Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01173

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 22 210/МА2026/01173

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 1,621,965,454 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* болон иргэн ******* нар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээгээр худалдагч тал болох ******* эрхийн зөрчилгүй 1000 тонн маркийн шатахууныг ******* компаниас авч дамжуулан нийлүүлэх үүргийг, Худалдан авагч тал үнэ 46,150,000 рубль буюу 2,520,063,000 төгрөгийг урьдчилан шилжүүлэхээр тус тус тохирсон.

1.2.Компаниас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж *******ын гэр бүлийн хүн болох *******гийн банкны дансанд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,520,063,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн.

1.3.Гэрээний дагуу нийт 1,573,134,506 төгрөгийн шатахуун нийлүүлж, 946,928,494 төгрөгийн шатахууныг нийлүүлээгүй байна.

Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр битум нийлүүлснээс хойш огт нийлүүлэлт хийгээгүй. Хугацаандаа нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч ОХУ-д нөхцөл байдал хүнд байна, дамжуулан нийлүүлж байгаа компани асуудалтай байна гэх тайлбар тавьсаар өнөөдрийг хүрсэн тул гэрээг цуцалж үлдэх төлбөрийг буцаан гаргуулна.

1.4.Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.4-д Худалдагч тал шатахууныг хугацаандаа нийлүүлээгүй бол ... 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги тооцоход 473,464,247 төгрөг байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээний хугацаандаа шатахууныг бүрэн нийлүүлсэн бол 201,572,713 төгрөгийн ашиг олох байсан.

1.5.Мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан иргэн *******г хамтран хариуцагчаар оролцуулсан.

Иймд гэрээг цуцалж, нийлүүлээгүй шатахууны үлдэгдэл төлбөр 946,928,494 төгрөг, алданги 474,464,247 төгрөг, олох байсан орлого 201,572,713.34 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, *******той байгуулсан гэх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолсон гэрээ нь бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломжгүй.

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д зааснаар нефтийн бүтээгдэхүүнийг иргэн импортлох, худалдах ямар ч хууль зүйн боломжгүй бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд энэхүү гэрээг байгуулах боломжтой.

2.2.Тус гэрээний харилцаа ******* болон ******* ХХК нарын хооронд үүссэн. ******* хоёр талыг холбож өгсөн бөгөөд тус хоёр хуулийн этгээдийн хүсэлтээр гэрээний төлбөрийг өөрийн гэр бүлийн гишүүн болох *******гийн дансаар дамжуулан -д шилжүүлсэн. төлбөрийг ******* ХХК-д шилжүүлсэн. ******* болон ******* нар дээрх төлбөрөөс ямар ч төлбөрийг хувьдаа авч ашиглаагүй.

2.3.Нэхэмжлэгчийн зүгээс *******г хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасантай нийцэхгүй. ******* нэхэмжлэгч хуулийн этгээд болон ******* ХХК-тай огт харилцаа холбоогүй буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар ч эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй.

2.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй. Тухайлбал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах боломжгүй. Мөн Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах журам зайлшгүй хэрэгжих ёстой. Гэрээнээс татгалзсанаас ямар үр дагавар үүсэх талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

2.5.Олох ёстой байсан орлогыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Шатахууныг хэдэн төгрөгөөр борлуулаад яаж орлого олох ёстой байсан, эсвэл рубль буюу валютын ханшид нөлөөлсөн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. 201,000,000 төгрөгийн үнийн дүнг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар *******-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 1,621,965,454 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,425,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх үйл баримтыг бодитоор тогтоож чадаагүй.

Шүүх дайны нөхцөл байдал, олон улсын хоригоос хамаарч хувь хүний дансаар шилжүүлэх байдлаар худалдагч ******* ХХК руу шилжүүлсэн гэжээ. Шүүх нотлох баримтгүйгээр хариуцагчийн дээрх тайлбарыг үнэлж хэргийн үйл баримтыг буруу тогтоож шүүхийн шийдвэрт нөлөөлөхөд хүргэсэн. ******* өөрсдөө хувь хүний дансаар төлбөрийг шилжүүлэхэд болох байтал заавал *******ын хамааралтай *******гийн дансаар дамжуулах шаардлагагүй.

Хариуцагч ******* 100 хувийн урьдчилгаа төлбөрийг авахын тулд би тус үүргийг хүлээе гэж тохиролцон Шатахуун урьдчилсан төлбөр нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь гэрээ болон төлбөр шилжүүлсэн баримтаар нотлогддог. Гэрээ байгуулсан үндэслэл бол *******оор дамжуулан нийлүүлэх тохиолдолд 100 хувь төлбөрийг төлнө гэж тохиролцон талууд гэрээ байгуулсан болно.

4.2.Нэхэмжлэгч талаас 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасныг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хангахаас татгалзаж, улмаар захирамжид гомдол гаргах эрхгүй гэж тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна.

4.3.Шүүх талуудын хооронд байгуулсан Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-г зуучлалын гэрээний зохицуулалтаар тайлбарласан. Хариуцагч зөвхөн зуучилж холбож өгсөн гэж тайлбарладаг боловч хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Гэрээний агуулга нь зуучлалын харилцааны агуулга байхгүй, зуучлал гэсэн нэг үг, үсэг байхгүй, харин дамжуулан худалдах үүрэг хүлээсэн. Хариуцагч ******* 1000 тн шатахууны төлбөр болох 2,520,063,000 төгрөгийг хүлээн авах, шатахууныг гэрээний дагуу дамжуулан нийлүүлэх үүргийг хүлээсэн.

Анхан шатны шүүх гэрээг тайлбарлахдаа хариуцагчийг шатахуун нийлүүлэх эрх бүхий этгээд биш гэж тайлбарласан. Хариуцагч *******той байгуулсан гэрээ бол *******оос шууд шатахуун нийлүүлэх тухай гэрээ биш юм. ******* ХХК-иас дамжуулан нийлүүлэх тухай гэрээ үүнийг анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.******* нь ******* ХХК-тай гэрээг байгуулсан. *******той байгуулсан гэрээ нь дотоод бичиг баримтын шаардлага хангах зорилготой байсан. Уг гэрээг агуулгын хувьд хүчин төгөлдөр гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагааг иргэн дангаараа эрхлэх боломжгүй.

*******ын оролцоо талуудыг танилцуулах, холбох шинжтэй буюу зуучлалын шинжтэй үйл ажиллагаа байсан.

5.2.Нэхэмжлэгчид 2024 он хүртэл тодорхой хэмжээний шатахууныг ******* ХХК-иас шууд нийлүүлэгдсэн, *******оор дамжин нийлүүлэгдээгүй нь гэрээний тал биш гэдгийг илтгэнэ.

Мөн *******-иас Эдийн засаг хөгжлийн яамны сайд хүргүүлсэн албан бичигтээ ******* ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй, тэдгээрийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1411 тоот гэрээний дагуу АИ-92 бензинийг 46,500,000 рублиэр худалдан авах гэрээ байгуулсанд дэмжлэг үзүүлэх талаар бичсэн. ******* холбогдох асуудлаар өөрсдөө хөөцөлдөн ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Иймээс анхан шатны шүүх ******* болон *******-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.3.******* бүх мөнгийг өөрөө авч ашигласан гэх агуулга нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй. Тухайн үед дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас ОХУ руу шууд мөнгө шилжүүлэх боломж хязгаарлагдмал байсан тул мөнгийг *******ын хамаарал бүхий этгээд болох дансаар дамжуулан -д шилжүүлсэн. нь ******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд ******* ХХК 2,5 тэрбум төгрөгийг хүлээн авсан, -иас *******-руу холбогдох төлбөрүүд шилжсэн талаарх баримт хэрэгт авагдсан.

