| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 320/2026/00538/И |
| Дугаар | 225/МА2026/00010 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 225/МА2026/00010
Д.Нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 320/ШШ2025/00619 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 12,310,200 (арван хоёр сая гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч А.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н /цахим/, хариуцагч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Н би 2023 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагт байрлах Хас банкны баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэн цайны газар ажиллуулахаар ярилцан тохиролцсон талаар найз А.Дд ярьтал тэрээр цайны газар ажиллуулах тоног төхөөрөмж, тохижилтын сахүүжилтийг 2 талаасаа мөнгө санхүүгээ нийлүүлж тохижуулаад, үйл ажиллагаагаа эхлүүлээд, ашгаа хуваагаад хамтарч ажиллах санал гаргасан. Би тухайн үед дангаараа цайны газар тохижуулаад, гал тогооны тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч тохижуулж ажиллуулахад санхүүгийн хувьд хүнд байсан тул би А.Дгийн 2 талаасаа хөрөнгөө нийлүүлээд цайны газрын байрыг хамтарч тохижуулан, тоног төхөөрөмж худалдан авч эхлүүлэх саналыг хүлээн авсан. Би өөрийн хөрөнгөөр уг цайны газрыг нээж ажиллуулахад гал тогооны тоног төхөөрөмж, цайны газрын дотоод заслын ажилд нийт 7,468,200 төгрөгийг зарцуулсан. Мөн цайны газар хамтран ажиллуулж байх хугацаанд А.Д нь Д.Н надаас цувуулж нийт 4,842,000 төгрөгийг авсан боловч тэрээр өгөөгүй. Бид цайны газрыг 2023 оны 11 сарын 20-ны өдөр нээж эхлүүлж ажиллуулсан боловч өвөл тухайн түрээсийн байрны халаалт муу байсны улмаас байнга ажиллуулах боломжгүй болж бид нийт 38 хоног л цуг уг цайны газрыг ажиллуулсан.
Ингээд бид цайны газраа ашигтай ажиллуулах гэж чадахаараа хичээж, үйл ажиллагаагаа тогтвортой болгох гэж зүтгэж байсан боловч 2024 оны 3 сард А.Д нь хамтарч уг цайны газрыг ажиллуулахад ашиггүй байна, бид хоёрын нэг нь л ажиллуулмаар байна гэж ярьж хэлэх болсон. Тухайн цаг үед би А.Дгийн дүү А.Бгээс 40,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн байсан бөгөөд уг мөнгөө төлж чадахгүй хүнд байдалд намайг орсон байсныг далимдуулж А.Д нь намайг дүүгээсээ зээлж авсан 40,000,000 төгрөгөө яг одоо өг, чадахгүй бол би цайны газраа авч үлдээд ганцаараа ажиллуулъя, чи цайны газар хамтарч ажиллуулах гэрээнээсээ татгалз, гар гэж ярьж, хэлж намайг хамтарч ажиллах гэрээнээс татгалзахыг ятгаж эхэлсэн. Би түүний дүүгээс авсан мөнгөө бөөнд нь өгч чадахгүй хүнд байдалд орсон тул А.Дтай хамтарч ажиллах гэрээнээс гарахаас өөр аргагүй болсон. Би цайны газар нээхэд өөрийн хөрөнгөөр худалдаж авсан гал тогооны тоног төхөөрөмж, тохижуулсан бүх эд зүйлүүдээ А.Дгаас аваагүй үлдээсэн. Мөн цайны газар хамтарч ажиллуулж байхад А.Д надаас зээлж авсан мөнгөө өгөөгүй. Тэрээр ганцаараа уг цайны газраа ажиллуулаад үлдсэн.
