Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00311

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 04 210/МА2026/00311

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11285 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 19,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.       Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******ад таксины жолоочоор ажиллаж байгаад ардчиллын үеэр тус бааз татан буугдсан. 2020 оны 02 дугаар сард тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, ******* хэлтэст очиход архиваас цалин хөлстэй холбоотой тодорхойлолт авчир гэж хэлсэн. Төв архиваас лавлагаа авахад миний бичиг баримт байгаагүй бөгөөд 1979-1991 оны хооронд ажилласан байдал, авч байсан цалингаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01162 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрт гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00332 дугаартай магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Энэ хугацаанд ******* хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргаж, тус газраас 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолд 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон. Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10/7161 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10/156тоот албан бичгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нотлох баримт шаардсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01409 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******ийн бичиг баримтууд эх хувь болохыг нотолсон.

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцуулж, 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны 28 сарын хугацааны тэтгэвэр 19,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ ******* хэлтэст гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож, түүний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн олгосон.

Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд иргэний хүсэлтийг үндэслэн тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтална.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллагаас иргэний өгсөн хүсэлт, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн эсэхийг шалган холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрийг өргөдөл гаргасан өдрөөр тооцдог. Нэхэмжлэгчийн хувьд 2020 онд тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаагүй. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээ өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журмын 2.2-т заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу бол өргөдлийг хүлээн авахгүй буцаадаг. ******* хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д заасны дагуу ажил олгогчийн буруугаас иргэн тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй хохирсон тохиолдолд тухайн ажил олгогч учирсан хохирлыг хариуцдаг.

******* *******ад 1979-1991 онд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж шүүхээр хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь Нийгмийн даатгалын байгууллагын хүлээх хариуцлага биш болно. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолын 1.2-т хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээ, хугацаа, 16 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг хэлнэ. Энэ зүйл, хэсэгт заасан даатгуулагчид учирсан хохирол гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно. Мөн ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тайлбарладаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг үндэслэж, нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлж, иргэний тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь шимтгэл төлсөн хугацааны дагуу үүсэж байгаа тохиолдолд тухайн холбогдох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасны дагуу байцаагч тогтоолт, олголтыг хийж өгдөг, эрх үүсээгүй тохиолдолд иргэний өргөдлийг буцааж шийдвэрлэдэг.

Мөн хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын өр үүсгэсэн ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй хохирсон тохиолдолд тухайн ажил олгогч учирсан хохирлыг хариуцдаг. Иймээс *******ийн *******ад 1979-1991 онд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэх болсон хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь Нийгмийн даатгалын байгууллагын хүлээх хариуцлага биш болно. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 47 дугаар тогтоолын 1.2-т хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 15, 16 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг хэлнэ.

Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон тохиолдолд зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тайлбарладаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******, *******т холбогдуулан гаргасан тэтгэвэр тогтоолгох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцуулж, тасалдсан хугацааны тэтгэвэр болох 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 28 сарын тэтгэвэр 19,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй.

******* нь *******ад жолоочоор томилогдон ажилласан, 1991 онд такси бааз дамжуулснаар ажилгүй болсон. Мөн ******* нь бүрэн тэтгэвэр авахаар шаардах эрх үүссэн байсан хэдий ч төрийн байгууллага болох Такси бааз ажилчдынхаа ажилласан байдлын талаарх баримтыг Улсын төв архивд хуулийн дагуу шилжүүлэн хадгалуулаагүйд нэхэмжлэгч буруудаж хохирох үндэслэл биш юм.

Такси бааз дампуурснаар ажилчдын хувийн хэргийг шатаах гэж байхад нь ажилчид өөрсдийн баримтыг хогон дундаас олж авсан. Тухайн үед ******* нь өөрийн бичиг баримтыг хайн олж хадгалсан. Хуульд зааснаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 60 нас хүрснээр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, Улсын төв архиваас лавлагаа авахад *******ийн талаарх бичиг баримт байгаагүй. Мөн архивын ажилтан 1990 оноос өмнөх Монголын ихэнх иргэдийн төрд ажилласан, такси баазын баримт байхгүй гэж хэлсэн.

Архивын лавлагаа аваад холбогдох баримтаа бүрдүүлж, ******* хэлтэст очиход хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлс үндэслэн тэтгэвэр тогтооно. Та хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч болно, эсхүл шүүхээр хөөцөлд гэснээр шүүхэд хандсан. 60 нас хүрч, тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш 5 хоногийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******ийн такси баазад 1984-1990 онд ажилласан цалинг тогтоосон шийдвэр гарсан. ******* тэтгэвэрт гарах зорилгоор 2020 оны 02 дугаар сард ******* хэлтэст хандсан. Түүний ажиллаж байсан үеийн баримтууд хангалттай, хөдөлмөрийн дэвтрээр ажилласан хугацааг тодорхойлох боломжтой, тэтгэвэрт гарах эрх нь нээгдсэн бөгөөд харин цалингийн баримтгүй байсны улмаас тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгохыг зөвшөөрөөгүй.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үед *******ийн дундаж цалин хөлстэй холбоотой архивын баримт байхгүй. Тухайн үед архив цалингийн баримт байхгүй байхад тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд 350,000 төгрөгөөр авах, эсхүл ажилласан байдлаа тогтоолгож, дундаж цалин хөлсөндөө тохирсон тэтгэвэр авах гэх 2 боломж байсан. ******* нь төрд шударгаар ажилласны өндөр насны тэтгэврээ бусадтай адил тэгш, бодитоор хүртэхийг хүссэн.

