Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/132

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б.Дд холбогдох эрүүгийн 1907002620115 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Б.Д /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, цэргийн ангийн урд зам дагуу байрлах “” ХХК-ийн хүнсний дэлгүүрийг мөргөж осол гарган зорчигч нар болох П.Үын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, П.Д, Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед салхинд гарна гээд Ү болон нөхрийн хамт Дийнд очсон. 16 цагаас хойш бид 3 очоод 18, 19 цагийн үед дэлгүүрээс 3 шил архи аваад нөхөр болох Нарангэрэл, Ү, Д нартай хамт архиа үүрийн 3 цаг хүртэл уусан. Өглөө босоод явах гэсэн боловч архи гараагүй байсан болохоор тэр өдрөө хэвтээд өнжсөн. Дээрээс нь миний элэг жаахан муу. Үдээс хойш явах гэсэн боловч согтуу хүмүүс байсан учраас ерөөсөө хоноод явъя гээд тэр өдрөө амарч хэвтсэн. Орой А эгч ирээд Ү, Д, А 3 архи уугаад сууж байгаад надаас архинд яваад ирье гээд гуйхаар нь би явахгүй гэсэн. Тэгсэн чинь явчаад ирье гээд байсан. Би тухайн өдрөө архи уугаагүй байсан болохоор өмнө уусан архи гарсан байх гэж бодоод явсан. Налайхын замыг мэдэхгүй учраас зам заалгаж явсаар байгаад орой болоод урдаас ирж яваа машины гэрэлд цохиулаад тухайн үед тормоз гишгэсэн боловч замаас гараад айлын амбаар мөргөсөн байсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч П.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз Б.Д түүний нөхөр Алтангэрэл нарын хамтаар Баянзүрх дүүрэг гэх газарт өөрийн найз Дийн гэрт амарч хоёр хоносон. Бид нар найзынхаа гэрт байх хугацаандаа 2 өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2019 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн үед архи авахаар Налайх дүүрэг рүү Б.Дын Тоёота Кроун маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар архи авах дэлгүүр хайгаад олдохгүй байсан учир буцаад явж байгаад замын хажуу тал руу орсон. Би тухай үед дэлгүүр мөргөсөн гэж мэдээгүй. Эмнэлэг дээр ирээд хүнсний дэлгүүр мөргөсөн гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Хохирогч П.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт манай найзууд болох Нарангэрэл, Б.Д, Ү нар амрахаар ирсэн. Бид нар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны шөнө хүртэл хууч хөөрч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2019 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагт архинд явахаар Б.Дын машинтай гарсан. Би тэгээд болсон үйл явдлын талаар огт санахгүй байна. Нэг мэдсэн Улаанбаатар хот руу явж байсан. Би Налайх дүүргийн эмнэлэгт үзүүлсэн гэдгийг ч огт санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбат зөрлөгт өөрийн төрсөн дүүгийн гэрт ирсэн. Намайг очих үед манай дүүгийн найзууд ирсэн байсан. Тухайн өдөр төмөр замын 70 жилийн ойн баяр болж би Улаанбаатар хотоос гарах үедээ л жаахан уусан байсан. Дүүгийн гэрт очоод дүү болон дүүгийн найзуудын хамтаар баяр тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж маш их согтсон байсан. Би болсон явдлын талаар огт санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дэлгүүрийн эвдэрч гэмтсэн эд зүйлсийг бүрэн төлж барагдуулж засварлаж өгсөн. Одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/334 дугаар:

            1. П.Дийн биед зүүн атгаал ясны бяцарсан ил хугаралыг хадсан мэс заслын дараах байдал /2019.06.13 ГССҮТ/, доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/346 дугаар:

            1. П.Үын биед баруун уушгины уналт /ателектаз/, баруун 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавиргануудын хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын баруун ламинагийн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.  

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 48 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/333 дугаар:

            1. Б.Агийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүг авсан мэс заслын дараах байдал /2019.06.07 ГССҮТ/, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, нойр булчирхайн сүүл, ходоодны их баг махиа, хөндлөн болон уруудах хэсгийн эдийн няцрал, цээжний битүү гэмтэл: баруун зүүн уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, баруун 7,8,9,10 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар, 8 дугаар хавирга суганы арын шугамаар, зүүн талын 5,6,7 дугаар хавирга суганы урд шугамаар, 8,9 дүгээр хавирга суганы арын шугамаар, 7,8,9,10,11 хавирга нугалмын хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, сээрний 5,6 дугаар нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 60 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3423 дугаар:

            “Шинжилгээнд ирүүлсэн “Баярсайхан Б.Д” гэж хаягласан цусанд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,8 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах бодисын шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 78 дугаар хуудас/

 

            Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаар:

            “...2.Хэргийн материалтай танилцаж үзэхэд Тоёота Кроун маркын Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дугаар зүйл дэх “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно”, мөн дүрмийн 18.3 дугаар зүйл дэх “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт,

