Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1683

 

 

 

     2019       11          06                                   2019/ШЦТ/1683

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Хохирогч Х.Оюунгэрэл,

Шүүгдэгч Ц.Г , түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Г эд холбогдох эрүүгийн 1906 02108 0957 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1935 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ц.Г .

           

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ц.Г  нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         мөн Ц.Г  нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” караоке дотор байрлах буудалд хамтран амьдрагч Х.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г  мэдүүлэхдээ: “...Би Г.Гансүхийг зодоогүй, модоор цохиогүй. Би эхнэрээ зодсон гэх асуудалд бол би их согтуу байсан тул сайн санахгүй байгаа. Миний бодлоор шөнө унтаж байхад эхнэрийн астма нь хөдөлчихөөд ярьж чадахгүй намайг цохиод байсан байх тэр үед нь 2-3 удаа согтуудаа, нойрондоо цохисон байх гэж бодож байна.” гэв.

    

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...Би дүүргийн цагдаад мэдүүлэг өгч байхад Батцэнгэл гэх байцаагч мэдүүлэг өөрөө аваагүй. Нэг дадлагын сонсогчоор “ингэж бич тэгж бич” гээд нэмж бичүүлээд байсан. Мөрдөгч “Г.Гансүх таныг гомдолгүй гэж хэлвэл гомдолгүй гэж хэлнэ гэнэ” гэж хэлж гарын үсэг зуруулсан би ойлгоогүй, мэдээгүй. Одоо надад гомдол санал байхгүй.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Оюунгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-8-11, 75, 111-112/, хохирогч Г.Гансүхийн өгсөн мэдүүлэг /хх-66/, гэрч Б.Баяндэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-117/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 998 дугаартай дүгнэлт /хх-87/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4022 дугаартай дүгнэлт /хх-21/, “Натур эмнэлэг” компьютер томографийн оношилгоо /хх-18/, Ц.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-134-135/, шүүгдэгч Ц.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.Г  нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн Ц.Г  нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” караоке дотор байрлах буудалд хамтран амьдрагч Х.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оюунгэрэлийн өгсөн: “...Манай нөхөр бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй, гэр бүлийн баталгаагүй, гэр бүл байгаа. Нөхөр маань хамт амьдрах хугацаандаа олон удаа надад гар хүрч байсан. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” караокены дээр байдаг буудалд унтаж амарч байсан чинь нөхөр согтуу гэнэт орж ирсэнээ дээр гараад “чамайг ална” гээд миний нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд миний хоолойг боохоор нь би гарыг хазаж тавиулсан. Тэр үед миний багтараа хөдөлсөн чинь эмийг маань өгөхгүй байсан. Тэгээд хаалга цоожилчихоод гаргахгүй байсан. Тэгсэнээ хөнжлөөр толгой бүтээгээд “бүтээж ална орилох юм бол ална шүү” гээд миний өвлийн гутлыг бариад зүүн гарын мөр рүү олон удаа цохиод байсан. Тэгсэнээ шалаар дүүрэн цус болсон чинь “энийгээ арч” гэхээр нь би “подволкоорооо арч” гээд айлган сүрдүүлээд байсан. Тэгсэнээ надаас мөнгө нэхээд байхаар нь би худлаа хэлж байгаад цагдаад барьж өгсөн.” Би зодуулж цохиулсандаа гомдолтой байна. /хх-8-11/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “..Шүүхээр асуудал шийгдэнэ гэж бодоогүй. Би нөхрөө уучилсан. Би өөрөө бие муутай архаг боронхийтэй сүүлийн 2 жил өвчин маань хүндэрч 2 ч удаа сэхээнд орж эмчлүүлсэн. Хажуудаа байнга хүнтэй байх шаардлагатай. Бид 2 хоёулаа амьдардаг. Нөхрийн минь ял шийтгэлийг уучилж өршөөж өгнө үү.” /хх-174/ гэх хүсэлт, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оюунгэрэлийн өгсөн: “...Нилээн согтуу байсан анх гарч явахдаа нүүр ам нь зүгээр байсан. Намайг ална гээд гарч яваад эргэж орж ирээд миний нүүр рүү 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Нөхөр амарч байсан өрөөнөөс гарч ирээд миний гарыг тавь гээд Гансүхийг нөхөр цохиж тавиулсан. Тэр хоёр хэрэлдэж муудалцаад Гансүх тавчигтай хөлөөрөө хоёроос 3 удаа өшиглөсөн. Гансүхэд би гар хүрч гэмтэл учруулаагүй шатны уруу өнхөрч унасан. “Зүв зүгээр бос ч ирээд чамайг эргэж ирж ална” гээд гараад явсан. Нөхөр гарч ирээд Гансүхийг цохиж тавиулсан. Би буруу хараад сууж байсан учир хаана цохихыг хараагүй. Нөхөр цохихын хувьд цохисон гэмтэл учруулсан үгүйг мэдэхгүй байна. Тэгтэл манай нөхөр болох Ц.Г  буудлын мухрын өрөөнөөс гарч ирээд тэр согтүу залууг “яагаад байгаа юм бэ” гээд түлхээд 3 номерын өрөөний үүдэнд түлхээд унагаасан.” /хх-75/ гэх мэдүүлэг,

  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гансүхийн өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд танил Төрөө, Энхбаатар, Ака, Энхээ, Сайханаа бас танихгүй 3 хүний хамт уг буудалд орж мөрийтэй тоглосон. Тэгээд тэндээ хоногоор тоглосон. Өглөө 08 цагийн орчим бид нар тоглоомоо дуусгаад хадгалсан байсан нэг шил нэрийг нь мэдэхгүй архийг Энхээ, Сайханаа бид гурав хувааж уусан. Би архиа дуусгаад буцаж нөгөө буудалд очиж Мөөжин, Энхээ бид гурав 0.5 литрын архи хувааж уусан. Бид нарын тоглож байсан өрөө цоожтой байсан. Би “Төрөө хаалгаа онгойлго” гээд тогшиж байхад уг буудлын ажилтан гарч ирээд “наана чинь хүн байхгүй” гэж хэлээд миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг “яаж байна” гээд гарыг нь мушгиж байгаад цааш түлхсэн. Тэгтэл тэр эмэгтэй хүний нөхөр нь гарч ирээд намайг түлхсэн ба би унасан байсан би унахдаа нэг өрөөний хаалга мөргөөд дотор нь унасан байсан. Тэгтэл тэр эрэгтэй хүн нэг модоор миний дээрээс учир зүггүй цохисон. Эхлээд гараараа хааж байгаад гар өвдөөд байхаар нь доошоо хараад хэвтсэн. Зүүн гарын сарвуу, шууны хэсэгт хавдсан. Зүүн талын хавирга, нурууны хэсгээр хөндүүр байна, толгой хагарсан, зүүн шанаа шалбарсан байна." /хх-66, 75, 82, / гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б Баяндэлгэрийн өгсөн: “...Тухайн буудлын хоёр давхарын коридорын шалан дээр цусанд хутгалсан ухаангүй хэвтэж байсан. Ам хамарнаас цус гарсан байдалтай байсан. Булангийн өрөөнөөс өндөр том нүцгэн залуу гарч ирэхээр нь “та хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд “битгий солиор пизда минь наадах чинь өөрөө эхэлсэн” гэж над руу орилсон. Тухайн үед аавын гарынх нь шуу хавдаж, нүүр нь хөхөрч хавдаж цус гарчихсан байсан. Ил харагдах гэмтэл нь тийм байсан. Би наад талын 2 өрөөгөөр орж үзэхэд харагдаагүй би тийм зүйл олж хараагүй.” /хх-117/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Г ийн яллагдагчаар өгсөн: “...Би эхнэрийн хамт “Цайз” нэртэй буудал караокеш түрээслэн ажиллуулдаг. 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө 08 цагийн үед эхнэр босоод өрөөнөөс гараад ямар хүн байхгүй гэж хэлэ байхгүй гэж байгаа сонсогдсон. Эхнэр хэсэг хугацааны дараа ороод ирсэн. “Дээд уруул нь язарсан шүд уначихлаа” гээд надад харуулсан. Ямар хүн байна гэхэд нэг бүдүүн залуу байсан. Намайг цохиод гарах гэж байх үед шатны руу унасан гэж хэлсэн. 10 цагийн үед нөгөө залуу эргэж орж ирээд 5 дугаарын өрөөний хаалгыг өшиглөөд байсан. Эхнэр босоод өрөөнөөс гараад “наана чинь хүн байхгүй” гэж хэлж байсан. Ганаа гэж дуудахаар нь би босоод тавчих өмсөөд коридор руу гарахад 3 дугаарын өрөөний үүдэнд дээр Гансүх гэх залуу эхнэрийн гарыг мушгиад эхнэрийг газар суулгачихсан байхаар нь би араас нь очиж эхнэрийг татаж босгоод “яагаад байгаа юм бэ, тавиач” гэж хэлэхэд эргэж хараад миний нүүр рүү гараараа цохихоор нь багалзуурнаас нь барьж аваад цааш түлхэхэд 3 дугаарын өрөө рүү тэр залуу унасан. Араас нь очоод бөгс гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр залууг “гар” гэхэд орноос зуураад гарахгүй байсан. Арай гэж татаад өрөөнөөс гаргаад коридорт суусан. Нүүр нь халцарчихсан цус гараад байсан. Над руу нулимахаар нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Урд хэсгээрээ буюу нүүрээрээ газар унасан тэгэхэд нүүр нь шалбарсан байхаа.” /хх-134-135/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4022 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Оюунгэрэлийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын баруун талын дотор салстын цус хуралт, язарсан шарх, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, зүүн шуун, зүүн бугуй ташаанд цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх-21/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 998 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Гансүхийн биед чамархайн хуйх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шанаа, зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх-87/ гэх дүгнэлт,

