хангахгүй.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02864 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