| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0235/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/234 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А
Шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч Бод холбогдох 1812......... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн а/259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овгийн Ч Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр, Долоо гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн П.Т шар хээр зүсмийн морийг эмээл, хазаарын хамт хулгайлж, 855.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч П.Т өгсөн: ... Би 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Долоо гэх газраас өөрийн шар хээр зүсмийн нас гүйцсэн морио эмээл хазаартай нь хулгайд алдсан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой морио гэрээсээ 100 метр орчим зайтаа аргамжаад эмээл хазаарыг нь мориныхоо хажууд зайдуу тавиад хоносон. Тэгээд өглөө 05 цагийн үед босоод хонио туугаад морио харахад аргамжаан дээр байсан морь эмээл хазаартайгаа байхгүй байсан. Танидаг хүн унаад явчихсан байж магадгүй гэж бодоод харзнаад морио ойр зуур хайгаад олоогүй. Тэгээд мотоциклиороо яваад адуугаа харахад миний 2 хээр морь адуундаа байгаагүй. Дүү нараа дуудаад адуугаа Долоо гэх газраараа хайгаад олоогүй. Тэр шөнөө хоноод маргааш нь ахиад морио барьж авах гэтэл миний хоёр хээр морь адуундаа ирчихсэн байсан. Тэгээд аргамжаатай хээр морь эмээлтэйгээ олдоогүй. Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хайгаад олоогүй 07 сарын 01-ний өглөө манай хүү Н интернэтэд алдсан шар хээр морины зургийг тавьчихсан байна гээд зургийг нь явуулсан. Гэтэл манай нутгийн Г гэдэг залуу Бэлхи багт миний шар хээр морийг хүн унаж явсан байсныг хараад очоод зургийг нь дараад фэйсбүкэд тавьчихсан байсныг манай хүү харсан байсан. Тэгээд адуугаа таньсан юм. Нас гүйцсэн шар хээр зүсмийн, зөв талын ташаандаа нэмэх тамгатай, имгүй, малд унадаг номхон морь бөгөөд хурдны удам байхгүй. Алдсан эмээл нь улаан дэвсгэртэй доороо бор дэвсгэртэй тохом нь хонины даахиар хийсэн, саарал гөлөмтэй, хөх ирмээнэн дөрөөний суртай байсан. Алдсан адуугаа зах зээлийн ханшаар 800.000 төгрөгөөр үнэлж байна. Хүч тарган адуу байсан. Ямар нэгэн ул мөр мэдэгдээгүй. Зүлэг ногоотой газар байсан. Машин техникийн мөр байгаагүй. Чагнаадоржийн Б гэдэг хулгайчийн зураг байсан. Г сайн мэдэж байгаа зургийг нь тод дарсан байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Хохирогч П.Тдахин өгсөн: .... 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг Долоо гэх газраас шар хээр зүсмийн нэмэх тамгатай морио улаан бадуушигтай, хэрэглээний модон эмээл, хуучин мяндсан ногт хуучин суран хазаарын хамтаар хулгайд алдсан. Миний модон эмээл нь хэрэглээний хуучин модон эмээл байсан. Улаан бадуушигтай, бүүрэг нь хагархаар нь жижиг төмрөөр хадаж байсан. Миний хазаар хуучин суран хазаар бөгөөд ногт нь хуучин мяндсан ногт байсан. Би эмээл, хазаараа 150.000 төгрөгөөр үнэлж байна. Хуучин хэрэглэж байсан малдаа явахдаа хэрэглэдэг байсан. Одоо миний хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Гэрч Т.Н ийн өгсөн... