| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04677/И |
| Дугаар | 210/МА2026/00192 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00192
2026 01 23 210/МА2026/00192
Ч.Ганболдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09459 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Ганболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* Төрийн байгууллага, албан газарт холбогдох
*******ны даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ч.Ганболд миний бие *******ны даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/42 тоот тушаалаар Сэлэнгэ аймаг дахь *******ны даргаар томилогдон 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
1.2. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Захиргаа, санхүү, аж ахуй хэлтсийн дарга Я.Дүгэржав нь бүтэц, орон тооны өөрчлөлтөд Сэлэнгэ аймаг дахь *******ны ажлын байр, орон тоо ороогүй ч таны ажлын ур чадвар тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажил олгогч энэ хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр хуульчилсан боловч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэж, мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас хууль бусаар халсан.
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар ******* нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулаагүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоогоогүй.
Мөн өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олголгүй ажлаас халж, дараагийн албан тушаалтныг томилсон нөхцөл байдлууд нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор асуудлыг шийдвэрлүүлж, зөвшилцөх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан.
Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25/22 дугаар бүхий шийдвэрээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэж харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгож, шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр тогтсон.
Иймд *******ны даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь *******ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 26,703,928 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 6,525,951 төгрөг, нийт 33,229,879 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
Ч.Ганболд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий зохион байгуулалтад хяналт тавих, ажил гүйцэтгэлийг шуурхай, бүрэн ханган ажиллах үүрэгтэй байсан хэдий ч дараах ноцтой алдаа гаргаж, ажлын гүйцэтгэлийг хангалтгүй болгосон.
2.1. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын хоёрдугаар хэсэг болох Зорчигч шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын хүчитгэлийн ажил бүрэн зогссон. Энэ нь төслийн төлөвлөгөөт хугацааг хэтрүүлж, улсын хилээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх, нөхцөл боломжоор хангах зорилгод сөргөөр нөлөөлсөн.
2.2. Зорчигч шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын нийт гүйцэтгэл, ажлын явц удааширч хүлээлгэн өгөх хугацаа удаа дараа хойшилсон.
Боомтын гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, хойд, урд довжоо, зорчигчийн шалган нэвтрүүлэх харуулын байр зэрэг ажлууд эхлээгүй, эсхүл дөнгөж эхэлсэн байдалтай байна. Энэ нь төсвийн нийт үр дүн, боомтын ашиглалтад шууд сөргөөр нөлөөлсөн.
2.3. Боомтын гадна хаягжилтын тендерт шалгарсан компанийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж ажиллаагүйгээс стандартын шаардлага хангахгүй, хаягжилт хийгдсэний улмаас дахин засвар хийлгэх, нэмэлт зардал гарах нөхцөл үүссэн.
Үүний үр дүнд Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт бүхэлдээ бүрэн дуусч, ашиглалтад ороогүй байгаа нь нэхэмжлэгчийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бодитоор харуулж байна. Эдгээр бодит нөхцөл байдлыг үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасны дагуу ажилтан албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй болсон, ажлын гүйцэтгэл тогтмол хангалтгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч *******ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Чимэдийн Ганболдыг Сэлэнгэ аймаг дахь *******ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,524,952 төгрөгийг хариуцагч *******наас гаргуулан нэхэмжлэгч Ч.Ганболдод олгож, нэхэмжлэгч Ч.Ганболдын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг хариуцагч *******нд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Ч.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ганболдод олгож, хариуцагч *******наас 295,574 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
4.1. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр итгэмжлэл авсан тул хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг *******наас шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж байсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх гэрээ цуцлах үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасныг харгалзан үзээгүй. Ажлаас чөлөөлөх тушаал батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан.
4.2. Ажлын төлөвлөгөөний биелэлт болон ажилтны ажлын цагийн бүртгэл буюу нотлох баримтыг үнэлээгүй.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын хоёрдугаар хэсэг болох Зорчигч шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил бүрэн зогссон. Энэ нь төслийн төлөвлөгөөт хугацааг хэтрүүлж, улсын хилээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх, нөхцөл боломжоор хангах зорилгод сөргөөр нөлөөлсөн. Зорчигч шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын нийт гүйцэтгэл, ажлын явц удааширч хүлээлгэн өгөх хугацаа удаа дараа хойшилсон. Боомтын гадна хаягжилтын тендерт шалгарсан компанийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж ажиллаагүйгээс стандартын шаардлага хангахгүй, хаягжилт хийгдсэний улмаас улмаас дахин засвар хийдгэх, нэмэлт зардал гарах нөхцөл үүссэн. Иймээс Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт бүхэлдээ бүрэн дуусаж, ашиглалтад ороогүй байгаа нь нэхэмжлэгчийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг харуулж байна.
4.3 ******* нь албан хаагчдын ажлын цаг ашиглалтын тайлангаар Ч.Ганболд нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны ажилласан цагийн бүртгэлээр 1512 цаг ажиллахаас 192 цаг ажилласан, 4.55 цаг хоцорсон, эрт тарсан 0.17 цаг, 28 цаг нь тал ажиллаж, нийт 224.72 цаг ажиллагаагүй нь бүртгэлийн программаар тогтоогдсон. Тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, ажил үүрэгт хандах хандлагын илэрхийлэл болох баримтаар тогтоогдсон байхад шүүхээс шийдвэр гаргахдаа уг үйл баримтыг харгалзан үзээгүй.
4.4. *******ны харьяа Сэлэнгэ аймаг дахь ******* бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон ба шинээр зохион байгуулагдаж, Увс, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтыг хариуцсан Хойд бүсийг хариуцсан ******* болж өөрчлөн байгуулагдсан.
4.5. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо *******ны санхүү асуудал хариуцсан нэгжээс гаргуулсан албан ёсны цагийн бүртгэл, цалингийн тооцоололд үндэслээгүй, нэхэмжлэгчийн гаргасан баримтад үндэслэсэн нь хууль бус байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:
5.1. Ч.Ганболд миний бие *******ны даргын тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн ур чадварт тэнцэхгүй байх үндэслэлийг тогтоогоогүй бөгөөд надад боломжит хугацаа олгоогүй.
5.2. Хариуцагч нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон гэдгийг мэдэж байсан атлаа 11 дүгээр сарын 03-ны өдөр шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон. Шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ талаар тайлбарлаж хэлсэн бол түүнд хавтаст хэрэгтэй танилцах боломжит хугацаа байсан. Тус хэрэг нь олон хуудастай биш бөгөөд хариуцагч байгууллага шинээр томилогдсон төлөөлөгчийг мэдээллээр хангах боломжтой.
5.3. Тухайн компанийн үйл ажиллагаа нь надаас шалтгаалж зогсоогүй. Миний гаргасан ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Алтанбулаг хилийн боомтын үйл ажиллагаа 85 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд тухайн үед би ажлаас чөлөөлөгдсөн. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг боомт 100 хувь ашиглалтад орсон.
5.4. Анхан шатны шүүх хуралдааны явцад орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр хойд бүсийн захиргаа байгуулагдсан талаарх үйл баримт яригдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 09 дүгээр сард ******* бүтцийн өөрчлөлт хийж Сэлэнгэ аймаг дахь *******г хойд бүсийн захиргаа болгож өөрчилсөн гэх үйл баримт нь энэ хэрэгт хамааралгүй.
Миний гүйцэтгэж байсан ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолт хэвээрээ байх тул дахин томилогдож магадгүй гэх байдлаар нэрийг нь өөрчилсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Ч.Ганболд нь хариуцагч ******* Төрийн байгууллага, албан газарт холбогдуулан *******ны даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,703,928 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 6,525,951 төгрөг, нийт 33,229,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлээс нийгмийн даатгалын шимтгэлд 6,525,951 төгрөг гаргуулах хэсгийг бие даасан шаардлага гэж үзэхгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосны үр дагаврыг хариуцагч хариуцан арилгах үүрэг дээрх хуулиар үүснэ.
Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн *******ны даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлов. /хх134-141, 168-172/
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ ...Ч.Ганболд мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, Ч.Ганболд нь Сэлэнгэ аймаг дахь *******ны даргын албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх4, 88-92/
3.2. *******ны даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймаг дахь *******ны дарга Ч.Ганболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх5/
4. Ч.Ганболд дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан журамд нийцжээ. /1хх15-17/
5. Талууд дээрх Б/16 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргасан.
Уг тушаалд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.
5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Энэ тохиолдолд тухайн зүйлд заасан үндэслэл бүр тогтоогдсон байхыг шаардана.
Хариуцагч ******* нь Б/16 дугаартай тушаалдаа дээрх хуулийн 80.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ганболдтой байгуулсан хөдөлмөр гэрээг цуцалсан байгаа боловч ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон гэх үйл баримтыг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
5.2. Талууд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд хөдөлмөрийг гэрээ дуусгавар болох, цуцлах нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд 6.4.1-д /6.2.1/ Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг бүрдсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 6.2.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэсэн ноцтой зөрчилд тооцох нөхцөлүүдийг заажээ. Хариуцагч нь уг гэрээний 6.4-т заасан аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь тодорхойгүй байна.
5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Ч.Ганболд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий зохион байгуулалтад хяналт тавих, ажил гүйцэтгэлийг шуурхай, бүрэн ханган ажиллах үүрэгтэй боловч ноцтой алдаа, дутагдлууд гаргаж, ажлын гүйцэтгэлийг хангалтгүй биелүүлж, өөрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй ажил мэргэжлийн ур чадвартаа тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ. /хх26-27/
Хэргийн 33-38 дахь талд авагдсан 2024 оны 12 сарын 11-ний өдөр болон мөн сарын 15-ны өдрөөр тус тус огноолсон Сэлэнгэ аймаг дахь *******ны 2024 онд хийсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт нотлох баримтууд нь нэхэмжлэгч Ч.Ганболд мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг нотлохгүй.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.6.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй учир хэргийн 39, 52-56 дахь талд авагдсан цагийн бүртгэлийн тайланг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул ажлын төлөвлөгөөний биелэлт болон ажлын цагийн бүртгэл нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч нь хууль бус үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж дүгнэн, нэхэмжлэгч Ч.Ганболдыг Сэлэнгэ аймаг дахь *******ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 3 удаа сольж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна. /хх23, 83-86, 118, 126-127, 129/
7.2. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгууллагаас итгэмжлэл авсан, хэргийн материалтай танилцах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулна уу гэсэн хүсэлт гаргажээ. /хх135/
Анхан шатны шүүх ... хариуцагч *******ны дарга Б.Батхишиг нь 2025 оны 11 сарын 03-ны өдөр Э.Ганболдод хариуцагчийг төлөөлөн оролцох итгэмжлэлийг олгосон байх ба тэрээр хэрэгтэй танилцах хүсэлтийг өнөөдрийн хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй. гэх үндэслэлээр хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сэлэнгэ аймагт байгуулагдсан нь боомт нь хойд бүсийн ******* гэж өөрчлөгдсөн. Тухайн боомтод хойд бүсэд байрлах бүх боомтууд нэгдэж, чиг үүрэг нь өөр болсон гэж тайлбарладаг. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар тайлбар гаргаж, түүнийг нотолсон баримт ирүүлээгүй байх тул ажлын байр, бүтцийн өөрчлөлт байхгүй болсон гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
9. Хэргийн 69 дүгээр талд авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Ганболдын сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаас тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тодорхойлсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөрчөөгүй байна.
10. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь буруу боловч шийдэлд нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09459 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.ЦЭНД