Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч О.Баярсайхан /томилолтоор/,

хохирогч Ж.Н,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Д.Од холбогдох эрүүгийн 1907003370129 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , тоотод оршин суух, Жаран овогт Д.О /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр , тоотод өөрийн гэртээ бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ Ж.Нтай маргалдаж, улмаар түүнтэй зодолдож, нүүр, хүзүү, цээж, баруун шуунд сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би О рүү залгаад Ц найзтай чинь танилцъя гэж ер хэлээгүй. Намайг гадуур явж байхад надруу яриад ажил дээрээ байна чи хаана байгаа юм ажил дээр хүрээд ир гээд дуудсан. Тэнд бас гэрчлэх хүн байгаа. О Кола Кебабт ажилладаг. Тэгээд О би ажил дээрээ байна чи ороод ирээ гээд намайг дуудсан. Тэгээд би тийшээ ороход ээлжнийх нь бас нэг тогооч хүүхэнтэй хоёулаа цуг сууж байсан. Тэгээд намайг орсон чинь хоорондоо нэг юм ярьж байгаад чи яваад ир гээд ээлжнийх нь тогооч хүүхэн нь 5000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд нэг том пиво аваад уучихъя мөнгө байвал нэмчих гээд надаас 2500 төгрөг авсан. Тэгээд тэндээ 1 пиво уусан. Бид 3 пиво уугаад байж байсан чинь энэ Ж.Н Оийн ажлынх нь гадаа ирсэн. Тэгээд бид 3 тэндээс гараад Оийн гэрт очоод хүүхдэдээ юм оруулж өгнө гээд гарсан. Тэгээд тэдний гадаа нилээн байж байгаад “” дэлгүүр рүү явсан. Тэндээ юм уугаагүй. Тэгээд “” дэлгүүрээс би нэг пиво авсан. Энэ 2 хоёулаа мөнгө байхгүй. Чи мөнгө байвал ганц пиво авчих гэсэн. Манай Ц *******тэйгөө хэрэлдээд сэтгэл санаа нь аягүй хэцүү байгаа сэтгэл санааг нь өргөе хоёулаа гэсэн. Тийм учраас би 10.000 төгрөгөөр нэг пиво “” дэлгүүрээс О бид 2 орж авсан. Тэгээд би тэд нарт хандаж би жаахан хүүхэдтэй юм чинь манайхруу дөхөөд уучихъя машинтай явж байгаа юм чинь гэж хэлээд манай гэрийн ойролцоо урдхан талд очиж уусан. Тэгээд тэр пивийг уугаад байж байсан чинь дахиад уумаар байна гэсэн. О, Ж.