| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2026/02575/И |
| Дугаар | 210/МА2026/01258 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01258
2026 05 29 210/МА2026/01258
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/06744 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
554,144 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 554,144 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчаас 120,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* хотхоны ******* байрны ******* өмчлөгч хэрэглэсэн халуун, цэвэр, бохир усны зардлаа төлөөгүй тул 2025 оны 07-10 дугаар сарын зардалд 519,747 төгрөг, алданги 24,397 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 554,144 төгрөг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ: Орон сууцны төлбөрийн задаргаа, ямар арга аргачлалаар тооцсон болох нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр өндөр үнийн дүн нэхэмжилсэн, нэхэмжлэгч байгууллага үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1.******* дүүрэг, хороонд байрлах ******* хотхон-ы орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг, үүнээс хариуцагч ******* тус ******* хотхоны ******* байрны оршин суудаг, өмчлөгч гэдэгт маргаагүй.
4.2.******* нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 154 тоот тогтоолоор 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар 00339 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, харин тус компанид Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 576 дугаар тогтоолоор олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 96/2017, 95/2017 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, хугацааг сунгаагүй. /хх 10, 11-12/
5.Анхан шатны шүүхээс хариуцагч орон сууцны өмчлөгчийн хувиар хэрэглэсэн усны төлбөрөө зохих журмын дагуу төлөх үүрэгтэй талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, нотлох чиг үүргийн хуваарилалтыг буруу тогтоосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Уг алдааг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халуун, цэвэр, бохир ус, ариутгал ... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад .. төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ талаар Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, 15.1.13-т усны хэрэглээний төлбөрөө энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хэмжээнд үндэслэн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ******* байрны 24 тоот харилцагчийн гүйлгээ, 2025 оны 7-10 дугаар сарын төлбөрийн тооцооллыг баримтаар ирүүлсэн байх бөгөөд хэрэгт тухайн баримтыг үгүйсгэх баримт авагдаагүй байна.
Нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгчийн ирүүлсэн уг баримтыг үндэслэлгүй, бодит бус, мөн усны зардал нэг сард 30,000 төгрөг гардаг талаарх тайлбараа хариуцагч тал нотолно.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүйг анхан шатны шүүх анхааралгүй, нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийж, нэхэмжлэгч тал нотлоогүй гэснийг үүгээр залруулав.
5.2.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд цэвэр, бохир усны хэмжээг хэрхэн тогтоох, тооцох талаар зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно гэж заасан.
Хариуцагч сар бүрийн усны тоолуурын заалтаа тухай бүрт өгдөггүй, 2025 он гарснаас хойш өгөлгүй явсаар 2025 оны 10 дугаар сард нэг удаа өгсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон, энэ нь хариуцагчийн өөрсдөө гэрт ирж тоолуурын заалтаа аваагүй, тоолуурын заалт өгөх үүрэг хүлээхгүй гэх тайлбараар тогтоогдсон байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу төлбөрийн хэмжээг тооцож шийдвэрлэх боломжтой.
5.2.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг ... төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно гэж заасан, хариуцагч сар бүрийн усны тоолуурын заалтыг өгөөгүй энэ тохиолдолд нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийг тоолуургүй хэрэглэгчтэй адилтгаж, батлагдсан жишиг норм болоод урьд төлдөг төлбөрийн хэмжээтэй дүйцүүлэх замаар 2025 оны 07 дугаар сард 60,381 төгрөг, 08 дугаар сард 38,150 төгрөг, 09 дүгээр сард 56,850 төгрөгөөр төлбөрийг тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
5.2.2.Харин нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сард 364,366 төгрөг шаардсан үндэслэлээ тоолуурын заалтыг сүүлд 10 сард өгснөөр тухайн сарын төлбөр өндөр гарсан гэж тайлбарласан боловч хэрэгт хариуцагчийн усны тоолуурын заалтыг нотолсон, шаардлага хангасан баримт авагдаагүй тул энэ сарын төлбөрийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн ... өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар тооцно гэж заасныг баримтлан тооцвол 51,793 (60,381+38,150+56,850 =155,381 : 3) төгрөг байна.
Иймд хариуцагчаас 2025 оны 7-10 дугаар сарын хэрэглэсэн усны төлбөрт 207,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.13-т нийцнэ. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авав.
6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар анзыг хуульд, эсхүл гэрээгээр тохиролцсон тохиолдолд хэрэглэхээр зохицуулсан, хэрэгт хангагч болох *******, хэрэглэгч болох ******* нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ авагдаагүй байна.
Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар хэрэглэгч хугацаандаа төлбөр төлөөгүй тохиолдолд алданги төлөх талаар шууд зохицуулаагүй байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулиар, гэрээгээр тус тус алданги шаардах эрхгүй.
Иймд анхан шатны шүүхээс алданги 24,397 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүйг дээрх байдлаар нэмж дүгнэв.
7.Хэргийн 15 дахь талд нэхэмжлэгчээс нотариатын зардал 10,000 төгрөг төлсөн баримт авагдсан боловч уг зардлыг хариуцагчаас хохирлоор гаргуулах үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс энэ зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээнэ. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо энэ талаар тусгаагүй, гомдоогүйг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/06744 дүгээр шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 207,174 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 346,970 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 4,550 гэснийг 6,865 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 17,275 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
О.ОДГЭРЭЛ