 

“Натур эмнэлэг” компьтерт томографийн оношилгоо /хх-18-20/,

Хохирол төлбөрийн баримт /хх-16-17/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-147-148/,

Шүүгдэгч Ц.Г ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Ц.Г  нь хохирогч Х.Оюунгэрэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангайн зүгээс: “...Хохирогч нь астма өвчтэй, их түргэн уурладаг, ууралхаараа зарим зүйлээ санадаггүй нь хэд хэдэн удаа надад ажиглагдаж байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчиж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт доройтуулах хөнгөн гэмтэл учруулсан нь огт нотлогдохгүй байна. Ц.Г ийн хувьд анхнаасаа огт өөрөө зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй байдаг. Хохирогчийн мэдүүлэг бол зөрүүтэй байдаг.” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оюунгэрэлийн өгсөн: “...нөхөр согтуу гэнэт орж ирсэнээ дээр гараад “чамайг ална” гээд миний нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд миний хоолойг боохоор нь би гарыг хазаж тавиулсан. Тэр үед миний багтараа хөдөлсөн чинь эмийг маань өгөхгүй байсан. Тэгээд хаалга цоожилчихоод гаргахгүй байсан. Тэгсэнээ хөнжлөөр толгой бүтээгээд “бүтээж ална орилох юм бол ална шүү” гээд миний өвлийн гутлыг бариад зүүн гарын мөр рүү олон удаа цохиод байсан.” /хх-8-11/ гэх мэдүүлэг, хохирогч Г.Гансүхийн өгсөн: “...нөхөр нь гарч ирээд намайг түлхсэн ба би унасан байсан би унахдаа нэг өрөөний хаалга мөргөөд дотор нь унасан байсан. Тэгтэл тэр эрэгтэй хүн нэг модоор миний дээрээс учир зүггүй цохисон. Эхлээд гараараа хааж байгаад гар өвдөөд байхаар нь доошоо хараад хэвтсэн. Зүүн гарын сарвуу, шууны хэсэгт хавдсан. Зүүн талын хавирга, нурууны хэсгээр хөндүүр байна, толгой хагарсан, зүүн шанаа шалбарсан байна." /хх-66, 75, 82,/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4022 дугаартай дүгнэлтэд: “...Х.Оюунгэрэлийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын баруун талын дотор салстын цус хуралт, язарсан шарх, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, зүүн шуун, зүүн бугуй ташаанд цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” /хх-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 998 дугаартай дүгнэлтэд: “...Г.Гансүхийн биед чамархайн хуйх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шанаа, зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” /хх-87/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

  

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Г ийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж,

мөн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” караоке дотор байрлах буудалд хамтран амьдрагч Х.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Гансүх, Х.Оюунгэрэл нар нь гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүхээс шүүгдэгч Ц.Г ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

 Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

 

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г ийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар тогтов.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тус тус  тогтоохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ц.Г эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарыг хугацааг тус тус нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ял 1 жил 2 сарын хугацаагаар тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгч Ц.Г  нь энэ хэрэгтээ 8 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,

            Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Ц.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ц.Г ийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ц.Г эд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцсон 30 хоног буюу 1 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцсон 30 хоног буюу 1 сарыг хугацааг тус тус нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Г ийн цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

        

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Ц.Г эд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Г  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.     

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Г эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС