| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/05393/И |
| Дугаар | 210/МА2026/00247 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2026/00247
2026 01 28 210/МА2026/00247
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09745 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 110,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндсэн,
Дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******ы өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* өөрийн эхнэр *******гийн эх нэгтэй дүү болох *******, түүний эхнэр ******* нарт 110,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг зээлийг эхнэр *******гийн эзэмшлийн Голомт банк дахь данснаас *******ы данс руу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 08 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрийг *******, ******* нараас шаардаж байсан боловч төлөөгүй өдийг хүрсэн.
1.2. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******ын Голомт банк дахь хадгаламжийн дансанд ******* 80,000,000 төгрөгийг байршуулж, нөхөр *******ыг хамтран эзэмшигчээр нэмж, гарын үсэг зурсан. Энэхүү 80,000,0000 төгрөгийг 110,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт суутгуулан тооцохоор тохиролцсон. Иймээс дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийн зээлийн үүрэгт тооцно.
1.3. Харин уг дундын данснаас өөрийн өмчлөлийн 40,000,000 төгрөг болон түүнд оногдох хуримтлагдсан хүү 4,812,684.2 төгрөгийг дангаараа захиран зарцуулах боломжгүй, хариуцагч *******ын зөвшөөрөл шаардлагатай байгаа тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу ******* бид хоёрын Голомт банк дахь ******* дугаартай дундын данснаас 44,812,684.2 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Миний бие 110,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн, зээлийн гэрээг хариуцагч *******тай байгуулсан боловч уг гэрээг олохгүй байгаа тул хүү авах эрхээсээ татгалзаж байна. ******* бид хоёр Голомт банк дахь ******* дугаартай дундын данс нээлгэхдээ тус тусын оногдох хувийг тохиролцоогүй тул тухайн дансны мөнгөн хөрөнгийг хувь тэнцүүлэн 50 хувиар тооцсон.
Иймд 110,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг миний өмчлөлд шилжүүлсэнд тооцон *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ы гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******оос зээлсэн 110,000,000 төгрөгийг тухай бүрд нь төлсөн. Тодруулбал, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48,500,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 40,820,000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 9,000,000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 49,830,000 төгрөг, нийт 147,550,000 төгрөг төлсөн.
2.2. Харин *******, ******* нарын эзэмшлийн Голомт банк дахь ******* дугаартай дансанд 80,000,000 төгрөг байршуулсан нь зээлсэн 110,000,000 төгрөгтэй хамааралгүй.
Мөн ******* хамтран бизнес хийе гэж санал тавьсны дагуу 2 талаасаа тус бүр 100,000,000 төгрөг нийлүүлэхээр тохиролцож, уг мөнгийг байршуулсан. Гэвч нэхэмжлэгч нь тохиролцсон ёсоор 100,000,000 төгрөгөө байршуулахгүй, хамтран ажиллах саналаасаа татгалзсан гэжээ.
3. Хариуцагч *******ын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь миний бие ******* болон ******* нараас ямар ч мөнгө зээлээгүй. Ямар нэгэн дансны харилцаа бидний дунд байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тухайн этгээдүүд миний данс руу болон надад ямар нэгэн мөнгө болон эд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд зээл үүссэн тооцох ёстой. Гэтэл ийм зүйл огт байхгүй.
3.2. Нэхэмжлэгч нь дундын дансанд байрлуулсан 80,000,000 төгрөгийг хариуцагч талын мөнгө гэж хүлээн зөвшөөрсөн атлаа 40,00,000 төгрөгийг өөрийн мөнгө гэсэн агуулгатай нэмэлт шаардлага ирүүлснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байна гэжээ.
4. Хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
4.1. 2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч удаа дараа хоёр талаасаа хөрөнгө босгож бизнес хийх санал тавьсны дагуу тус бүр 100,000,000 төгрөг нийлүүлэхээр болж, Голомт банк дахь ******* дугаартай дундсын дансыг шинээр нээж, урьдчилгаа 80,00,000 төгрөгийг тус дансанд байршуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь тохирсон ёсоор 80,000,000 төгрөгийг байршуулаагүй. Иймд дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Хариуцагч нарт зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байсаар 2022 оны 11 сараас бүр холбогдож чадахгүй болсон. Сүүлд гадагшаа зугтаасан, шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгааг мэдсэн. 2023 оны 11, 12 дугаар сард баригдаж ирснийг мэдээд уулзаж өр зээлээ хэрхэн барагдуулах талаар ярьсан. 2024 оны 02 дугаар сард тодорхой хэмжээний мөнгө орж ирэх гэж байгааг мэдсэн учраас тэдний залилангийн шинж чанартай үйлдлүүд дээр цагдаад гомдол гаргахгүй, хэсэг хугацааны дараа надад өгнө гэж тохиролцсоны үндсэн дээр дундын данс нээж уг 80,000,000 төгрөгийг байршуулсан. Гэвч тухайн үйл явдлаас хойш холбогдож чадаагүй, ах дүү хүмүүс учир шууд шүүхэд өгч чадаагүй байсаар 2022 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******ын тайлбарласан шиг хамтарч ажиллахаар мөнгө байршуулсан зүйлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй болно.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох Голомтбанк дахь ******* дугаар данснаас 44,812,684.2 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь ******* дугаар дансан дахь *******од оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Голомт банк дахь нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хамтран эзэмшдэг ******* дугаар данснаас 85,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******од олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын урьдчилан төлсөн 866,831 төгрөг, хариуцагч *******ын урьдчилан төлсөн 582,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 582,950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******од олгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 8-д заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч ******* миний бие өөрийн эхнэр *******гийн төрсөн дүү ******* болон түүний эхнэр ******* нарт урт хугацааны туршид мөнгө зээлдүүлж байсан. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 110,000,00 төгрөг, үүнээс өмнө нилээд их хэмжээний мөнгийг хариуцагч нарт зээлдүүлсэн. Хариуцагч нар ломбард ажиллуулдаг байсан. Гэтэл хариуцагч ******* хөндлөнгийн хүн шиг зээл аваагүй гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй. Миний зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарын дундын өмч гэж үзнэ. Анхан шатны шүүх хариуцагч *******ыг зээл аваагүй, уг мөнгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
8.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.2, 9.3-т дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хэргийн 76-83 дугаар хуудсанд авагдсан Голомт банкны гүйлгээний түүвэр хуулга гэсэн 8 хуудас нотлох баримтаас харахад миний эхнэр *******гийн Голомт банк дахь ******* тоот данснаас *******ы Голомт банк дахь *******, ******* тоот дансууд руу 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 41 удаагийн гүйлгээгээр 407,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү нотлох баримтыг шүүх үнэлж, дүгнээгүй. Энэхүү 407,900,000 төгрөгийн баримтад миний нэхэмжилсэн 110,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийн баримт давхацсан байна. Энэхүү 80,000,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч ******* руу 327,900,000 төгрөг шилжүүлсэн.
Анхан шатны шүүхийн үнэлсэн баримтаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд хариуцагч *******аас над руу буцаан шилжүүлсэн нийт 9 удаагийн гүйлгээгээр 148,150,000 төгрөг болж байгаа хариуцагч ******* тайлбартаа бичсэн байна. Хэргийн 73 дахь талд авагдсан миний гаргасан тайлбараар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40,000,000 төгрөг, мөн сарын 09-ний өдрийн 40,820,000 төгрөг, мөн сарын 22-ны өдрийн 42,000,000 төгрөг, мөн сарын 31-ний өдрийн 40,000,000 төгрөг, нийт 4 удаагийн гүйлгээний 162,820,000 төгрөгийг хариуцагч ******* шилжүүлсэн байна. Энэ мөнгө нь өмнө зээлсэн 327,900,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт болно. Үүнээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 42,000,000 төгрөгийг хариуцагч ******* тайлбартаа бичээгүй байна. Энэ талаар шүүхэд тайлбарласан боловч хэт нэг талыг барьж хариуцагчийн тайлбараар нийт 9 удаагийн гүйлгээгээр 110,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Зохигч талуудын зөвшөөрч байгаа тайлбараар гүйлгээний тоо зөрүүтэй байхад ямар баримтыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй байна. Хариуцагч талаас энэхүү 327,900,000 төгрөгийг буцаан төлсөн гэдгээ ямар нэгэн баримтаар огт нотлоогүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн зээл төлөгдсөн гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
8.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.2, 10.3 дахь хэсгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Учир нь, ямар баримтыг үндэслээд хариуцагч ******* бид хоёрыг хамтран бизнес эрхлэхээр буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр тохирсон, 100,000,000 төгрөг нийлүүлэхээр тохиролцсон гэж анхан шатны шүүх дүгнэснийг ойлгохгүй байна. Бодитоор 80,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь миний данс руу шилжүүлж, нөхөр *******ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн нь үнэн. Харин тал талаасаа 100,000,000 төгрөг нийлүүлж хамтран ажиллахаар тохиролцоогүй.
Иймд анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж, хариуцагч талд ашигтайгаар нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******ы гаргасан тайлбарын агуулга:
9.1. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр 110,000,000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд 9 удаагийн гүйлгээгээр 148,150,000 төгрөг төлсөн.