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байж байтал аав утсаар яриад шар хээр зүсмийн нас гүйцсэн морио аргамжаан дээрээсээ эмээл хазаартай нь хулгайд алдчихлаа гэж ярьсан. Тэгээд Архангай аймгийн Өндөр-Улаан сум руу Улаанбаатар хотоос 07 сарын 01-ний өглөө гарсан. Замдаа явж байхдаа фэйсбүүк дээр манай алдсан морины зургийг Г гэдэг нутгийн ах тавьчихсан байсан. Тэгээд алдсан мориныхоо зургийг таниад гэр рүүгээ аавд мэдэгдсэн. Манай морийг хулгайлсан хүн Бэлхи багт айлын хаваржаан дээр байж байгаад Г ахтай тааралдсан байсан. Тэгээд Г ах зургийг нь дарчихсан байсан. Алдсан морины талаар манай гэрийнхэн л мэдэж байгаа. Имгүй, зөв талын гуяндаа нэмэх тамгатай, шар хээр зүсмийн, нас гүйцсэн морь байсан. Хурдны удам байхгүй унааны морь байгаа юм. Сэжиг таамаглал байхгүй. Г ах манай морийг унаж явсан хүний зургийг нь дарсан сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/
Гэрч Т.Г ын өгсөн... 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт дүүгийндээ оччихоод буцах замдаа Бэлхи багийн Гарчин гэх өвөлжөөн дээр байсан өөрийн адууг харах гэж очсон. Адуугаа харчихаад эргэсэн чинь манай дүүгийн өвөлжөөний ард эмээлтэй шар хээр морь байхаар нь ямар учиртай адуу юм бол гээд яваад очиход хашааны ар амбаар хоёрын завсар морь нь уяатай амбаарын ард нэг шар дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байсан. Хөөе гээд дуудахад босч ирээгүй учраас зургийг нь өөрийн гар утсаар аваад машинаасаа буугаад хажууд нь очоод дуудахад босоод ирсэн. Чи юу хийж яваа ямар учиртай явж байгаа гэж асуухад айлд очих гээд явж байна энд бороо орох гээд байхаар нь хэвтчихлээ гэж байсан тэгэхээр нь бороо ороогүй байхад яах гэж хэвтэж байгаа гэж асуухад миний нуруу өвдөөд гэж хариулсан. Тэгээд хоёр буруу юм яриад байхаар нь сэжигтэй санагдаад хэнийд очих гэж байгаа гэж асуухад Б гэдэг айлд очно гэсэн Б гэдэг айлаа өнгөрөөд явчихсан байсан учраас Б энд биш өөр газар байдаг шүү дээ гэхэд өө тийм үү би энэ урагшаа л байдаг гэж сонссон гэсэн. Тэгэхээр нь би Б зааж өгөөд өөрөө араас нь дагаад явах замдаа дүү Г руу залгаад Б уулзаад нэг хүн тэднийхийг сураглаад байна ямар учиртай хүн бэ гэдгийг нь асуулгахад Б эхнэр манай дүүд тэр морьтой хүнийг шоронгоор явсан бүтэхгүй байдаг тэр байж магадгүй гэж хэлсэн болохоор хүрээд ир гэж дуудуулаад Бэлхи багийн Ногоон нуур гэх газар тэр хүнийг аваачиж өгөөд Б эхнэртэй уулзуулаад би өөрөө аймаг руу буцсан. Маргааш нь би Архангай аймагт гэртээ ирчихээд Өндөр-Улаан сумынхан гэсэн фэйс хаяган дээр сэрэмжлүүлэх үүднээс иймэрхүү хүмүүс яваад байна шүү гээд уг морины зургийг хэвтэж байгаа нөгөө хүний зурагтай хамт тавьсан. Гэтэл уг морийг Азарга багийн Долоо гэх газраас алдсан 3 хээр морины нэг нь мөн байна тамга нь таарч байна гэсэн коммент ирсэн. Тэгэхээр нь би хулгайн морь гэдгийг нь мэдэхгүй алдсан морь юм бол цагдаатай уулзаад надруу ярь би хүнийг нь зааж өгье гэж хэлсэн. Орой нь Азарга багаас Т гэдэг залуу яриад миний алдсан морь байна гэж ярьсан. Ингээд маргааш нь Архангай аймагт ирж уулзаад зургийг нь би өгсөн. Шар хээр зүсмийн зөв талын хойд гуяндаа нэмэх тамгатай номхондуу морь харагдсан. Монгол эмээлтэй улаан дэвстэй, цагаан цайвардуу өнгийн гөлөмтэй байсан. Тэр үедээ таниагүй. Сүүлдээ хараад байхад шар Оргио гэдэг Тариат сумын Мөрөн багийн хүн мөн байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Гэрч Ж.