Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ХШТ/33

 

                               

 

 

О.Г-д холбогдох

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ц, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 776 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаар магадлалтай, О.Г-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ А төвийн Д салбарт кассчин ажилтай байсан, урьд ял шийтгэлгүй, Ц овогт О-н Г.

 

Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Э хотхоны ** дүгээр байрны гадна хохирогч Х.Г-г “эцэг Ц.О-г зодсон гэх” шалтгаанаар биед нь халдаж, цээж хэсэгт гараараа цохисны улмаас хохирогч Х.Г дагз хэсгээрээ унаж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч О.Г-г хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г 09 (ес) жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 09 (ес) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-с 82.500.000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Х-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 68 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 08 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай." гэж тус тус өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ны өмгөөлөгч М.Т-н гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, бусад хэсэг болон шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, А.Ц нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/776 шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/68 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо: Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн ******* дугаар хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Тодруулбал, хэргийн бодит байдлын хувьд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч О.Г нь ээж Б, дүү О.Га-ын хамт өөрийн төрсөн аав болох Ц.О-г авахаар Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Э хотхоны ** дүгээр байрны гадна очиход хохирогч Х.Г ирсэн байдаг бөгөөд тэр үед хохирогч Х.Г болон О.Га хоёр бие бие рүүгээ ойртох мөчид шүүгдэгч О.Г нь дүү О.Га-ыг хойш татан, хохирогч Х.Г-г зүүн гараараа түлхсэн байдаг. Ингээд шүүгдэгч О.Г-ы зүгээс өөр ямар нэгэн үйлчлэлээр хохирогчид хүрээгүй бөгөөд тус түлхэлтээс хохирогч газар унах үед шүүгдэгч О.Г нь хохирогчийг босгон, уучлалт гуйж, яаралтай эмнэлгийн түргэн тусламж дуудсан байдаг. Удалгүй цагдаа болон эмнэлгийн ажилтан ирсэн бөгөөд эмнэлгийн түргэн тусламжийн ажилтан нь амь хохирогчийг үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагагүй, өөрсдөө эмнэлэгт ханд, биеийн байдал хэвийн гэж оношилсон учир О.Г нь хохирогчийн ар гэрийнхэнтэй хамт хохирогчийг эмнэлэгт үзүүлэхээр авч явсан бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дараа хохирогч нас барсан үйл баримт тогтоогддог.

Миний үйлчлүүлэгч О.Г нь хэд хэдэн удаагийн мэдүүлгээрээ өөрийн гэмт үйлдэл болох “...хохирогч Х.Г-г зүүн гараараа тулан хойш түлхсэн..." талаар мэдүүлдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад камерын бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон гэрчийн мэдүүлгүүдээр тус хэрэг болсон гэх 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг орчимд шүүгдэгч О.Г нь амь хохирогч Х.Г-ийг зүүн гараараа хойш түлхэхэд амь хохирогч хойшоо нэг алхаад газарт унасан гэх үйл баримт нотлогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байхаар хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд Хурлын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай тогтоосон байх бөгөөд “...Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэдэг нь гэмт этгээд санаа бодлын хувьд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн шууд буюу шууд бус санаатай байсан боловч түүнийг алъя гэсэн ямар нэг санаа /шууд буюу шууд бус/ байгаагүй үед хүнд гэмтэл учруулж түүнээс болж хохирогч нас барсныг хэлнэ..." гэж заасан байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүнийг алах гэмт хэргүүд нь гэмт хэргийн объектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулснаар, хохирогч нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг байдаг.

Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг.

Шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн хэргийн хувьд О.Г нь хохирогчийг унах мөчид шууд түүнд тусламж үзүүлсэн бөгөөд эмнэлгийн түргэн тусламж дуудах, оношлуулах, үзүүлэх, цаашлаад өөрийн тээврийн хэрэгслээр хохирогчийн ар гэрийнхэнтэй хамт хохирогчийг үзлэг, оношилгоонд оролцуулах гэх мэт үйл явдал нь О.Г-д хохирогчийг алах санаа зорилго байхгүй байсан гэдгийг илэрхий харуулж байна.

Мөн хохирогч нь ГССҮТ-д ирсний дараа шаардлагатай эмчилгээнд орсон, багагүй хугацааны дараа нас барсан зэргээс үзэхэд амь хохирогч нь хүнд гэмтэл авснаас хойш тодорхой цаг хугацааны дараа буюу 15 хоногийн дараа нас барсан нь харагдаж байна.

Нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх О.Г-ны үйлдэлд гэм буруугийн дүгнэлт гаргахдаа хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, О.Г-ны сэтгэл зүйн хувьд үйлдэлдээ хэрхэн хандсаныг харгалзан үзэлгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Санал хүсэлт: Миний үйлчлүүлэгч О.Г нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хийсэн үйлдэлдээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, өөрийн үйлдэл гэм буруудаа ихэд гэмшиж, ухаарч буй нь нотлогддог.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/776 шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/68 дугаар магадлалыг тус тус өөрчилж эрүүгийн ******** дугаар хэрэгт шүүгдэгч О.Г-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү.

Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ихэд гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ц хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх О.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр О.Г нь хэрэг болсон гэх газарт очиход хохирогчийг андуурч, маргаан бүхий нөхцөл байдал үүссэн. Эхлээд хохирогч руу О.Га очиж, ардаас нь О.Г дүүгээ хойш татаж, хохирогчийг зүүн гараараа түлхсэн. Уг нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлэгтэй нийцдэг. О.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хэргийн бодит байдлыг илэрхийлж, “намайг түлхэхэд савж унасан” гэж мэдүүлдэг. Хохирогч унах үед О.Г уучлалт гуйгаад босгох гэсэн боловч хажууд нь байсан гэрч “би эмнэлгийн хүн байгаа юм. Эмнэлэг, цагдаа дуудъя” гээд эмнэлэг, цагдаа дуудаж хохирогчийн биеийн байдлыг үзүүлсэн. Түргэн тусламжийн эмч амь хохирогчид үзлэг хийсний дараа “хохирогчийг эмнэлэг рүү авч явах шаардлагагүй, өөрсдөө хувиараа үзүүлэх боломжтой” гэж тайлбарласан. О.Г амь хохирогчийн гэрийнхэнтэй уулзаж, өөрийн машинаар хохирогчийг гэмтлийн эмнэлэг, бусад эмнэлэгт үзүүлж шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Өмгөөлөгчийн зүгээс О.Г-ны үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэрээр хохирогчийг алах санаа, зорилгогүй байсан. Гэвч шүүгдэгч нь хохирогчийг түлхсэн байх тул түүний үйлдлийг хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр талд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан бөгөөд тус тэмдэглэлд “хохирогч руу эхлээд О.Га толгойгоороо тулан ойртоход яллагдагч О.Г ирж амь хохирогчийг зүүн гараараа хойш тулган түлхэхэд амь хохирогч хойш саван унасан” гэж тусгагдсан. Өмгөөлөгчийн зүгээс тус үйлдлийг хүнийг алахад чиглэсэн үйлдэл бус О.Га, амь хохирогч нарыг салгахад чиглэсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн О.Г нь амь хохирогчид цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлж, гэр бүлийнхэнтэй нь хамт өөрийн машинаар эмнэлэгт хүргэж туслалцаа үзүүлсэн. Эмнэлэгт очиход хохирогч согтуу байсан тул маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд хохирогчийг яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан бөгөөд эмнэлэгт хэвтсэнээсээ хойш 15 хоногийн дараа нас барсан. Иймээс өмгөөлөгчийн хувьд, О.Г-ны үйлдлээс тодорхой хугацааны дараа хохирогч нас барсан нь хүнийг алах гэмт хэргийн шинжгүй, хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэж, хяналтын журмаар гомдол гаргасан. Мөн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирол, хор уршиг учирсан боловч үүнийг гэм буруугийн асуудыг шийдвэрлэхдээ сайтар анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ танихгүй, тэр өдөр хүрэлцээд өнгөрсөн, шүүгдэгч нь этгээд, гэмт хэргийн шинжтэй зан авир гаргаагүй тул түүнд хохирогчийг алах санаа, зорилго байгаагүй гэж үзэж байна. Иймд хэргийг хүнийг алах гэмт хэрэг бус хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. Хэрэгт хохирогчийн оршуулгын зардалд ****** төгрөг зарцуулагдсан талаарх баримт хавсаргагдсан. Шүүгдэгчийн зүгээс ****** төгрөг төлсөн. Мөн анхан шатны шүүх ******* төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд О.Г-ны зүгээс тус мөнгийг төлөхөө илэрхийлж байгаа. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй боловч шүүгдэгч уг төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа” гэв.

 

