Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01316

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 08 210/МА2026/01316

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2026/04561 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийн үнэ 21,250,000 төгрөг тухай гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Шайрийбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Да хүрээ зах дээрээс хариуцагч *******ээс 32-35 УНД улсын дугаартай Бонго маркийн автомашиныг 21,250,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг ******* Хаан банк ХК-ийн ******* тоот дансанд тухайн өдөр бүрэн шилжүүлсэн.

1.2. Машиныг худалдан авсны дараа тос гоожоод байхаар нь буцаагаад өгье гээд очиход ******* нь буцааж авахгүй, сарансалник солиод болно гэж хэлсэн, машины гол эд анги мотороос тос гоожоод байгаа. ******* доголдлыг нуун дарагдуулж машиныг зарсан бөгөөд тухайн өдрөөс хойш тээврийн хэрэгслийг ашиглаагүй, ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байгаа.

1.3. ******* нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, *******ээс тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 21,250,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тухайн маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаалиар орж ирсэн. Монгол улсад огт яваагүй. ******* машиныг хоёр өдөр ирж үзэж харж байгаад 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр шилжүүлэн авсан. Тус тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш 2025 оны 07 дугаар сарын 06-ны ирж уулзахдаа тээврийн хэрэгслээ буцаая тос гоожоод байна гэж хэлсэн. Тухайн үед тээврийн хэрэгсэл тоос шороонд дарагдсан байдалтай байсан ба доогуур нь шагайж үзэхэд тос гоожсон зүйл байгаагүй.

2.2. Нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин ирж уулзахад нь та ямар шалтгаанаар тээврийн хэрэгслээ буцаах гээд байгаа юм бэ гэж асуухад Ах нь хөдөө хадланд гарах гэсэн юм. Би машин сайн мэдэхгүй, чи өөрөө буцаагаад зарчих ах нь трактор авах гэсэн юм гэх тайлбар хэлсэн. Би гаалиар орж ирсэн, номер зүүгдээгүй машин байхад шинээр номер зүүж зарсан талаар хэлэхэд ******* явсан. Нэхэмжлэгчийн 4х4 сервис оношлуулсан бичигт мотор доголдолтой байгаа талаар дурдаагүй.

2.3. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, доголдолгүй, оношилгоонд орсон, ямар нэгэн бичиг баримтын эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээг цуцалж, 21,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр техникийн оношилгоонд тэнцсэн учраас тухайн тээврийн хэрэгслийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр худалдаж авахад доголдолгүй байсан гэж үзсэн нь нотлох баримтыг илтэд буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь тухайн тээврийн хэрэгслийн моторын бүх талаас нь тос гоожоод зогсохгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийг өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Нэхэмжлэгч автомашиныг ашиглаагүйг километрийн заалт харуулсан зургаар нотлох гэсэн боловч шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хэргийн баримтаас хассан. Түүнчлэн хариуцагчийн гаргасан шинжээч томилох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ "Хариуцагч тухайн доголдлыг зөвшөөрч байгаа тохиолдолд" шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй гэдэг байдлаар тайлбарласан нь илтэд нэг талыг баримталж хэргийг шийдсэн.

4.2. Ямар ч тээврийн хэрэгслийн гол эд анги нь мотор бөгөөд мотор доголдолтой бол ашиглах боломжгүй. Хуучин тээврийн хэрэгсэл байлаа гээд мотор нь тос гоожих ёстой гэсэн хийсвэр дүгнэлт хийж байгаа нь илтэд бодит нөхцөлтэй нийцэхгүй байна. Тухайн автомашины доголдол нь мотор дотор буюу нүдээр илрэх боломжгүй нуугдмал доголдол байсан. Хэрэв тос гоождог гэдгийг нь мэдсэн тохиолдолд нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахгүй байсан нь тодорхой байсан тул хариуцагчийн зүгээс тээврийн хэрэгслийн доголдлыг санаатайгаар нуун дарагдуулж, хуульд заасан доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Хэрэгт 4х4 авто сервисээс гаргаж өгсөн "тос гоожсон талаарх баримт байсаар байтал Porter маркийн тээврийн хэрэгслийг нь доголдолтой, ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хариуцагчийн зүгээс тухайн баримтыг үгүйсгэсэн ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад шүүх талуудын хэлцлээс өмнөх буюу 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр техникийн оношилгоонд үндэслэн ийм дүгнэлт хийж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