Б өгсөн....Б зан араншингийн хувьд гайгүй хүн байгаа юм. Б гэр бүлтэй..гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Ч.Б яллагдагчаар өгсөн:.. Би Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт амьдардаг юм. 2018 оны 06 дугаар сарын 27-нд өдөр Архангай аймгийн Өндөр -Улаан сумын нутагт очиж өөрийн төрлийн айлд очих гээд явсан юм. Тэгээд хээр газар морио унаад явж байтал шөнийн 00 цаг 30 орчим минутын үед Өндөр-Улаан сумын Цан толгой хавчиг гэх газрын орчимд морь бүдэрч унаад морио алдчихсан. Тэгээд цааш явган явж байтал шөнийн 01 цагийн орчимд ганц цагаан гэртээ айл харагдахаар нь яваад очтол гадна талдаа цагаан өнгийн портер машинтай айл байсан бөгөөд гэрт нь орох гэтэл нохой нь оруулахгуй байсан. Тэгээд би тэр ард талд ойрхон харагдаж байсан аргамжаатай морин дээр очтол хажуу талд нь эмээл хазаар нь байж байсан. Би хээр зүсмийн морийг эмээлж, хазаарлаад өөрийн унаж явсан морио хайж Өндөр-Улаан сумын цагаан булга, бэлх гэх газраар 2 өдөр хайгаад морио олж чадаагүй. Тэгээд нэг өвөлжөөний хашаан дээр хэвтэж байтал цагаан өнгийн машинтай хүн ирээд юун хүн бэ гэж асуухаар нь би айл хайж явна миний ах Мөндөг гэдэг айлын малыг хардаг гэж хэлтэл тэр машинтай хүн миний зургийг авна гэхээр нь би ав ав гэж хэлсэн. Тэр хүн миний зургийг авчихаад намайг машины араас дагаад яв гэж хэлэхээр нь би дагаад хэсэг явж байтал миний урд талаас М гэдэг залуу миний ах Б эхнэртэй хамт хүрээд ирсэн. Би өөрийн төрсөн ах Б гэрт очиж хоол унд идэж аваад гэртээ харьсан. Би гэртээ хариад хулгай хийж авсан морио тавиад эмээл, хазаарын малын хашаан дээр тавьсан. Би 3 хоногийн дараа Архангай аймагт ирчихсэн эмнэлэг дээр ажилтай явж байхад Өндөр-Улаан сумын цагдаа над руу яриад О гэдэг хүн мөн үү, та хаана байна гэхээр нь би мөн байна гэж хэлээд аймгийн эмнэлгийг зааж өгсөн. Би сумын цагдаа болон хохирогчийн дүү нартай уулзаад би эмээлтэй хазаартай морь хулгайлж авсан нь үнэн, би тэр морийг зараагүй, сул тавьчихсан байгаа, одоо би олоод өгнө гэж хэлээд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдор морь, эмээл хазаар, ногтыг бүрэн олж өгсөн. Хохирогч Т гэдэг хүнтэй би утсаар ярьж уучлалт гуйсан, надад гомдол саналгүй гэж хэлсэн. Би морио хайх гээд авсан. Миний хулгайлсан адуу зөв талын гуян дээрээ X үсгэн тамгатай хээр зүсмийн нас нийлсэн, номхон морь байсан. Модон монгол эмээл, суран хазаар, мяндсан цулбууртай, суран ногт зэрэг зүйлс байсан. Би хулгайлсан бүх зүйлээ буцаагаад өгчихсөн. Миний хулгайлж явсан шар хээр зүсмийн морийг ах, эгч хоёр мэдээгүй. Би хулгай хийж байхдаа хэний ямар адууг авч байгаагаа мэдээгүй, хэрэг илэрсний дараа би Т гэдэг хүний адуу авсан гэдгээ мэдсэн. Шарга зүстэй, нас нийлсэн номхон морь унаж явсан бөгөөд морио олоод авчихсан байгаа. Тэр морь манай нутгийн Б гэдэг хүний морь байсан бөгөөд би гуйж аваад унаж явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 хуу/
