| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2016/7655/И/ |
| Дугаар | 1621 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1621
С.******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00362 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.*******, Ё.******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.*******т холбогдох
Компанийн 37 361 051 төгрөгийн хувь нийлүүлсэн эд хөрөнгийг үрэгдүүлснийг компанид нөхөн төлүүлөх, С.*******т ногдох 8 127 100 төгрөгийн хөрөнгө эсхүл мөнгийг, Ё.*******д ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгө эсхүл мөнгийг гаргуулах, гүйцэтгэх захирлын үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.*******т 11 841 900 төгрөг, Ё.*******д 23 494 900 төгрөгийн ногдол ашгийг өөрийнх нь хөрөнгөөс нөхөн төлүүлөх, шинжээчийн ажлын зардалд төлсөн 1 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.*******,
Хариуцагч: Т.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: З.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь 2012 оны намар 6 ширхэг барилгын дүүжинт өлгүүр бий, түүнийгээ барилга угсралтын ажил хийж байгаа компаниудад түрээслүүлж өндөр ашигтай ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаа өргөжүүлэх сонирхолтой бөгөөд хөрөнгө оруулж, хамтран ажиллаач гэсэн саналыг бидэнд тавьсан. Т.*******ын тавьсан саналын дагуу хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 1 сард “*******” ХХК-ийг барилгын засвар, засал чимэглэлийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захиралаар нь Т.******* ажиллаж эхэлсэн. Энэ аж ахуйн нэгжийг байгуулахад С.*******, Ё.*******, Т.******* нар хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бөгөөд бид 3 тэнцүү хэмжээгээр буюу компанийн 33,3 хувийг тус тус эзэмших болсон. Компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байсны дагуу С.******* нь Баянгол дүүргийн 4-р хороололд байрлах 1 өрөө байраа худалдаж олсон орлого болох 25 000 000 төгрөгийг авч, 2013 оны 3 сарын 14-нд БНХАУ-ын Эрээн хот руу Т.*******ын хамт явж 6 ширхэг дүүжин шат, 2 ширхэг барилгын ачаа өргүүр тоног төхөөрөмжийг худалдан авсан. Улмаар компанийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зарцуулсан 1 500 000 төгрөгийн зардлыг С.******* гаргасан. 2013 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд тоног төхөөрөмж түрээсэлж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 сарын 20-ноос захирал Т.******* нь үл ялих зүйлээр шалтаглан компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл тайлан өгөөгүй бөгөөд харилцаа тасран өнөөдрийг хүрлээ. 2014 оны 1 сарын 16-ны өдөр “*******” ХХК-ийн хувь эзэмшигч С.******* нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шаардлага гаргасныг Т.*******т хүргүүлсэн боловч хурлыг хийгээгүй болно. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.*******ын компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх мэдээллийг өгөөгүйгээс хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авч чадахгүй байх түүнчлэн компанийн хөрөнгийг тэрээр хувийн өмч мэтээр ганцаараа дураар захиран зарцуулж үрэгдүүлэн компанийг болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож байна. Иймд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* хууль компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компани болон хувьцаа эзэмшигч С.*******, Ё.******* нарт хохирол учирсан. Иймд компанийн 37 361 051 төгрөгийн хувь нийлүүлсэн эд хөрөнгийг үрэгдүүлснийг гүйцэтгэх захирал Т.*******аар компанид нөхөн төлүүлж, С.*******т ногдох 8 127 100 төгрөгийн хөрөнгө эсхүл мөнгийг, Ё.*******д ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгө эсхүл мөнгийг гаргуулах, гүйцэтгэх захирлын үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.*******т 11 841 900 төгрөг, Ё.*******д 23 494 900 төгрөгийн ногдол ашгийг Т.*******ын өөрийнх нь хөрөнгөөс нөхөн төлүүлж өгнө үү. Мөн шинжээчийн ажлын зардалд төлсөн 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 59-р зүйлийн 59.4-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан байдаг боловч “*******” хязгаарлагдмал хариуцлагатай хувь нийлүүлсэн компанийн үйл ажиллагаанд хувь нийлүүлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж доголдол гарсан тул хуульд заасан хугацаанаас өмнө 2013 оны 9 сарын 5-ны өдөр “*******” ХХК-ийн хувь эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шаардлагыг би өөрийн биеэр очиж С.*******, Ё.******* нарт гардуулсан боловч хурал хуралдуулах тухай шаардлага бичгийг хүлээж авахаас эрс татгалзсан. Үүнтэй ижил утгатай албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л хүлээж авахаас татгалзсан. Хурал товолсон хугацаанд хувь нийлүүлэгчид санаатайгаар ирдэггүй. Албан бичгийг өөрийн биеэр хүргэж өгч байхад С.*******, Ё.******* нар нь санаатайгаар тус албан бичгийг хүлээж аваагүй. Мөн хийгдсэн ажлуудын гэрээнүүдийг нотолгоо баримт болгон өгсөөр байхад санхүүгийн байдлыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулаагүй гэсэн худал шалтгааныг өөрсдийн албан бичигт тусган бичиж ирүүлсэн. Мөн анхнаасаа хувь нийлүүлэгчид шийдвэр гаргах болон компанийн бүхий л хар бор ажилд хамтдаа зүтгэнэ гэж тохиролцсон боловч намайг ганцаар зүтгүүлж цалингүй ажиллуулсан. Аль эрт 2013 оны 9 сарын 5-ны өдөр С.*******, Ё.******* нарт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулдах тухай шаардлага бичиг хүргэж өгөхөд хүлээж авахаас татгалзсан мөртлөө одоо болохоор намайг өөрсдийн албан бичигтээ тус компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчдийг оролцуулдаггүй, компанийн өмч хөрөнгийг дур мэдэн өөртөө авахыг санаархаж байгаа хэмээн худал шалтгаантай шаардлага бичгийг нэг л удаа гардуулж өгсөн. Энэ хурал хуралдуулах тухай шаардах бичигт худал шалтгаан бичсэн мөн компаниас өгсөн шаардах бичгийн дагуу хувьцаа эзэмшигчид 2013 оны 9 сарын 13-ны өдөр хурал хуралдах ёстой байсан боловч хуралд С.*******, Ё.******* нар ирээгүй. Тус компанийн санхүүд хамааралгүй 6 000 000 төгрөгийг миний эхнэр М.******* нь манай компанийн ******* тоот дансанд 2013 оны 9 сарын 8-ны өдөр хийсэн. Миний эхнэр М.*******гийн барилгын материалын үнэнд шилжүүлэх гэж байсан 6 000 000 төгрөгийг С.******* нь тамга болон гарын үсэг зурж бэлдсэн чекийг хулгайлан уг чекээ тамгалж өөрийн ажиллаж байсан ажлын газрын оффист байрладаг Голомт банкны салбарын теллертэй хуйвалдан гаргаж авсан байдаг. С.******* нь 2014 оны 1 сард намайг “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж байхад ******* дүүргийн хороо толгойтын тоотод байрлах манай компанийн аж ахуйн хашаанаас 4 ширхэг люлькийг хулгайлан, 2 портер машин дээр ачиж яваад ******* дүүргийн хорооны цагдаагийн тасгийн ажилтан нарт баригдаж буцааж тавьж байсан. С.******* нь тус компанид нийлүүлсэн хөрөнгөөсөө 14 500 000 төгрөг мөн 2 ширхэг люлька тухайн үеийн мөнгөн дүнгээр 8 000 000 төгрөг нийт 22 500 000 төгрөгийг буцааж татаж авсан. С.*******ын анх хувь нийлүүлсэн 6 ш люльканаас 4 ш нь үлдсэн боловч мотор нь шатаж, элэгдэж эвдэрч дууссан. Мөн 2 ш подъём анх авчирсан бөгөөд 1 ширхэгийг нь “” ХХК-д түрээслүүлсэн боловч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 12 давхарт угсарсан подьём нурж унан эвдэрч цаашид ашиглах боломжгүй болсон. Үлдсэн 1 подьёмийг С.******* нь архидаснаас болж өөрийн гараар эвдэж цаашид ашиглах боломжгүй болгосон. С.******* нь 2013 онд 1 ш подьемыг 13.900 юанаар авсан, 2 ш нь 27.800 юань болж байсан бөгөөд Монгол мөнгөөр нийт 8 673 600 төгрөг болж байна. С.******* нь тус компанид хөрөнгө оруулсан хувь хөрөнгөөсөө 31 873 600 төгрөг авсан. Миний эзэмшилийн ХААН банкны тоот дансанд “*******” ХХК-ийн 7 200 000 төгрөг хувь нийлүүлсэн компанийн ******* тоот дансанд 13 210 000 төгрөг “” ХХК-ийн тоот дансанд 160 000 төгрөг тус тус орсон байна. “*******” ХХК нийт 20 570 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Үүнээс зарлага болон татвараа хасаад хэдэн төгрөгийн ашиг үлдэх билээ. Намайг анх хувиараа 7 ширхэг люлька түрээслүүлдэг байхад С.******* хөндлөнгөөс харж ашгийг нь бодож, эрсдлийг нь тооцолгүйгээр хамтрая гэж гуйсаар 1 өрөө байраа зараад хувь нийлүүлсэн нь анхнаасаа намайг залилж луйвардах гэсэн бодолтой байсныг одоо л би ойлгож байна. Би өөрийн биеээр ганцаараа шийдвэр гарган тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн сөргөөр нөлөөлөх зүйл хийгээгүй болно. С.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол хүчин зүйл бол миний эзэмшдэг ХААН банкны тоот, Голомт банкны тоот болон ******* тоот данснуудад орж гарсан мөнгөний хуулгаар баримтжин баталгаажиж байна. Ё.*******гээс одоог хүртэл ямар ч хөрөнгө орж ирээгүй. С.******* нь компанид оруулсан 22 500 000 төгрөгөө бууцааж татаж аваагүй байсан бол компани ашигтай ажиллах байсан. Одоо С.*******ын оруулсан 2 500 000 төгрөгийн хөрөнгө байгаа. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 46 дугаар зүйлийн 46.12, 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2.3, 85.2.4, 85.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХКомпанийн захирал Т.*******ын өөрийн хөрөнгөөс 37 361 051 төгрөгийг гаргуулж “*******” ХХКомпанид , ногдол ашиг 11 841 900 төгрөгийг гаргуулж С.*******т, ногдол ашиг 23 491 900 төгрөгийг гаргуулж Ё.******* нарт, “*******” ХХКомпанийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс С.*******т 8 127 100 төгрөгийг, Ё.*******д 14 567 000 тус тус гаргуулж олгож,