******* нь нэхэмжлэлдээ тус зээлийг миний нөхөр болох *******од хамааруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ломбардын чиглэлээр авсан зээл болон ломбардтай холбоотой бүх үйл ажиллагаанд ******* оролцоогүй.
******* бид хоёр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бол цагдаагийн байгууллагаас дуудах байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа дуудаж байгаагүй. Мөн тухайн үед зээл авсан боловч сарын дараа бага багаар төлөөд дуусгасан. Энэ нь нэхэмжлэгчийн эхнэрийнх нь дансаар тодорхой харагдана.
Иймд *******т өгөх өр төлбөр байхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:
10.1. ******* нь *******тай барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулсан боловч тухайн газар нь дампуурсан учраас дахин хамтран ажиллахгүй гэж өөрөө хэлсэн. Миний бие *******оос нэг ч удаа зээл авч байгаагүй бөгөөд дундын дансанд байршуулсан мөнгийг авахын тулд намайг гүтгэж байгаад гомдолтой байна.
Манай эхнэр болох ******* нь дундын данс руу 80,000,000 төгрөг шилжүүлсэн учраас хоёр хүний мөнгө гэж үзэхгүй. Талууд тус тусдаа 100,000,000 төгрөгийн санхүүжилт хийхээр тохиролцсон боловч тухайн үед мөнгөний бололцоо 80,000,000 төгрөг байсан учраас надаар 80,000,000 төгрөг хийлгэж, ******* өөрөө амлалтдаа хүрээгүй.
10.2. Миний бие өөрийн хөрөнгө оруулалт 80,000,000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байгаа учраас *******оос 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, дундын дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөс 44,812,684 төгрөгийг зээлийн үүрэгт тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Дээрх нэхэмжлэлээс дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөгөөс 44,812,684 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулах хэсэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул түүнийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 110,000,000 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн гэж тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч ******* нь дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* нь өөрийн эхнэр *******гийн эзэмшлийн Голомт банк дахь ******* дугаартай данснаас *******ы эзэмшлийн тус банк дахь ******* дугаартай данс руу “хөрөнгө оруулав” гэсэн гүйлгээний утгаар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус нийт 110,000,000 төгрөг шилжүүлсэн. /хх11-16/
3.2. ******* нь *******гийн эзэмшлийн Голомт банк дахь ******* дугаартай данс руу орлого гэх гүйлгээр утгаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48,500,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 40,820,000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 9,000,000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 49,830,000 төгрөг, нийт 148,150,000 төгрөг шилжүүлсэн. /хх70-73/
3.3. *******, ******* нар нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Голомт банк” ХК-тай “Энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ” болон “Хадгаламжийн гэрээний нэмэлт гэрээ” нэртэй гэрээ тус тус байгуулж ******* дугаартай дансны хамтран эзэмшигч болсон. /хх6-7/
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн *******, ******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас үйл баримтыг буруу тогтоосон, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4.1. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эхнэр *******гийн дансаар дамжуулан хариуцагч ******* руу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд *******оос мөнгө зээлсэн гэх агуулга бүхий тайлбар гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримт болдог тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх уг тайлбаруудыг үнэлсэн нь зөв.
4.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
4.3. Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг үндэслэн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, хариуцагч *******, ******* нар эхнэр, нөхөр байх нь хамтран үүрэг гүйцэтгэгч болохгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар *******оос зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Мөн талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлгийн гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаарх зохицуулалт үйлчлэхгүй тул “... хариуцагч нар гэр бүл гэх миний үндэслэл тайлбарт маргаагүй ... гэр бүл болсноос хойш үүссэн орлого буюу миний зээл нь хариуцагч нарын дундын өмч ... шүүх хариуцагч *******оос шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ эхнэр *******гаар дамжуулан гүйцэтгэсэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Зохигч талууд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргажээ.