Шүүхээс хэрэгт ач холбогдолтой шинжээчийн дүгнэлт гаргуулснаар бүрэн тэтгэвэр авах шаардах эрх үүссэн гэж үзвэл ******* хэлтэс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бүрэн тэтгэвэр авахаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сар хүртэл шүүхээр явсан хугацааны тэтгэврийг тухайн жилийн дүнгээр нь буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сар хүртэл 24 сарын 350,000 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сард ******* тэтгэвэр авах хүсэлт гаргах хүртэл 4 сарын 500,000 төгрөг, нийт 10,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

5.3. Анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь *******ийг хохироогоогүй тул буруугүй гэж дүгнэсэн нь шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэл зоригоос зөрсөн дүгнэлт хийж Иргэний хуулийн 8.1.2, 9.4.1, 9.4.3-т заасанд эрхийг хязгаарласан.

******* дампуурсан нь төрийн үйл ажиллагаатай холбоотой, *******ийн ажилласан байдлын баримтыг төрийн архив шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй тул төр буруутай. Иймд төрийн буруутай бүх үйл ажиллагааг шүүх зөвтгөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар сэргээн тогтоосон Чингэлтэй дүүргийн шүүхийн 01162 дугаартай шийдвэрийг үнэлээгүй орхигдуулсан үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

7.1. ******* нь тухайн үед Улсын аварга такси баазад өндөр цалинтай ажилладаг байсан зэрэг нөхцөл байдлын талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын байгууллагын хувьд *******ийн ажилласан жил, авч байсан цалин хөлс, гавьяа шагналтай холбоотой асуудлаар маргаан үүсгээгүй.

7.2. Хөөн хэлэлцэх хугацааны тасалдал архивын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, баримт бичгүүд үрэгдэж алга болсонтой холбоотойгоор нийгмийн даатгалын байгууллага нь 1995 оноос эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс өмнөх хугацаанд хамаарах баримт материалыг гаргах, хариуцах боломжгүй талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргасан.

7.3. Хариуцагч тал *******ийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр, мөн оны 11 дүгээр сарын шийдвэрүүдэд тусгагдсан. ******* өөрөө миний тэтгэвэр өндөр тогтоогдоно гэх үндэслэлээр тэтгэврээ тогтоолгохоос татгалзсан. Тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр түүний цалингийн хэмжээг тогтоосон боловч уг шийдвэрийг өөрөө хэрэгжүүлээгүй. Иймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******т тус тус холбогдуулан тэтгэвэр тогтоолгох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцуулах, гэм хорын хохиролд 19,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 10,400,000 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч нар эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ******* хэлтэст гаргасан. Тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс эхлэн олгосон... гэж тайлбарлан, талууд маргажээ.

3.Анхан шатны шүүх, тэтгэвэр тогтоолгох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцуулах тухай шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн нь зөв байна.

4. Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагаас 19,200,000 төгрөг нэхэмжилж буй үндэслэлээ ...*******т очиход хамгийн багаар тэтгэвэр тогтоох юм байна гэсэн. Архиваас цалин хөлстэй холбоотой баримтуудаа авч ир гэсэн, ... архиваас лавлагаа авахад миний баримт бичиг байхгүй байсан. Ингээд шүүхэд хандан цалин хөлсөө тогтоолгосон бөгөөд шүүхийн шийдвэр 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарч, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тэтгэврээ тогтоолгосон. Миний ажиллаж байсан Такси бааз дампуурч, баримт бичгээ архивт өгөөгүй ... архивын газар хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс хохирох ёсгүй ... , ... 2 жил гаруй шүүхээр явсан, ... 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд дундаж тэтгэвэр болох 800,000 төгрөгөөр тооцвол 19,200,000 төгрөгийн тэтгэвэр авах байсан. Уг мөнгийг гаргуулна гэх агуулгаар тайлбарласан байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь зөв байна.

Учир нь, дээрх хуульд зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх, түүний улмаас гэм хорын хохирол учирсан байх, учирсан хохирол нь тухайн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан байх нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Хэргийн баримтуудаас үзвэл ******* нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байна.

1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэж заасан.

7. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сард Нийгмийн даатгалын газарт хандан өргөдөл гаргасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

8. ******* нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан *******ын цалингийн баримт байхгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна гэх үндэслэлээр тус газарт ажиллаж байсан хугацааны цалин, хөлсний хэмжээг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01162 дугаартай шийдвэрээр *******ийн Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын харьяа *******ад жолоочоор ажиллаж байсан 1984 оноос 1990 оны хооронд авч байсан цалин, хөлсний хэмжээг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр байна. /1хх133-134/

9. Нэхэмжлэгч *******ийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* хэлтэст хандсан ... ******* миний бие гадаадад байх хугацаанд шинээр хууль гарч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд өөрчлөлт гарч тэтгэврээ дахин тогтоолгох боломж гарч ирж байгаа юм байна. Иймд миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн хугацааг шинээр гарсан хуулийн дагуу өөрчлөн тогтоож өгнө үү. ... Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн дагуу тухайн үед авч байсан цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн үед миний бие 2019 оноос 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл шүүхээр яваад тодорхой шалтгааны улмаас гадаад яваад ирсэн болно. гэсэн өргөдөл, мөн оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01162 дугаартай шийдвэрийг үндэслэн 1984-1990 оны хоорондох цалингийн дунджаар тэтгэврийг бодитойгоор тогтоож өгнө үү гэсэн өргөдөл тус тус хэрэгт авагджээ. /1хх116, 123/

10. Хариуцагч ******* хэлтэс *******ийн өргөдлийг үндэслэн, сард олгох тэтгэврийн хэмжээг 500,000 төгрөгөөр тогтоож, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс олгож эхэлсэн байна. /1хх120, 110/,

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа ******* хэлтэст өргөдөл гаргаж, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байна. Тэрээр, ******* болон ******* хэлтсийн тус тус гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ******* нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадаагүй, үүний улмаас гэм хорын хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11285 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Ч.ЦЭНД