Н мөнгө байхгүй гэсэн. Чамд мөнгө байна уу гэсэн би надад мөнгө байхгүй. эгчээс би 10000 төгрөг авах ёстой асууя гэсэн чинь чи асуучих гэсэн. Хэрвээ авчих юм бол тэр мөнгийг чинь би өгчихье гэж О хэлсэн. Тэгээд эгч надруу 10000 төгрөг шилжүүлээд манай хажуу талын дэлгүүрээс дахиад нэг пиво аваад манай гэрт орсон. Тэгээд өлсөөд байна гээд дэлгүүрээс юм зээлвэл чи зээлчихээч дараа нь гурвуулаа хуваагаад төлчихье гээд манай хажуу талын дэлгүүрээс талх, хиам зээлж авахуулсан. Тэгээд тэрийг дараа надад өгнө гэсэн боловч дараа нь өгөөгүй би өөрөө тэрийг өгсөн. Тэгээд өлсөөд байна гэхээр нь манайд ороод мах чануулж идэх юм уу би хонь авсан байгаа гэхэд эхлээд яахын гэж байгаад заза ерөөсөө тэгий тэгий танайхруу оръё гээд манайд орж ирээд би мах чанаад байж байсан. Тэгсэн чинь энэ Ж.Н гэдэг хүүхэн намайг аймаар доромжлоод байсан. Манайх ч гэсэн хөдөөнийх айрагтай, юм юмтай баян цатгалан гээд тиймэрхүү юм ярьсан. Гэхдээ үүнээс болж би Ж.Нт руу дайрч үсдэж дараагүй. Яагаад гэвэл миний 3 жаахан хүүхэд гурвуулаа байсан. Бүр мөлхдөг хүүхэд дээр маань Ж.Н гишгээд гарсан. Машинаа согтуу бариад явна гэхэд нь машины түлхүүр нь олдоогүй болохоор манай гэрийн гадаа машинаа үлдээгээд явсан. Түүнээс биш зугтаж яваагүй. Таксинд суух гээд манайхаас явсан. Энэ 2 согтуу машинаа бариад явах гээд байсан. О хэдүүлээ нийлж наадмаар хуушуур хийх юмсан гэж ярьсан. Тэгсэн Ж.Н би айраг, хонийг нь даая гэхээр нь үгүй ээ тэгээд дараа нь ашгаа хуваах болохоор тэр тэд, энэ тэд гээд байдаг штээ гээд шууд хэдэн талаасаа 100.000 төгрөг ч юм уу мөнгөн дүнгээр бодоод нийлүүлээд гаргавал дараа нь амар шүү дээ гэж ярьсан чинь Ж.Н би тэгдэг хүн биш найздаа өгөх юмаа өгнө гэснээс үүдэж жаахан маргалдсан. Тэгээд маргалдаад энэ хүүхэн уурлаад явлаа гээд гэрээс гарсан. Тэгсэн О түлхүүр хаана байна гээд нөгөө хүүхэн чинь түлхүүр аваад ир гээд Ж.Н буцаж орж ирснээ над руу дайрахаар нь чи одоо яагаад байгаа юм бэ айл гэрт орчихоод хүүхэд айлгаад байна гэсэн. Тэгээд би босоод хажуу талын өрөөрүү орох гэж байсан чинь хажуу талаас мах гаргаж байгаад шүргэлцсэн чинь шууд намайг цаад талын өрөөрүү түлхээд унагасан. Тэгэхээр нь би босож ирээд бид 2 барьцалдаж аваад тэгээд л зодолдсон. Гэхдээ надад ч гэсэн их гэмтэл учирсан. Би тэр үедээ гэмтлийн зураг авч баримтжуулаагүй байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өнгөрөөд миний шарх сорви эдгэрсний дараа намайг цагдаа мэдэгдээд би шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлэхэд миний шарх сорви эдгэсэн байсан. Тийм болохоор ямар ч тийм гэмтэлгүй гарсан. Намайг гэмтэл аваад хөхөрсөн байхад манай ******* болон манай 2 эгч харсан” гэв.

