Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/233

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ж Б холбогдох 1912............. дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.  

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, М овгийн Ж Б/РД: / 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Бнь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, тоотод хамтран амьдрагч Ц.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын алганд шарх, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед: 

  Хохирогч Ц.Д өгсөн: ...би 2019 оны 07 дугаар сарын 27-ны орой нөхөр Б хамтаар түүний танил нэрийг нь мэдэхгүй нэг ахынд очсон. Тухайн үед бид хоёр тэр айлд очихдоо нэг шил архи нэг том пиво авч очсон. Тэрийгээ хамт гэрт нь хувааж уусан. Тэр үед тэр айлд нэрийг нь мэдэхгүй танихгүй хэдэн залуучууд байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед архи ууж дуусаад манай нөхөр нилээд их согтсон байсан. Тэгсэнээ гэнэт намайг хардаж надад уурлаад миний зүүн талын нүд орчимд нэг удаа гараа цохисон чинь тэр айлын эгч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тухайн үед өөр зодоон цохион болсон асуудал байхгүй. Б намайг цохисны улмаас миний зүүн нүд хөхөрч хавдсан өөр гэмтэл учраагүй. Б нилээд согтсон байсан, тэгээд тэнд байсан хүмүүстэй намайг хардаад түүнээсээ болж надад уурлаад намайг цохисон. Миний зүүн нүд рүү нэг удаа л гараараа цохисон. Өөр байдлаар гар хүрээгүй. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Ж.Б урьд өмнө надад огт гар хүрч намайг цохиж зодож байгаагүй. Сая л анх удаа гар хүрсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Хохирогч Ц.Д дахин өгсөн: ...тухайн үед Ж.Бнилээд их согтсон байсан ба намайг гараараа миний зүүн нүд орчимд нэг удаа цохисон. Тэгээд үснээс татаж газар унагаасан. Тэр үед тэнд байсан хүмүүс Б надаас салгаж авч явсан. Өөр байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. 2019 оны 2, 3 дугаар сарын үед намайг нэг удаа зодож байсан. Уг үйлдэл дээрээ Б шүүхээр орж торгуулийн ял авч байсан. Надад хоёр удаа л гар хүрч цохиж зодож байсан. Урьд өмнө өөр ямар нэгэн байдлаар цохиж гар хүрч байгаагүй. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сард танилцаад 12 дугаар сараас эхэлж түрээсийн байранд хамтран амьдрах болсон. Одоо учир зүгээ олсон, сайн дураараа эвлэрсэн, тухайн үед сүүдтэй зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн  12-13 хуу/ 

Ж.Б гэрчээр өгсөн:..2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би эхнэрийнхээ хамтаар С гэх айлд орсон. Тэр айлд миний танихгүй гурван ах тэд нар архи уугаад сууж байсан. Би гаднаас нэг шил архи, пиво авч орсон. Тэгээд тэр архи пиво ууж сууж байгаад эхнэрийгээ гэр рүүгээ явъя гэсэн чинь эхнэр харихгүй эндээ хононо гээд байхаар нь би уурлаад түүнийг нэг удаа гараараа зүүн нүд орчимд нь цохисон. Тэгтэл гаднаас цагдаа ор ирээд намайг аваад явсан. Цагдаад тэр үед байсан айлын эхнэр нь дуудлага өгсөн юм билээ. Намайг гэр рүүгээ явъя гэхэд манай эхнэр орой болсон байна эндээ хончихоод явъя гээд байхаар нь би уурлаад л нэг удаа цохьчихсон. Тухайн үед манай эхнэр эрүүл байсан. Би зүүн нүд рүү нь нэг удаа л гараараа цохисон. Уг гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ 

 

Ж.Б яллагдагчаар өгсөн: ...би Д гэх эмэгтэйтэй 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод анх танилцсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сараас хойш бид 2 түрээсийн байранд хамтран амьдрах болсон. 2019 оны 07 дугаар сарын дундуур наадам өнгөрөөгөөд Архангай аймагт Д бид 2 ирсэн. 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Д бид 2 танил С гэх айлд орсон тэр айлд ороходоо нэг шил архи авч орсон юм. С гэх айлд ороход танихгүй хэдэн залуучууд архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар нийлээд хамт архи ууж эхэлсэн. Тэгээд цаг нилээн орой болоод би ч нилээд их согтсон байсан тэгээд эхнэрийг гэр рүүгээ явъя гэсэн чинь эхнэр харихгүй орой болсон байна эндээ хончихоод явъя гээд байсан үүнээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би Дг тэр залуучуудтай хардаад уурандаа зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиод үснээс нь татаад унагаачихсан чинь хамт байсан хүмүүс салгасан хэсэг хугацааны дараа цагдаа ирээд намайг аваад явсан. Тухайн үед Д зүүн нүд хөхөрч хавдсан үс нь арзайчихсан байсан. Тэр шөнөө би цагдаа дээр ирж саатуулагдаад маргааш нь гарсан. Намайг гэр рүүгээ явъя гэсэн эхнэр харихгүй шөнө болсон байна гээд байсан юм. Би тухайн үед Д зүүн нүд рүү нэг удаа гараараа цохиж, үснээс нь татаж газар унагаасан. Тэр үед хамт байсан хүмүүс салгасан. Д биед учирсан гэмтлийг би учруулсан. Би архи уусан байсан тэр үед нилээд их согтсон байсан. Тэр үед С ах байсан тэгээд бас танихгүй гурван ах нар байсан. Тэр хамт байсан хүмүүсийг нь хаана байдаг талаар мэдэхгүй би огт танихгүй. Харин С ах саяхан бурхан болчихсон байна гэж сонссон. Би урьд өмнө Дд гар хүрч зодож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/  

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт:

1. Ц.Д биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын алганд шарх, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр 

үүсэх боломжтой.  

3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүснэ.

4. Дээрх гэмтэл нь тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22  хуу/

 

 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 хуу/ 

Ж.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 хуу/  

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-49 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 54-55 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 16-15 тоотод хамтран амьдрагч Ц.Дг шүүгдэгч Ж.Бнь зодож, түүний биед нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын алганд шарх, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Бүйлдсэн болох нь 

Хохирогч Ц.Дөгсөн: ... би 2019 оны 07 дугаар сарын 27-ны орой нөхөр Б хамтаар түүний танил нэрийг нь мэдэхгүй нэг ахынд очсон. Тухайн үед бид хоёр тэр айлд очихдоо нэг шил архи нэг том пиво авч очсон. Тэрийгээ хамт гэрт нь хувааж уусан. Тэр үед тэр айлд нэрийг нь мэдэхгүй танихгүй хэдэн залуучууд байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед архи ууж дуусаад манай нөхөр нилээд их согтсон байсан. Тэгсэнээ гэнэт намайг хардаж надад уурлаад миний зүүн талын нүд орчимд нэг удаа гараа цохисон чинь тэр айлын эгч цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  Шүүгдэгч Ж.Бнь хохирогч Ц.Дг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын алганд шарх, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 358 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийг зүйлчлэл зөв байна. 

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Б хамтран амьдарч Ц.Дд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Ц.Д нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй” гэж  /хх-ийн 54  хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                              

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Ж Б хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б өдөрт 4 дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Б нь шүүхээс оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