Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 802

 

 

                                                           

 

 

 

   

     2019        10          22                                2019/ШЦТ/802

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч П.Итгэл,

хохирогч М.Галбат,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбадайгийн Батсүхэд холбогдох эрүүгийн  1911018270897 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, UB LPG ХХК-нд цахилгаанчин, жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 1-22 тоотод оршин суух хаягтай,

-урьд Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг ялаа эдэлж байхдаа Хорих 401-р ангиас 11 хоног оргосон,

-1999 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хогрих ялын үлдэгдэл болох 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сар 22 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2001 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 361 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч 250,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-2001 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 407 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбадайгийн Батсүх, /РД:УШ74033111/,

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын задгайд оршин суух иргэн Б.Батбаярын хашаан дотор М.Галбаттай маргаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...”, “...Зуслан дээр очиход Цэрэнчимэд болон түүний дүү Долгормаа мөн зүс таних найз Галбат мөн миний танихгүй Цэрэнчимэдийн найз гэх 2 залуу байж байсан бөгөөд Галбат хашаанд майхан дотор сууж байсан. Би болон манай найз Наранжаргал бид 3 майханы үүдэнд суугаад өчигдөрийн хийсэн хорхогны махнаас идээд сууж байсан харин бусад хүмүүс байшин дотор байх шиг байсан бөгөөд Гантулга болохоор байшингийн ойролцоо байсан юм. Наранжаргал Галбат бид 3 хамтдаа сууж байхад би хутга бариад хорхог идээд сууж байсан. Би Галбаттай маргалдсан бөгөөд юунаас болж маргалдсанаа би санахгүй байна. Би хутга барьсан гараараа Галбатын баруун далны хэсэгт нь 2 удаа хутгатай гараараа цохиод авахад Галбатын баруун дал орчмоос цус гарсан бөгөөд энэ үед Галбат өөрийгөө хутгалачихлаа гэж мэдээд бөөн шуугиан болоод ирсэн учир Гантулга Наранжаргал 2 хүрч ирээд намайг явъя гээд машиндаа суулгаад бид нар манай гэр рүү явсан. Замдаа Дамбын гүүрээр гарахдаа би машины арын суудалд сууж явсан болохоор цонх онгойлгоод Сэлбийн гол руу хутгаа шидсэн. Ингээд манай 2 найз намайг гэрт буулгаж өгөөд явсан...”, “...Би Галбаттай өр авлага, өш хонзонгийн харилцаа холбоо байхгүй. Би Галбаттай тийм ч дотно биш зүс таних найзууд...” гэх /хх-ийн 47-49х/,

Хохирогч М.Галбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Би гомдолтой байна. Би нэг сар гаруй ажилгүй байсан. Би 4 хүүхэдтэй гэр бүлийн өдрийн хэрэглээний мөнгө байхгүй учраас би гэрийн ойролцоох дэлгүүрт 1,000,000 төгрөгийн бараа зээлсэн. Эмчилгээний зардал 1,000,000 төгрөг болсон, мөн нэг сар ажилгүй байсан учир сарын цалингаа 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Б.Б надад 300,000 төгрөг өгсөн...” гэх

Хохирогч М.Галбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай найз Батбаярын хадам ах нь болох Цэрэнчимэдийн төрсөн өдөр нь болоод бид нар хорхог боодог хийж амраад хоносон...”, “...Цэрэнчимэд бид хоёр манай майханд нэг литрийн вискинээс 3, 3-н хундага уугаад байж байтал Цэрэнчимэдийн дүү Долгормаа одоо болно гээд вискиг хураагаад авсан. Удалгүй 12 цагийн орчимд Цэрэнчимэдийн найз болох Ганзориг, Баасандорж нар ирсэн бөгөөд тэр хоёрыг ирэх үед нь би өчигдөр хийсэн байсан хорхогоо майхны урд тавиад идэцгээж байтал 1 цаг орчмын дараа миний зүс мэдэх Наранжаргал, Гантулга, Сүхээ /цоохор/ нар ирсэн. Би майхан дотроо сууж байсан бөгөөд энэ үед Наранжаргал, Сүхээ нар миний хажууд ирж суугаад хорхог идэх үед Цэрэнчимэд болон түүний 2 найз нь босоод байшин руу яваад өгсөн бөгөөд Гантулга байшингийн тэр хавиар яваад бид нарын хажууд суухгүй байсан. Би Наранжаргал, Сүхээ нарт хорхог өгөөд юм яриад байж байсан бөгөөд гаднаас ирэхдээ Наранжаргал, Сүхээ нар нилээн халамцуу байсан ба хорхог идээд сууж байхад Наранжаргал намайг тамхиа асаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадахгүй татах гэж байвал өөрөө асаахгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Наранжарал дахиад тамхиа асаа пизда минь гэж хэлсэн тэгэхээр нь чадахгүй пизда минь өөрөө асаа гээд асаагуур Наранжаргал руу шидсэн. Тэгтэл Наранжаргал ах энийг хар даа гээд Сүхээд хандан хэлсэн. Тэгэхээр нь би энэ яахаараа чиний ах болчихсон юм бэ гэж Наранжаргалд хандан хэлсэн. Наранжаргал угаасаа миний ах ш дээ надаас ах гэж хэлсэн хариуд нь би Алтайн гудамжинд би Сүхээг танихгүй юм байна, мэдэхгүй юм байна гэж хэлтэл Сүхээ надад хандаад чи намайг танихгүй байна гэж юу байдаг юм бэ? би чамайг ална шүү гээд мах идэж байсан хутгаараа над руу далайчихаад буцаад суусан. Би чи намайг ална гэж байхгүй шүү гэж хэлээд маргалдах аа болиод би Наранжаргалтай өөр сонин юу байна гээд юм яриад тонгойгоод байж байтал манай хүү болох 7 настай Баяржавхлан таниас цус гараад байна гэж хэлсэн. Тэгэхэд Сүхээ хашаан дотор зүүн гартаа хутга барьчихсан чамайг ална шүү гэж хэлээд зогсож байсан. Энэ Наранжаргал таныг хутгалчихсан байна гэж хэлээд Сүхээгийн хажууд гүйгээд очсон. Манай хүү манай найзын эхнэр Долгормаад хэлсэн бөгөөд Долгормаа болон түүний ах Цэрэнчимэд нар гарч ирээд миний цусыг цэвэрлэж янзлаад байж байтал Наранжаргал, Сүхээ, Гантулга нар машинд суугаад яваад өгсөн. Бид цагдаа нар дуудаад Цэргийн төв эмнэлэг рүү очоод баруун далан дээрээ 2 оёдол шилэн хүзүүний баруун талд 2 оёдол тус бүр тавьсан...”, “...би эмчилгээний зардлаа нэхэмжлэх бөгөөд надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /хх-ийн 15-16х/,

Гэрч Г.Цэрэнчимэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай дүүгийн нөхөр Баяраагийн найз нар намайг согтуу гэрт унтаж байх үед манай хашаанд орж ирээд уг хүмүүс нь хоорондоо муудалцсан байсан. Намайг унтаж байх үед дүү Долгормаа ахаа Галааг хүн хутгалчихлаа гэж сэрээсэн тэгэхээр нь гараад харсан чинь Галаа гэрийн үүдэнд сууж байсан. Тэгэхээр нь Галаагаас юу болсон талаар асуухад Сүхээ гэдэг хүнтэй хоорондоо маргалдсан Сүхээ намайг хутгалсан гэж хэлсэн...” гэх /х-ийн 19х/,

