Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 709

 

 

                                                           

 

 

 

 

 2019            9           17                                     2019/ШЦТ/709

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Пүрэвжавын Энхтөрд холбогдох эрүүгийн 1911005640860 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 буюу ганцаараа, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35-446 а тоотод оршин суух хаягтай,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай таслан шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 290 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэгдсэн,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 10 сар, 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жил, 9 сар, 16 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451,000 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлж, ялыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж биелүүлсэн, Боржигон овгийн Пүрэвжавын Энхтөр /РД: ХЛ72060972/,

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 84-526б тоотод оршин суух гэртээ иргэн Л.Түмэнбаттай марган улмаар түүний зүүн мөрний ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 34-526б тоотод байх гэртээ эхнэр Саранчимэг, хүүхдийн хамтаар байхад гаднаас манай эхнэрийн дүү Түмэнбат орж ирсэн. Тэгээд Түмэнбат бид хоёр 2 шил архи уусан. Бид хоёр өдөржин архи уугаад шөнө нь маргалдаад би Түмэнбатын нуруу дал хэсэгт нь нэг удаа хутгалсан ....” гэх /хх-н 47-48х/,

Хохирогч Л.Түмэнбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 34-526б тоотод миний эгч, түүний нөхрийн гэрт золгохоор орсон юм. Би орохдоо нэг шил архи аваад орсон. Бид нар миний авсан архийг уугаад сууж байхад хүргэн ах Энхтөр нь эгчийг дээрлэхээд байхаар нь би “ийм амьдрал гэж юу байдаг юм бэ, ингэж явахаар үхээч чи” гэж хэлэхэд надтай маргалдаж эхэлсэн. Энхтөр ширээн дээрээс хутга аваад миний ар тал руу нэг удаа хутгалчихсан ...” гэх /хх-ийн 17-18х/,

Гэрч Л.Саранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сарнай намайг сэрээгээд Энхтөр ах, Түмэнбат ах хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Намайг гэр лүүгээ ороход ямар нэг зодоон болоогүй Энхтөр орны буланд суучихсан Түмэнбат цагаан даавуугаар ар нуруу хэсгээ боосон байдалтай, цагаан даавуу нь цустай байсан. Би тэр хоёроос юу болсон тухай асуухад цагдаа дуудсан байгаа танд хамаагүй гэж хэлсэн ...” гэх /хх-ийн 24-25х/,

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №2114 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Л.Түмэнбатын биед зүүн мөрний ар хэсэгт шарх тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар, алдангид нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх /хх-ийн 28х/,

Шүүгдэгч П.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71х/,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай таслан шийтгэл тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 290 дугаартай таслан шийтгэх тогтоол, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоол болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Хохирогч Л.Түмэнбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул  шүүгдэгч П.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 38 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч биечлэн эдлэх ялыг 196 цагаар тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар 18,5 см урттай хуванцар цайвар ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг хураагдан ирсэнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Пүрэвжавын Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 38 хоногийг түүний нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагт шилжүүлэн нийт 196 цагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18,5 см урттай хуванцар цайвар ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД