Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1620

 

 

 

 

 

 

 

 

С.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00525 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Баасанбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3/42236 тоот мэдэгдэлээр миний эзэмшлийн байрыг 118 000 000 төгрөгөөр үнэлж үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах болсныг мэдэгдсэн. Уг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр, 116 тоот 4 өрөө байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр 48 м.кв гэж бүртгэгдсэн байдаг боловч 2009 онд батлагдсан орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал стандартын дагуу уг байр нь 100 гаран м.кв болж байгаа бөгөөд үнэлгээ гаргасан шинжээч уг байрыг 48 м.кв-аар тооцон үнэлсэн нь үнэлгээ буруу гарч миний үл хөдлөх хөрөнгийг хэт хямдаар үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121 802 729 төгрөгийг гаргуулан Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан. Иймд дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн тус өдрийн 35 тоот шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдлийг хугацаатай өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж Шүүхийн шийдвэрийн биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг дахин төлөөгүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С.Шижиртуяа болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан. Иймд шинжээч томилох тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 тоот тушаалаар олгосон 07120004 тоот хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхтэй хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд" ХХК-иар зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгоход 118 000 000 төгрөг болохыг тогтоосон байна. Дээрх зах зээлийн бодит үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно. Анхны албадан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдлүүдийн төлбөр төлөгч авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 70 хувиар 82 600 000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй болно. Гуравдагч этгээд болох С.Шижиртуяа нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжпэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дах албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-тзааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 59 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно. Хуульд зааснаар 70 хувь, 50 хувиар тооцон 82 600 000, 59 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирэхгүй байгаа нь дээрх орон сууцыг үнэлгээчин зах зээлийн үнээр үнэлсэн болох нь амьдралд нотлогдож байна. Дээрх орон сууцыг 2 удаагийн дуудлага худалдаагаар оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байхад үнэлгээн дээр маргах нь утга учиргүй зүйл юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар зах зээлийн бодит үнийг тогтоолгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Шижиртуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, … Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ хэтэрхий нэг талыг баримтлан  нөхцөл байдлыг бүрэн гүйцэт судалж үзээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь уг үнэлгээ хийсэн байр болох Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 20-р байр, 116 тоот орон сууцыг 48 м.кв гэж тооцон үнэлсэн байдаг. Гэтэл уг байрыг анх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үеэс хойш орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох улсын стандарт өөрчлөгдсөн бөгөөд уг стандартын дагуу энэхүү орон сууц нь 110 гаруй м.кв болж байгаа, мөн үнэлгээний тайланд дурдсанаар зах зээлийн ханшаар үнэлсэн гэх боловч зах зээлийн тухайн үеийн ханш 130 000 000-150 000 000 төгрөг орчим байхад 118 000 000 төгрөгөөр үнэлсэн зэрэг гол маргах үндэслэл болсон талбайн хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй мөн шинжээч нь зах зээлийн дундаж үнийг баримтлан үнэ тогтоосон гэх боловч зах зээлийн дундаж үнэ гэдэг нь өөрөө ихээхэн өрөөсгөл ойлголт бөгөөд шинжээч зөвхөн хямд үнэтэй байрнуудын үнийг тайландаа оруулан дүгнэлт гаргах боломжтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй шинжээчийн дүнэлтийг эцсийн зөв гэж шууд үнэлж шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч С.Шижиртуяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар захирамжаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121 802 729 төгрөг гаргуулж Ж.Энэрэлд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгө болох С.Шижиртуяагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр, 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 30-33 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр, 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор хураасан байна. /хх-ийн 36-41 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө хураасан тогтоол нь үндэслэлгүй гарсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй бөгөөд эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасны дагуу явагдсан байна.

 

Талууд үнийн саналд тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгож, албадан дуудлага худалдаа зарласан нь хууль зөрчөөгүй болно. /хх-ийн 53 дугаар тал/

 

Хөндлөнгийн шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр, 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 118 000 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 54-67 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 118 000 000 төгрөгийн 70 хувь буюу 82 600 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан боловч санал гараагүй тул хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа  санал гаргах доод үнийг 118 000 000 төгрөгийн 50 хувь буюу 59 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

          Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт  нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж үндэслэлтэй дүгнэсэн атлаа “нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаагүй байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж зөрүүтэй дүгнэлт өгсөн байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгосон нь алдаатай байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөх,  шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