| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/02149/И |
| Дугаар | 225/МА2026/00011 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 225/МА2026/00011
| 2026 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 225/МА2026/00011 |
Ц.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 320/ШШ2026/00474 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Ад холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А, бид хоёр 2019 онд танилцан үерхэж байгаад хамт амьдарч, 2020 он, 2021 онд хүүхэд төрүүлсэн боловч бага хүүхэд маань нэг нас хүрээгүй байхдаа нас барсан. Бид албан ёсоор гэр бүлийн баталгаагүй ч 2020 онд төрсөн охин А.Г маань эцэг Аар овоглодог. Бид Улаанбаатар хотод амьдарч байсан бөгөөд бага хүүхэд маань дутуу төрж, байнгын асаргаа, сувилгаатай байх үед надад хэлэхгүйгээр А гэрээсээ явж, хэсэг хугацаанд холбоо барьж харьцаагүй байсан. Одоо охин А.Гтэй ярихгүй, туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй байгаа, утсаар ярихаар уурладаг.
Иймд охин А.Гд эцэг А.Аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 320/ШШ2026/00474 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Гг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б овогт Агийн Аас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Аас улсын тэмдэгтийн хураамж 61,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч А.А давж заалдах гомдолдоо: ...Ц.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан ба тэр өдрөө ажлын шугамаар яаралтай хөдөө явах болж, удахгүй ирэх томилолттой байсан ч ажил удааширч 2026.04.03-ны өдөр гэртээ ирсэн.
Миний бие ...сая ажлаар явахдаа Сүхбаатар аймгийн Асгат суманд байрлах уурхайд 3 сарын турш ямар ч сүлжээнд гарах боломжгүйгээр ажиллаж байсан тул хэнтэй ч холбогдож чадаагүй. Гэтэл анхан шатны шүүх миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь би том охин Гг өөрийн охин мөн эсэхэд эргэлзээ байсан бөгөөд үүнийгээ тодруулах хүсэлттэй байсан боловч өөрийн хүсэлтийг илэрхийлж амжаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.
...Ц.Б нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс болж бид муудалцаж, цаашид хамтран амьдрахгүйгээр салсан. Түүний надад гаргасан энэ үйлдэлд миний бие гомдолтой байгаа бөгөөд охин Гг өөрийн охин мөн эсэхийг зохих байгууллагаар нь шалгуулах хүсэлттэй байгаа юм.
...Иймд миний хурлын тов мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсныг харгалзан үзэж, миний гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А.Ад холбогдуулан охин А.Гд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч хариу тайлбар өгөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эцэг, эх хамт амьдраагүй тохиолдолд тэдгээрийн дээрх үүрэг хэвээр үлдэнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно. гэж заасан ба хэрэгт ийм гэрээ авагдаагүй тул мөн хуулийн 38.3.-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Гг эцэг А.Аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хариуцагчийн давж заалдах гомдлын тухайд:
1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.Ад 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. болохыг мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлажээ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тайлбар гаргаагүй байна.
Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд шүүхэд тайлбар өгөөгүй, холбогдох баримтаа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
2.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. гэж, мөн зүйлийн 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна. гэж заасан журмаар хариуцагчид 2026 оны 02 дугаар сарын 27, 3 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгджээ.
Хариуцагч ...ажлын шугамаар яаралтай хөдөө явах болж, удахгүй ирэх томилолттой байсан ч ажил удааширч 2026.04.03-ны өдөр гэртээ ирсэн гэх гомдол гаргасан байх боловч энэ талаарх баримтаа анхан шатны шүүхэд гаргаагүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно. гэж, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж заасан.
Хэрэгт авагдсан иргэний улсын бүртгэлийн 1116123012 дугаар бүхий гэрчилгээгээр 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ггийн эцэг нь А.А болох нь тогтоогдож байх тул хариуцагчаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн зохих хувиар сар бүр охин А.Гг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.Охин А.Ггийн эцэг нь А.А болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсоны дээр шүүх хүүхдийн эцэг тогтоолгох тухай маргаан шийдвэрлээгүй тул хариуцагчийн ...өөрийн охин мөн эсэхийг зохих байгууллагаар нь шалгуулах хүсэлттэй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч А.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 320/ШШ2026/00474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч А.Аын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,885 /жаран мянга найман зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