| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0711/Э |
| Дугаар | 758 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 758
2019 10 04 2019/ШЦТ/758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч П.Н, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиргис овгийн Пүрэвсүрэнгийн Намжин, Худанц шарайд овгийн Балжнямын Адьяа нарт холбогдох эрүүгийн 1911017810814 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-94 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хиргис овгийн Пүрэвсүрэнгийн Намжин /РД:ОИ84091712/,
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4-25б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Худанц шарайд овгийн Балжнямын Адьяа /РД:ЖЕ70042476/,
Шүүгдэгч П.Н, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1 дүгээр гудамжны 94 тоотод иргэн Б.Атай хашаан дотор явлаа гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1 дүгээр гудамжны 94 тоотод иргэн П.Нтай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв
Шүүгдэгч П.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Манай том охин Н.Хулан гэрт орж ирээд надад танихгүй хүн хашаагаар яваад байна гэхэд нь би гэрийнхээ цонхоор дөхөж очоод цонхоороо “хөөе” гээд орилоход Б.А эргэж харахад нь “яагаад хашаа даваад байгаа юм бэ” гэж асуусан чинь Б.А “сүртэй пизда вэ” гэхээр нь би “та наанаа зогсож бай” гээд гэрээсээ гараад очсон. Тэгээд би Адъяа дээр дөхөж очоод “яагаад хашаа даваад байгаа юм бэ энд жаахан хүүхдүүд тоглож байна” гэхэд Б.А уурлан улмаар бид 2 хоорондоо маргалдан, бие биенээсээ заамдалдаж байгаад салсан. Тэгсэн цаанаас 2 эмэгтэй хүн /С.Жаргалмаа, С.Дэлгэрмаа нар/ гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Б.А “энэ нэг юм хашаа давлаа гээд уурлаад байна” гэж хэлэхэд нь би “танай хашааг даваад хүн орж ирээд байвал яах уу” гэж хэлсэн чинь үгийн зөрөөгүй шууд гараараа миний хамар луу цохиход би хөлөө алдаж унахдаа айлын төмөр хашаанд гараа цохиж унасан. Тэгээд миний хамраас цус гараад би Б.Агийн өөдөөс нь цээжээрээ түлхэж газар унагаагаад хоёулаа жаахан уруу газар луу өнхрөлдөж, надтай зууралдаад намайг тавихгүй байсан. Энэ үед манай эхнэр Болортуяа гарч ирээд намайг аваад гэр лүү орсон...” гэх /хх-ийн 48-49х/,
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Өвөр гүнтэд айлын цэвэрлэгээ хийхээр эхнэр С.Жаргалмаа, эхнэрийн дүү С.Дэлгэрмаа, нарын хамтаар очсон. Тэгээд би тухайн үед угаалга хийх шаардлага гараад дэлгүүр лүү явах замдаа хашааны хаалгаар гараад баруун эргээд гудамжаар алхаад явж байтал явган хүн явдаг юм шиг хуучин мөр гарсан байхаар нь тухайн айлын хашаа нь тэр мөр хэсгээр онгорхой байхаар нь тэр онгорхой хэсгээр ороод нөгөө тал нь бас онгорхой байсан юм. Тэгээд уг айлын хашаагаар нэвт ороод дэлгүүр орчоод буцаад явсан замаараа явж хашаа нэвт гарч тухайн айл руу гаа явж байтал араас П.Н цонхоороо “яагаад айлын хашаа даваад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би “уучлаарай, энд газар мэдэхгүй, явган хүний мөр байхаар нь дагаад явчихлаа” гэж хэлсэн чинь П.Н гэрээсээ гарч ирээд намайг шууд заамдаж авахад харилцан бие биенээ заамдалдаж, миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Мөн хоёулаа газрын уруу руу давхарлан өнхрөлдөж унаад ноцолдож байхдаа П.Нд гар хүрч хамар луу нь цохисон...” гэх /хх-ийн 42-43х/,
П.Н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ “...Б.А шууд гараараа миний хамар луу цохиж, хөл алдаж унахдаа айлын төмөр хашаанд
гараа цохиж унасан. Тэгээд миний хамарнаас цус гараад босож ирээд Б.Агийн өөдөөс нь цээжээрээ түлхэж газар унагаагаад хоёулаа жаахан уруу газар луу өнхрөлдөж, надтай зууралдаад намайг тавихгүй байсан. Тэр үед эхнэр Болортуяа, нөгөө Б.Агийн эхнэр Жаргалмаа нар гарч ирээд салгасан. Явган хүний хуучин мөр байхгүй, зуслангийн хашаа болохоор жижигхэн намхан модон хашаа байгаа юм. Одоогоор хамар битүүрээд нусаа нийх гэхээр байнга л цус гарч байгаа Мөн зүүн гаранд гэмтэл авсан маань одоо болтол эдгэрэхгүй байна...” гэх /хх-ийн 14-15х/,