Иймд цайны газар хамтарч нээж ажиллуулахад шинээр худалдаж авсан тоног төхөөрөмж, зээлж авсан мөнгө ...нийт 12,310, 200 төгрөгийг А.Дгаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. ...А.Д зээлж авсан мөнгөнөөс 2,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн тул тус мөнгийг хасаад нийт 10,310,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Нтай хамтарч цайны газар ажиллуулахаар тохиролцож, миний зүгээс 4,800,000 төгрөг, Д.Нгийн зүгээс 7,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулж, ашгийн 60 хувийг Д.Нг, 40 хувийг миний бие авч байхаар тохиролцсон. Үүнтэй зэрэгцээд тэрээр манай дүүгээс 40,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд Д.Н нь уг мөнгөнийхөө хүүг миний данс руу шилжүүлж байсан. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учир дүү маань намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулан үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүх хуралдаан дээр Д.Н ширээ сандал, хамтарч бизнес хийхэд гаргасан зардлуудаа уг мөнгөнөөсөө хасна гэж тайлбар гаргаж байсан тул би нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, тухайн шүүх хурлаар аль алиндаа өгөө аваагүй байхаар тэрхүү хэргийг шийдүүлчихлээ гэж бодсон. Гэтэл одоо нөгөө л ширээ, сандал энэ тэрээ бичсээр мөнгө нэхэмжлээд байгаад гайхаж байна. Тухайн үед уг цайны газрыг ажиллуулах үедээ Д.Н тухайн хугацааны бүх орлогыг аваад надад юу ч үлдээхгүй явсан. Зарим нэг эд зүйлс байгаа ч тэрээр надад өгөх мөнгөндөө үлдээж гэж бодсон. Би уг цайны газрын түрээс 2,000,000 төгрөг, 2 сарын тог, ус, дулааны зардлын өрөнд үлдсэн. Би Д.Нгийн данс руу 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 2,000,000 төгрөг, дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг шилжүүлж байсан. Одоо би түүнд ямар ч өргүйн дээр харин ч түүнээс авах мөнгөнөөс хассанаараа би өөрөө дүүдээ мөнгөний өртэй байгаа болно. Д.Нг би нутгийн эгч, нэгэн цагт хамтарч бизнес эрхэлж явсан гэдэг утгаар 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж бүх асуудлыг цэгцэлсэн гэж бодож байхад миний энэ сэтгэлийг ойлгохгүй, харин ч надаас мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 320/ШШ2025/00619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч А.Дгаас гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,310,200 (гурван сая гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн улсын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,913.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Д давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас 7,000,000 төгрөгийг гаргуулж Д.Нд олгохоор шийдвэрлэсэн нь ор үндэсгүй юм. Бид анх хөрөнгө оруулсан миний 4,800,000 төгрөг, Д.Нгийн оруулсан 7,000,000 төгрөг нь тухайн үед хөрөнгө оруулсан мөнгө байсан. Үүнтэй маргаагүй. Мэдээж 2 талаасаа хөрөнгө оруулсан учраас тухайн бизнес хийх боломж бүрдсэн. Гэвч би тухайн зоогийн газрын объектыг түрээсэлсэн зардал, тог, дулаан, урсгал зардал гээд бүх зардлыг төлсөн. Мөн тухай үед уг түрээсэлсэн объектыг усны шугам гэмтэж газар ухуулж маш их зардлаар уг эвдрэлийг зассан. Энэ дүнг бодож хөрөнгө оруулалтаасаа хассан.
Би ажил төрөл эрхэлдэг байсан учир өдөр бүр энэ газраа бүтэн цагаар ажиллах боломжгүй байдаг байсан учраас тухайн үеийн орлого руу хальж ороогүй, энэ хугацааны орсон орлогыг Д.Н бүгдийг нь авсан. Энэ үед хүүхдийн үдийн хоолны тендерийн ажлыг хариуцан хийж тендерийн дагуу хэд хэдэн сургуульд үдийн хоол нийлүүлдэг болсон. Энэ бүх мөнгө, орлого, ашгийг Д.Н авсан. Би хэрэгт өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн бөгөөд тухайн өдөр хуралдаа 7 минут хоцорч ирснээс уг баримтуудыг шинжлэн судлуулж чадаагүй, мөн мэтгэлцэх боломжоо ашиглаж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хөрөнгө оруулахад гаргасан зардлыг тооцож үзээд байгаа юм бол миний хөрөнгө оруулсан 4,800,000 төгрөгийг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.
Д.Нгийн оруулсан хөрөнгө оруулалт нь хөрөнгө мөнгө миний оруулсан хөрөнгө оруулалт огт тооцогдохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Би өөрийн оруулсан мөнгөөрөө хоолны материал гаргаж байсан бөгөөд нэмээд түрээс гэх мэт дээрх зардлыг бүгдийг нь өөрийн хөрөнгөөрөө гаргасан учраас өнөөдөр гомдолтой байна.
Би Д.Нгаас мөнгө зээлээгүй, тухайн үед түүний 7,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт нь сандал ширээ гэх мэт эд материал байсан. Би Д.Нд 2,000,000 төгрөгийг түүнд буцаан өгсөн. Ингээд хэн аль нь тэнцүү хөрөнгө оруулалттай болсон байхад ашиг орлого бүгдийг нь аваад явсан хүнд дахин 7,000,000 төгрөг өгөх болсонд гайхаж байна. Ядаж миний түүнд өгсөн 2,000,000 төгрөг үнсэн хөрөнгө оруулалтаас хасагдах ёстой атал энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй, нотлох баримтуудыг харьцуулан шинжилж үзэлгүй шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзлээ.