5.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авахуулах хүсэлтийн тухайд уг хүсэлт хангагдсан тохиолдолд захирамжид гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн захирамж хэргийн эцсийн шийдвэрт шууд нөлөөлөх шинжгүй.

******* ХХК нь бүртгэлтэй хуулийн этгээд тул Монгол Улсад хэрхэн татан оролцуулах, хаяг байршлыг тодорхойлох, нэхэмжлэлийг хэрхэн хүргүүлэх, гардуулах зэрэг асуудлууд тодорхойгүй. Хамтран хариуцагчтай холбоотой асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхийг хангалттай олгож, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 946,928,494 төгрөг, алданги 473,464,247 төгрөг, олох ёстой байсан орлого 201,572,713 төгрөг, нийт 1,621,965,454 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нараас Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийг ******* ХХК-тай гэрээ байгуулахад нь зуучилсан, ******* гэрээний оролцогч биш, хохирлоо хэрхэн тооцсон нь тодорхойгүй үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.*******, ******* нар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Шатахуун урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр: Худалдагч болох ******* нь чанар, стандартын шаардлага хангасан, цаг уурын нөхцөл, чанарт нөлөөлөхөөргүй, эрхийн зөрчилгүй 1000 тонн -ийг ОХУ-аас нөхцөлөөр ******* хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгээр дамжуулан худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч болох ******* нь гэрээний төлбөрийг 100 хувь урьдчилан худалдагч талд эсвэл худалдагч талын харилцан хамаарал бүхий этгээдийн арилжааны банкин дахь харилцах дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /1хх 11-13/

3.2.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,520,063,000 төгрөгийг өөрийн банкны данснаас хамтран хариуцагч *******гийн банк ХК дахь тоот дансанд шилжүүлсэн. /1хх 14/

3.3.*******, ******* нар хоорондоо хамаарал бүхий этгээдүүд.

 

4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зуучлалын гэрээ хэмээн буруу тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд залруулах боломжтой.

 

4.1.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар зохицуулсан, хэрэгт авагдсан гэрээнд худалдагч талыг төлөөлж *******, худалдан авагч талыг төлөөлж ******* нар байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр юм.

 

4.2.*******, ******* нарын хоорондох гэрээний 1.1-д шатахууныг ОХУ-аас Наушки нөхцөлөөр ******* ХХК-иар дамжуулан худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэж анхнаасаа шатахуун нийлүүлэх үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр тухайлан тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт ... гэрээнд үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэсэн зохицуулалттай нийцнэ.

 

4.3.Ийнхүү гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлэхээр анхнаасаа талууд хэлэлцэн тохирч байгуулсан, улмаар гэрээний 4.2-т заасны дагуу хариуцагчийн хамаарал бүхий этгээд болох *******гийн банкны дансаар үнийг төлөх замаар нэхэмжлэгч гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар биелүүлсэн байх тул тэрээр гэрээний нөгөө тал болох *******оос үүргийг шаардах эрхтэй байна.

 

4.4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэхдээ үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх тохиролцоо, мөнгөн хөрөнгийг хариуцагчийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн байдал, түүнчлэн зохигчдын хоорондох харилцаа холбоо, эрх зүйн байдлыг анхаараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад тооцогдох бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигч бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар *******-ийн эцсийн өмчлөгч болон хариуцагч ******* нар олон жилийн танилууд, ******* нь ******* ХХК-тай маргаанд хамаарах энэ гэрээнээс өмнө шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулж байгаагүй, мөн ******* нь компанийн салбарын захирлаар ажилладаг байсан, улмаар шатахууны компаниудтай сайн харилцаатай, мөн ******* ХХК-тай харилцаа холбоотой байдаг болох нь тогтоогдож байна.

Үүнээс гадна хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар гаргахдаа нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн ******* ХХК-ийн баримтууд, түүнчлэн ******* ХХК-иас шүүхэд хаяглан шуудангийн байгууллагаар дамжуулж ирүүлсэн баримтууд зэргийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч *******ыг зөвхөн ******* ХХК болон ******* нарыг хооронд нь холбож өгөх замаар гэрээнд оролцсон гэж үзэх боломжгүй байна. /1хх 57-65, 91-100, 103-111/

 

4.5.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг гэрээний талууд хүлээнэ.