Гэрч А.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би тэр үед найз Ганзоригтой юм яриад сууж байсан чинь гэнэт л хүн хутгалчихлаа гэх шиг болохоор нь босоод хартал хутгалуулсан эрэгтэйгийн баруун талын эгэм орчмоос нь цус гарч байсан очоод хартал баруун талын далны орчмоос нь мөн цус гарч байсан. Би мах идэх гээд хутга бариад сууж байсан залуу руу харахад хутга нь цустай болчихсон тэр хутгаа бариад алхаад явж байсан. Би хутгатай хүнээс айгаад зайгаа бариад зогссон ба тэр залуу хамт ирсэн хүмүүстэйгээ машиндаа суугаад яваад өгөхөөр нь бид нар цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн...”, “...тэр хутга нь шар иштэй бариулныхаа урттай нийлээд 20 орчим см урттай хутга байсан...” гэх /хх-ийн 24-25х/,

Гэрч Д.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн үед Наранжаргал болон Цоохор Сүхээтэй хамтдаа явж байсан болохоор Ар согоот ороод намайг буулгачих гэж хэлээд Ар согоотын зусланд ирсэн. Би машинаас буугаад Долгормаа дээр очоод хүүхдийг нь эрхлүүлж байх зуур Наранжаргал, Сүхээ хоёр Галбатын сууж байгаа майханы хажууд суусан. Би байшин дотор байж байгаад майханы хажууд байгаа тэр 3 дээр очих гэхэд Цэрэнчимэдийн найз гэх 2 залуу болон Наранжаргал Сүхээ Галааг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би Галааг яасан бэ юу болсон бэ гэхэд наад чинь гээд Сүхээ рүү заагаад намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Галаагийн баруун мөрний хэсгээс нь цус гарч байсан. Би Сүхээг чи одоо яаж байга юм бэ гэж хэлээд Сүхээ болон Наранжаргалыг явъя гэж хэлээд Наранжаргалын машинд суугаад Бэлхэд байх Сүхээг гэрт нь аваачиж өгчихөөд гэртээ харьсан...” гэх /хх-ийн 27-28х/,

Гэрч О.Наранжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Галбат хашаан дотор майханд пиво уугаад сууж байсан бөгөөд хорхогны мах тавьчихсан хорхог ид гэхээр нь Батсүх бид хоёр Галбатын хажууд суугаад юм ярьж байхад Галбат, Батсүх хоёр юм ярьж байгаад Галбат намайг танина харин Батсүхийг танихгүй гэж хэлсэн. Энэ шалтгаанаас болоод тэр хоёр хоорондоо муудалцах гээд Сүхээ яагаад өөрийг нь таньдаггүй юм бэ? гээд маргалдах шиг болсон бөгөөд удалгүй Галбатын баруун мөрнөөс цус гарсан. Энэ үед Галбат Батсүх намайг хутгалачихлаа гэж хэлсэн. Тухайн үед Батсүх миний хажууд зогсож байсан ба гарт нь хутга байхгүй байсан ба миний ойлгосоноор хутгаа хажуу талын хашаа давуулаад шидсэн байж магадгүй гэж бодож байна. Долгормаа болон түүний ах нь түргэн тусламж дуудах үед Гантулга явъя одоо бөөн юм болно гэж хэлээд Батсүх бид хоёрыг явъя гээд миний машинд суугаад явсан...”, “...Галбат өөрийг нь танихгүй гэснээс болж тэр хоёр хоорондоо маргалдах муудалцах болсон...” гэх /хх-ийн 31-32х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8077 дугаартай дүгнэлт:

-М.Галбатын биед баруун мөрний ард 2 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 41х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12х/,

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62х/,

Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 107х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 27 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцон хасч торгох ялын биелүүлэх хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар 18,5 см урттай хуванцар цайвар ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг хураагдан ирсэнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

 битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 220,000 төгрөгийг төлсөн ба хохирогч эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч  энэ талаар гаргаж өгсөн баримт хэрэгт авагдаагүй тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбадайн Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 405,000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг хасч, торгох ялыг 595 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 595,000 /таван зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 27 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД