Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0449

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн 2006 онд үүссэн албан татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаас татгалзсан Төв аймгийн Татварын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, “А” ХХК-ийн 2006 оны албан татварын өрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1. 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д "2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг өршөөхөөр заасан байна. Үүний дагуу “А” ХХК нь 2006 онд үүссэн татварын үндсэн өрөөсөө 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлсөн бол үлдэх 90 хувийг нь 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д зааснаар өршөөлд хамруулж хүчингүй болгож болох байсан.

Харин тус компани 10 хувиа 2009 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлөөгүй, харин 2017 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 25-ны өдөр 55000 төгрөг төлсөн болох нь “А” ХХК-ний 2006-2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тооцоолол мөн Хасбанкны Интернэт банкны дансны хуулгаар нотлогдож байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч “А” ХХК нь 2006 оны албан татварын өр болох 580,600 төгрөгийг хуульд заасан хугацаанд буюу 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй ч гэсэн, 2010 онд 300 төгрөг, 2017 онд 55,000 төгрөг, 2018 онд 1,000 төгрөг, нийт 56,300 төгрөгийн албан татвар төлсөн байна хэмээн энэ нь татвар төлөгчийг татварын өршөөлд хамруул, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн зорилгод нийцнэ гэж үзсэн нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн тодорхой хугацаа заасан 6.1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

2 Мөн шүүх татварын алба болон татварын улсын байцаагч нь санхүүгийн хүндрэлд орсон татвар төлөгч “А” ХХК-д Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг тайлбарлан таниулах үйлчилгээг үзүүлээгүй, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хандаагүйгээс нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд буюу 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор албан татварын өрийн 10 хувийг бүрэн төлөх, улмаар албан татварын өрөөс чөлөөлөгдөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзсэн байна.

Харин манай татварын албанаас тухайн үед Татварын ерөнхий газарт ажиллаж байсан “А” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-т энэхүү өрийг хэрхэн барагдуулах, 10 хувийг төлвөл өршөөлд хамрагдах талаар утсаар залгаж удаа дараа хэлж, мэдэгдэж байсан болно.

Мөн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т зааснаар “татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна. Гэтэл тус компани нь тухайн үед мэдсээр байж үндсэн өр эсхүл түүний 10 хувийг хуулийн хугацаанд төлөөгүй мөртлөө одоо үндсэн өрөө өршөөлд хамруулах гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн зөвхөн татварын байгууллага, татварын улсын байцаагчийг үүргээ биелүүлээгүй, хуулиа сурталчилаагүй, тайлбарлаагүй, тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж буруутгах нь өрөөсгөл ойлголт юм.

Иймд нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн Төв аймаг ахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК-аас “А” ХХК-ийн 2006 онд үүссэн татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа Төв аймгийн татварын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2006 оны татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахыг Төв аймгийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Татварын өршөөл үзүүлэх тухай (2008 оны) хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, ... өр, төлбөрийн тодорхой хувиас ... нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 6 дугаар зүйлийн 6.1.3-д “2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, ...ийн дараахь өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө: 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг;” гэжээ.

Дээрх хуульд ишлэл авсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай (2007 оны) хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу чөлөөлөгдөх албан татвар, шимтгэлд дор дурдсан албан татвар, шимтгэл хамаарна: аж ахуйн нэгжийн орлогын албан татвар” гэж заажээ.

Эдгээр хуулиудын агуулгаас үзэхэд хуулийн этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс (өр, хүү, торгууль, алданги) 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг нэг удаа чөлөөлөхөөр байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд 2006 онд үүссэн албан татварын өр болох 580.600 төгрөгийн 10 хувь болох 58.060 төгрөгийг хуульд заасан 2009 оны 01 дүгээр сарын 01-ны дотор төлөөгүй харин 2017 онд  55.000 төгрөгийг төлсөн гэдэг нь тус компанийн албан татварын тооцоолол, дансны хуулга, татварын тооцооллын жагсаалт[1] зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс 2006 онд үүссэн албан татварын өр 580.600 төгрөгийн 10 хувь болох 58.060 төгрөгийг Татварын өршөөл үзүүлэх тухай (2008 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан  2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлөөгүй харин 2017 онд төлсөн байхад нэхэмжлэгч “А” ХХК-ийг татварын өрийн 10 хувийг төлсөн гэж үзэж, хуулийн энэ заалтыг зөрчин хуулийн үйлчлэлд хамруулах эрх хэмжээг хариуцагч Төв аймгийн татварын хэлтэст хуулиар олгоогүй.

Хариуцагч Төв аймгийн татварын хэлтсийн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээд гаргах шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг зарчмуудад нийцэх учиртай.

Иймээс нэхэмжлэгч “А” ХХК-аас “А” ХХК-ийн 2006 онд үүссэн татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагч Төв аймгийн татварын хэлтсийн шийдвэр нь хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгч компанийн хуульд заасны дагуу татварын өршөөлд хамрагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5-д заасан агуулгаас үзэхэд шүүх нь тухайн харилцааг илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан зохицуулалт байгаа тохиолдолд уг нарийвчилсан зохицуулалтыг баримтлахгүйгээр ерөнхий зохицуулалтыг баримтлан тухайн харилцаанд дүгнэлт өгөх, хэрэглэх үндэслэлгүй.

Гэтэл нэхэмжлэгчээс маргаж буй “2006 онд үүссэн албан татварын өрийг Татварын өршөөлийн тухай (2008 оны) хуульд заасны дагуу өршөөлд хамруулах” харилцааны хувьд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан  “албан татварын өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд өршөөлд хамруулах” нөхцөлийг заасан нарийвчилсан зохицуулалтыг анхан шатны шүүхээс Татварын өршөөлийн тухай (2008 оны) хуулийн ерөнхий зохицуулалт болох “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өрөө нэг удаа чөлөөлөх хуулийн зорилго”-ыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт дурдсан “... “А” ХХК-д Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг тайлбарлан таниулах үйлчилгээг үзүүлээгүй, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хандаагүйгээс нэхэмжлэгч нь ...татварын өрийн 10 хувийг бүрэн төлөх, улмаар албан татварын өрөөс чөлөөлөгдөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзлээ.” гэж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч, хариуцагчийн ямар тайлбар, хэрэгт цугларсан ямар баримтаар тогтоогдож байгаа талаар дурдаагүй, энэ талаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн байдал буюу шүүх хуралдааны тэмдэглэлээс тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг хангаж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасныг баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-иас Төв аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “А” ХХК-иас 2006 онд үүссэн албан татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаас татгалзсан Төв аймгийн Татварын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2006 оны татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахыг Төв аймгийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 32, 46, 75 дахь хуудас