Зохигчдын хоорондох гэрээгээр хариуцагч үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр тухайлан тохиролцсон тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс ******* ХХК-иас шатахууныг хүлээн авсан байдал, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нефтийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай тухай тайлбар, Монгол Улсын гаалийн хилээр барааг нэвтрүүлэхдээ ******* ХХК-ийн нэрээр шатахууныг нэвтрүүлсэн байдал, тус компаниас шатахууныг шаардаж байсан байдал зэрэг нь нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

5.Худалдагч гэрээний зүйл болох шатахууныг тохирсон хугацаандаа нийлүүлээгүй, мөн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хоорондох гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан гэж үзэх бөгөөд гэрээг цуцалж болохгүй үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

6.Нэхэмжлэгч шилжүүлсэн 2,520,063,000 төгрөгөөс 1,573,134,506 төгрөгийн шатахууныг хүлээн авсан үндэслэлээр үлдэх 946,928,494 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэргийн 15 дахь талд авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээнд уг дүн дотор гааль төлсөн НӨАТ, валютын ханшийн зөрүү зэргийг нэмж тооцсон байна.

Иймд хэргийн 95-97, 203 дахь талд авагдсан ******* ХХК-иас нотлох баримтаар ирүүлсэн лавлагаагаар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 15,332,373 рубль шатахуун нийлүүлээгүй байгааг тодорхойлсон тул энэ хэмжээгээр тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн рубль төгрөгтэй тэнцэх Монголбанкны албан ханш 36,70 төгрөгөөр хөрвүүлж, 562,698,089 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос шүүх үйл баримтыг бодитоор тогтоож чадаагүй, шатахууныг ******* ХХК-иар дамжуулан нийлүүлэхээр гэрээг байгуулсан, зуучлалын гэрээ биш гэсэн хэсгийг хангав.

 

7.Талуудын хоорондох гэрээний 6.1.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх-өөр заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцжээ. Гэвч талуудын хоорондох гэрээ цуцлагдсан тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр алданги 473,464,247 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

8.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс учирсан бодит хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч 201,572,713 төгрөгийн хэмжээний орлого олох байсан гэдгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хангах үндэслэлгүй.

 

9.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******оос нийт 562,698,089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

Хариуцагч *******гийн хувьд гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

10.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

10.1.Хамтран хариуцагчаар хуулийн этгээд ******* ХХК-г оролцуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хүсэлтийг хангахаас татгалзсан болох нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Гэвч тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа мөн өдрийн 191/ШЗ2025/45193 дугаар шүүгчийн захирамжид тусгагдаагүй орхигдуулсан алдаа гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдож байх хэдий ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлд нэрлэн заасан хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хэмжээний ноцтой зөрчилд хамаарахгүй.

Учир нь: талуудын хоорондох гэрээгээр шатахууныг INCOTERMS 2010 дүрмийн дагуу CТР нөхцөлөөр буюу Наушки нөхцөлөөр нийлүүлэхээр тохирсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.3-т хамаарахгүй. Мөн хамтран хариуцагчаар тодорхойлсон ******* ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ОХУ болон Монгол Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 4-т энэ гэрээнд заасан иргэний хэрэг гэдэгт хөдөлмөрийн хэрэг хамаарах-аар эрх зүйн хамгаалалтын хүрээг тогтоосон байна.

 

10.2.Нэхэмжлэгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шүүх бүрэн эрхийн хүрээндээ 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШЗ2026/03991 дүгээр шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж, хуралдааныг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдал хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01112 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос 562,698,089 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,059,267,365 төгрөгт болон хариуцагч *******д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 2,971,440 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 8,309,905 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

О.ОДГЭРЭЛ