Б.А мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ “...П.Н гэрээсээ гарч ирээд намайг шууд заамдаж аваад миний зүүн талын шанаа руу гараараа цохиж, газар унагааж, дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Би бодохдоо айлын ногоон зүлгэн дээгүүр явлаа гэж уурласан байх гэж бодож байна. П.Н надад гэмтэл учруулсан. Зүүн хавиргаар хөндүүрлээд өвдөөд байна. Бусдаар гайгүй. Толгойны зураг 120,000 төгрөгөөр авахуулсан, цээжний зураг бас авахуулсан. Нийт 300,000 төгрөгний хохирол гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Тэрнээс надад гомдол санал байхгүй...” гэх /хх-ийн 9-10х/,
Гэрч Ч.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн үед би гэртээ цай чанаад байж байхад гадаа чанга чанга дуугарлалдаад маргалдаад байх шиг байсан. Тэгээд намайг цонхоор харахад манай нөхөр наашаа явж байсан ба араас нь Б.А хүрч ирээд манай нөхрийн хамар луу гараараа цохисон. Тэгсэн манай нөхрийн хамарнаас нь цус гарчихсан, бие биетэйгээ ноцолдоод газар нь жаахан уруу байсан болохоор өнхрөлдөөд байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарахад цаад талаас нь 2 эмэгтэй хүн гарч ирээд салгасан. Тухайн үед тэр хоёр эмэгтэй бид нараас уучлалт гуйгаад бид нарын буруу гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө гэрлүүгээ авч орсон...” гэх /хх-ийн 19-20х/,
Гэрч С.Жаргалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай нөхөр Б.А дэлгүүр лүү явахаар гарсан юм. Нөхөр бид хоёрын хувьд тэр хавийн газрыг сайн мэдэхгүй. Тэгээд манай нөхөр айлын хашаа даваад явсан байна. Тэрнээс болоод тухайн айлын залуу П.Нтай маргалдаад гадаа хүний дуу чанга чанга дуугараад байхаар нь гайхаад очтол нөхөр Б.Аг газар унагаасан, П.Н манай нөхрийн дээр гарчихсан, нэг гараараа цамцыг боосон харагдаж байсан. Тэгээд би П.Нд хандан “чи залуу хүн байж хөгшин хүнийг яагаад ингэж зодож байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн П.Н надад “танай нөхөр золбин царайлаад манай хашаан дотор яваад байхдаа яадгийн” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө бушуухан салгаад аваад явахын тулд уучлаарай гээд аваад байшин руу орсон...” гэх /хх-ийн 21-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7822 дугаартай дүгнэлт:
-П.Нгийн биед тархи доргилт, хамар ясны зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 32х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7829 дугаартай дүгнэлт:
-Б.Агийн биед зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, ууц нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгарал тогтоогдлоо.
-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 28х/,
Шүүгдэгч Б.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/,
Шүүгдэгч П.Ны иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62х/, шүүгдэгч П.Ны оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66х/, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 79х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.А, П.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн шүүгдэгч нар нь хэн алиндаа хохирогч бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.А, П.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиргис овгийн Пүрэвсүрэнгийн Намжин, Худанц шарайд овгийн Балжнямын Адьяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Аг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, П.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.А, П.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД