Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/296

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч Г.Б өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Д.Д өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Д-т холбогдох 1921 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар баг,  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Д.Д. /Ж/  

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байх “Ред булл” бааранд согтуурсан үедээ Г.Б толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байх “Ред булл” бааранд согтуурсан үедээ Г.Б толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд ...найз С уулзаж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ред булл” бааранд 21 цагийн орчимд орсон. С хамтаар 5 шил Сэрүүн нэртэй пиво уусан. Би уусан пивоноосоо болж согтоод хэнтэй хаана муудалцаж, зодолдсон талаараа санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд үл таних залуутай маргалдаж улмаар ууж байсан пивоны шилээр тухайн залуугийн толгойн тус газарт нь цохисон..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...ширээн дээр сууж байхад өөр ширээн дээр сууж байсан Д гэх залуу над дээр ирээд Пиво авч өг гэж хэлсэн бөгөөд би тухайн залууд надад мөнгө байхгүй гэж хэлэхэд надтай хамт явж байсан найзын маань эхнэрийг татаж чангаагаад байхаар нь манай найз уурласан. Харин Д та хоёрыг хоёуланг чинь ална шүү гэж хэлчихээд ширээн дээрээ очиж пиво ууж байснаа над руу ирээд ууж байсан шилтэй пивоор миний толгой руу нэг удаа цохисон... хэрэг болохын өмнө би ажил хийдэг байсан. Гэтэл энэ хэргээс болоод эмнэлэгт хэвтэж эмчлүүлж 10 хоногийн акт авсан. Шүүгдэгчээс хохиролд ажилгүй байсан хугацааны мөнгө 350,000 төгрөг нэхэмжилж байна. Эмч намайг тархины зураг авахуулах шаардлагатай гэсэн боловч мөнгөгүй болоод авахуулж чадаагүй, яг одоогоор хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар арын 12-ны өдрийн 17 цагийн орчимд манай найз Д Улаанбаатар хотоос ирсэн. Бид хоёр уулзаж 21 цагийн орчимд бааранд орсон бөгөөд нийт 10 шил Сэрүүн нэртэй пиво уусан. Тухайн үед намайг бүжиглэж байхад ард зодоон болж байхаар нь харсан чинь Д нь Б гэх залуугийн толгой руу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 648 дугаартай:

     1. Г.Б биед толгойн зулайн хуйханд шарх, дагзны хуйханд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар хамрын нуруу, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх толгойн зулай хэсгийн хуйхны шарх, дагзны хэсгийн хуйхны зулгаралт гэмтэл нь ир ирмэг зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 32, 33, 35, 37-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 192 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байх “Ред булл” бааранд согтуурсан үедээ Г.Б толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Д, хохирогч Г.Б /хх-ийн 18-19 дүгээр хуудас/-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.С /хх-ийн 22 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль архи ууж согтуурсан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Г.Б нь өөрт учирсан гэм хорын хохиролд 550,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Д хохирогч Г.Б төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Д ЖЛ  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д.Д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Д ЖЛ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зйлийн 505.1-д зааснаар хохирогч Г.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН