Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0933/З |
Дугаар | 221/МА2020/0446 |
Огноо | 2020-07-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0446
Ч.Д, А.Э, Г.Б,
Х.Б, Д.Г, Т.Ч, Ц.Н,
Ш.Т нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ул, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Д, А.Э, Г.Б, Х.Б, Д.Г, Т.Ч, Ц., Ш.Т нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэний нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн” хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.С нар тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь Монгол Улсын Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34,1.4, 34.1.6 , 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв" ААТТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байдаг.
Энэхүү шийдвэрээр шилжүүлсэн чиг үүрэг нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргүүд бөгөөд тухайлбал, 34.1.2 "барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах " , 34.1.4 "барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах ", 34.1.6 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах", 34.1.7 "барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, 34.1.8 "барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулах, 34.1.9 "улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох, 34.1.10 "барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн , хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, сертийн эрх олгох”, 34.1.11 "зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, 34.1.13 " архитектор, инженерийн мэргэжлийн зөвлөл байгуулан, үйл ажиллагааг нь зохион байгуулах, 34.1.15 “барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах” чиг үүргүүд юм.
Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон дээрх чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болохыг 34.2-т тусгайлан заасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нарын ямар эрх зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй гэдэг нь тодорхойгүй байгаагаар барахгүй нэхэмжлэгч нар төрийн бус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эсэх нь тодорхойгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа захиргааны акт илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан "захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай" гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлахдаа "гаргах ёсгүй акт" гаргасан гэж илт зөрүүтэй тайлбарласан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтаар энэхүү захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх /шүүхийн шийдвэрийн 18 дахь талын доороосоо 2 дахь параграф/ Хэдийгээр утга агуулгын илэрхий алдаатай үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан ч илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ч дээр дүгнэснээр Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэж заасныг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхийн хүрээгээр тогтоолын Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ гэсэн нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хууль бус шийдвэр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэнээс “Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ.
1. Маргаан бүхий Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 1 дэх хэсгээр “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад” зөвшөөрч, 2 дахь хэсгээр “Төрийн зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхээр болсонтой холбогдуулан уг газрын дүрмийг шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт” үүрэг болгожээ.
Маргаан бүхий Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 1 дэх хэсгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдаас “Барилгын хөгжлийн төвийн” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар (цаашид “ТӨҮГ” гэх)-ын захиралтай 2018, 2019 онуудад үр дүнгийн гэрээ байгуулан Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төвийн” ТӨҮГ-аар хэрэгжүүлж ирсэн гэдэг нь гэрээнүүдийн хуулбар[1] баримтуудаар тогтоогдож байна.
Маргаан бүхий Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 2 дахь хэсгээр өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар[2] “Барилгын хөгжлийн төвийн” ТӨҮГ-ын дүрмийг баталжээ.
Уг дүрмийн 1.1-д “Барилгын хөгжлийн төв” ...төрийн өмчийн үйлдвэрийн газар нь ...барилга..талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан...барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах.. хэрэгжүүлэх, ...барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох, барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх... зорилго бүхий ...барилга, ...салбарын мэргэжлийн байгууллага мөн.”, 4.1-д “Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилго нь ...Барилгын тухай хууль,... барилгын салбарын төрөөс баримтлах бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллахад оршино.” гэж зохицуулжээ.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 267 дугаар тогтоолоор[3] “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталж, уг бүтцэд Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтэс 12 хүний орон тоотой ажиллахаар заажээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, маргаан бүхий Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад” зөвшөөрч, эдгээр чиг үүргийг Барилга, хот байгуулалтын сайдаас “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан, мөн “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь түүний дүрэм, зохион байгуулалтын бүтцээс үзвэл, уг тогтоолоор шилжүүлэн авсан чиг үүргийн хувьд барилгын салбарын мэргэжлийн байгууллага гэдэг нь тогтоогдож байна.
Тухайлбал, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь эрх зүйн байдлын хувьд хуульд[4] заасны дагуу төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буюу хуулийн этгээд учир түүнийг төрийн бус байгууллага гэж үзэхээргүй байх боловч маргаан бүхий тогтоолын дагуу шилжүүлсэн барилгын салбарын чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага гэж үзэх үндэслэлтэй.
Засгийн газраас өөрт хуулиар[5] олгогдсон “барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд хуульд[6] заасан “барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх” зарим чиг үүргийг хуульд[7] заасны дагуу Засгийн газрын тогтоол гарган, гэрээний үндсэн дээр хуульд[8] заасны дагуу барилгын салбарын мэргэжлийн байгууллага болох “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар хэрэгжүүлэхээр гаргасан маргаан бүхий 51 дүгээр шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.” гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд “төрийн бус” эсхүл “мэргэжлийн байгууллага”-ын аль нэгний шаардлага хангагдсан нөхцөлд уг хуульд заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлж болохоор заасан.
