Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч П.Ж,

шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Пад холбогдох эрүүгийн 1907003830135 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , хамт оршин суудаг, ******* овогт Н.П, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын гүүрний хажууд байх Т.Бгийн гэрт 2019 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд П.Жтай маргалдан улмаар нүүрний уруул, ам орчимд нь 1 удаа цохиж дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Н.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр өдөр архи ууж байгаад найз Бгийн гэрт очиж архи ууж байгаад Жыг цохьсон байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Н.Пын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би найз Бгийн хамт тэдний зусланд Анагаахын сургуулийн багш нар дээр ирсэн. Тэгээд тэдэнтэй нийлж суугаад архи ууж байгаад мах шарж хоол унд идэж хэсэг сууж байгаад гарч гадаа суугаад дуу дуулж бүжиглэж би их согтсон байсан. Шөнө болж хүмүүс амрах гэж байхад би архи нэмж уух санаатай монгол гэрт ороход хүмүүс хэвтсэн байсан. Би хүмүүсийг дахиж ууя бос гэх үедээ Жтай маргалдаж нэг удаа нүүрэнд нь цохьчихсон...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

            Хохирогч П.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай тэнхимийн багш нар Налайхын хойно Туулын гүүрний зүүн талд амрахаар очсон юм. Очсон газар нь манай багш Б танилын зуслан юм билээ. Өдөр 13 цагийн үед очоод хоол уунд идээд зарим нь архи ууцгааж, тоглож байхад 18 цагийн үед зуслангийн эзэн Баяраа гэх залуу Н.П нар ирж цуг сууж хоол унд идэж архи дарс ууцгааж сууж байгаад гэрт ороод 00 цаг өнгөрч байхад амрахаар хэвтчихсэн байхад хойд байшингаас Н.П орилж хашгирч гарч ирээд гэрт орж ирээд ширээн дээрээс юм хайж байгаад бололтой түчигнүүлээд миний утас хаана байна гэхээр нь хойд орон дээрээс би өндийж ирээд одоо “хөгшөөн унтаж амар, хүмүүс унтаж байна битгий орилоод бай гэж шаардлага тавихад шууд миний нүүрний уруул, ам орчимд 1 цохиж тас буугаад би хойшоо орон дээрээ саваад ойчсон. Тэгтэл унтаж байсан манай багш нар Одгэрэл, Ц, Бат-Эрдэнэ нар босож ирээд бөөн асуудал болоод цагдаа түргэн дуудсан. Тэгээд Налайхын түргэн дээр ирж үзүүлж, цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Маргааш нь Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгийн хүлээн авах дээр ирж үзүүлээд эмчээр дээд уруулын дотор талд 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын хамт олонтойгоо Туулын гүүрний ойролцоо амрах гэж 13 цагийн үед ирсэн. Манай багшийн найз гээд хоёр хүн 18 цагийн үед ирсэн. Бид нартай танилцаж хамт архи дарс ууж байгаад орой бид нар унтах гэж гэрт ороод би Ж багшийн хажуу талын орон дээр хэвтэж байтал согтуу хүн орилоод хашгираад байсан. Тэгээд гэнэт л бид нарын амарч байсан гэрт орж ирээд миний гар утас хаана байна пизда нараа гэж хэлээд байсан. Ж багш “чи одоо унтаж амраач” гэж хэлсэн чинь шууд ирээд багшийг цохичихоод гараад явсан. Ж багш Н.П намайг цохичихоод гараад явчихлаа гэж хэлсэн. Унтаж байсан багш нар бүгд босоод Ж багшийн царайг харсан чинь уруул нь хавдсан цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бид манай найз Бгийн зуслан дээр Туулын гүүрний зүүн талд очиж ажлын хамт олноороо амарсан. Орой манай найз Б, Н.П хоёр араас ирж бид хоол унд идэж архи ууцгааж тоглох нь тоглож сууцгааж байгаад би арай түрүүлээд байшинд ороод унтчихсан. Шөнө гадаа орилолдоод байхаар нь гарч очиход Жын дээд уруул жаахан хавдчихсан байсан. Танай найз чинь цохичихлоо гэж Ж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг

            /хх-21 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/457 дугаар:

            “1. П.Жын биед дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Н.Пын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

            Н.Пын Гэрлэлт бүртгэлийн лавлагаа,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн ны тодорхойлолт,

            /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 76 дугаар хуудас/

 

            Хохирол төлсөн баримт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Шүүгдэгч Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын гүүрний хажууд байх Т.Бгийн гэрт 2019 оны 08 дугаар сарын 28-наас 2019 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд П.Жтай маргалдан улмаар нүүрний уруул, ам орчимд нь 1 удаа цохиж дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай”  гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Пад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын гүүрний хажууд байх Т.Бгийн гэрт 2019 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд П.Жтай маргалдан улмаар нүүрний уруул, ам орчимд нь 1 удаа цохиж дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Н.Пын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Би хүмүүсийг дахиж ууя бос гэх үедээ Жтай маргалдаж нэг удаа нүүрэнд нь цохьчихсон...” гэх, 

хохирогч П.Жын “...хойд байшингаас Н.П орилж хашгирч гарч ирээд гэрт орж ирээд ширээн дээрээс юм хайж байгаад бололтой түчигнүүлээд миний утас хаана байна гэхээр нь хойд орон дээрээс би өндийж ирээд одоо “хөгшөөн унтаж амар, хүмүүс унтаж байна битгий орилоод бай гэж шаардлага тавихад шууд миний нүүрний уруул, ам орчимд 1 цохиж тас буугаад би хойшоо орон дээрээ саваад ойчсон...” гэх,

            Гэрч Т.Цын “...Ж багш “чи одоо унтаж амраач” гэж хэлсэн чинь шууд ирээд багшийг цохичихоод гараад явсан. Ж багш Н.П намайг цохичихоод гараад явчихлаа гэж хэлсэн...”  гэх,

            Гэрч С.Б “...Шөнө гадаа орилолдоод байхаар нь гарч очиход Жын дээд уруул жаахан хавдчихсан байсан. Танай найз чинь цохичихлоо гэж Ж надад хэлсэн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/457 дугаартай “...П.Жын биед дээд урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.Пын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Жын бие махбодид хөнгөн хохирол учирсан. Хохирогч “баримтаар гаргаж өгсөн хохиролыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэх тайлбар гаргасныг үндэслэн Н.Пыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  харин учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Н.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Н.Пын үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Н.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч ******* овогт Н.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