4.3. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд, Шүүхээс тээврийн хэрэгслийн гол эд анги болох мотороос тос гоожиж ашиглах боломжгүй болсон тохиолдлыг дундаас доошгүй чанартай тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн гэж дүгнэн хуулийг илтэд буруу тайлбарласан. Дундаас доошгүй чанартай гэдэгт наанадаж тээврийн хэрэгслийг унаж ашиглах боломжтой байх ёстой. Гэтэл Нэхэмжлэгч тухайн автомашиныг авснаас хойш огт унаж, ашиглах боломжгүй байгаа. Худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй болохыг шүүх анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Автомашиныг худалдан авсны маргааш өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь машины доголдлын талаар хариуцагчид хэлж, засварын төвд оношлуулсан нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан заалтыг оновчтой хэрэглээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө γγ гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 21,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ ...хариуцагч нь доголдолтой тээврийн хэрэгслийг доголдлыг нь нуун дарагдуулж шилжүүлсэн гэж тодорхойлсон. Хариуцагч эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийг ямар нэгэн доголдолгүйгээр шилжүүлсэн, доголдолтой гэж үзэх үндэслэлгүй тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 32-35 УНД улсын дугаартай, арлын KMFZCS7HP5U113228 дугаартай, Hyundai porter маркийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн автомашиныг 21,250,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

3.2. Гэрээний дагуу ******* 32-35 УНД улсын дугаартай, Hyundai porter маркийн автомашиныг ******* эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн, ******* нь үнэ 21,250,000 төгрөгийг ******* төлсөн талаар зохигч маргаагүй.

 

4. Талууд гэрээний зүйл болох автомашин доголдолтой, эсэх талаар маргаж, улмаар гэрээ цуцлах эрх үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1. Нэхэмжлэгчийн гаргасан 4x4 Авто сервисийн 2025 оны 07 дугаар сарын б08-ны өдрийн Үйлчилгээний хуудас-т онош: клапангийн тагны чийрэг тос алдсан, их биеийн сальник шалгах, засвар үйлчилгээ: оношилгоо, ажлын хөлс: 20,000, засварчин Гантулга гээд доод хэсэгт нийт үнэ 20,000 гэж бичигдсэн нь автомашинд оношилгоо хийх агуулгатай байх тул уг баримтаар автомашиныг доголдолтой, ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй гэх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн шилжүүлсэн автомашины мотороос тос гоожсон, мотор доголдолтой, ашиглах боломжгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.2. Хариуцагч ******* худалдсан 32-35 УНД улсын дугаартай, KMFZCS7HP5U113228 арлын дугаартай, Hyundai porter маркийн ачааны автомашин нь БНСУ-д 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад орж ирсэн, 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас-аар эд ангиуд стандартын шаардлага хангасан, үзлэгийн дүнгээр тэнцсэн байна. /хх-57-58, 68-69х/

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагчийг чанарын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь бүрэн үнэлээгүй, тээврийн хэрэгслийн гол эд анги болох мотороос тос гоожиж ашиглах боломжгүй доголдолтой, хуулийг илтэд буруу тайлбарласан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...километрийн заалт харуулсан зургийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хэргийн баримтаас хассан, хариуцагчийн шинжээч томилох хүсэлтийг хангахаас татгалзаж илтэд нэг талыг баримталж хэргийг шийдсэн... гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримтыг шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг зохигч гаргаж өгснийг нотлох баримтаас хассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Мөн шүүх хариуцагчийн гаргасан автомашиныг оношилгоонд оруулах хүсэлтийг хариуцагчийн татгалзал, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх үндэслэлд хамааралгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

6. Харин нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн худалдан авагчийн эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах шаардлага гаргах эрхийн заалт баримталсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд нийцээгүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул уг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2026/04561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.ОЮУНТУЯА