Иймээс хуулийн энэ шаардлагад барилгын салбарын мэргэжлийн байгууллага болох “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамаарахаар байна. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн хоёрдмол агуулгатай хуулийн зохицуулалтыг анхаараагүй, “мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэх зохицуулалтад дүгнэлт өгөөгүй зөвхөн “төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэсэн заалтыг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ хэрэглэж “...Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг төрийн бус байгууллага гэж үзэхгүй...”[9] гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Үүнээс гадна, Улсын дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр шийдвэрээр “Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар татан буугдаж, барилгын чиг үүргүүд “Барилга хөгжлийн төв” ТӨААТҮГ-д шилжсэнтэй холбогдуулан зураг зүйн төсөл, төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилга хөгжлийн төв” ТӨААТҮГ-д олгосонтой холбоотой маргааны үйл баримтад дүгнэлт өгч, Барилгын тухай (2008 оны буюу маргаан бүхий 37 дугаар тушаал гарах үеийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг дурдаж, Барилга хот байгуулалтын сайдыг захиргааны акт гаргах эрх хэмжээгүй тул маргаан бүхий 37 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх гэсэнд хамаарч байна.” гэсэн агуулгаар гарч, “Барилга хот байгуулалтын сайдыг уг маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээгүй” гэсэн дүгнэлтийн дагуу Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Харин энэхүү захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгч нараас илт хууль бус гэж маргаж байгаа актыг Барилга хот байгуулалтын сайдаас гаргаагүй, Засгийн газраас гаргасан, Засгийн газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “төрийн зарим чиг үүргийг Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” агуулгаар гаргасан, “магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага татан буугдсан” гэх нөхцөл байдлаас шалтгаалж энэхүү Засгийн газрын тогтоол гараагүй нь дээр дурдсан Улсын дээд шүүхийн 2016 оны 264 дүгээр шийдвэрээр дүгнэсэн маргааны зүйл, хэрэглэсэн хууль, шийдвэрлэсэн акт зэрэг нь өөр, мөн өөр захиргааны байгууллагад холбогдуулан гаргасан байна.
Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр “Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар “барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгосон” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна, чиг үүргүүдийг өмнөх шийдвэрийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болгож..., хуулийн тодорхой шалгуурыг зөрчсөн нь хууль бус” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заажээ.
Маргаан бүхий Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор авч хэрэгжүүлсэн “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан зарим чиг үүргийг өөрт олгогдсон эрхийнхээ дагуу мэргэжлийн байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн” үйл ажиллагаа нь нэхэмжлэгч нарын “барилгын зураг төсөлд магадлал хийх экспертийн эрх”-д чиглээгүй, тэдэнд шууд хамааралгүй, нэхэмжлэгч нарт хандаж гараагүй, маргаан бүхий Засгийн газрын тогтоолыг гаргасан Засгийн газартай нэхэмжлэгч нарын хооронд тухайлсан эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий Засгийн газрын тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын “барилгын зураг төсөлд магадлал хийх экспертийн” буюу субъектив эрх зөрчигдсөн, хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ “Барилгын хөгжлийн төвийн “магадлал хийх ажлыг зохион байгуулах” чиг үүргийг “магадлал хийх эрхтэй” гэж гуйвуулан тайлбарлаж, хууль зөрчсөн үйлдлээ нууж, бизнес хийсээр байна, ...магадлал хийх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг хавчин гадуурхаж, дангаар ноёрхох үйлдлийг удаа дараа гаргах болсон...магадлалын эрх бүхий зөвлөх болон магадлалын компани, экпертүүдийн гаргасан магадлалыг зөвшөөрөхгүй...чиг үүрэг шилжүүлэн авсан гэдгээр халхавчлан магадлал хийдэг компаниудын эрхийг хязгаарлан хохироож байна.” гэж маргасан үндэслэл нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасан “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааг өдөр тутам хэрэгжүүлэхтэй холбоотой харин маргаан бүхий Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн “өөрт олгогдсон эрхийнхээ дагуу мэргэжлийн байгууллагад барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр шилжүүлэхтэй холбоотой харилцаа”-тай хамааралгүй, өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын “хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Засгийн газрын “барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлсэн” үйл ажиллагаанаас тусдаа юм.
Тодруулбал, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас гэрээний үндсэн шилжүүлэн авсан “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус, түүний хууль хэрэгжүүлэх явцдаа нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн талаарх маргаанд Засгийн газар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа хамааралгүй, Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд Засгийн газрыг буруутгах үндэслэлгүй юм.
Дүгнэхэд, маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч нарт чиглэгдээгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн байдал тогтоогдоогүй, маргаан бүхий уг тогтоолыг гаргасан Засгийн газартай нэхэмжлэгч нар нь эрх зүйн харилцаа үүсгээгүй, нэхэмжлэгч нарын маргаж байгаа үндэслэл нь Засгийн газрын үйл ажиллагаанд хамааралгүй харин Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд хамааралтай байтал анхан шатны шүүхээс “...илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ч дээр дүгнэснээр Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно” гэж заасныг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхийн хүрээгээр тогтоолын Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасан чиг үүргийг шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.” гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй” этгээдээс нэхэмжлэл гаргасан үндэслэлээр бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 357 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д нарын 8 иргэний “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 190-194, 226-229, 2-р хавтас 17-20 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 157-170 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 185, 189 дэх тал
[4] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: 1/ төрийн байгууллага, албан газар; 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар. 3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.”, 15 дугаар зүйлийн 1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна” мөн зүйлийн 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.” гэжээ.
[5] Барилгын тухай хуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах”
[6] Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”
[7] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.”
[8]Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.”
[9] Шүүхийн шийдвэрийн 17 дахь тал