Прокурор Г.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн тухайд, шүүгдэгч О.Г нь учир явдлыг тодруулж, урьдчилан мэдэлгүйгээр өөрийн эцгийг нь цохиж зодсон хүн гэх шалтгаанаар андууран хохирогчид ойртон очиж, түүнийг хүчтэй түлхэн унагаасан. Хохирогч өндөр насны хүн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн түлхсэн үйлдлийг “салгах зорилготой” гэж тайлбарлаж байх боловч тухайн түлхсэн үйлдсэн нь өөрөөсөө болон бусдаас холдуулах зорилготой хийгдсэн гэж хяналтын камерын бичлэгээс харагдахгүй байна. Хохирогч нь шүүгдэгчийн түлхсэн хүчний нөлөөгөөр хойшоо толгойн дагз хэсгээрээ газарт савж, тархинд цус харвасан буюу анх учрах үедээ амь нас аврагдах боломжгүй тархины гэмтэл авсан. Хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Мөнгөн гүүр зэрэг эмнэлгийн байгууллагуудаас шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан боловч дээрх гэмтлийн улмаас амь нас хохирсон болох нь хэргийн үйл баримт, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Тодруулбал, шүүгдэгч өөрийн хийх гэж буй үйлдлийн улмаас хохирогч унаж хүндээр бэртэж гэмтэнэ, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирна гэдгийг ухамсарлаж, мэдэж байсан хэр нь хүсэж хийсэн, хор уршигт зориуд хүргэсэн байх тул хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч О.Г-г 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу болон хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчим нийцсэн байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх заавал шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тухай хуулийн заалт хэрэгжээгүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, гэм хорын нөхөн төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Г-нд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2. Шүүгдэгч О.Г нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Э хотхоны ** дүгээр байрны гадна өөрийн эцгийг нь цохиж зодсон гэх шалтгаанаар хохирогч Х.Г-г хүчтэй түлхэн унагаасны улмаас тэрээр тархины битүү гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч, уг асуудалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд харьцуулан судалж, нягтлан шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдэгдсэн, О.Г-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа эсэх талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-аас 15 жил хорих ялаас 9 жилийн хорих ялыг сонгон шүүгдэгчид оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг давж заалдах шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирсны зэрэгцээ шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч О.Г-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх эсхүл түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хуулийн Арав, Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

 

5. Үүний дотор, “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” болон “ Болгоомжгүйгээр хүнийг алах” гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан хандлага буюу бодит санаа зорилго, мөн хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгааныг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой. Цаашилбал, гэмт хэрэг шууд болон шууд бус санааны алинаар үйлдэгдсэн болох, учруулсан гэмтэл нь хохирогчийн үхлийн шууд болон дамжмал шалтгаан болсон эсэхийг тодруулан авч үзэх нь хүний амь нас хохирсон адил хор уршиг бүхий дээрх хэргүүдийг ялган зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

6. Тухайлбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийх, хохирогчийн үхлийг зориуд хүсээгүй боловч ийм хор уршиг учрахыг мэдэж түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай үйлдлийн алинаар ч хэрэгжиж болно. Энэ тохиолдолд хохирогчийн үхлийг зорилгоо болгоогүй байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэхээс бус зүйлчлэлийг “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” болон “Болгоомжгүйгээр хүнийг алах” гэмт хэргүүд рүү шилжүүлэн хөнгөрүүлэн өөрчлөх шинж болохгүй.

7. “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэгт шүүгдэгч  хүнд гэмтэл учруулах үйлдлийг хүсэж санаатайгаар хийх боловч хохирогчийн үхлийг хүсээгүй байхаас гадна үхэлд шууд хүргээгүй, үйлдлийнх нь улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй байх ба хохирогчид учруулсан гэмтлийн шинж чанар эмнэлгийн тусламж үзүүлээгүй бол хохирогчийн үхлээр төгсөх боломжтой байдгаараа ялгагдана. Энэ байдлаараа үхэлд хожуу хүргэсэн боловч учрах үедээ амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь амь хохирогчийг үхэлд хүргэх нэг шалтгаан болдгийг анхаарах нь зүйтэй. Хэдий тийм боловч, гэмтэл, үхэл хоёрын цаг хугацааны зөрүү, эмнэлгийн тусламж үзүүлснээр хохирогчийн амь насыг аврах боломж байсан эсэх нь дангаар хэргийг ялган зүйлчлэх туйлын шалгуур болохгүй боловч хэргийн субъектив талын шинжүүдтэй уялдуулан авч үзсэнээр хүний амь нас хохирсон дээрх хэргүүдийг шинж бүрэлдэхүүнээр нь ялгах бүрэн боломжтой.

8. Хохирогчийн гэмтэл, үхлийн алиныг ч хүсээгүй байхаас гадна өөрийнх нь үйлдлээс хохирогч гэмтэж эсвэл нас барж болохыг мэдээгүй, мэдсэн ч ийм үр дагавар гаргахгүй байж чадна гэж тооцоолсон боловч хохирогч нас барсан нь “Болгоомжгүйгээр бусдыг алах” гэмт хэргийн үндсэн шинж. Энэ тохиолдолд хохирогч амь насанд аюултай байдлаар гэмтсэн болон нас барсан хоорондын цагийн зөрүү, хохирогчийн амь насыг аврах боломж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

9. Тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдал бичигдэн үлдсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалбал, шүүгдэгч О.Г нь амь хохирогчийг өөрийн дүү О.Га-оос холдуулах, эсхүл тулгарсан аюултай хэлбэрээр халдсан довтолгоог няцаах, тэдний хооронд үүссэн зөрчилдөөнийг салгахын тулд бус өөрөөсөө илтэд бие жижиг, жин бага, насны байдал зөрүүтэй хүн рүү О.Га-ын мөргөх үйлдэлд хүч оруулан довтлохдоо тэрхэн зуур өөрийн бие махбодод хүч хуримтлуулан инерцээ нэмэгдүүлж, амь хохирогч Х.Г-ийг хүчтэй түлхсэний улмаас тэрээр тэгш бус, хатуу гадаргуутай зам дээр дагз хэсгээрээ унаж, тархины битүү гэмтэл авч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцдаа нас барсан байна.

 

            10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9036 (1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал) хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Х.Г-ийн биед хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн зулай, чамархай дагзны дэлбэн, шулуун синус, хоёр хажуугийн ховдлын их бие, их тархины дагуу завсар хэсгийн corpus callosum, falx дагуух тархины эдийн няцрал, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, толгойн ар хэсгийн зулгаралт” гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020 (1 дүгээр хавтаст хэргийн 84-90 дэх тал) дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “амь хохирогч тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан”, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1135 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр (2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал) “эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй тархины хүнд гэмтэлтэй байсан” гэх шинжээчийн гурван удаагийн дүгнэлт хэрэгт авагджээ.

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан шинжлэн судлахад, эхний хоёр удаагийн дүгнэлтээр тархи, хавирга болон бүсэлхийн нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд үүсгэгдэх боломжтой нөхцөл байдал, үүссэн цаг хугацааг харилцан адилгүй байдлаар дүгнэсэн байх бөгөөд сүүлчийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид тэр даруй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхээс үл хамааран амь насыг аврах боломжгүй буюу тархины хүнд гэмтэл учруулсан болохыг тогтоосон байна.

 

            11. Шүүгдэгч О.Г нь хохирогч Х.Г-ийн амь насыг хохироох хор уршгийг хүсээгүй боловч мэдэж амь насыг аврах боломжгүй тархины хүнд гэмтэлд шууд санаатайгаар хүргэснээр хүнийг алах гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Хохирогчид хэрэглэсэн хүчний хэлбэр, хэмжээ, чиглэл түүнийг хохирогчийн зүгээс няцаан эсэргүүцэх боломжийг шүүгдэгч О.Г сайтар мэдэж хэрэгжүүлсэн, хүссэн үр дагавартаа зориуд хүргэсэн байх тул амь хохирогч хэсэг хугацааны дараа нас барсан нь үйлдлийн санаа зорилгыг үгүйсгэх нөлөөгүй хүчин зүйл болно.

 

12. Иймд шүүгдэгч О.Г-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

13. Харин хоёр шатны шүүх шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй байна.

 

14. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, уг хууль батлагдсантай холбоотой Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудад өөрчлөлт орсноор гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах улмаар түүнийг үндэслэн эдийн бус гэм хорыг арилгуулах зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

 

15. Хохирол, хор уршгийг халдлагад өртсөн харилцааны онцлогоос хамааран эдийн буюу эд хөрөнгө, амь нас, бие махбод, эд эрхтэнд учирсан хохирол мөн эдийн бус буюу хүний нүдэнд үл харагдах зовж шаналсан мэдрэмж, сэтгэл зүй, сэтгэцэд бий болсон хямрал, гэмтлийн хохирол гэж ерөнхийлөн авч үздэг бөгөөд эдгээрийг хэмжих, үнэлэх шалгуур болоод аргачлалыг ялгамжтай авч үзэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс үүдэлтэй үр дагаварт хандах хувь хүний онцлогоос хамааралтай сэтгэл зүйн харьцаагаар сэтгэцийн хохирлыг үнэлж тооцох тул тусгай мэдлэг, арга зүй эзэмшсэн мэргэжилтнээр хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд шинжилгээ хийлгэн хор уршгийг тогтоох шаардлагатайн зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэндээр хохирсон нь тусгай шинжилгээгээр тогтоогдсон аливаа хүн хор уршгийг нэхэмжлэх эрхтэй ба энэ эрх бусдад шилжихгүй.

 

16. Дээр дурдсанчлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Я.Х нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхтэй ч шүүгдэгч О.Г нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт юм.

 

            17. Гэтэл хоёр шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох, заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй буюу шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байхад сэтгэцийн гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй болсон байх тул шийтгэх тогтоол, магадлалын холбогдох заалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаар магадлалын тогтоох хэсэгт дээрхийг нэмэлт заалт болгон оруулж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, А.Ц нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАТБААТАР

 

      М.ПҮРЭВСҮРЭН

 

       Ч.ХОСБАЯР

 

         Б.ЦОГТ