Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ХШТ/21

 

 

 

 

 

Ө.Э, Э.Н,

И.З нарт холбогдох

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ө.Э-ний өмгөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаар магадлалтай, Ө.Э, Э.Н, И.З нарт холбогдох эрүүгийн 2320000910025 дугаартай хэргийг шүүгдэгч Ө.Э-ний өмгөөлөгч С.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 2005 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, О овогт Ө-ийн Э;

 

2. Монгол Улсын иргэн, 2005 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт И-ийн З;

 

3. Монгол Улсын иргэн, 2003 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн Н;

 

Шүүгдэгч Ө.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Шүүгдэгч И.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч И.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Ө.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч И.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Э-өөс 4,276,105 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Х.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б-д, 1,779,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900080080 тоот дансанд тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч С.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай” гэж,

2 дахь заалтад “ ...шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 зааснаар 3 жил 4 сарын” гэж,

мөн заалтад “...шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

3 дахь заалтад “ ...шүүгдэгч Ө.Э--д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сарын хугацаагаар” гэж,

8 дахь заалтад “ ...шүүгдэгч Ө.Э нь бусдад учруулсан хохирлуудыг төлж арилгасан болохыг дурдсугай” гэж,

9 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Н, И.З нар нь торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж нэмж,

“Тогтоох хэсгийн заалтыг 1-11” гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч С.Э нарын давж заалдсан гомдлуудыг хангаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Э-ий өмгөөлөгч С.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ө.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлснийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх 2024 оны 09 сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолоор Ө.Э-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/68 дугаар магадлалаар өмгөөлөгч миний гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар хөнгөрүүлэн өөрчилж, биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч би хайхрамжгүй байдлын улмаас давж заалдах гомдол гаргахдаа ял хөнгөрүүлэх байр сууринаас хандаж Ө.Э-ий гэмт хэрэг үйлдсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад анзаараагүй өнгөрүүлсэн байна.

Энэ байдал нь үйлчлүүлэгч Ө.Э-ий эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчлан заасан.

Шүүгдэгч Ө.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын 2-р баг “С” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 сарын 24-ээс 2023 оны 06 сарын 25-нд шилжих шөнө хохирогч А.Ц-г баруун хөлөөрөө хөл болон толгойн хэсэгт өшиглөж, толгой руу нь гараараа цохиж, баруун өгзөгний булчин хэсэгт хутгаар хутгалсны улмаас тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, дагз өгзөгний шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн гүйж байхад нь араас нь чулуу шидэн толгойн тус газарт оносны улмаас түүний биед дагз ясны хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн.

Ө.Э-нийг анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний үйлдсэн хэрэгт зүйлчилж ирүүлсэн зүйл анги тохирсон гэж дүгнэн ял халдаан хэрэглэсэн.

Гэтэл 2015 оны хуулийн тайлбарт Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгон тайлбарласан.

Улсын яллагч шүүгдэгч Ө.Э-нийг бусдын биед хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн гэх боловч чулууг зэвсэг гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй ба дээрх тайлбарт заасан зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх чулуу нь хамаарахгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ө.Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.4-т заасныг журамлан шийтгэх тогтоол болон магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн Ө.Э-ний өмгөөлөгч С.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Ө.Э нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцаж үзэхэд миний бие хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй, зөвхөн ял хөнгөрүүлэх байр сууриар давж заалдах гомдол гаргасан нь өмгөөлөгчийн хайхрамжгүй байдал гаргаж, Ө.Э-ний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн тул миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Ө.Э 2023 оны 06 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө А.Ц-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Тэрээр түүнийг гүйж байхад нь чулуугаар араас нь цохиж, түүнд дагз ясны хугарал бүхий хүнд хохирол учруулсан. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ө.Э-ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуульд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтыг тайлбарласан. Үүнээс үзвэл, чулуу нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийн аль нэгт хамаарахгүй, байгальд ил байдаг зүйл бөгөөд хэрэгт чулууг тусгайлан засан тохируулсан гэх үйл баримт байхгүй. Ө.Э нь байгальд байсан чулууг газраас авч шидсэн. Чулуу нь хууль зүйн тайлбарт тусгагдсанаар зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй тул Ө.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой. Хоёрдугаарт, гэм буруугийн талаар маргаж байна гэх асуудал яригдах байх. Ө.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан, хулгайн үйлдэл хийсэн гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогчийн биед гэмтэл учруулахдаа хэрэглэсэн чулуу нь зэвсэг гэх ойлголтод хамаарах эсэх асуудал яригдах тул уг нөхцөл байдлыг өөрийн гэм бурууг зөвшөөрөөгүй нөхцөл байдал биш гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт шинжийг тодорхойлж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг тайлбарлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ө.Э-ний үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.Э нь А.Ц-ын биед гэмтэл учруулахдаа чулуу газраас авч шидэн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх үйлдлийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн аутентик тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг тодорхой тайлбарласан. Хохирогчийн биед гэмтэл учруулахдаа газар байсан чулууг ашигласан нь хүний биед гэмтэл учруулахаар зориуд, тусгайлан бэлдсэн, урьдаас засаж тохируулсан байх шинжийг хангаагүй тул чулууг зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй. Хоёрдугаарт, давж заалдах шатны шүүх Э.Н-ын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалд нийцээгүй хэмээн дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар хохирогч О.Г, О.Н нарын биед учирсан хөнгөн зэргийн хохирол нь Э.Н-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдон тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заасны дагуу хэргийн зүйлчлэлийг хоёр, түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан гэж хүндрүүлэн зүйлчлэх шинжийг хангасан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг давж заалдах шатны шүүх хэрэглэж, шүүгдэгч Ө.Эд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагад өөрчлөлт оруулсан. Ингэхдээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хууль хэрэглээний зөрчлүүдийг зөвтгөн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө.Э-ний өмгөөлөгч С.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн Ө.Э, Э.Н, И.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө Д аймгийн З сумын * дугаар баг, “С” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд шүүгдэгч И.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-ийг хөлөөрөө толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас түүний биед тархи доргилт, толгойн хуйханд чамархай хэсэг, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хугацаанд шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Н-н зүүн нүдний дээр хөмсөгний хэсэгт чулуугаар цохиж зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх бүхий гэмтэл, хохирогч О.Г-н нүүр, цээж, толгойн тус газарт гараараа, мөн толгойн тус газарт чулуугаар цохиж хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан буюу дээрх гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн,

шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д аймгийн З сумын дугаар баг тээврийн ** тоотоос хохирогч Х.Б-ны эзэмшлийн “Iphone 14” маркийн гар утас, цэнэглэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,380,000 төгрөгийн хохирол учруулсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, И.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Н-ыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ө.Э-ийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон нь хуульд нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч И.З, Э.Н нарын гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдал, учирсан хохирол, шалтгаант холбоо, хэргийн бүрдэл, зүйлчлэл, ялын тохирооны талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсноос гадна тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хүрээнд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин хоёр шатны шүүх шүүгдэгч Ө.Э-ий хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, газраас авсан чулууг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буюу тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах, эсхүл ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Дээрхээс гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур болно.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинжүүдийн нэгэн адил гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн талаарх ойлголтыг тодорхойлон тусгажээ.

Гадаад хэлбэрийн хувьд байгалийн чулуу нь хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулж болох эд зүйлийн шинжийг илэрхийлж байгаа боловч эдгээр зүйл, хэрэгслийг урьдчилан төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгэсэн, засаж тохируулсан байх, энэ нь гэм буруутай хүний санаа зорилго, сэтгэл зүйн хандлагад багтаж байсан үйл баримт нотлогдсон тохиолдолд зэвсэг хэрэглэсэн шинжид хамруулахаар хууль тогтоогч тогтоосон болох нь дээр дурдсан тайлбараас тодорхой байна.

Шүүгдэгч И.З-ын яллагдагчаар өгсөн “...Манай найзууд тэр газарт унасан залуугаас уучлалт гуйгаад байж байхад зугтаасан залуучууд гараад ирэхээр нь бид нар зугтаагаад шороон дээр гарч харилцан өөд өөдөөсөө чулуу шидэлцсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 197 дугаар тал), гэрч Г.Тодхүүгийн “... тэр залуу зугтаасан, тэгтэл нөгөө залуучууд бид нарын өөдөөс чулуугаар шидэж эхэлсэн” гэх (хавтаст хэргийн 144 дэх тал) мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Болж өнгөрсөн үйл явдлыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан сэргээн тогтооход шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсноос гадна тэдгээрийн хооронд үүссэн зөрчил зодоон болж хувирч улмаар харилцан чулуу шидэлцэх явцад Ө.Э нь газарт байсан чулууг авч шидэхэд хохирогч А.Ц-г оносон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.Э нь нь гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор чулууг зориуд урьдаас төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгээгүй байх бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийгөө хянах, үйл хөдлөлөө удирдах чадвар нь тодорхой түвшинд буурсан үедээ, бусадтай маргаан өрнүүлж, улмаар харилцан зодолдох явцдаа, тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын цаг мөчид газраас чулуу авч шидэж, бусдад гэмтэл учруулсан түүний үйлдэл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй болно.

Давж заалдах шатны дээрх нөхцөл байдлыг мөн анхаарч үзээгүйгээс гадна  “...шүүгдэгч Э.Н-ыг хохирогч О.Н, О.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцнэ...” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Аливаа гэмт хэрэг нь хүний үйл ажиллагааны төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг бөгөөд тэр нь нэг удаагийн эсхүл хоорондоо залгамж холбоотой хэд хэдэн, түүнчлэн үргэлжилсэн шинжтэй үйлдэл байдаг.

 

Нийлмэл болон нэгдмэл гэмт хэргийн хувьд нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээс бүрддэг ижил төсөөтэй байдаг хэдий ч зөвхөн нэгдмэл гэмт хэргийг үргэлжилсэн, удааширсан үйлдэлтэй гэж ангилан үздэг болно.

Нийтлэг зорилгыг хангах болон нэгдмэл санаа бодлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийхийг үргэлжилсэн гэмт хэрэгт хамааруулдаг.

 

Шүүгдэгч Э.Н хэд хэдэн удаагийн үйлдлээр хохирогч О.Н, О.Г нарт хор уршиг учруулж буй нь нэгдмэл гэмт хэргийн хэлбэр учир үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хууль тогтоогч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол энэ хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох ч энэ нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахгүй байх зохицуулалт биш юм.

 

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Э.Н-ын хохирогч О.Н, О.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, түүний улмаас учирсан хор уршиг, тэдгээрийн шалтгаант холбоо нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд прокуророос Ө.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шүүгдэгч Ө.Э нь бусдад учруулсан хохирлуудыг төлж арилгасан болохыг дурдсугай”, “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Н, И.З нар нь торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснээс бусад хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч О овогт Ө-ийн Э /******* /-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “Шүүгдэгч О овогт Ө-ийн Э-ийг /*******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэж,

 

2 дахь заалтын “Шүүгдэгч Ө-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг Шүүгдэгч Ө-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгдэгч Ө.Э-ний өмгөөлөгч С.Э-ын гаргасан гомдлыг хангасугай.

 

 

           ДАРГАЛАГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

 

           ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

 

                М.ПҮРЭВСҮРЭН

 

                 Ч.ХОСБАЯР

 

                   Б.ЦОГТ