| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | TEST |
| Дугаар | 210/ШТ2026/00379 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/ШТ2026/00379
2026 05 29 210/ШТ2026/00379
******* нэхэмжлэлтэй
арбитрын хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,810,572,859 төгрөг гаргуулах арбитрын хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өргөдлийг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ананда, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Арбитрын шийдвэрийн агуулга:
1.1. ******* болон *******-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 2023-TU-YZHR-001 болон 2023-TU-YZHR-002 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 2023-TU-YZHR-003 болон 2023-TU-YZHR-004 дугаар бүхий Нүүрс экспортоор худалдан борлуулах гэрээ-нүүд болон тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг тус тус баримтлан хариуцагч *******-аас 6,810,572,859 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,
1.2. Арбитрын зардалд нэхэмжлэгч ******* төлсөн 120,364,279 төгрөгийг арбитрын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас арбитрын зардалд 120,364,279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдлийн агуулга: Арбитрын шийдвэр нь Арбитрын тухай хуулийн 47.2.1.г, 47.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн тул дараах хүчингүй болгуулахаар өргөдлийг гаргаж байна.
Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас 2 удаа хүсэлт гаргасан боловч хүлээж авахаас татгалзсан. Үүнд:
Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай ээлжийн амралт авсан тул 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг 14 хоногоор хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 930 дугаартай шийдвэрээр уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Энэ өдрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр Арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааны журмыг тогтоосон нь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл заавал тогтоох журмыг тогтооход хариуцагчийг байлцуулж түүнд эрхээ эдлэх боломжийг арбитрын бүрэлдэхүүн олгоогүй. Үүнээс гадна энэ дүрмийн 13.8-аас гадна ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрэм /2024/-ийн 30.2 дахь хэсэгт Хэрэв энэ Дүрмийн дагуу зохих ёсоор мэдэгдсэн хэдий ч аль нэг тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлж болно гэж заасныг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Миний ээлжийн амралттай байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнтэй санал нийлэхгүй.
Хоёр. Арбитрын хэргийг хянан хэлэлцэх 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралд биечлэн оролцож өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөх хүсэлтийг бичгээр гаргасан.
Бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Арбитрын ажиллагааны журмын 13 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд хариуцагч тал зохих хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гээд хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн.
ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрэм /2024/-ийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь хэсэгт Энэхүү Дүрэм нь арбитрын хэлэлцээрт зайлшгүй хэрэглэгдэх, талуудын зөрчиж үл болох хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн хууль үйлчлэх бөгөөд түүнээс бусад тохиолдолд энэхүү Дүрэм ашиглагдана гэж заасан. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/д ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах... гэж заасан эрхийн хүрээнд хариуцагчийн өмгөөлөгч авах хууль ёсны эрхээ эдлэх эрхийг арбитрын бүрэлдэхүүн эдлүүлээгүй.
Түүнчлэн ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрэм /2024/-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу арбитрын ажиллагааны аль ч үе шатанд туслалцаа авах эрх нь нээлттэй байна.
Арбитрын тухай хуулийн 36.1, 36.2 дахь хэсэгт зааснаар арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын хүсэлтээр арбитрын ажиллагааны зохих шатанд мэтгэлцэхэд талуудыг биечлэн оролцуулж, хуралдаан явуулах үүргээ зөрчсөн.
Иймд арбитрын ажиллагаа Арбитрын тухай хуулийн 47.2.1.г, 47.3 дахь хэсэгт нийцээгүй тул Монголын Олон Улсын Арбитрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Өргөдөлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай байх хугацаанд Арбитрын урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж хуралдуулсан тухайд хариуцагч талаас Арбитрын ажиллагааны журам батлахтай холбоотой саналаа бичгээр ирүүлэх боломжтой байсан. Тодруулбал: Монголын Олон Улсын Арбитрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2496 дугаартай Арбитрын ажиллагаатай холбоотой санал асуух албан бичгийг талуудад хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор хариуцагч талаас Арбитрын ажиллагааны журамтай холбоотой саналаа бичгээр ирүүлэх боломжтой байсан. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралтаа аваагүй ажиллаж байсан бөгөөд Арбитрын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ гаргасан.
3.2. Өмгөөлүүлэх эрхээр хангаагүй тухайд Арбитрын ажиллагааг явуулах журам 2025 оны 11 дүгээр сарын 24-ний гарсан бөгөөд тус журамд хугацааг нарийн тогтоож өгсөн. Тус журмыг талууд гардаж авсан бөгөөд нэхэмжлэгч талаас Монголын Олон Улсын Арбитрын журам болон ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрмийг баримталж арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой байсан. Арбитрын ажиллагааны журмын 13 дугаар зүйлд хугацааг зааж өгсөн бөгөөд 13.2 дахь хэсэгт хариуцагч тал хэрэв нэмэлт тайлбар, хүсэлт болон нотлох баримт гаргах бол 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор гаргана гэж нарийн зааж өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ээлжийн амралт 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Арбитрын үндсэн хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон. Энэ хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах бүрэн боломжтой байсан. Гэвч Арбитрын үндсэн хуралдааны өдөр өмгөөлөгч авах хүсэлтээ гаргасан нь Арбитрын ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд Арбитрын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******-д холбогдуулан талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 2023-TU-YZHR-001 болон 2023-TU-YZHR-002 дугаар, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 2023-TU-YZHR-003 болон 2023-TU-YZHR-004 дугаар бүхий Нүүрс экспортоор худалдан борлуулах гэрээ-нүүд болон эдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг үүрэгт хариуцагч *******-аас 6,810,572,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Өргөдөл гаргагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нь арбитрын бүрэлдэхүүн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж арбитрын ажиллагааны журмыг тогтооход хариуцагчийг байлцуулаагүй буюу эрхээ эдлэх боломжийг олгоогүй, мөн өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөх хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгч авах хууль ёсны эрхийг эдлүүлээгүй нь Арбитрын тухай хуулийн 47.2.1.г -д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тодорхойлсон.
4. Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1.г.-д талуудын тохиролцоо нь энэ хуулийн заавал дагаж мөрдөх заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын тохиролцоонд нийцээгүй, эсхүл тийнхүү тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа нь энэ хуульд нийцээгүй гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Монголын Олон Улсын Арбитр хүлээн авч, уг нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4/1360 дугаар мэдэгдлээр хариуцагчид хүргүүлснээр арбитрын ажиллагаа эхэлсэн байна.
4.1. Арбитрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 13.1 дэх хэсэгт тус тус зааснаар арбитрын бүрэлдэхүүн талуудын тэгш оролцоо, байр сууриа илэрхийлэх боломжийг хангаж арбитрын ажиллагааны журмыг тогтоох бөгөөд хэргийн баримтаар талуудын тэгш оролцоог хангаагүй, байр сууриа илэрхийлэх боломжийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Учир нь арбитрын бүрэлдэхүүн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2498 дугаар албан бичгээр хариуцагч *******-д арбитрын ажиллагаатай холбоотой саналаа бичгээр 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, мөн талуудаас ирүүлсэн саналд үндэслэн ажиллагааны хуваарь, ажиллагаа явуулах журмыг урьдчилсан хуралдаанаар тогтоохоор урьдчилсан хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч хариуцагч арбитрын ажиллагаатай холбоотой санал гаргаагүй байна.
Харин урьдчилсан хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг арбитрын бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Арбитрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
4.2. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн арбитрын урьдчилсан хуралдаанаар арбитрын ажиллагааны журмыг тогтоосон бөгөөд уг журмын 7.2 дэх хэсэгт арбитрын ажиллагааг ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрэм /2021/, Монгол Улсын Арбитрын тухай хууль, Арбитрын ажиллагааны энэ журмыг баримтлахаар тогтоожээ. /хх-282-287х/
Хариуцагч ******* нь уг арбитрын ажиллагааны журмыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан боловч гомдол гаргаагүй байна.
4.3. Хариуцагч *******-ийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өмгөөлөгч авахаар үндсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Арбитрын бүрэлдэхүүн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Арбитрын ажиллагааны журмын 13 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй гэж үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрмийн 1.3, 5 дугаар зүйл болон Арбитрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Арбитрын бүрэлдэхүүн талуудын тохиролцсон арбитрын ажиллагааны журмын дагуу арбитрын ажиллагааг явуулсан, хариуцагчийн өргөдөлд тусгагдсан хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх үндэслэл нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1.г.-д заасан арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтад хамааралгүй байна.
6. Дээрх үндэслэлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1604 дүгээр зүйлийн 1604.1, 1604.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Н.ОЮУНТУЯА