            /хх-ийн 167-168 дугаар хуудас/                                                                                               

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

            /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

 

            Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 5-9 дүгээр хуудас/

 

            Б.Дын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 93 дугаар хуудас/

 

            Б.Дын жолоочийн лавлагаа, мэдээлэл,

            /хх-ийн 94 дүгээр хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 99 дүгээр хуудас/

 

            Б.Дын Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Налайх дүүргийн 1 дүгээр хороо, цэргийн ангийн урд зам дагуу байрлах “” ХХК-ийн хүнсний дэлгүүрийг мөргөж осол гарган зорчигч нар болох П.Үын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, П.Д, Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах” гэх,

 

Шүүгдэгч Б.Д “Гэнэтийн юм гэж гэнэтийн л байдаг юм байна. Би ерөөсөө өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Дд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

 

 

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Тоёота Кровн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Налайх дүүргийн 1 дүгээр хороо, цэргийн ангийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явах даа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ... жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 18.3 дугаар зүйл дэх “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний замаас гарч “” ХХК-ийн хүнсний дэлгүүрийг мөргөж зорчигч П.Үын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.Д, Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Дын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн үед намайг унтаж байхад Ү, Д нар дуудаж ойрхон дэлгүүр явж архи аваад ирье гэсэн би үгүй би явахгүй гэж хэлсэн чинь яваад өгөөч дээ энд ойрхон шөнө 05 цаг хүртэл ажилладаг дэлгүүр байдаг гэж бүгд гуйгаад байсан учир би аргагүй байдалд орж архинд явахаар гарсан. Би Дийн гэрээс гараад машинаа бариад надад зам зааж өгөөд явсан. Би тээврийн хэрэгсэл бариад явж байх үед миний өөдөөс гэрэл гялбаж өөдөөс машин ирж байгаа юм шиг харагдаад байсан учир би замын хажуу тал руу дарж замын хажууд байрлах дэлгүүрийг мөргөж зогссон...” гэх, 

            хохирогч  П.Үын “...Налайх дүүрэг рүү Б.Дын Тоёота Кроун маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар архи авах дэлгүүр хайгаад олдохгүй байсан учир буцаад явж байгаад замын хажуу тал руу орсон. Би тухай үед дэлгүүр мөргөсөн гэж мэдээгүй. Эмнэлэг дээр ирээд хүнсний дэлгүүр мөргөсөн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №08 шэ/334 дугаартай “...П.Дийн биед зүүн атгаал ясны бяцарсан ил хугаралыг хадсан мэс заслын дараах байдал /2019.06.13 ГССҮТ/, доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №08 шэ/346 дугаартай “...П.Үын биед баруун уушгины уналт /ателектаз/, баруун 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавиргануудын хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын баруун ламинагийн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №08 шэ/333 дугаартай “...Б.Агийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүг авсан мэс заслын дараах байдал /2019.06.07 ГССҮТ/, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, нойр булчирхайн сүүл, ходоодны их баг махиа, хөндлөн болон уруудах хэсгийн эдийн няцрал, цээжний битүү гэмтэл: баруун зүүн уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, баруун 7,8,9,10 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар, 8 дугаар хавирга суганы арын шугамаар, зүүн талын 5,6,7 дугаар хавирга суганы урд шугамаар, 8,9 дүгээр хавирга суганы арын шугамаар, 7,8,9,10,11 хавирга нугалмын хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, сээрний 5,6 дугаар нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3423 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Баярсайхан Б.Д” гэж хаягласан цусанд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,8 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах бодисын шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна” гэх дүгнэлт, Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаартай “...2.Хэргийн материалтай танилцаж үзэхэд Тоёота Кроун маркын Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дугаар зүйл дэх “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно”, мөн дүрмийн 18.3 дугаар зүйл дэх “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Үын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.Д, Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч “хохирогч тус бүр шүүх хуралд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...”гэсэн хүсэлтийг үндэслэн шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 6 сар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах саналтай байна.” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож явж 2 хүнд хүндэвтэр, 1 хүнд хөнгөн гэмтэл учруулсан хэдий ч мөрдөн байцаалтын шатанд учирсан хохирлоо барагдуулсан. Хохирогч нараас одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Эрүүгийн хуульд заасан энэ гэмт хэрэг маань болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг. Үын гуйлтаар автомашин жолоодож байгаад осол гаргасан. Б.Д нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. Нэмэгдэл ял дээр санал байхгүй” гэх, дүгнэлт тайлбар гаргав.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн ба хохирогчид учирсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан түүнийг хохирогч П.Үын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.Д, Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт түүнд хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сар хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

  Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдсан №01512866 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Дд буцаан олгож, №756140 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлэх нь зүйтэй.

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бага тугтан овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,.2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Б.Дын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сар хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг
1 жил 6 сар хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Б.Дд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Б.Дын №756140 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