Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2026/00064

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2026/00064

 

 

2026 06 04 207/МА2026/00064

 

2026     06          04                                            207/МА2026/00064

 

 

     *******гийн нэхэмжлэлтэй,

    хариуцагч  *******д холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/01010 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Түрээсийн төлбөр 1,560,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 203,030.04 төгрөг, байрны төлбөр 129,704.91 төгрөг, ОО-ын өрөөний хаалга 100,000, гадна бүргэд хаалга 300,000 төгрөг, хөшиг 300,000 төгрөг, баримт бичиг өнгөт канон 28,000 төгрөг нийт 2,620,734 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т “...зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр  хэргийг бүхэлд хянана” гэж зааснаар хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч ******* нь шүүхэд “...Түрээсийн төлбөр 1,560,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 203,030.04 төгрөг, байрны төлбөр 129,704.91 төгрөг, ОО-ын хаалга 100,000, гадна бүргэд хаалга 300,000 төгрөг, хөшиг 300,000 төгрөг, баримт бичиг өнгөт канон 28,000 төгрөг нийт 2,620,734 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ******* 2026.01.14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тэрээр шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “....хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх  ажиллагаа явуулж орон сууцаа 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлүүлж авсан тул 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны  орон сууцны түрээсийн төлбөр 1,560,000 төгрөг,   СӨХ-ийн төлбөр,  байрны гэмтээж эвдэлсэн ОО-ын өрөө болон гаднах талын бүргэд хаалганы төлбөр, алга болсон хөшигний үнэ зэрэг  1,060,734  төгрөг бүгд  2,620,734  төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлжээ.

        Нэхэмжлэгч ******* өмнө нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөр 3,700,000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргаж,  шүүхэд ирүүлсэн байх тул шүүх 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/02094 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...*******ын өр төлбөрийг барагдуулах” тухай Гүйцэтгэх хуудас гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан  зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь тус сумын *******тоот орон сууцыг 2 жилийн хугацаатай, сар бүр 600, 000 төгрөгийн төлбөр төлж  уг байрыг хөлслөн амьдарч байсан, нэхэмжлэгч нь өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 09 дүгээр сарын 22 -ны өдрөөс  2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болон эд хөрөнгөнд  учирсан хохирол төлбөрөө  хариуцагчаас гаргуулахаар дахин шүүхэд  нэхэмжлэл гаргаж шаардсан  байхад шүүх   “ ...анхан шатны шүүхийн 2025.10.29 -ны өдрийн 312/ШШ2025/02094 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар шийдвэрлэсэн, талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон байна” гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа гэрээний дагуу хөлсөлж байсан орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүлээлгэн өгөхдөө  орон сууцны болон СӨХ-ны төлбөрийг төлөөгүй, уг байрны OO-ын өрөө болон гаднах хаалгыг гэмтээж эвдсэн, хөшиг үрэгдүүлсэн болох нь хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ, СӨХ-ны төлбөр, ус дулааны төлбөр, өнгөт каноны төлбөр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул орон сууцны түрээсийн төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар, бусад төлбөрийг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр тооцож гаргуулах боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж орон сууцны  төлбөр-960,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр-203,030 төгрөг, ариун цэврийн өрөөний хаалга-100,000 төгрөг,  гадна талын хаалга- 300,000 хөшиг- 300,000 төгрөг, байрны төлбөр-129,704 төгрөг,  өнгөт каноны үнэ-28,000 төгрөг нийт -2,020,734 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/01010 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар хариуцагч *******аас төлбөр 2,020,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,882 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас  47,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,882 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР              

                                                               ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА

                                                               ШҮҮГЧ                              Б.ОЮУНЦЭЦЭГ