| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/05839/И |
| Дугаар | 210/МА2026/00194 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00194
2026 01 23 210/МА2026/00194
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч О.Одгэрэл, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09990 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* Шашны байгууллага /цаашид ШБ гэх/-д холбогдох,
******* ШБ-ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,116,136.70 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах тухай хууль бус тушаалаар ажлаас халагдсан. Тус тушаалын үндэслэл болсон удирдах зөвлөлийн ажлын хэсгийн 001 тоот дүгнэлт, зөвлөмжид ******* нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3.л-д ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууц задруулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлсэн гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн боловч дээрх заалтуудыг зөрчөөгүй. Мөн ******* ШБ-ын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд дээрх тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11-08 дугаар хөдөлмөрийн гэрээгээр тус сургуулийн багшийн албан тушаалд томилогдож, уг гэрээнд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.
2.2. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-006 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1. 123.2, 123.2.5, 123.3, хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.8, 2.2.10, 4.2.3, хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1-д заасныг удирдлага болгон, удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн УЗШ-001 тогтоолоор батлагдсан ажлын хэсгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж, Удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн УШ-002 дугаар шийдвэрийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Багш ******* нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралд захирлын шаардлагыг үл тоон, өөрийн нөхөр *******гийн өмнөөс удаа дараа тайлбар тавьж, бусдын үг, саналыг илт няцааж, өндөр дуугаар зохисгүй харилцаа үүсгэж, хамт олны нэгдмэл байдал, эерэг уур амьсгалыг эвдсэн ноцтой зөрчил гаргасан. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.8, 2.2.10, 2.2.13-д тус тус заасан ажилтны үүргийг биелүүлээгүй, мөн гэрээний 4.2.3.л-д заасан ноцтой зөрчлийг гаргаж, хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1-д заасныг тус тус зөрчсөн.
2.3. ******* зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаагаар хязгаарлагдах хэдий ч захирал, багш ажилчид буюу хамт олонтойгоо таагүй, ёс зүйгүй харилцдаг байдал нь удаан хугацаанд үргэлжилж, хамт олны дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд илтэд сөрөг нөлөөтэй байсан. Түүнчлэн захирлын зүгээс тодруулга, тайлбар авах уулзалтад өөрсдийн алдааг зөвшөөрөхгүй, харилцаа хандлагадаа зөв дүгнэлт хийгээгүй. Иймээс багш нарын хоорондын харилцааны зөрчилд ******* ёс зүйгүй, илтэд хүндэтгэлгүй, давшилсан, бусдыг үл ойшоосон үйлдэл, хандлага шууд нөлөөтэй байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ШБ-д холбогдох 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,116,136.70 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх хуралд оруулахаас татгалзсаны улмаас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй, хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн.
Гэрч ******* худал мэдүүлж намайг гүтгэсэн байна. 01 дүгээр сарын 06-ны асуудал нь ******* болон ******* багш нарын хооронд болсон, миний бие хамааралгүй. Хариуцагчийн гомдол гаргасан хоёр эмэгтэй багш руу Гантулга багш дайрч доромжилж хүнд байдалд оруулсан гэх тайлбар худал. Тус өдрийн бичлэгээс сонсвол дайрч доромжилсон зүйл байхгүй.
Дээрх Б-006 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заалтыг үндэслэсэн. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нь уг заалтыг яг аль заалтыг үндэслэн тушаалаа гаргасан талаар хариуцагчаас асуухад сахилгын зөрчил давтан гаргасан гэж хариулдаг. Нэхэмжлэгч нь сахилгын давтан зөрчил гаргаж байгаагүй.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн Л-ийг зөрчсөн гэж тайлбарладаг боловч тушаалд энэ талаар зааж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг задруулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг аврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлсэн, үйлдэл нь баримтаар нотлогдож байгууллага ажилтны нэр хүндэд хохирол учруулсан гэх заалтыг зөрчсөн гэх боловч аль хэсгийг зөрчсөн нь тодорхойгүй. Хариуцагч тайлбартаа хамт олны дулаан уур амьсгалыг алдагдуулсан, ажилчдаас гомдол гаргасан, удирдах зөвлөлөөс хал гэсэн чиглэл өгсөн гэж маргадаг.
Гэрээний 4.2.3-ийн аль ч нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоогүй, ноцтой зөрчил гэж халах арга санаа зорилгоор захирал ******* ажилчдаар гомдол бичүүлсэн. Хурлын тэмдэглэл, багш нарын гаргасан гомдол зэрэг баримтуудыг ажлаас халахаас өмнө ажилтанд танилцуулаагүй бөгөөд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг шүүх авч хэлэлцээгүй. Хэргийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 4.2.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдоогүй.