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36-62 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 72-73 хуу, 97-98 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг Долоо гэх газраас шүүгдэгч Ч.Б хохирогч П.Т шар хээр зүсмийн морийг эмээл, хазаарын хамт хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Бнь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Т өгсөн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Долоо гэх газраас өөрийн шар хээр зүсмийн нас гүйцсэн морио эмээл хазаартай нь хулгайд алдсан…би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хайгаад олоогүй 07 сарын 01-ний өглөө манай хүү Н интернэтэд алдсан шар хээр морины зургийг тавьчихсан байна гээд зургийг нь явуулсан. Гэтэл манай нутгийн Г гэдэг залуу Бэлхи багт миний шар хээр морийг хүн унаж явсан байсныг хараад очоод зургийг нь дараад фэйсбүкэд тавьчихсан байсныг манай хүү харсан байсан. Тэгээд адуугаа таньсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Гэрч Т.Нийн өгсөн... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байж байтал аав утсаар яриад шар хээр зүсмийн нас гүйцсэн морио аргамжаан дээрээсээ эмээл хазаартай нь хулгайд алдчихлаа гэж ярьсан. Тэгээд Архангай аймгийн Өндөр-Улаан сум руу Улаанбаатар хотоос 07 сарын 01-ний өглөө гарсан. Замдаа явж байхдаа фэйсбүүк дээр манай алдсан морины зургийг Г гэдэг нутгийн ах тавьчихсан байсан. Тэгээд алдсан мориныхоо зургийг таниад гэр рүүгээ аавд мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/
Гэрч Т.Гын өгсөн...манай дүүгийн өвөлжөөний ард эмээлтэй шар хээр морь байхаар нь ямар учиртай адуу юм бол гээд яваад очиход хашааны ар амбаар хоёрын завсар морь нь уяатай амбаарын ард нэг шар дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байсан. Хөөе гээд дуудахад босч ирээгүй учраас зургийг нь өөрийн гар утсаар аваад машинаасаа буугаад хажууд нь очоод дуудахад босоод ирсэн…маргааш нь би Архангай аймагт гэртээ ирчихээд Өндөр-Улаан сумынхан гэсэн фэйс хаяган дээр сэрэмжлүүлэх үүднээс иймэрхүү хүмүүс яваад байна шүү гээд уг морины зургийг хэвтэж байгаа нөгөө хүний зурагтай хамт тавьсан. Гэтэл уг морийг Азарга багийн Долоо гэх газраас алдсан 3 хээр морины нэг нь мөн байна тамга нь таарч байна гэсэн коммент ирсэн. Тэгэхээр нь би хулгайн морь гэдгийг нь мэдэхгүй алдсан морь юм бол цагдаатай уулзаад надруу ярь би хүнийг нь зааж өгье гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, шинжээчийн 173 дугаар, 186 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Б бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ч.Бийг 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэр, Долоо гэх газраас хохирогч П.Т шар хээр зүсмийн морийг эмээл, хазаарын хамт хулгайлж түүнд 855.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Т 855.000 төгрөгийн хохирол учирсан болох нь /хх-ийн 16 хуу, 20 хуу/ шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч П.Т нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “250.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн / хх-ийн 97 хуу/ боловч 250.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу халдвартай хэлбэрийн сүрьеэ өвчний учир Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт эмчлүүлж байгаа тухай эмч Д.Э тодорхойлолт, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч Быг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчЧ.Бийг өдөрт 4 дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бнь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Т 250.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