6.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2016 оны 05 дугаар сарын 28-ныөдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 41 удаагийн гүйлгээгээр 407,900,000 төгрөг *******д шилжүүлсэн ... 2022 оны 07 сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 08 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг төлбөрийг төлөөгүй ... хариуцагч зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр нь өмнөх зээлийн үүрэгт тооцсон” гэх агуулгаар тайлбарласан байна. /хх191-195/
Хариуцагч ******* нь “...2016 оны 05 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 407,900,000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Үүнийг шилжүүлсэн, ... буцаагаад давуулаад шилжүүлсэн. *******т ямар нэг өр төлбөргүй, харин ч илүү төлөлт хийсэн. Үүнд, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 21,620,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 20-ны өдөр 18,100,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 17,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,500,000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 20,500,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 20,420,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48,500,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр 49,820,000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 49,820,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 49,830,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,900,000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 43,900,000 төгрөг, нийт 411,410,000 төгрөг төлсөн ... 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 147,550,000 төгрөг шилжүүлсэн тул 110,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна.” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. /хх92-93, 192-195/
6.2. Хэрэгт авагдсан Голомт банк дахь дансны хуулга, талуудын тайлбараар иргэн *******гийн эзэмшлийн Голомт банк дахь ******* дугаартай данснаас хариуцагч *******ы эзэмшлийн тус банк дахь ******* данс руу 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 41 удаагийн гүйлгээгээр 407,900,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн ******* руу 374,260,000 төгрөг, иргэн *******ийн эзэмшлийн 4715116741 дугаартай данснаас *******гийн ******* дугаартай данс руу 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 40,150,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх64-66, 70-73, 76-83, 111-120 /
Хариуцагч ******* анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийн данснаас *******гийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлийн үүрэгт тооцон тайлбарласан байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... би өөрийн хадам ээж *******ээр дамжуулан *******д мөнгө төлөөгүй...” гэж үгүйсгэж тул уг 40,150,000 төгрөгийг түүний гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүргээс хасч тооцохгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ. /хх124-125, 220-222/
7. Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэг 110,000,000 төгрөгөөс 33,640,000 төгрөгт холбогдох үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ.
Тодруулбал, зохигчид 2016 оноос хойш зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж, буцаан өгч байсан талаар маргаангүй. Нэхэмжлэгчээс хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 110,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн байна. Хэргийн нотлох баримтаар нэхэмжлэгчээс нийт 407,900,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь 374,260,000 төгрөг буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон. Иймд хариуцагч нь 110,000,000 төгрөг төлөх үүргээс 33,640,000 төгрөгийг гүйцэтгээгүй гэж дүгнэх нь нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.
8. Нэхэмжлэгч нь дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөгөөс 44,812,684 төгрөгийг зээлийн үүрэгт суутган тооцуулахыг шаардсан бөгөөд хариуцагч ******* эс зөвшөөрч, дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөг, түүний хүү, нийт 85,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргасан байна.
Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч удаа дараа хоёр талаасаа хөрөнгө босгож бизнес хийх санал тавьсны дагуу ... Голомт банкинд ******* дугаартай дундын данс шинээр нээж, урьдчилгаа 80,00,000 төгрөгийг байршуулсан, нэхэмжлэгч мөнгөө байршуулаагүй ...” гэж, нэхэмжлэгч нь татгалзлын үндэслэлээ “зээлдүүлсэн мөнгөө авч чадаагүй, 2022 оны 11 дүгээр сараас бүр холбогдохгүй болсон, ... 2024 оны 02 дугаар сард тодорхой хэмжээний мөнгө орж ирэх гэж байгааг мэдсэн учраас тэдний залилангийн шинж чанартай үйлдлүүд дээр цагдаад гомдол гаргахгүй, хэсэг хугацааны дараа надад өгнө гэж тохиролцсоны үндсэн дээр дундын данс нээж уг 80,000,000 төгрөгийг байршуулсан” гэж тус тус тайлбарлажээ. /хх75/
8.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь “Голомт банк” ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр ******* дугаартай дансны хамтран өмчлөгч болсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. /хх6-7/
8.2. Хариуцагч ******* нь эхнэр *******аар дамжуулан тус дансанд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх97/
8.3. Хэргийн нотлох баримтаар талууд хамтын үйл ажиллагаа эрхлэхээр хүсэл зориг нэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймээс гэрээнээс татгалзах, гэрээ цуцласантай холбогдон үр дагавар үүсэхгүй.
8.4. Мөн *******, ******* болон “Голомт банк” ХК нарын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ы зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ******* нэхэмжлэгч *******т баталгаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөгөөс 44,812,684 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.
8.5. Харин дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөг, түүний үр шимийг нэхэмжлэгчээс гаргуулахаар хариуцагч ******* шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байна.
8.6. Хэргийн 170 дахь талд авагдсан Голомт банк дахь дансны хуулга баримтаар дундын дансны үлдэгдэл 89,625,368 төгрөг байна.
Хариуцагч нь 85,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан тул энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
9. Харин анхан шатны шүүх, талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн алдааг дээрх байдлаар залруулан дүгнэв.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/09745 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 33,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,360,000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хамтран эзэмшдэг дундын данснаас 85,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******од олгосугай .” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “үлдээж” гэсний дараа “хариуцагч *******аас 326,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732,014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.ЦЭНД