Хохирогч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгчийн ярьсан зүйл худлаа байна. Согтолтын зэрэг бид гуравт байгаагүй. Хүүхэд дээр нь гишгэсэн, намайг шүргэсэн тийм асуудал байгаагүй. Энэ хүн гэртээ оръё гэж зөндөө хэлсэн. Би адилхан хүүхэдтэй, чи адилхан хүүхэдтэй ороод яах юм бэ гэсэн. Манай гэрийг голлоо гэж их уурлаад байхаар нь орсон. Гэрт нь ороод пиво уугаагүй. Аягандаа хийсэн байж байгаад бүгд уугаагүй. Тэгээд энэ хүүхэн хүүхдээ хөхүүлээд сууж байгаад миний хацрыг илээд л чи ямар хөөрхөн юм, чи ямар гоё юм гээд байгаад байсан. Тэгээд би жаахан охинтой нь юм яриад сууж байсан. Бид хэд машинаа бариулах гээд Оийн дүүг дуудсан байсан. О дүүгээ дуудах гээд машины түлхүүр хайсан чинь олдоогүй. Тэгээд л Д.Од явлаа гээд хэлэхэд уурласан. Хүүхдээ ор руу авч шидсэн. Та нар манай гэрийг голлоо гэсэн. Ядуу зүдүү гэж ерөөсөө ярьсан юм байхгүй. Харин тэр мах ярьж байхад маргалдсан юм байгаа. Тэрэн дээр Д.О өөрөө эхэлж маргалдсан. Танайх ганцхан малтай юм уу гэж өөрөө эхэлж ярьсан. Тэгээд би цагдаад нүүрэндээ ийм тос түрхэж байгаа, эмчилгээ хийж байгаа гэж хэлсэн боловч нөгөө хүүхэн чинь чамд ямар ч мөнгө төгрөг өгөх боломжгүй гэж байна хэлсэн. Тэгээд шүүх хурал дээрээ нотлох баримтаа бүрдүүлээрэй гэж хэлсэн. Би нотлох баримтаа бүрдүүлж баримтжуулж чадсангүй. Фэйсбүүкээр тосоо захиалдаг учраас боломжгүй юм байна. Тэгээд миний нүүр ямар ч сорвигүй байсан. Одоо би энэ хүнээс болж хүзүүтэй цамц өмсдөг, нүүрээ зузаан буддаг болсон. Тос түрхэж байгаа мөртлөө сорвинууд нь дөнгөж бүдгэрч байгаа. Нэг удаа сорвины тос аваад өгөөч гэж хэлсэн боловч чадахгүй явдаг газраараа яв хэн нь хэнийгээ дийлэх болдоо гэж хэлээд уурласан байсан. Би энэ охинтой ярьсан юм байхгүй. Ерөнхийдөө Оээр дамжуулж ярьсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр , Өвөршандын 4б-1а тоотод Ж.Нтай хэрүүл маргаан хийсний улмаас түүний нүүр болон хүзүү хэсэгт хумсаараа маажиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            Хохирогч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай найз Оийн найз гээд Зулаа гэх *******тэй танилцсан. Тэгээд бид гурав 2 литрийн “Нийслэл” нэртэй пивоноос 2 савыг хувааж уусан. Тэгээд тэр ******* манайд оръё гээд байхаар нь би нялх хүүхэдтэй айлд хүндрэл болоод яах юм бэ дараа тухтай оръё гэж хэлсэн. Тэгсэн чинь манайхыг голлоо гэхээр нь О бид хоёр хамт орсон. Тэгээд гэрт ороход бид хоёрт 1, 1 стакан пиво хийж өгсөн. Тэгээд тэр Зулаа гэх ******* 7 юм уу 8 сартай хүүхдээ хөхүүлээд байж байхад би 2 ихэр хүүхэдтэй юм яриад сууж байсан. Тэгээд миний хажууд ирээд хүүхдээ хөхүүлээд байж байхдаа чи ямар гоё царайтай юм бэ? хөөрхөн юм аа гээд л байн байн хэлээд байсан. Тэгээд бас манайд хоночих гэхээр нь би өө найз нь 2 хүүхэд дээрээ очиж хононо шүү дээ болохгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал О одоо хоёулаа явах уу гэсэн чинь гэнэт л уурлаад л эхэлсэн. Учиргүй уурлаад та хоёр манай гэр орныг хүндэлсэнгүйгээд уурлаад байж байснаа гэнэт үснээс зулгаагаад дараад авсан. Тэгэхээр нь би адилхан үснээс нь зулгаагаад хойшлуулсан чинь миний нүүр рүү самардаад л байсан. Тэгэхэд нь О бид хоёрыг салгаад та хоёр чинь яаж байна аа гээд намайг гэрээс гаргасан. Тэгээд гэрээс нь гарсаны дараа араас тэр ******* гарч ирээд намайг янхан, гичий гээд л хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгсэнээ дахиж үснээс зулгаагаад авахаар нь хоёр гарыг нь түлхээд өөрөөсөө холдуулсан чинь хөөе хүүхэд байна, хүүхэд байна гэхээр нь би за тэгвэл чи намайг тавь, тэгээд би тавьлаа гээд бид хоёр зэрэг гараа тавьсан. Тэгээд намайг янз бүрээр хэлээд гэр рүүгээ орсон. Тэгээд би хэлсэн чамайг хаа нэг газар харж байсан юм байна одоо бодоод байхад гэж хэлсэн. Гэхдээ хаана харсанаа бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 5 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 02-ны өглөө над руу Зулаа залгаад миний найз хаана байгаа юм гэхээр нь би өнөөдөр амраад гэртээ байна гэж хэлсэн. Тэгсэн намайг гараад ирээч гэхээр нь гарч амжихгүй гэж хэлсэн. Тэгсэн өдөр би хуучин ажиллаж байсан ажлынхаа эгчтэй таараад уулзаад байж байсан чинь хаана байгаа юм бэ гээд Зулаа дахиад залгасан. Тэгэхээр нь би хүнтэй уулзаад байж байна гэсэн чинь миний байгаа газар хүрээд ирсэн. Тэгээд Зулаа бид хоёр манай ажлын газрын эгчийг суулгаж өгсөн. Тэгсэн чинь Зулаа танай найз Цацралтай чинь танилцъя л даа гээд байхаар нь би дагуулаад гэр рүү нь очсон гэртээ байхгүй байсан. Тэгээд бид хоёр манай ажил дээр ирээд байж байтал Ж.Н залгаад найз нь танайд хоёр хүүхдээ үлдээчихлээ чи хаана байна гэхээр нь би ажил дээрээ байна гэж хэлсэн чинь хажуунаас Зулаа Цацрал юм уу уулзъя л даа гэж хэлсэн. Тэгээд Ж.Н манай ажлын гадаа удаа ч үгүй ирсэн. Тэгээд бид гурав Ж.Нын машинд суугаад хүүхдүүдэд нь хоол унд хүргэж өгсөн. Тэгсэн чинь Зулаа би ч гэсэн хүүхдүүддээ хоол хүнс хүргэж өгөхгүй бол болохгүй. Өглөөнөөс хойш орхичихсон байгаа гэж хэлсэн. Тэгээд Зулаагийн гадаа ирээд гурвуулаа хүүхдүүдэд нь юм оруулж өгсөн. Тэгээд Зулаагийн гадаа 2 том 2 литрийн пиво авч уусан. Тэр үед Зулаа манай гэрт оръё гээд байхаар нь яах юм бэ нялх хүүхэдтэй айлд ороод гэж хэлсэн. Тэгээд бид жаал юм ярьж сууж байгаад гэрт орохоор болсон бөгөөд Зулаа пиво болон ойр зуурын зээл авчихлаа шүү гэхээр нь за бид хоёр ч гэсэн мөнгө төгрөгнөөс нь төлөлцөнө шүү гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод Зулаа хоол, цай хийгээд бид нар авсан пивоноос нь нэг нэг стакан хийгээд л уух гээд л байж байсан. Тэгээд Ж.Ныг одоо явъя гэж хэлсэн чинь Ж.Н тэгье гээд босоод ирсэн чинь Зулаа уурлаад та нар манайхыг голлоо гээд байсан. Тэгээд явах гээд машиныхаа түлхүүрийг хайсан боловч олдоогүй. Уг нь тэр хоёр бие биенийгээ үнсээд л жигтэйхэн байсан юм. Тэгсэн Зулаа гэнэт уурлаад би хоол хийж байхад тоосонгүй гэхээр нь бид хоёр болж байгаа хоолноос амсаад гаръя гээд хэлсэн. Тэгсэн чинь манайхыг голлоо гээд л уурлаад тэр хоёр маргаж байсанаа барьцалдаад авсан. Ж.Н голоогүй гэдгээ тайлбарлаад л байсан. Тэгээд би барьцалдаад авахаар нь арай гэж салгасан. Тэгсэн чинь хоёулаа хоёр тийш холдоод явцгаасан. Жижиг өрөөнд нь ороод дахиад бие биенийхээ үснээс зулгаагаад барьцалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгах гээд ч чадахгүй, сүүлдээ хоорондоо өөрсдөө болихоор нь би Ж.Ныг Зулаагийн гэрээс дагуулаад бид хоёр бүр хөл нүцгэн зугтаасан. Тэгээд би таксинд суугаад гэртээ харьсаныхаа дараа гэрэлд Ж.Ныг нүүрийг хараад чиний нүүр аймар болчихсон байна халуун сэргэг дээр нь цагдаад дээр очиж байгаа байдлыг харуулж, эмчид үзүүлье гэсэн чинь Ж.Н яах юм бэ адилхан ******* хүмүүс маргааш учир нь олдох байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Ж.Н намайг чи найз дээрээ очоод ирээ гэхээр нь би Зулаа дээр ирээд чи яаж байгаа юм бэ адилхан ******* хүмүүс чи одоо нүүр амыг нь хардаа гэж хэлсэн чинь Зулаа би ч гэсэн адилхан зодуулсан гэж хэлсэн. Нүүр нь аймар болсон байна чи ядаж сорвины тос авч өгөө гэж хэлсэн чинь огт тоогоогүй. Тэгээд би машиных нь түлхүүр хаана байна гэсэн чинь Зулаа буйдангийнхаа завсараас гаргаж ирж байсан...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 8 дугаар хуудас/                                                                                                           

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/379 дугаар:

            “1. Ж.Нын биед нүүр, хүзүү, цээж, баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хуггаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугнд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/391 дугаар:

            “1. Д.Оын биед цээж, баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугнд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №0006634 дугаар шийтгэлийн хуудас,

            /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 47 дугаар хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 52-53 дугаар хуудас/

 

            ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 57 дугаар хуудас/

 

            Д.Оын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр , тоотод өөрийн гэртээ бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Нтай маргалдаж, улмаар түүнтэй зодолдож, нүүр, хүзүү, цээж, баруун шуунд сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Миний буруу. Би ийм асуудал болно гэж бодоогүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр , тоотод өөрийн гэртээ бусадтай согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ Ж.Нтай маргалдаж, улмаар түүнтэй зодолдож, нүүр, хүзүү, цээж, баруун шуунд сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр , Өвөршандын 4б-1а тоотод Ж.Нтай хэрүүл маргаан хийсний улмаас түүний нүүр болон хүзүү хэсэгт хумсаараа маажиж гэмтэл учруулсан...” гэх, 

хохирогч Ж.Нын “...гэнэт үснээс зулгаагаад дараад авсан. Тэгэхээр нь би адилхан үснээс нь зулгаагаад хойшлуулсан чинь миний нүүр рүү самардаад л байсан. Тэгэхэд нь О бид хоёрыг салгаад та хоёр чинь яаж байна аа гээд намайг гэрээс гаргасан...” гэх,

            Гэрч Г.Оийн “...Жижиг өрөөнд нь ороод дахиад бие биенийхээ үснээс зулгаагаад барьцалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгах гээд ч чадахгүй, сүүлдээ хоорондоо өөрсдөө болихоор нь би Ж.Ныг Зулаагийн гэрээс дагуулаад бид хоёр бүр хөл нүцгэн зугтаасан. Тэгээд би таксинд суугаад гэртээ харьсаныхаа дараа гэрэлд Ж.Ныг нүүрийг хараад чиний нүүр аймар болчихсон байна халуун сэргэг дээр нь цагдаад дээр очиж байгаа байдлыг харуулж, эмчид үзүүлье гэсэн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №08 шэ/379 дугаартай “...Ж.Нын биед нүүр, хүзүү, цээж, баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хуггаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдолтой баримт байхгүй, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлээд нэхэмжлэнэ гэсэнийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин цаашил гарах зардалаа ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгч Д.О “би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэх тайлбарыг тус тус гаргав

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Д.Оын үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад Д.О хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй учир түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн хуггаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Жаран овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