Бид 2 сар гаран уг зоогийн газрыг ажуулахад нэлээдгүй орлого олсон байдаг. Энэ орлогыг бүгдийг нь Д.Н дангаараа авсан учраас бид хоорондоо таарахгүй болж үйл ажиллагаа зогссон. Яг адилхан хөрөнгө оруулсан хүмүүс үйл ажиллагаа зогсоохдоо нэг нь бүх ашиг орлогоо авсан нөгөө нь бөөн өр зээлтэй хэдэн аяга, халбага, сэрээ, ширээтэй үлдэх нь шударга ёс гэж үү. Маш их гомдолтой байна. Өмнө нь дүүгийн мөнгөний асуудлыг ч энэ шүүгч шийдвэрлэсэн. Шүүх хурал дээр Д.Н хөрөнгө оруулсан мөнгө энэ тэр гэж ярихад нь 60,000,000 төгрөгөөсөө би дур мэдэн буулгаж, хэн алиндаа хохиролгүй байх гэж, мөн ахин дахин шүүх хуулийн байгууллагаар явахгүй гэсэндээ багасгаж байсныг энэ шүүгч мэднэ. Шүүх хурал дээр намайг үнийн дүнгээ буулгаад хоорондоо ойлголцож болохгүй юм уу гэж хүртэл асууж, тайлбарлаж байсны дагуу үндсэн үнээс маш их буулгаж хэргийг шийдвэрлүүлсэн атал өнөөдөр энэ талаар огт мэдэхгүй хүн шиг аашилж Д.Нд хэт давуу байдал олгож байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин бүхэлд нь хянаж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.Нгийн нэхэмжлэлтэй, А.Дд холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Нэхэмжлэгч Д.Н А.Дд холбогдуулан зээл, гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 12,310,200 (арван хоёр сая гурван зуун арван мянга хоёр зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...Цайны газар хамтарч нээж ажиллуулахад шинээр худалдаж авсан тоног төхөөрөмж ...бүгд 12,310,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч А.Д зээлж авсан мөнгөнөөс 2,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн тул тус мөнгийг хасаад нийт 10,310,200 төгрөгийг гаргуулна гэх байдлаар тодорхойлжээ.
2.Хариуцагч А.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...би Д.Нд холбогдуулан зээл, алданги, нийт 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнээс хамтарч бизнес хийхэд гаргасан зардлуудаа хасаж шийдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх агуулгаар маргасан байна.
3.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан, нэхэмжлэгч мөн хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-т заасны дагуу гал тогооны тоног төхөөрөмж, засварт оруулсан зардлаа гаргуулж авахаар шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Зохигчийн тайлбараас үзэхэд талууд хамтарч цайны газар ажиллуулахаар харилцан тохиролцож А.Дгаас 4,800,000 төгрөг, Д.Нгаас 7,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулсан талаар хэн аль нь маргаагүй боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2024/01193 дугаартай шийдвэрт дурдсан Д.Нд холбогдуулан гаргасан 60,000,000 төгрөг гаргуулах тухай А.Дгийн нэхэмжлэлээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэх нь маргааны зүйл болжээ.
5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.Д нь иргэн П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож Д.Нд холбогдуулан үндсэн зээл 40,000,000, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэхдээ талуудын тайлбарыг үндэслэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх-н 6-8, 92-96, 98-111-р тал/.
Тодруулбал, зохигчийн эвлэрэл нь нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэлд дурдсан 12,310,200 төгрөг гаргуулах маргаантай хамааралгүй, 60,000,000 төгрөгийн дүнд оруулан тооцох үндэслэл болоогүй байхаас гадна хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дахин хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн татгалзал болон гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
6.Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байхаас гадна нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар оновчтой дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг Иргэний хуулийн 43.1.1-д заасан зохицуулалттай уялдуулан зөв тодорхойлсон байна.
Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн нөхцөлд аль нэг тал нь гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болох, улмаар гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр буцаан олгох эрх зүйн үр дагавар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-т заасны дагуу үүсэх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах эсэхийг хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн шийдвэрлэнэ.
7.Нэхэмжлэгч цайны газрыг хамтран ажиллуулах гэрээнээс гарсан тохиолдолд гал тогооны тоног төхөөрөмж, засварт оруулсан зардлаа гаргуулж авахаар шаардах эрхтэй хэдий ч шаардах эрхийн үндэслэлээ бүрэн нотолж, энэ талаар тодорхой тайлбарлаж чадаагүй, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байх тул хариуцагч А.Дгаас гал тогооны тоног төхөөрөмж, засварын үнэ, нийт 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
8.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагч А.Дгийн гаргасан шүүхийн шийдвэрээр надаас 7,000,000 төгрөгийг гаргуулж Д.Нд олгохоор шийдвэрлэсэн нь ор үндэсгүй юм... гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч А.Дгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 320/ШШ2025/00619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч А.Дгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