нэхэмжлэгч С.*******оос шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 1 500 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, … Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, 637 800 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 444 089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.*******, Ё.******* нар нь Компанийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.2, 3.3 заалтын дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 28 500 000 төгрөг байна, энэ хөрөнгийг хариуцагч С.Эрдэнэ-очир, Ё.*******, Т.******* нарыг гаргасан гэдэг. Гэтэл миний бие ганцаараа компани үүсгэн байгуулсан хөрөнгийг гаргасан гэдгийг удаа дараа тайлбарласан. Уг этгээдүүд нэхэмжлэл гаргах эрхгүй мөн нэхэмжлэгч нар компанийг үүсгэн байгуулахад оруулсан хөрөнгөө нотолж чадаагүй байхад энэ хөрөнгийг гаргасан гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн. Нэхэмжлэгч нар нь компанийн ногдол ашгаас 67 463 000 төгрөг гаргуулахыг шаардах эрхгүй. Шүүх нэхэмжлэгчийн үндсэн шаардлагуудад дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох "*******" ХХК-ийн захирал Т.*******ын тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, "*******" ХХК-ийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг Т.*******аас гаргуулж дараагийн гүйцэтгэх удирдлагыг томилогдох хүртэл тус компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд түр хадгалуулах, "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу хуралдуулахыг Т.*******т даалгах, "******* " ХХК-ийн хувьцаа эзэмшигчид эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэн, өөрчлөгдөхөд шууд хамааралтай үйл явдал болох тус компаний 2013, 2014, 2015 оны татварын дараах цэвэр ашгийн хэмжээг тогтоолгох шаардлагад шүүх дүгнэлт өгөөгүй, шийдвэртээ тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-д заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардгаа багасгаж 59 527 800 төгрөг болгосон гэдэг боловч энэ тухай нэхэмжлэлийн багасгасан шаардлагаа нэхэмжлэгч нар тодруулж өгөөгүй. Шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагад ч дүгнэлт өгөөгүй. Мөн шүүх Т.*******ын хөрөнгөөс 37 361 051 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д өгөх гэж шийдвэрлэсэн нь мөн нэхэмжлэх эрхгүй этгээдүүдэд тодруулбал компанийг төлөөлж нэхэмжлэх эрхгүй этгээдүүдийн гаргасан шаардлагыг хангаж байгаа нь Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-т заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.*******, Ё.******* нар нь хариуцагч Т.*******т холбогдуулж компанийн 37 361 051 төгрөгийн хувь нийлүүлсэн эд хөрөнгийг үрэгдүүлснийг компанид нөхөн төлүүлөх, С.*******т ногдох 8 127 100 төгрөгийн хөрөнгө эсхүл мөнгийг, Ё.*******д ногдох 14 567 000 төгрөгийн хөрөнгө эсхүл мөнгийг гаргуулах, гүйцэтгэх захирлын үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.*******т 11 841 900 төгрөг, Ё.*******д 23 494 900 төгрөгийн ногдол ашгийг өөрийнх нь хөрөнгөөс нөхөн төлүүлөх, шинжээчийн ажлын зардалд төлсөн 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч С.*******, Ё.******* нар нь хариуцагч Т.*******т холбогдуулж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх зөвхөн С.*******ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн атлаа хариуцагч Т.*******аас компанийн мөнгөн хөрөнгө, ногдол ашиг гаргуулж нэхэмжлэгч С.*******, Ё.******* нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчжээ. Хариуцагч Т.*******аас шүүхэд бичгээр гаргасан тайлбарын агуулгаас үзэхэд зөвхөн нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлд тайлбар гаргасан гэж үзэхээр байна. /хх-ийн 37, 113-117 дугаар тал/
Анхан шатны шүүх дүгнэхдээ маргааны үйл баримт нь шинжээч “Си эс ай аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ. Гэвч зохигчдын маргасан асуудлаар гарсан шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх тухайн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Хэргийн оролцогчдын эрх зүйн байдал тодорхой бус, хэрэг үүсгэсэн захирамжид заагдаагүй этгээдийн өмнө хариуцагч үүрэг хүлээх агуулгатай шийдвэр гарсан байгааг талуудын нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526 090 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