Хөдөлмөрийн гэрээний 42.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзэхгүй гэх агуулгаар шүүх дүгнэсэн. Хуульд байхгүй заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан учраас сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогч нь хуульд нийцүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд хуульд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Хариуцагч нь шүүх хуралдааны явцад хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд уг заалт нь Б-006 дугаартай тушаалын нэг үндэслэл болсон.
******* хоёр эмэгтэй багшийг доромжилсон гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй ярьж байгаагаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгч болон албан хаагчийг сэтгэл зүйн хувьд дарамталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001 тоот Ажлын хэсгийн зөвлөмж, дүгнэлтэд багш *******, ******* нар гомдол гаргасныг бичсэн байх боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо уг үйл баримтууд хэзээ, хаана, хэзээ болсныг хэлж чадаагүй бөгөөд гаргасан гомдол, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй. Мөн 001 тоот баримтад багш ******* хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн Л заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн боловч тушаалд 4.2.3-ийг үндэслэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй байна.
Бүх хурлын аудио бичлэгийг шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж өгөөгүй. Би өөрөө шүүх хуралд оролцох санал хэлсэн боловч орох шаардлагагүй гээд зөвшөөрөөгүй тул миний эрх зүйн байдал дордсон. Мөн гурван гэрчийн мэдүүлэг, нотлогдоогүй зүйлс дээр тулгуурлан 2025 оны 01 дүгээр сарын 06, 2024 оны 10 дугаар сарын 21-ний хурлууд дээр зөрчил гаргасан гэж үзэн давтан зөрчил гэж тусгасан. Гэтэл энэ хурлууд дээр эсрэгээсээ 2 эмэгтэй багшийн ширүүн дайралтад нөхөр бид хоёр доромжилсон, доромж үг хэрэглээгүй болохыг хурлын бичлэг батална. Миний бие багш *******, ******* нарын хамт ажиллагсад болон оюутнуудаа дээрэлхдэг, удирдлага Л.Лувсангомбын шударга бус шийдвэр гаргадаг, оюутнуудын асуудлыг шударга бусаар шийдвэрлэдэг, удирдлагын чадамжгүй байдал зэргийг багш нарын хурал дээр санал нийлэхгүй байгаа талаар хэлсний улмаас ажлаас халагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.
5.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэж явагддаг бөгөөд тус үндэслэл нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн эрхийг хуульд тодорхойлж өгсөн бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлээгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2 өмгөөлөгч авч, нэг өмгөөлөгчийг төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэл, эрхийн хүрээнд хэрэгжсэн гэж үзэж байна.
Ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй эсэхийг хөдөлмөрийн гэрээний 4.2.3.л-д заасан зөрчлийг гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давтан болон ноцтой зөрчил гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хурал дээр нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогчийн зүгээс шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан, хамт олны уур амьсгалыг эвддэг, бусадтай таарамжгүй харилдаг, давшилсан дээрэнгүй харилцаатай гэх энэ нөхцөл байдлыг ажил олгогч болох гүйцэтгэх захирал ганцаар шийдвэрлээгүй. Хэрэгт тухайн өдрийн хурлын тэмдэглэлүүд, гэрчийн мэдүүлгүүд, гомдол гаргасан хүмүүсийн гомдлууд, удирдах зөвлөлийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар хавсаргасан.
5.2. Нэхэмжлэгч хамт олны уур амьсгал эвдэж байгаа гэх үйл баримтын тухайд цээртэй үг хэрэглэх, өөрийн биеэр цохиж, зодолдох асуудал биш байсан. Тухайн таарамжгүй харилцаа, ажлын байран дахь дарамт, хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд нь эс үйлдэхүйгээр илэрдэг.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл болон 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлүүд нь ижилхэн байгаа учраас хөдөлмөрийн гэрээгээ, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлээгүй байгаа нь хуульд харшлахгүй бол мөрдөж, хэрэглэж болох бөгөөд шинэчлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Энэ нь тухайн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн асуудлыг үгүйсгэхгүй. Тухайн байгууллагын гүйцэтгэх захирал нь ямар нэгэн субьектив байдлаар асуудалд хандсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зан байдалтай холбоотой зөрчил болон байгууллагын уур амьсгал эвдэж байгаа гэх асуудал нь нэг өдөр, нэг уулзалтаар тодорхойлогдоогүй. ******* нь 17 жилийн хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирал болох ******* нь тус байгууллагад 6 жилийн хугацаанд ажиллаж байх хугацаанд түүний гаргаж байсан зөрчлийг удаа дараа тэвчиж уучилсан.
Иймд тус байгууллагын ажилчид болон Удирдах зөвлөлөөс удаа дараа гомдол ирсэн тул тухайн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, бусад ажилчдын эрх ашиг сонирхол, ажлын байрны таатай нөхцөлөөр хангах нь гүйцэтгэх захирлын үүрэг байсан тул нэхэмжлэгчийг тус ажлын байрнаас чөлөөлөхөөс өөр арга байгаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ШБ-д холбогдуулан ******* шашны байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,116,136.70 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. Талуудын хооронд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ******* нь ******* ШБ-д сургалтын багшийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх63-70, 160-180/
******* ШБ-ын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.8, 2.2.10, 4.2.3-т тус тус заасныг үндэслэн ажилтан *******д хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх7/
5. ******* нь дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр үйлийн 154.2.1, 154.8 дахь хэсэгт заасан журмын дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, шүүхэд тус тус гомдлын шаардлага гаргасан байна. /хх5-6/
6. Талууд ******* ШБ-ын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-006 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй боловч гагцхүү ажилтны гаргасан ноцтой зөрчил тогтоогдсон байх ёстой.
6.2. Талууд хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 4.2.3.-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. Гэрээний 4.2.3-ийн Л-д ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол гэж заажээ. /хх68/
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдон талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байна. Гэвч гэрээний 4.2.2, 4.2.3-т заасан агуулга нь 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т заасан зохицуулалтад нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна.
6.3. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ... ******* нь захирал, багш, ажилчид, хамт олонтойгоо таагүй, ёс зүйгүй, харилцдаг байдал нь удаан хугацаанд үргэлжилж, хамт олны дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд илтэд сөрөг нөлөөтэй байсан нь Удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн УЗШ 001 тогтоолоор батлагдсан ажлын хэсгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж, удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн УШ-002 дугаар шийдвэрийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ..., ... ******* нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн Л-д заасан ноцтой зөрчил гаргасан ..., ... сахилгын давтан зөрчил гаргасан ... гэж тайлбарласан байна. /хх34-35/
7. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн Л-д заасан ноцтой зөрчил гаргасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
7.1. Тодруулбал, хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны өргөтгөсөн хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Захиргааны өргөтгөсөн хурлын тэмдэглэл, ******* ТББ-ын удирдах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн УЗШ-001 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001 дугаартай дүгнэлт, зөвлөмж, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Захиргааны багийн хурлын тэмдэглэл, оюутан ын тодруулгын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн н.Баатарсүрэн багштай хийсэн тодруулга уулзалтын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* болон ******* багш нараас авсан захирлын тодруулга ярилцлагын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагджээ. /хх39-40, 86-90, 91-109, 116-120/
7.2. Анхан шатны шүүх, хариуцагчийн хүсэлтээр тус байгууллагын ажилтан *******, *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нууцыг алдагдуулсан, худал мэдээлэл тараасан, үүний улмаас байгууллагын эрх ашиг сонирхолд хохирол учирсан, хамт олны эв нэгдлийг бутаргах арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаасан, ажил олгогчид дарамт шахалт үзүүлсэн буюу хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн Л-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7.3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар мөн дээрх нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Учир нь, сахилгын давтан зөрчил гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчил 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд уг зөрчил тус бүр тогтоогдсон байх ёстой.
Нэхэмжлэгч ******* сахилгын давтан зөрчил гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.
8. Иймд хариуцагч ******* ШБ-ын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Б-006 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай тус тус нийцнэ.
Харин дээрх тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул хүчингүй болгох шаардлагагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлсөн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажлын 187 хоног гэж үзнэ.
Хэргийн 38 дахь талд авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. Уг баримтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч ******* ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол, 2025 оны 03, 04, 05 дугаар сарын цалин хөлсний нийлбэр 4,599,000 /1,533,000+1,533,000+1,533,000/ төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг 1,533,000 төгрөгөөр, үүнээс нэг өдрийн (ажлын 22 өдөр) цалин хөлсийг 69,682 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь (69,682*187) 13,030,534 төгрөг болж байна.
9. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр т 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгож, мөн оны 05 дугаар сарын 19-ний өдөр той өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. /хх3-4, 31-32/
Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр мэдэгдээгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулах, нотлох баримт гаргах эрхийг хязгаарласан гэх гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09990 дугаартай шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч өмнө эрхэлж байсан ******* Шашны байгууллагын сургалтын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,030,534 төгрөгийг хариуцагч ******* Шашны байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,085,603 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын дурдсугай. гэснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 223,103 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